Шууд Chart

Анхны харсан орчуулагч аав минь байлаа

2018-04-04 12:02:30

МҮОНТ-ийн 40 жилийн ойгоор бүтээсэн “Сэтгэл зүрхний бичлэг“ номондоо Мэргэнтэйгээ ийм нэгэн ярилцлага хийснээ оруулсан байх юм. Аливаа юмны учир тавилан гэдэг сонин. “Алтан өд“ наадмын шагнал аваад баярлаж, хөөрч явахад нь энэ ярилцлагыг авч, уран бүтээлчийн сэтгэл зүрхний үгээ хуваалцаж байсан бол, бурханы орон руу гэнэтхэн явахад нь түүнд зориулсан сүүлчийн үгийг харамсан, харуусан бичихийн чинээ санасангүй. Эрдмийн оргилд гарчихсан хэрнээ үргэлж л бэлд нь яваа юм шиг даруухан, олон улсын орчуулагч, МУСГЗ Мэргэн найзын минь олон сайхан чанар “Уул үзээгүй хормой шуудаг, ус үзээгүй гутал тайлдаг“ зарим залууст, бас бидэнд үлгэр дууриал болон үлдэг.


Шинэ оны босгон дээр шилдэг бүтээл шалгаруулах “АЛТАН ӨД“ наадам болж өнгөрлөө. Ном эрдэнийг хоймортоо залж, хоргой торгоор баринтаглан дээдэлдэг монгол түмний хувьд энэ баяр баяр баярын дээд нь байлаа. Ёстой л “Ачаа татсан ч замдаа сулрамгүй, арван хурууны тамир гүйцсэн“ хоёр сайхан уран бүтээлч МҮОНТВ-ийнхээ нэр сүрийг өргөн “АЛТАН ӨД“ наадмын анхны шагналыг хүртлээ.

Зохиолч Далхаагийн Норов, орчуулагч Хасбаатарын Мэргэн гэхээр уран зохиол, урлаг соёлд элэгтэй хэн бүхэнд энэ хүмүүс дотно, ойр санагдах биз. Анхны энэ шагнал араасаа олон “Дүү“ дагуулсан “Булган сүүл” –тэй байг. Шилдэг орчуулагчийн шагнал хүртсэн МҮТВ-ийн Кино программын орчуулагч Хасбаатарын Мэргэн Хөвсгөл нутгийн Ханх, Хатгал орчим өсөж өндийсөн хүн юм билээ.

Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг Утга зохиолын ажилтан, утга зохиолын орчуулагч мэргэжлээр төгссөн. МЗЭ-ийн хороо, МҮТВ-д 2О гаруй жил ажиллахдаа Л.Н.Толстойн “Идэр нас “ тууж, У.Фолкнерийн “Эрт эхэлсэн үргээлэг“, "Заболоцкийн шүлгийн түүвэр", У.Шекспирийн  “Зуны шөнийн зүүд“ зэрэг олон зуун бүтээлийг орос хэлнээс, С.Пүрэвийн тууж өгүүллэгүүд, Д.Намдагийн "Ээдрээ", Д.Батбаярын “Шувуу бүхэн жаргалтай“ тууж өгүүллэгүүдийг орчуулагч Б.Дашцэрэнгийн хамт орос хэл рүү хөрвүүлсэн бөгөөд “Ах дүү Карамзовынхан“,  “Фигаро гэрлэсэн нь", “Сиявушийн домог“, “Бөхийн гайхамшиг“, “Долоон самурай“, “Титаник“, “Титус“, “101 гөлөг“, “Аугаа их Мерилин“, “Гүй Лола гүй“, “Ромео,  Жульетта“ зэрэг 600 гаруй кино, жүжгийн дэлхийн сонгодог бүтээлүүдийг орчуулсан үзэгч, уншигч олны танил уран бүтээлч юм. Одоогоор тэрээр Оросод Элчин сайдын яаманд ажиллаж байгаа ч Монголын телевизийн хамт олны сэтгэлд “Манай Мэргэн“, Мэргэний сэтгэлд "Манай телевизийнхэн" “ хэвээрээ л байгаа.

Загасчлах дуртай, хийлдэг завиар аялах дуртай. “Загасыг барихдаа биш, ярихдаа хамгийн их амт нь байдаг“ гэж тэр ярьдаг.

-Танд баяр хүргэе. Шилдэг бүтээлийн “Алтан өд“ наадмын анхны шагналыг авсанд ...

-Баярлалаа. Анхны давалгаа нь таараад энэ хүндтэй шагналыг авчихлаа. Наадмын тайзан дээрээс би сэтгэгдлээ хэлье гэсэн чинь боломж гарсангүй. Сониноороо хүргэе. Юуны өмнө эрдэм номын холын харгуйд мордуулж, гарыг минь ганзаганд, хөлийг минь дөрөөнд хүргэсэн Монголын зохиолчдын эвлэл, МҮТВ-ийн уран бүтээлчид, хамт олондоо баярлалаа. "Ромео, Жульетта" жүжгийг эх хэлнээ хөрвүүлэхэд надад итгэж, гүн туслалцаа үзүүлсэн “Глоб интернейшнл“ төрийн бус байгууллагын захирал Хашхүүгийн Наранжаргалд талархал илэрхийлье. Ирэх жилийн “Алтан өд“ наадмын шилдэг орчуулагчийн шагналыг надтай хамт энэ номинацид нэр дэвшсэн Б.Чимэдбатыг хүртээсэй гэж ерөөе.

-“Ромео, Жульетта“-г орчуулна гэдэг хэрийн хүний хийдэг ажил биш гэдэг?

-Хэзээ нэгэн цагт энэ жүжгийг орчуулахсан гэж хорхойсч явлаа. Англи эхийг нь хялбаршуулсан бичвэртэй нь хамт олж аваад үргэлж уншдаг байж. Үнэндээ тэр үед хэвлэх газар олдохгүй байлаа. Орчуулгаа хийж эхэлсэн чинь жинхэнэ эрдэнэсийн сан руу орчих шиг болсон. Унших нэг хэрэг, харин орчуулахад ур хийц нь улам тодорч, товойж мэдрэгдэх юм билээ. Яруу найраг, үргэлжилсэн үг, хар яриа, гүн ухааны бясалгал, уран зохиолын бүхий л төрлийг багтаасан, үргэлж хөвсөлзөж байдаг хүний сэтгэлийн олон өнгө хийгээд ая данг нь тод томруун гаргасан гайхалтай  бүтээл дээ.

- Миний харсан анхны орчуулагч бол аав минь байлаа гэж та түрүүн хэллээ?

-Тийм ээ.  "Тэнгэрлиг туульс" хэмээх 24 мянган мөр шүлгийг орчуулсан аавынхаа нөр их хөдөлмөр, бүтээлийг хүндэтгэж явдаг. Киноны орчуулгыг зарим хүмүүс “Халтуур“ гэх гээд байдаг. Нэг гарын үзүүрээр хийчихдэг юм шиг ч ярьдаг. Шекспирийн "Титус"-ыг бодоод үз л дээ. Асар хүнд хэллэгтэй шүү дээ.

-Таныг Горькийн сургуулийг төгсөхдөө дипломоо “Онц“ дүнтэй хамгаалсан гэж сонссон. Ямар сэдвээр хамгаалсан юм бол?

-Нэрт зохиолч Ч.Ойдовын “Далан худалч“ жүжгийг орос хэл рүү хөрвүүлсэн. Ардын аман зохиол дээр үндэслэсэн, хошин шог дуу, хэлц үг, элэглэл, шүлэгтэй амаргүй бүтээл байсан шүү.

-Орчуулагч болоогүй бол та ямар мэргэжилтэй болох байсан бол?

-Төсөөлөхгүй байна. Ер нь орчуулга гэдэг үгийн үндэс “Орчих“ гэсэн үг юм уу даа. Их нандин санаа. Ер нь од гараг, тэнгэрийн эрхэс л орчино. Миний харсан анхны орчуулагч бол яах аргагүй аав минь. Эх зохиолыг их хүндэлдэг хүн дээ. Аав маань орчуулгыг маш нарийн хийнэ. Үе, үгийн тоог ягштал гаргана. Орчуулгыг хэт утгачлах, эсвэл хийсвэрлэх, өөрөөсөө нэмэх, зохиохыг хатуу цээрлэдэг байлаа. Ийм л орчуулагчийг анх харсан болохоор тэр л замаар явахыг хичээдэг. Дээр нь би эрдэм номын анхны шанг татуулсан 23-р сургуулиа, хүүхдэд үнэн сэтгэлээсээ ханддаг байсан багш нарынхаа ачийг мөнхөд санаж  явдаг.

-Та ойролцоогоор 600 гаруй бүтээлийг эх хэлнээ хөрвүүлжээ. Жинхэнэ “Чөмөг дундалж“ гарсан бүтээл юу байв?

-“Ромео, Жульетта“ киноны орчуулга тун амаргүй байсан. Ямар ч бүтээлийг гар хурууны үзүүрээр хийхийг боддоггүй. Нэг үндэстний оюун санааны тэнгэрлэг ариуныг, нөгөө үндэстний оюун санааны тэнгэрт залж авчирдгаараа орчуулагч давтагдашгүй сайхан мэргэжил юм даа. Бүр сүүлд нь  бүтээл болсон хойно нь харахад "энийг тэгчих минь яалаа, тэрийг ингэчих минь яалаа" гэх алдаа зөндөө мэдрэгддэг. Үүнийг минь ёстой л бурхан тэнгэр л өршөөгөөсэй гэж залбираад, дараа ийм дутагдал гаргахгүй юмсан гэж хичээдэг.

-Нэг сайхан дурсамжаар ярилцлагаа өндөрлөх үү?

-Эмэг эх маань авга ах Пунцагноровыг маань ЗХУ-д сургуульд үдчихээд буцаж явж байхад нь жингийн урт цуваа, холын аянд ядарч харшсан  жинчид  тааралдсан гэдэг. Тэгэхэд эмээ маань “Миний том хүү ийм л хүмүүсийн буянаар сургуульд явж байгаа юм шүү“ гэж хэлж байсан гэдэг. Намайг Горькийн сургуульд явахад ч аав минь энэ үгийг хэлж байсан. Хэний хүчинд, юуны тулд, ямар зорилгоор хилийн чинадад сургуульд явж байгааг минь зүгээр л энгийнээр ухааруулсан үнэтэй захиас байсан юм...  гэж Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч Хасбаатарын хүү, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч Мэргэнтэйгээ 2007 оны сүүлчээр ярилцаж байсан маань дурсамж болон үлдэж. Энгүй авьяастай, эгэлхэн найзтайгаа сүүлчийн удаа тухтай ярилцсан маань энэ байлаа.

 Сэтгүүлч Пэрэнлэйн Алтанцэцэг   2ОО7 он








Нийтэлсэн: П.Алтанцэцэг

Анхны харсан орчуулагч аав минь байлаа   
Үзсэн: 2163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй