Шууд Chart

“UBER” компанийн автомат жолоодлоготой ачааны автомашин тээвэрт гарч эхэлжээ

2018-03-13 16:22:41

Автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг бүтээж, салбарт нэвтрүүлэхээр өрсөлдөж байгаа компанийн нэг бол “UBER” юм. Эх сурвалжуудын өгсөн мэдээллээр энэ компанийн бүтээсэн өөрөө явагч ачааны автомашин АНУ-ын Аризона мужийн нутаг дэвсгэр дэх алсын зайны тээвэртээ гараад эхэлсэн талаар онцолжээ.

Энэ бол “Uber Freight” ачаа тээврийн үйлчилгээ юм. Тодруулбал, алс хол орших захиалагч байгууллагад ачаа бараа хүргэж өгөх үйлчилгээ. Энэ үүргийг “UBER”-ийн эко ачааны автомашин хүлээн авч ажилдаа ороод байна. Захиалагчдад ачаа, бараа хүргэж өгөх эхний тээвэрлэлт Аризона мужаас эхэлж байгаа юм.

Энэ үйлчилгээний талаар тайлбарлавал, нэг захиалагчийн өгсөн ачаа, барааг алс хол маш урт замд тээвэрлэн хүргэж өгөх ажлыг “UBER”-ийн автомат жолоодлоготой ачааны автомашин гүйцэтгэнэ. Алсын зайны тээвэрлэлт дуусаж богино зайны тээвэрлэлтийн цэгт хүрч очмогц тухайн ачааны чиргүүлийг энгийн ачааны автомашин цааш үргэлжлүүлэн тээвэрлэнэ.

Нэг ёсондоо А болон Б цэгийн зогсоол дээр жолоочтой болон жолоочгүй тээврийн хэрэгсэл өөр хоорондоо ачаатай чиргүүлээ сольж тээвэрлэнэ гэсэн үг. Өөрөө явагч ачааны автомашин зөвхөн алсын зайны тээвэрлэлтийг л хариуцна. “UBER” компанийн автомат жолоодлогын системийг хөгжүүлэх ажилд "Google", "Apple", "Tesla" зэрэг компаниудад ажиллаж байсан инженерүүдийн үүсгэн байгуулсан “Отто” гарааны компани ажилласан байна.

Нэг зүйлийг дуулгахад, “UBER” компанийн автомат жолоодлоготой ачааны автомашин анх 2016 онд 50 мянган шил шар айргийг Колорадо мужийн Форт Коллинсоос тээвэрлэн Колорадо-Спрингс хотод хүргэж өгч байсан юм. Энэ бол тус компанийн анхны холын замын амжилттай тээвэрлэлт болсон гэж үздэг. Холын замд буюу хурдны зам дээр ойролцоогоор 90 км цагийн хурдтайгаар давхин, тээвэрлэлт хийж байсан юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“UBER” компанийн автомат жолоодлоготой ачааны автомашин тээвэрт гарч эхэлжээ   
Үзсэн: 399 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй