Шууд Chart

Д.Алтанхуяг эх орондоо балетын олон улсын уралдаан зохион байгуулах нь ээ

2018-03-14 10:33:17

Нью-Йоркт ажиллаж амьдарч буй балетчин, Монголын балетын хөгжил сангийн тэргүүн, Монгол Улсын Соёлын элч Д.Алтанхуягтай холбогдож, ирэх зун зохион байгуулахаар төлөвлөсөн балетын олон улсын уралдааны талаар мэдээлэл авсан юм. 

-Уран бүтээл өндөр үү. Балетын уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Манай байгууллагаас ирэх тавдугаар сарын 30-наас зургадугаар сарын 2-нд Монголд балетын олон улсын анхдугаар уралдаан зохион байгуулахаар зарлаад байна. Энэ сараас тавдугаар сарын 1 хүртэл мэдүүлэг авч, оролцох балетчдыг бүртгэж, нэгдсэн зохион байгуулалт хийж эхэлнэ. Дэлхийд зар түгээгээд удаагүй байна.

-Балетчид сонирхож байна уу?

-Сонирхож байна. Эхнээсээ утсаар ярьж асууж байна. Япон, БНСУ, Сингапур, БНХАУ, ОХУ, Бразил, Америкаас балетчид холбогдсон. Монголчууд олон улсын хэмжээнд ийм уралдаан зохион байгуулах гэж байгаа нь гайхашрал төрүүлж байгааг мэдэрч сууна.

-Монголыг хоцрогдсон улс гэж бодох тусам нь энэ мэт арга хэмжээ олонтаа зохион байгуулах хэрэгтэй юм байна, тийм үү?

-Тийм ээ. Балетын олон улсын уралдаан бол цагаа олсон, маш олон давуу талтай онцлох үйл явдал болно. Бид танилцуулга дээрээ уралдааныг Монголын анхны уралдаан гээд, Улаанбаатар гэдэг нэрийг ихэд тодоор товойлгон харуулж байгаа. Улаанбаатар гэдэг нийслэлтэй Монгол Улсад энэ уралдаан болох гэж байгаа юм байна гэдгийг эхнээсээ ойлгомжтой, хүчтэй гаргаж ирье гэж шийдсэн. Энэ урлагийг эх орондоо 60 гаруй жил хөгжүүлж ирсэн тэр стандартаа ягштал мөрдөж, гүйцэлдүүлж, улмаар сайжруулан баримталж явах шаардлага тулгараад байгаа өнөө үед тус уралдаан маш чухал арга хэмжээ байх болно. Бид эхний удаа зөвхөн уралдаан зохион байгуулах юм. Цаашид балетын олон улсын томоохон хэмжээний наадам болгохыг зорьж байна. Наадмын хүрээнд олон улсын ч, Монголын ч үндэсний уралдаан болдог, гадаадын балетчидтай хамтарсан “Night of ballet” гала тоглолтоо ч үзэгчдэд хүргэдэг, жүжгүүдэд хамтарч тоглож байх, сургалтууд явуулж, авьяаслаг, бүтээлч залуусаа улам хурцлан урам зориг оруулж байх тухай бодож, төлөвлөж байна. Бид орчин үеийн Монгол Улсын эзэд. Ийм соёлын арга хэмжээгээр улсаа гадаадад сурталчилж, өөрсдөө дотооддоо суралцаж, хөгжих боломжуудыг бий болгоё гэж байгаа юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Алтанхуяг эх орондоо балетын олон улсын уралдаан зохион байгуулах нь ээ  
Үзсэн: 315 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй