Шууд Chart

Таван зүйл

2018-04-02 15:45:32

"Үхэл бол унтах байдал. Айх юм юу ч байхгүй шүү дээ. Би өөрийгөө мэдэж байгаа" хэмээн агуу их Сократ хэлсэн билээ.

1. ҮХЭЛ

... "Үхэл бол унтах байдал. Айх юм юу ч байхгүй шүү дээ. Би өөрийгөө мэдэж байгаа" хэмээн агуу их Сократ хэлсэн билээ.
... Тиймээ хүү минь айх хэрэггүй. Сайндаа л бид нэг зуу насална. Эрт орой хэзээг би хэлж мэдэхгүй. ҮХЭХ л болно. Эд хөрөнгө, эрх мэдэл юу ч биш. Хэрэг үгүй. Амьдралаас ганц хоног булааж авч чадахгүй. ҮХЭХ л болно. Үзсэн мэдсэн дуулсан сурсан огт хамаагүй. Тус үгүй. ҮХЭХ л болно. Үхэх цаг ирвэл цаст уулын эзэн цагаан арслан байгаад нэмэргүй ҮХЭХ л болно. ...

... Тиймээ хүү минь. Хэрвээ Сократын хэлсэнчлэн үхэл биднийг илүү төгс зүйлд аваачих аваас үхэх гэдэг бол үнэндээ айх зүйл биш билээ. Би ингэж бодож байна. ...

Хүү минь хэрвээ тэр үхлээс айж байвал үйлдсэн үйлийн үрээ мэдэж санаад айж байгаа хэрэг. Тэр бээр төөрөгдөл мунхаг ухааны балчир их намагт шигдсэн ажээ. Би ингэж бодож байна. Тийм учраас хүү минь юм бодож бай. Зам асуух хэрэггүй . Зовлон тоочих хэрэггүй. Дотор хүнтэйгээ ярилц. Түүнийг сонс! Түүний хүсдэгийг хүс. Түүний хүсээгүйг бүү хүс. Юманд хэтэрхий их битгий шуна. Хир тааруулж хэмжээтэй бай. Алдаж болно. Алдсан алдаагаа шат шатанд нь зас. Амжилтаасаа биш. Алдаанаасаа эхэлж хар. Тэгээд урагшил. Зорилготой бай. Жавхаатай бай. Бас бодолтой бай. Тийм байж чад. Тийм хүнийг хүн хүндэлдэг юм. Тийм байж чаддаг байж хүн бизнес хийдэг юм. Аав нь ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна? ...

2. БУСДЫГ БУС. ЭХЛЭЭД ӨӨРӨӨ ЧИ ӨӨРИЙГӨӨ ЯЛ

... Тиймээ хүү минь өөрийгөө ялсан хүн л үүрдийн ялагч байдаг юм. Энэ ялалт бол ялгуусан их ялалт мөн билээ. Би ингэж бодож байна. Юу гэсэн үг вэ? гэвэл. Хүний хүсэл шунал гэдэг бээр дийлдэшгүй их билээ гэсэн үг. Эхлэхдээ тэр энгийн нэг явдал байдаг. Удалгүй тэр байнгын болно. Эцэс сүүлдээ үүрдийн юм болдог юм. Тийм учраас. Хэрвээ хүсэл сэтгэл шуналын их гал асах аваас унтрааж намжаах гээд чи хэрэггүй. Түүнийг чи бүрэн мөсөн, нэг дор нэг мөр устгаж чаддаг байх хэрэгтэй гэсэн үг.
... Тэгээд чиний тэр тэмцэл, цаг хугацаа сэтгэл бодол болон бусдаас үл хамаардаг байвал сайн. Үүрд мөнхийн зүтгэл чармайлт бас байх ёстой билээ. ...
Батжаргалын Батбаяр.

3. ХҮМҮҮС ҮХДЭГ. ГЭХДЭЭ МЭРГЭН УХААН ТҮҮНТЭЙ ХАМТ ҮХДЭГГҮЙ

... Тиймээ хүү минь хүн үхдэг, гэхдээ түүний мэргэн ухаан түүнтэй хамтдаа үхдэггүй юм. Юу гэсэн үг вэ? гэвэл. Хүний мэргэн ухаан аваас хойч үеийн хүмүүстэй хамт энэ дэлхийд үлддэг гэсэн үг. Бид нар бас түүнтэй адилхан биднээс өмнө байсан, тэр хүмүүнлэг мэргэн оюун ухааны хүч нөлөө, сүр сүлдэн доор амьдардаг юм гэсэн үг. ...
... Тийм учраас оюун ухаан тэр хэзээ ч зогсдоггүй. Тэр урагшаагаа явсаар л байдаг билээ. Тэр үхэж үрэгдэж алга болдоггүй. Тийм учраас тэр оюун ухаан нэг л янзаар байдаггүй юм. Тэгээд тэр хэдий их удаан оршино. Тэр төдий их энгийн болдог ажээ. Тийм учраас хэдий хир бид түүнд итгэнэ. Тэр төдий хир хүчирхэг болдог. Тэр бас тэр хэмжээгээр агуу их байдаг билээ. Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна? ...
... Тийм учраас миний хүү юунд ч хэзээ ч бүү сөгд. Битгий цөхөр. Хэрвээ чамд хэрэгтэй гэх аваас бодсон зүйлээ хий. ... Унах аваас босох гээд зүтгэ. Босох аваас бүү бардамла. ...
... Хүү минь чи өөрөө өөртөө итгэж бай. Хэрвээ чи зөв явах аваас ХЭН ч ЮУ ч чамайг яаж ч чадахгүй. ...
Аав нь ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна. ...
Хүүдээ бичсэн захидал.
Батжаргалын Батбаяр.

4. БҮГДЭД ТААЛАГДАХ ГЭЭД ХЭРЭГГҮЙ. БҮГДЭД АШИГТАЙ БАЙЛГА

Юу гэсэн үг вэ? Гэвэл. Юманд хэт битгий их шуна гэсэн үг. Хэдий их том зорилгочи өмнөө тавина. Төдий их найрсаг бай гэсэн үг. Олохоосоо биш, алдахаасаа тооц. Амжилтаасаа биш, алдаанаасаа эхлээд хар гэсэн үг. Бусдад бас ашиг үлдээ. Тэгэж гэмээнэ чамайг олон хүн дагана. Хэдий олон хүн байна, төдий их мөнгө чи олж чадна. Хүү минь. БҮГДЭД ТААЛАГДАЖ ХЭН Ч ЧАДАХГҮЙ. БҮГДЭД АШИГТАЙ БАЙЛГА. Энэ бол зарчим. 

5. ЗАМ

Хүү минь амьдралыг дээрээс, бас доороос нь хараад ойлгож чаддаг бай. Юу гэсэн үг вэ? Гэвэл. Дээрэнгүй ширүүн битгий яв. Ядуу дорой бүү харагд гэсэн үг. Гэгээлэг үзэл бодолтой бай, хийморьлог сэтгэхүйтэй амьдар гэсэн үг.Би ингэж бодож байна.

Тэгэхээраав нь чамд нэг үлгэр ярьж өгье. Би “АГНИСТЫН ГЭГЭЭ” номноос уншсан юм.

Нэг эр бурхан багштай уулзжээ. Тэр эр бурханы зам мөрийг бууруутгаж зүхэв. Хуруу гозолзуулан зүхсэн аж. Будда чимээгүй хүлцэв. Тэр хүний муушаал дуусахад Бурхан Будда түүнээс ингэж асуулаа. 

- “Хэрвээ чи найздаа бэлэг өгөөд тэр авахгүй бол, бэлэг өөрт тань үлдэнэ. Тийм үү?” Гэхэд.

-“Тийм гэв”. Будда. “Та сая надад муу үгийн бэлэг өглөө. Даанч би хүлээж авсангүй. Муу сайн үйлийн үр дагавар, өөрт чинь эргээд ирдэг. Авиаг давтах цуурай мэт, биеийг дагах сүүдэр адил. Тийм учраас Муу үг, муу үйлээс сэрэмжилж яваарай” гэж тэр эрд захисан гэдэг.

Тэгэхээр ийм юм. Энэ сургаалийн агуулга нь илүү их гүн юм.

Хүү мниь, охин минь. Хэн нэгэн хүний муу үг, муухай хараалыг битгий хүлээж ав. Хүлээж авахгүй бол түүнд өөрт нь буцаад очдог юм. Аливаа сайн муу юманд аль алинд нь хатуу ширүүн битгий ханд. Бодож ярь, буруутгаж битгий ярь. Буулт хийхэд бэлэн бай. Дуугүй суу, доошоо газар хар, ядуу дорой харагд гэсэн үг биш. Хэзээ чи ярих, хэдүйд чимээгүй байхыгаа мэддэг бай гэсэн үг.

Хэлэх үгээ нам дуугаар зөв талаас нь бодож хэл, зөв үйлдэл хий гэсэн үг.

Өөрөөр хэлбэл нь. Аливаа юманд зөөлөн ханд, уян хатан хандаж бай гэсэн үг. Зөөлөн уян хатан байна гэдэг бол сул дорой чанар биш. Амьдын шинж. Амьд юмс уян зөөлхөн байдаг. Үхсэн юмс хатуу хөшүүн бас тэр ширүүн хэврэг байдаг юм. Тийм учраас. Аливаа юманд хатуу ширүүн хандана гэдэг, үхэл мөхлийн шинж. Уян хатан зөөлхөн байна гэдэг бол амьд амьдралын шинж. Тийм учраас. Хатуу ширүүн битгий бай. Хараал атаагаас хол яв. Муу үг битгий хэрэглэ, муухай санаа бүү агуул. Нүгэл хилэнцээс айж яв. Оюун санаа бие сэтгэлээ цэвэрлэж цэгцэлж бай. 

Аав нь ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?


Таван зүйл  
Үзсэн: 1523 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Амьдрал [202.70.34.xxx] 2018-04-06 15:02
Сургамжтай юм байна.

Бидэнтэй нэгдээрэй