Шууд Chart

Утайн орноор аялсан тэмдэглэл

2018-03-13 17:00:13

Утай таван богд. Энэхэн замбуулингийн ариун дагшин газар орны нэг. Дээр цагт өвөг дээдэс маань Утайд мөргөхийн тулд жингийн цуваа бараадан олон жил сараар явган нүцгэн явж байж сая хүрдэг байсан газар. Хүрдэг ч гэж дээ зарим нь аян холын замд үрэгдэн, азтай буянтай цөөн нэг нь сая хүрч, энэ насны хүсэл мөрөөдлөө биелүүлж байсан гэдэг.

Хэцүү бэрх зам туулж бурханы оронд мөргөж ирсэн хүнийг тэр цагт “Их буян хийж ном үзсэн хүмүүн” хэмээн бурханчлан тахиж, буянтанд мөргөж ирсэн тухай олон домог, яриа ам дамжин яригдсаар өнөө хүрчээ. Утайд мөргөсөн хүн гэдэг хуруу дарам цөөхөн байсан болоод ч тэр үү нутаг нутагт энэ гуай, тэр гуай тэгж явсан юм гэнэ билээ гэж үлгэр, домог лугаа ам дамжуулан ярьцгаах нь бий.

Харин өнөө цагийн хөгжлийг дагаж хурдан унаа тэрэгний ачаар бид долоохон хоногт багтан Утайд очоод ирдэг болсон байна. Энэ үеийн хөгжил дэвшил хийгээд урьд насны буянаар би бээр бүхэл бүтэн нэгэн арван жилийн турш олонтоо Утай хэмээх өвөг дээдсийнхээ мөрөөдөл болсон бурхан номын газар Монгол мөргөлчдийг замчлан очсон билээ.

Зам зассан хүн их буянтай гэдэгчлэн олон арван сүсэгтний эгээрэл горилыг хангах хүслийг замчилсан болохоор би ч бас буян бүтээсэн л болж таарах байх. Юутай ч гэгээрэл буяны замыг олон хүнд заасан болохоор миний дараа дараачийн төрөлд болоод үр хүүхдүүдэд минь буян хурах нь лавтай буй заа ...

“УМ АРА БА ЗА НА ДИ”. Энэ бол миний Утайн багшийн мөргөлчин бидэнд хэлж өгсөн тарни. Нэгэнт би үзэж өнгөрснөө бичиж байгаа болохоор багшийнхаа нэрийг хэлэхгүй бол горьгүй. Миний багшийг “Жаянсэнгэ” гэх бөгөөд Утайн ууланд 10 жилийн нямба хийж байхдаа надтай танилцсан Төвд хүн байсан. Одоо бол бурханы оронд заларч байгаа. Би бээр энэ багшийгаа дотроо “Миний багш” гэж сүсэлснээс биш зул, хүж барьж багш,  шавь болсон нь үгүй. Энэ багшийн минь зураг манайд байдаг бөгөөд өөрөө бурхан шүтээнтэйгээ хамт зэрэгцүүлэн тавьж болохгүй гэж надад захисан билээ. Энэ нь багш маань өөрийн сурсан ном эрдмээ гэгээрэлд хүрсэн бурхадтай дүйцэхгүй гэж бодсон хэрэг байх аа.

Ер нь их эрдэмтэй хүмүүс эрдэм номынхоо хүрээ хязгаарыг сайн мэддэг хойно. Тэд хэзээ ч би, би гэдэггүй, жирийн биш хүмүүс шүү дээ. Бурхан ухаант хүмүүс ийм л байдаг.

Хүмүүний сайн авьяас, зам мөр эргэн уламжлагддаг мэт санагддаг. Багштайгаа жишин Аниагийнхаа тухай яръя. Аниа минь /Би өөрийн эцэг Рэгзэнгээ “Аниа” гэж дууддаг байсан/ сар бүрийн 29-ний өдөр Ганданд “Арван хангал хурах” үеэр заавал очиж номд суудаг байсансан. Нэг өдөр надад: “ ... Аниа нь багштай хүн ...” гэхэд нь “ Таны багш тэгээд Ганданд хурдаг юм уу” гэж асуувал, “Тийм ээ. Нэг хуваргыг өөрийн багшаар тухайллаа ... “ гэж хэлэхэд нь би гайхаад л өнгөрч билээ. Энэ явдал надад олон жилийн хойно Утайд ийнхүү давтагдсан хэрэг. Юм болгон учиртай аж.

“УМ АРА БА ЗА НА ДИ”.  Энэ бол оюун ухааны шүтээн Манзушир бурханы зүрхэн тарни юм. Утайн их ууланд нямба бясалгалаа хийсэн миний багш оюун ухааныг дээдэлдэг хүн байсан. Буддын болоод шинжлэх ухааны асар өндөр боловсролтой хүн болохыг түүнтэй энгүүнээр хүүрнэлдэн суухдаа би биширч билээ. Өвөг дээдсийн минь амь тавин зүтгэж хүрдэг байсан Утай таван тэнгэр биднийг ямархан шижмээр холбож байдгийг махан нүдтэй, цусан зүрхтэй, урдахаасаа илүүг олж хардаггүй бид яахан мэдэх.

Ер нь харагдаж байгаагаа байна хэмээгээд нүдэнд харагдахгүй байгааг байхгүй хэмээн үзэх нь мунхагийн шинж буюу.

Ардын үг ийм байдаг. “Утайд мөргөсөн хүний ухаан санаа сайжирч, үхэж үгүйрэхийн цагт оюун санаа нь будангуйрдаггүй ... ” гэж. Үнэндээ ч олон зуун жилийн турш сайн сайханд тэмүүлсэн сүсэгтэн олны цуваа тасраагүй, нуга суга болгонд нь мэргэд нямба бясалгал хийж, орчлон ертөнцтэй харьцаж байсан энэ “ер бишийн энергийн орон-уул” сайн сайхныг дээдэлсэн хүмүүст эрч хүч нэмж өгдөг нь маргашгүй билээ.

Энэ учраас Утайн тухай товч танилцуулъя:

Хятадын Шань Ши мужийн зүүн хойд талд байрладаг Утай таван богд бол дэлхийн буддын шашны таван том ариун орны нэг юм. Зүүн Хан улсын Мин Ди хааны үеэс Утай уул бурханы орон болжээ. Тухайн үед таван оргилынхоо дотор гадна нийт 300 сүм, хийдтэй байсан бөгөөд  мөргөлчийн тоо нэг түмд хүрч байв. Утай ууланд Энэтхэгийн буддын шашин, Түвдийн уламжлалт буддын шашин, Хятадын уламжлалт буддын шашин зэрэг буддын шашны олон хэв шинж холилдон тогтжээ. 

Түүхээс үзвэл, Утай уул нь оюун билигт Манзуширийн бурханы номд суун Бурхан болсон газар юм. Өнөөдөр энд 39 сүм, хийд байх бөгөөд тэдгээрийн дотроос Шян тун си хийд, Та юань си хийд, Манзуширийн хийд, Шү сян си хийд, Лө мv хөү си хийд хамгаас алдартай. Утайн гол шүтээн бол Манзушир бурхан. Гол сүм дотор Утайн таван хайрханы шүтээн болох 9 м өндөр Манзушир бурхан байдаг.

Утайн таван хайрханы Манзуширийн дуганд тахиж байгаа мянган мутарт Манзушир бурхан хамгаас онцгой. Энэхүү бурхан давхацсан таван тэргүүнтэй, цээжин биедээ аварга том зургаан мутартай, хоёр гараараа том багбар барин, нуруунаас нь мянган мутар зүг зүгт сарвайж, мутар болгонд нь багбартай, багбар болгонд нь завилан саатсан Шагимуни бурхантай. Энэ нь мянган бурханы оюун билгийг ганц Манзушир бурханы биед цогцлуулсан гэсэн утга санааг агуулдаг.

Утай таван богдын араар жилийн дөрдөн улиралд цас мөс цайран, зундаа сэрүүхэн байдаг. Утай таван богд нь Бээжинтэй нэг өргөрөгт байрлаж байдаг боловч, цаг агаарын онцлог нь Хятадын зүүн хойд нутгийн их Хянгантай ойролцоо гэгддэг. Утайн өндөр оргилд жилийн дундаж дулааны хэмжээ нь нэмэх 20 хэм байж, долоо наймдугаар сард арай нэмэгддэг байна.

Утайн таван орон нь тэгш тавцан оройтой, хүрээ татан сүндэрлэсэн таван уулнаас бүрдсэн байдаг. Энэ таван орны хүрээлэн бүсэлсэн хэмжээ 250 км байх ба Утайн төв Тай хуай жин-гээс тус бүрдээ 20-оод километр орчим зайтай оршдог. Утайн Зүүн орныг “Далайд бараалах” оргил гэдэг. Зүүн орны орой дээрх сүмийг “Далайд бараалах сүм” гэх бөгөөд цэцэн Манзуширийг тахидаг. Өмнө орныг нь “Үзэсгэлэнт сайхан” оргил гэх ба орой дээрх “Түгээмэл ивээгч” сүмд нь билэгт Манзуширийг тахидаг. Баруун орныг нь “Саран өлгөх” оргил гэх бөгөөд оройд нь байх “Богдын аянгат сүм”-д арслант Манзуширийг тахидаг байна.

Утайг Мин улсын үед буюу 1465-1487 онд анх суурийг нь тавьж, 1575 онд дахин шинэчлэн байгуулсан гэдэг. Түүхэнд тэмдэглэснээр Тэнгэр тэтгэгч хаан Утайд ирээд таван их оргилд гарах гэхэд цас, бороо ороод болсонгүй гэнэ. Ингээд лам нарт хандаж таван их оргилд гаралгүйгээр таван Манзуширт хэрхэн мөргөх арга чарга олж өгөхийг хүсэхэд Баруун оргилын арслант Манзушир, хойд оргилын ариун Манзушир, дунд оргилын номт Манзушир, зүүн оргилын цэцэн Манзушир, өмнөд оргилын билэгт Манзушир зэрэг их таван Манзушир бодисадваг “Хар лавайт оргил”-д хамтатган залж тахисан гэдэг. Тэнгэр тэтгэгч хаан 1787 онд Хар лавайт оргилд дахин ирж, тэнд тахисан таван Манзуширт мөргөжээ. Үүнээс хойш сүсэгтэн олон боломж бололцоо муутай бол таван их оргилд гаралгүйгээр зөвхөн Хар лавайт оргилд гарч таван Манзуширт мөргөснөөр “Бага мөргөл” хийж болох болжээ. Хэрэв  их таван оргилд хүрч мөргөвөл “Их мөргөл” болдог байна.

Хар лавайт оргилын сүмийг 1465-1487 онд байгуулсан байна. Бидний Монгол мөргөлчдийн мөргөлийн маршрутыг дурдвал, Улаанбаатараас галт тэргээр Эрээн хүрч, Эрээнээс Жи нин, Датунгаар дамжин автобус болон машинаар Утай хүрдэг. Датунгаас 5 цаг явж Утайн ар хормойд байрлах “Ша хө буюу Элсэн гол” хэмээх тосгоноор дайран Утайн давааг даван сая Утайд хүрнэ.

Утайн давааг давахад машинаар 30 орчим минут явах боловч огцом эргэлттэй даваа нугачаа ихтэй, цаанаас ирж яваа машин харагдахгүй, ялангуяа бороо орсны дараа манан сууж, үүдэн хоймрын зайг ч харах боломжгүй учир нэн ярвигтай байдаг. Цаг агаар муу үед үүл мананд умбасан оргил их уулан дээр л явна гэсэн үг. Сүүлийн үед уулын замын эрэгцэг дээр том том толь байрлуулсан байсан. Бид ч маани мэгзэмээ уншин байж давдаг байлаа. Гэхдээ бүгд буянд зорьсон сэтгэлтэй болохоор муу юм тааралдаагүй ээ.

Заримдаа ядарсан үед явбал далайн түвшнээс дээш 3000 м өндөр учир чих шуугих буюу чихээр хатгах нь энүүхэнд байдаг. Доод замаар яваа машин тээр дор харагдах нь онгоцоор яваа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Байгаль орны байдал нь манайхтай тун төстэй. Өндөр газрын өвс ургамал цөм ижил байдаг бололтой. Төмсний улаан цэцэг хүртэл ургасан байдаг. 5, 6-р сард явахад уулын суга хавцлын цас,  мөс хайлаагүй харагддаг.
Утай таван богдын оргил бүрт нь гарч “Их мөргөл” хийхэд нэг бүтэн өдөр өлхөн зарцуулна. Хурдан тэргээр машин замаар яваад шүү дээ. Таван их оргилд гарах бүрт тэртээд хөх тэнгэр, цагаан үүлс тэнгис далай шиг цэлийн дэлхийн дээвэр дээр гараад ирэв үү гэлтэй гайхам санагддагсан. Ёстой гайхамшиг гээч тэр л байдаг. Сансарт гарсан мэт л санагддаг.

Хятадуудын уламжлал юм уу, эсвэл Төвдүүдийн уламжлал юм уу бүү мэд. Жижиг, жижиг чулуун овоог олноор босгосон байх нь сонин. Манайх бол уулын оройд ганц л овоо босгосон байдаг даа. Ер нь энэ дэлхийд гайхмаар сайхан юм зөндөө. Энэ ариун дагшин уулын царманд уулнаас буусан рашаан мэт тунгалаг усны хүрхрээг ашиглан маанийн хүрд бүтээж, маанийн 6 үсгийг бичсэн модон хүрд усны хүчээр зогсолтгүй эргэн “Байгаль ээж”  маани уншиж байх жишээтэй.

Нэг удаа Гандангийн нэг ламтан “Орныг нь үзвэл салшгүй, омбыг нь үзвэл очишгүй газар даа” хэмээн хэлж байсан нь үе үе санагддаг. Омбо гэж юу юм болоо гэж юм мэддэг хүнээс асуувал хүмүүсийг нь хэлсэн юм байна билээ. Утайн гол сүм болох Манзуширийн шүтээнтэй Бурхант оройн сүмд очиход 108 шатаар өгсөнө. Энэхүү шатаар өгсөхдөө мөргөлчид маани уншин 108 удаа мөргөж орно. Зарим нь сунаж мөргөсөөр орох нь ч бий. Энэ нь энэ насанд учрах 108 зовлонгоосоо хөнгөвчилж байгаа хэрэг гэж үздэг. Юутай ч, сэтгэл гээч агуу юм болохоор үнэнхүү сүсэглэж чадвал учрах ёстой 108 зовлонгоосоо ангижирч ч болох юм.

Утай уулын урд биед байх "Эхийн умай"-д хүрэхээр явах замд болон Таван тайн оргилд гарахаар явах замд маш олон мөргөлчид Утай уулыг эргэн,  сунаж мөргөж байхтай олон тааралдаж билээ. Сунаж мөргөх мөргөлчдийн алганд гартаа тааруулан бээлий мэт хийсэн модон ул байх бөгөөд өвдгөө ширлэж нүүр дух нь шороо хөлстэй зууралдан хав халтар болсон байх аж.

Энэхүү хүмүүний ертөнцийн зовлонг амирлуулахын тулд хүмүүн төрлийг авсан ганц биеэрээ мөргөл үйлдэн, нүглээ наминчилж, буян хурааж байгаа тэдний итгэл сэтгэлийг юутай зүйрлэх билээ ...

Монголчууд Утайд мөргөхдөө цай идээнийхээ дээж, зулын шар тос, ер нь юу л байна түүнийгээ авч очдог болохоор эндэхийн лам хуваргууд тун ч найрсаг угтана. Биднийг орох хаалганы пиу 5 юаниас ч хүртэл чөлөөлдөг байлаа.

"Монголчууд байна. Ор ор ... Тавтай морил ... “ хэмээн найрсгаар угтана. Монгол хүнд найр тавьдаг энэ дэлхийн хамгийн найрсаг улсууд гэвэл Утайнхан байж мэдэхээр. Ялангуяа Монгол сүмийн лам нар тун ч найртай. Манай шар тосыг зул өргөхөд сайн гэж тэд нар л мэддэг байлаа. Харин Хятад хуушаан нар Монгол шар тосонд тийм ч дуртай биш. Манай мөргөлчид жин жингээр шар тос аваачиж том том зулын цөгцөнд хийж зул өргөнө. Бидэнтэй хамт явсан 70 гаруй настай мөргөлчин эмээ 5 кг шар тосыг өөрөө үүрч аваачин зул өргөсөн гээд бодоход сүсэгтэн хүний сүсэг бишрэл гээч дэндүү ариун юм.

Мөргөлчдийг бараадан тэр нутгийн наймаачид, олз ашиг хайгсад хаа сайгүй явна. Том дамнуурга мөрлөсөн хүмүүс манай настай мөргөлчдийг дамнуурганд суу хэмээн урьж бараг л өргөөд тавьчих нь холгүй юм болно. Манай настан буурлууд буянтай хүмүүс. “ ... Хүний нуруун дээр сууж, хүн амьтан зовоож Бурханд мөргөхгүй шүү. Өөрийнхөө зовлонг өөрөө үүрнэ ... “ хэмээн хэдий ядарч байвч хөлс бурзайлган алхах нь бахархмаар санагддаг.

Ер нь аян замын уртад ямар ч хүнд хэцүү зүйл тааралдахад ганц удаа ч ёо ёох, ядарлаа барилаа гэхгүй явах нь тэдний тэвчээр, итгэл бишрэл юм уу даа. Эсвэл Монгол хүний араншин ч байж болох юм.

Аян замын уртад юмаа гээх, хулгайд алдах, хальт гишгэж хөл, гараа гэмтээх гээд бэрхшээл бүрт Монгол хөгшчүүл хэн хүнд буруу өгөлгүй, “... миний л лай ланчиг биз ... зовлонгоо үүрч барнаа ...” гэх нь Монгол хүнд л байдаг сайхан чанар юм гэдгийг Утайн замд явсан 10 гаруй жил надад мэдрүүлж билээ.

“Сайн ану миний багш, муу ану миний багш”  гэхчээр сайхан хөгшчүүлээсээ их зүйл сурсан даа. Тэд ч надад буян болсон, би ч тэдэнд буян болсон. Уужуу тайвуу сайхан сэтгэлийг тэднээсээ сурахыг хичээх болсон доо.

Утайд “Эхийн умай” хэмээх агуй байдаг. "Эхийн умай"-д шурган орж мөргөл үйлдээд, эргэж гарахдаа эхээс мэндэлсэн мэт ариун болж гардаг гэх энэ агуйг зорьсон мөргөлчдийн дараалал тасардаггүй. Их нүгэлтэй хүн багтдаггүй гэх энэ агуйн уйтан амсраар эв нь таарвал хэн ч багтан ордог ид шидтэй гэмээр. Бидний мөргөлчид бүгд л багтан орж гарч нүгэл хилэнцээ ариусган, дахин эхээс мэндэлсэн мэт болж билээ. Хэрвээ үнэхээр тарган мариалаг хүн юм уу эсвэл бие муутай хүн таарвал заавал багтах гэхгүй, малгай болон алчуураа төлөөлүүлэн оруулж, ёс дом хийх нь ч бий. "Эхийн умай"-д хүрэхэд манай Зайсан толгойн хэртэй өндөрт шатаар авиран гарч хүрдэг. Мориор 30, 40 юань төлөөд гарч болдог ч манай хөгшчүүл “ ... Амьтан зовоохгүй .. “ гэсэн философоо чанд барьж, хөлсөө урсган байж өөрсдөө л хөлөөрөө гардаг байлаа. Монгол эмээ, өвөө нарын сэтгэлийн гүн ухаан агуу. Тэдний сэтгэл итгэл тэвчээрийн тэнгэр үргэлж цэлмэг байдгийг тэгэхэд би харж билээ. Тэднийхээ ачийг дандаа дурсмаараа ...

Нэг удаагийн мөргөлд Маамхүү эгч, Боль эмээ, Амгалан эгч, Цэцэгбаатар эгч гээд  арав гаруй хүн хамт явж билээ. Тэдэнтэй тэгэхэд анх удаа явж байсан юм. Хожим нь бид танилууд болж олон удаа мөргөлд явсан.

Анх явахдаа тэдгээр эмээ, эгч нар маань “ ... Бурхан багшийн агуйд очиж мөргөнө гэдэг юм байна. Хамт хөтөч хийж байсан миний амьдаагийн бие тааруу байсан учир ямар ч байсан би авч явах боллоо. Тэдний хэлээд байгаа Бурхан багшийн агуйг нь бид хоёр мэддэггүй. Тэд хэнээс хаанаас дуулсан юм бүү мэд. Бурхан багшийн агуйд очно л гээд байлаа. Хүссэн зүйлийг нь биелүүлэлгүй явалтай биш. Яая даа гэж байгаад, “ шаварт унасан шарын эзэн ” гэгчээр би бээр Утайн газрын зураг худалдан авч, нөгөө Бурхан багшийн агуйг нь зураг дээр хайлаа...

Олддоггүй ... Тэдэнд ямар мэдэхгүй, олдохгүй байна гэлтэй ч биш. Ямартай ч “Гуан ин дун”-гийн агуй гэсэн тэмдэглэгээг зураг дээрээс тэмдэглэн авч, тэрэг хөлслөн тэр зураг дээрх агуйн зүг явлаа.

Утайгаас өмнө зүгт эгц огцом толгой дээр уг агуй байх аж. Утайн нуга суга болгон аялал жуулчлалын зориулалттай болохоор зохих орох зөвшөөрөл пиуг нь авч дээш шатаар өгслөө. Огцом шаттайг нь яана. Зургаадугаар сарын зуны нар зулай дээрээс төөнөж, тун ч яршигтай... Гэвч бурханд зорьсон бид шантарч халшралгүй өгссөөр, сая нэг аахилж уухилан байж уулын оройд гарлаа. Уулын энгэр бэлийн тавцанд, хадан агуй харагдаж байлаа.  Уг агуйн амаар явж ортол 4 ханатай гэрийн буурин чинээ зайнд бурхан тахил өрж, өмнө нь нэг туранхай лам ном бясалгаж суулаа. Өөр хүн алга.

Надаас өөр хэл залгуулах хүн үгүй учир би: “ ... Бид Ар Монголоос ирсэн мөргөлчид байна. /Тэд Монгол гэхээр өөрсдийн Өвөр Монголчуудтайгаа андуураад байдаг учир заавал ар Монгол гэж хэлдэг байв/ Таныг зорьж ирлээ. Утайд мөргөж яваа бидний хүсэл сэтгэлийг болгооно уу...”  гэлээ.
Нөгөө лам хэлгүй мэт дуугүй ...  Дахиад л би үгээ давтлаа. Нөгөө лам бас л дуугүй ...

Би тэр үед “ ... Энэ лам эсвэл дүлий, эсвэл хэлгүй байх ... “ хэмээн юм мэдэхгүйн гайгаар мунхаглан бодож байсныг нуух юун.
Жаахан байзнаж байснаа нөгөө туранхай лам босож, дохио зангаагаар биднийг өөрийхөө араас дагана уу гэлээ. Бид ч араас нь дуулгавартай дагаж өнөөх Бурхан шүтээний араар тойрвол, хоёр жижигхэн хаалга байна. Эхний хаалганы хоёр хавтсыг амыг нь даран цоожилсон харагдана. Ламтан түүнийг түлхүүрдэн онгойлгоход хадан агуй дотроос рашаан булаг ундран байна. Ламтан давхарласан цаасан аяга гаргаж, шүд хага ташим уулын рашаанаас хүн бүрт аягалан өглөө. Рашааныг хүртэхэд, зуны халуунд оргил өөд мацаж ангаж цангасан бидний дотор цэлийх шиг уужран, сая нэг сэвхийв.

Тухайн үед юу хүртсэнээ ч мэдэхийн сөхөө хэнд маань ч байсангүй. Цааш хэд алхаад бас нэг жижиг хаалгыг онгойлговол Бурхны хөрөг дүр байна. Агуйн ханан дахь бичээс Хятад, Төвд, Монголоор байгаа бололтой. Биднийг унш гэж дохиж байна. Хөгшчүүл маань балмагдсан уу, эсвэл хараа муу байсан уу тэгсхийгээд өнгөрөв. Би гээч амьтан бас л тэдний адил яахаа мэдэхгүй өнгөрөв.
Бид Бурхан харагдвал л мөргөдөг болохоор мөргөөд л өнгөрсөн хэрэг. Ингээд бид тэр ламд авчирсан шар тос, арц хүж, хэдэн юань өргөөд юу ч ярилгүй буцлаа. Юмны учир жанцан гэж сонин. Энэ удаа бид ямархуу Бурханд мөргөж, хэн гээч ламтай учирснаа мэдэлгүй, зөвхөн Бурхан багшийн агуйд очих гэсэн хүслээ гүйцээлээ гэсэн сэтгэлтэйгээр буцсан юм.

Уулнаас бууж явах замд хоолойгоо зангируулан нулимс гаргасан нэгэн хөгшин байсан нь тэр үед 70 гарч явсан Боль эмээ байлаа. Буцах замдаа жаахан тайтгарсан хойноо Боль эмээ: “ ... За би энэ яваа насны хэргээ гүйцээлээ. Утайн оронд ах ламтайгаа учирлаа. Миний ах лам энэ ламба гуай шиг агуйд сууж, би багадаа хоол цайг нь зөөдөг байсан юм. Утайд ийм ламтай уулзана гэж бодсонгүй ... “ хэмээн хоолой зангируулан эгшиж байж билээ.

Тэр үед би залуу ч байж дээ. Залуу хүн юмны учрыг тэр бүр ухаж мэддэггүй хойно. Энэ хэдэн хөгшчүүлийнхээ хүслийг гүйцээсэн минь яамай л гэж бодож явлаа.

Ийм хөнгөн бодолтойгоор бүтэн жил тойрсныг яана. Эргэх цаг эргэж, дахиад л хавар болж, нөгөө хөгшчүүл маань над руу утас цохиж дахиад Утай явъя гэдэг юм байна. Би ч “ ... хэдэн зоосонд нь болоод ... гэхчээр” тэднийгээ дагуулан дахиад л “дассан замаараа сурсан дуугаа дуулаад” явлаа. Нөгөөдүүл маань аанай л “Бурхан багшийнхаа агуйд очно” гэж, би ч урьдахаа бодвол “Бурхан багшийн агуйг нь олчихсон” болохоор санаа амар тийшээгээ явлаа. Энэ удаагийнх бол үнэхээрийн гайхалтай үйл явдал байсан юм.

Юуны учир хэмээвэл, бидний урьд жил уулзсан өнөө туранхай лам “хэл орчихсон” уг агуйдаа номоо үзээд сууж байлаа. Би гээч мунхаг амьтан  “Нүн най” сахил хүртсэн хуварга хүнийг мэдэлгүй явжээ. Бидэнтэй тун ч найрсгаар ярилцан, өнөөдөр ярих боломжтой өдөр нь таарч ирсэнд талархаад, манай орны тухай, хүн зоны тухай асуун, Монголчуудын сүжиг бишрэлийг магтлаа. Тэгээд уг сууж байгаа агуйгаа “Монголын 6-р Далай лам Цаянжамцын нямба бясалгал хийж байсан агуй” хэмээгээд, хүртээсэн шүд хага ташим рашааныг 6-р далай ламын Утайд 3 жил нямбанд суусны дараа оргилон гарсан рашаан хэмээн тайлбарлаж билээ. Хожим нь надтай уулзсан нэгэн Хятад хүн энэхүү Гаун ин дунгийн рашааныг ходоодыг эмчилдэг ид шидтэй гээд нэг удаа нэг хүнд 2 л –ээс илүү өгдөггүй гэж хэлж байсан.  

“Төөрсөөр төрөлдөө ... ” ч юм уу, аль эсвэл энэ хөгшдийн маань буян ч юм уу, ер нь аль аль нь л байх, ийнхүү бид Утайн багштайгаа зол ерөөлөөр учирч, 6-р Далай ламынхаа нямба бясалгал хийж байсан Агнистын агуйгаар нь орж мөргөл хийн, шид бүтээлтэй рашаан юуг нь хүртсэн билээ. Энэ уламжлалаа бид олон жил үргэлжлүүлсэн дээ.

Хожим нь Утайн багш маань Утай дахь 10 жилийн нямбаа тайлж, Лавран хийд рүү явсан юм. 10 жилийн турш нэг өдөр ярьж, нэг өдөр дуугаа хураан ном бясалгаж, шид бүтээлийг олсон багштайгаа бид хол боловч хэдэн жилд нэг удаа уулздаг байж билээ. Бид бүхнийг ах дүү, амраг садан, үр хүүхдүүдтэй минь хамт бүтээл бясалгалдаа болгоон, хамаг амьтны тусын тулд залбирал тавин маани уншиж байсан номын их багштан минь хамгийн сүүлд 2015 онд ар Монголоос шавь нар минь ирсний дараа гар утсыг минь унтраагаарай хэмээн сүүлийн удаа захиж өөрийн итгэлт шавьдаа гар утсаа үлдээн, тэнгэрийн орондоо заларсан байсан даа.
      Ум ма ни бад мэ хум
      Ум ара ба за на ди
      Ум базар ваани хум пад
Энэ бол биднийг дагуулан хэлүүлдэг байсан багшийн минь сүр хүчит тарни юм.
Тэргүүлшгүй цагаас багш, шавийн барилдлагатай байсан таныхаа өлмийн лянхауд сөгдөн мөргөе дөө ...

Утайн мөргөлийн замд тааралдсан бас нэг сонин тохиолдлын тухай дурдалгүй өнгөрч болохгүй нь. Бидний мөргөлчид Утайд очоод хэд хонож байсан үе. Нэг өглөө бид мөргөлдөө гарахаар явах гэж байтал манай буудлыг зорин хэдэн Хуушаан нар иржээ. Хуушаан гэдэг маань Хятадын Хөхийн шашны хийдийн лам нар юм.

Манай нэг мөргөлчин хаалгыг маань тогшоод “Дарга аа, тантай уулзахаар эндэхийн хэдэн лам нар ирээд байна ” гэлээ. / Манай мөргөлчид намайг “даргаа” хэмээн дууддаг байлаа. Энэ нь нэгдүгээрт, мөргөл аяллыг ахалж яваа болохоор
хоёрдугаарт, харь газар оронд хэл ус болж яваа болохоор

“Хүн ахтай дээл захтай”  гэдгийн үлгэрээр ингэж дууддаг байсан хэрэг. Би үнэхээрийн гайхаж, энэ газар надтай уулзах лам хуваргууд байдаг нь сонин юм даа гэж бодонгоо “ ... Оруул, оруул “ гэлээ. Гэтэл яасан гэж санана. Номынхоо саарал хувцсыг өмсөж шар шаахай угласан таван хуушаан өрөөнд орж ирүүт миний өмнө сөгдөн мөргөж гарах нь тэр.

Би ч сандарч орхилоо. “ ... Та нар хүн андуурав уу? Яав? ... “ гэтэл ахлагч нь бололтой нэгэн ахиад настай Хуушаан: “ ... Үгүй,  бид нар Ар Монголоос ирсэн та бүхнийг зорьж ирлээ. Манай хийд энэ Утай уулын өвөрт байрладаг. Олон зуун жилийн настай хийд орон байгаа юм. Харин одоо бидний хуваргууд өлөн зэлмүүн байдалд байна. Идэх хоол багатай. Жаахан будаагаа саяхан дууссан. Та бүхэн буян номыг бодож жаахан ч болов тус хүргэнэ үү...” гээд мөргөж гардаг юм байна.

Би: “Бид яах ёстойг хэлж өгнө үү ... ” гэтэл уг Хуушаан: “Бидэнд идэх будаа хэрэгтэй байна” гэлээ.
Би: “Бидний мөргөлчид баян улс биш ээ. Бүгд тэтгэврийн хөгшчүүл. Гэхдээ бурхан буяны газар яваа болохоор татгалзах юу байхав. Танай хийдэд хэдэн хуварга ном хурдаг вэ? Хэдий хэр зоос хэрэгтэй вэ? ... ” гэхэд

 Хуушаан: “Манай хийд 70 гаруй хуваргын данстай. Бидэнд 3 шуудай будаа авах зоос л хэрэгтэй байна” гэлээ.

Би  бээр  мөргөлийнхнөө бүгдийг нь дуудаж эл явдлыг хэлбэл, манай хөгшчүүл: “ Ээ базарваани хум пад. Хуварга хүн өлсөж сууна гэдэг чинь юу гэсэн хэрэг вэ? Яаж болохов, туслалгүй яахав“ гэцгээн, хүн бүр бололцооныхоо хэрээр мөнгө хандивлаж, бид тэдгээр хуушаануудад гурав байтугай шуудай будааны мөнгө өгөөд явуулсансан.

Хуушаанууд бидэнд талархахдаа ар нуруугаа харуулалгүй ухарч байж мөргөөд гарч явахдаа, надад мөргөлийн дуутай хуурцаг болон хийд орныхоо танилцуулгыг өгч талархлаа илэрхийлж билээ. Нутагтаа ирээд би тэдний өгсөн мөргөлийн дуутай СД-г радио нэвтрүүлэгтээ оруулж, сонсогчиддоо хүргэсэн билээ.

Энэ дашрамд хэлэхэд, манай Монголын бурханы шашны хуваргууд тун азтай улс. Ийм сайхан сэтгэлт ард түмний дунд өлсөж ундаасахын зовлонгүй бурханы номд шамдаж байгаа болохоор Монголын бурханы шашинд хөгжих зам нь нээлттэй байна гэж үзэж болох юм. Манай Монголчууд үнэхээрийн уужуу сэтгэлтэй, тусч сайхан хүмүүс. Угаасаа буяны сэтгэл тэдэнд урд урдын төрлүүдээсээ дамжин суусан байдгийг энэ явдал гэрчилсэн билээ.

Тэдгээр хуушаан нар Монгол өвгөд, эмгэдийн буянт сайхан сэтгэлийг одоо хүртэл марталгүй хурал номондоо болгоож байдаг байлгүй. Миний Монголын өвгөд, хөгшдийн Утайг зорин явган нүцгэн тэмүүлдэг байсан энергийн их таталцлын өөр нэгэн жишээг надтай хамт нэгэн цагт ажиллаж байсан ахмад сэтгүүлч Билэгийн Шонхор агсан дурсан ярьдгийг энд бичих нь зүйтэй байх.

Сэтгүүлч Билэгийн Шонхор гуай бид хоёр Монголын радиод олон жил хамт ажилласан. Тэрбээр хааяа миний өрөөнд орж ирж яриа өрнүүлнэ. Тэр бүр хүнтэй найзархаад байдаггүй, илүү дутуу үггүй, жинхэнэ сэхээтэн хүн гэдгийг манай радиогийнхон андахгүй мэднэ. Энэ хүндтэй эрхэм юуны учир надтай ярилцдаг байв гэвэл, миний Утай руу явдагт байсныг хожим “Уулзах хувьгүй тавилан“ номоо өгөхөд нь мэдсэн юм.

Анх Утайн тухай асуухад нь мэддэг болгоноо би ярьж өгдөг байлаа. Тэгэхэд: “... Ах нь бие эрүүл, залуу байсан бол чамайг дагаад Утай явахгүй юу. Миний нагац эмээ, өвөө хоёр Их газрын чулууны ихэр багшийн айлдвараар өөрсдийн болон хойч биднүүсийн төлөө Утайн их оронд мөргөл үйлдэж, насан хутгийн зулыг мандааж явсан. Тэгсэндээ ч унаж тусдаг өвчнөөсөө ангижирч наян насыг насалсан байх даа...  Анх арван тэмээ ачаатай нутгаасаа гарч, арван тэмээ ачаа нь аяны замд хорогдон хасагдсаар таван тэмээ ачаатай нутгийнхаа барааг харж байсан юм гэдэг ... ” хэмээн сүүрс алдан ярьдаг байлаа.

Өвөг дээдсийнхээ түүхийг хайсан Б.Шонхор сэтгүүлчийн “Уулзах хувьгүй тавилан” номд 19, 20-р зууны эхэн үеийн мөргөлчдийн хүнд хэцүү тавилан, хүмүүний амьдралын нарийн ширийнийг нүдэнд үзэгдтэл бичсэн байсансан.

Нэрт сэтгүүлч Билэгийн Шонхор ах энэхүү номоо надад барихдаа: “Эрхэм дүү Р.Чулуунцэцэгт дурсгал болгоё. Б.Шонхор 2001.11.05 “ гэж бичиж үлдээсэн нь өнөө ч надад хадгалагдсан хэвээр байдаг.

Утайг зорьсон мөргөлчин, лам, хар энгийн хүмүүсийн тухай өөр нэгэн яриаг би Аниагаасаа сонссон юм. Аниа минь Түшээт хан аймгийн Дайчин вангийн хүрээнд шавилан сууж байсан лам хүн байлаа. Хожим Булган аймгийн төвийн Артелийн нягтлан бодогчийн ажлыг хийж байгаад 1992 онд Бурханы оронд морилсон билээ.

Аниа минь ярихдаа: “ ... Урьд хоёр хуварга Утайд мөргөхөөр алс холын замд гарчээ. Мөргөлийн зам урт, бартаа саад ихтэй. Жодгороо үүрэн, таяг тулж, бадарчингийн байдлаар явсаар олон хоног сарыг өнгөөсний эцэст нэг нь хүндээр өвдсөний улмаас зам гудаст насыг барах болжээ. Тэгээд эцэж ядарч өвчин зовлонд нэрвэгдэн, алс газарт одож ном эрдэм сурах эцсийн зорилгоо шамшигдуулахгүй гэхдээ:  
- За хар бага наснаас ноцолдож өссөн найз минь, ямар ч байсан чи зорьсон хэргээ гүйцээж, Утайн их оронд эрдэм сураад буцна шүү. Би ч явж хүч хүрэхгүй боллоо. Чи намайг энд орхиод цааш яв. Ижийгийн минь өгсөн жаахан замбайн гурил, хатсан тойг байгаа. Хүлхээд яв. Чамд хэрэг болно ...  гэсэн гэдэг.

Нөгөөх нь хуварга найзынхаа захиасаар явж, эцэж ядрахын туйлд хүрсэн ч Утайн их оронд очиж, сайн багшид шавь орон Буддын их ухаан Цанид чойрын номыг судлан эрдэм номын оройд гарсан юм гэнэ билээ. Харин буцах болоход нь ном эрдэм сайн сурсан хуваргуудыг Утайгаас гаргах дургүй байдаг учир оргож босон байж эх нутагтаа эргэж иржээ ... ”

Энэ бол Аниагийн минь ярьсан хууч яриа. Ямархуу хүнд бэрх замыг туулж байж Утай хүрдэг байсны нэгээхэн гэрч нь энэхүү домог гэмээр яриа юм.
Монголын их соён гэгээрүүлэгч, шашин судлаач  Л.Хүрэлбаатар докторын түүхт хүн “Сэнгээ гэвш”- тэй уулзаад бичсэн дурсамж яриа бас байдаг.  Түүнд “... Би уг нь аав ээжийнхээ ачийг хариулах гэж л, тэднийхээ өмнөөс Лхас, Зуугийн газар мөргөх гэж л гараад энэ боллоо шүү дээ ... “ хэмээн бүтэн жарны турш хүний газар ном үзэж суусан их номч Монгол гэвшийн нутаг орноо санах санааширлын тухай дурдсан байсан.
Ямартаа л ард олны дунд:    Зуу гэгчийн орон чинь
                                            Зуу хоногийн аянтай
                                            Зуураа мэнд явахыг
                                            Зуугийн чойжингууд мэднэ ... гэсэн дуу хүртэл дуулагдаж байх вэ дээ.
Ерөөсөө л хүн төрөлхтний оюун санааны эрэл хайгуул юм.

Зөвхөн идэж өмсөж, хайрлаж дурлаж, үр үндсээ үлдээж, хоног хоногоор хэмжигдэх цаг хугацааг амьдрал хэмээн эндүүрэх нь мянга мянган жир хүмүүсийн явдал аж.

Харин алхам бүртээ таньж мэдэж, амьдрал хэмээх хүнд ачаатай тэрэгний зүтгэгч хүч болж түүчээлэх нь хөгжлийг урагшлуулагч оюунтай төрсөн тэр гэгээлэг хүмүүсийн бурханаас заяасан үүрэг нь байдаг. Ийм хүмүүсийн ачаар л амьдрал урагшилж, тэдний ачаар л нийгэм ариусч, тэдний ачаар л муугаасаа сайн нь илүү байдаг хорвоо юмсанж.

Оюун ухааныг дээдэлсэндээ хүмүүс хутагт Манзуширийг бүтээж, Таван тайн оргилд шүтээн болгон залсан нь хөгжлийн хурд ихтэй 21-р зуунд ч яв янзаараа өндөрт тэмүүлэн байх аж.

Нийтэлсэн: Р.Чулуунцэцэг

Утайн орноор аялсан тэмдэглэл  
Үзсэн: 2056 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
jagaa [103.9.90.xxx] 2018-11-03 11:09
goe gegeeleg yum unshlaa

Бидэнтэй нэгдээрэй