Шууд Chart

10 тогтоол дамнаж, 8 жил хүлээлгэсэн хувьцаа амилах уу

2018-04-04 17:44:50

2010 он. УИХ “Эрдэнэс-Таван толгой” компанийн хувьцааны 50 хүртэлх хувийг МУ-ын иргэн, үндэсний аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх, дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах  арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгав.  

2011 он.  МУ-ын Засгийн газар  “Эрдэнэс -Таван толгой”   компанийн  энгийн хувьцааг МУ-ын нийт иргэдэд эзэмшүүлэв.

2012 он:  МУ-ын  Засгийн газар  аж ахуйн нэгжүүд ЭТТ-н хувьцааг  худалдаж авах замаар хувьцаа эзэмшигч болох эрх олгов.

2012 он:  МУ-ын ЗГ  “Эрдэнэс монгол”  компаний давуу эрхийн  тус бүр нэг хувьцааг МУ-ын иргэн бүрт  үнэ төлбөргүй  эзэмшүүлэв. 


ЭТТ” ХК-ийн  хувьцааг нэхэх учир               

Нэрэндээрээ  МУ-ын иргэн бүр  дэлхийд  данстай  орд  уурхайн  эзэмшигч  болсон  түүх ийм.   Нэдэрдээрээ    амьгүй  хувьцаа, амилдаггүй   шийдвэрийг  харсаар    найман  жил болж,  өдгөө  Таван толгойн  хувьцаа  гэдгийг мартах шахаад  байна.  Тиймээс  ч   “Хурд”  агентлаг   “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн    хувьцааны   үр шимийг    мэдрэх  нь  байтугай  сонсоогүй  олон  нийтэд   “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн   ашгийг   хувьцаагаар  хүртээх  Засгийн  газрын  шийдвэр  төсөөлөгдөхгүй,  итгэл үнэмшил төрүүлэхгүй   байгааг  гурван  сарын өмнө  шүүмжлэн  бичиж  байв. 

Олны нэрлэдгээр жижиг  “Таван  толгой”  компани  шиг жил бүр ноогдол  ашиг  тараадаг,   “Энержи ресурс”   шиг  уурхайгаа  өргөжүүлж,  баяжуулах  үйлдвэр,  цахилгаан  станц гээд томрох  цаг хугацааг  хүлээсээр  өдий  хүрсэн.   Нэг  бүлэг  ордоос    нүүрс  олборлож,  нэг ижил  үйл ажиллагаа  эрхэлдэг  гурван  компаний   хувийн  хөрөнгө  оруулалттай    хоёр  нь   томорч  дэвжээд  байхаар   харьцуулж   жишиж,   шахаж  шаардах  нь  олон нийтийн  зүй  ёсны үзэгдэл.     

Нөгөө талд   хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх,  энэ салбарын олон нийтийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлж,  сонгодог утгаар  нь  хөгжүүлэхийг    төр    хүсч  л  байгаа  бол  “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн   1072  хувьцааг   амилуулах  нь   өөрийнх  нь  бодлогод  аль ч  талаараа  ташуур  болох  учиртай.    Дээр нь  олон  нийтийн  “ухаад зөөчих вий”   гэх    хардлага,  хөрөнгө оруулагчдын   “улс төрчдийн  тоглоом   болох вий”  гэх   айдсыг  эмчлэх  цэг  нь   Хөрөнгийн  зах зээл дэхь  нээлттэй   арилжаа  байдгийг  хэлэх илүүц. Тиймээс  ч  “Эрдэнэс Таван толгой” компанийн   хувьцаа  арилжаанд  орох  хоног  хугацааг    иргэд  дан   ганц    мөнгө  горьдож,   алга  тосч  хүлээгээд   байгаа  юм  биш.    Ийм  утга   агуулгатайгаар   өнгөрсөн  найман  жилд гаргасан 10 гаруй тогтоолоо   ажил  хэрэг  болгохыг  төрд  сануулж,   МҮОНР   цуврал  нэвтрүүлэг  хүргэж  байв.    Харин   өнөөдөр   “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн  хувьцаа эзэмшигчдийг бүртгэж, хувьцааг  арилжаанд оруулах  бэлтгэл  ажилдаа  орсноо   “Эрдэнэс Монгол”  ХК   мэдэгдэж   буй  нь  бидний  ажлын  бас  нэг  үр  дүн  гэлтэй.      

Иргэдийг дансаа нээлгэхийг зөвлөлөө

“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн  хувьцаа  эзэмшигчийн бүх бүртгэлийг хийж дууссанаа “Эрдэнэс Монгол”  ХХК-ийн санхүү эрхэлсэн захирал Г.Ганболд өнгөрсөн 7 хоногт Монголын эдийн засгийн чуулганаар албан ёсоор мэдэгдлээ.  

Засгийн газар  “Эрдэнэс Таван толгой” компаний хувьцааг 2014 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөр тасалбар болгож,  түүнээс өмнө төрсөн бүх иргэдэд тухайн хувьцааг үнэ төлбөргүй  эзэмшүүлэх шийдвэр гаргасан.  ҮЦТТХТ-ийн мэдээгээр одоогоор 2 сая 897 мянган хүн “Эрдэнэс Таван толгой” компанийн 12 тэрбум ширхэг хувьцааг эзэмшиж байна. “Эрдэнэс Монгол”  ХХК-ийн  санхүү эрхэлсэн захирал  Г.Ганболд:

 

“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн   нийт хувьцааны 20 хувь нь  гадаад, дотоодын зах зээлд гаргах зарласан хувьцаа бол үлдсэн 80 хувь нь  нэрлэсэн хувьцаа  юм. Түүний 0.05 хувийг  монголын аж ахуйн нэгж, 14.7 хувийг иргэд, 65  хувийг  төр  эзэмшиж  байна.     

Эдгээр хувьцааг эзэмшигчдийн нэр дээр баталгаажуулж, ҮЦТТХТ-д бүртгүүлснээр  “ЭТТ” ХК  анхдагч зах зээлд гарч байна гэсэн үг. “Энэ ажлыг энэ сард цэгцлэхээр ажиллаж байна. Гэхдээ нөгөө талд иргэд дансаа  нээлгэх шаардлагатай”   гэж холбогдох албаныхан мэдэгдлээ.

“ЭТТ”-ний  зургаан ордыг үнэлээгүй

“ЭТТ” ХК-ийн Зүүн, баруун цанхийн ордын үнэлгээг ОУ-ын аргачлалаар хийгээд ойролцоогоор 4.5 тэрбум долларын нөөцтэй  гэж тогтоосон байдаг.  Нийтдээ 7 тэрбум тн нүүрсний нөөцөд үндэслэн нэгж  хувьцааг 933 төгрөгөөр  тогтоож болно  гэж тооцож байсан яриа ч бий.   Тухайн үед ЗГ-ын тогтоолоор баталгаажсан энэ үнэ ханш хэвээрээ  гэж  “Эрдэнэс Монгол” ХХК-ийн  санхүү эрхэлсэн захирал  Г.Ганболд мэдэгдлээ.

Мөн тус компани АХБ-ны төслийн хүрээнд харъяа бүх компаниудныхаа  бизнесийн үнэлгээг  хийлгэж  эхэлсэн байна.

 

“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн  хувьцааг Хөрөнгийн биржид бүртгүүлсэн тохиолдолд тухайн хувьцаа хоёрдагч  зах  зээлд гарч, иргэд хувьцааг арилжаалж, наймаалцах эрхтэй болно. Тус компани  ирэх гуравдугаар улирлаас энэ арилжааг  эхлэх  төлөвтэй   байна. 

Энэ үед  нэгж  хувьцааны  нэрлэсэн ханш 933 төгрөгнөөс өсөх магадлалтай гэж  компаний  удирдлага, мөн  зах  зээл ажиглагчид  таамаглаж  буй.   Тухайлбал “Эрдэнэс Таван толгой”  ХК-ийн  үнэлгээг зөвхөн  Зүүн, Баруун Цанхийн ордын нөөцөд тулгуурлан  4,5  тэрбум ам долларын нөөцтэй   гэж  тогтоосон.   Харин үлдсэн Баруун,  Өмнөд, Зүүн, Бортээг  гэх зэрэг  6 ордын   үнэлгээг дөнгөж  хийж  эхлээд байгаа юм.  

Нөгөө талд  тус байгууллагын санхүүгийн байдал ч хувьцааны ханшид нөлөөтэй.  Хятадын  “Чалько” компанийн  өрийг өнгөрсөн онд  дарснаар  нүүрсээ зах зээлийн ханшаар борлуулах нөхцөл бүрдснийг манай сонсогчид мэднэ.   Мөн   Хөгжлийн банкны  зээлийг   дарж  дуусснаа  “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал өнгөрсөн  7 хоногт  албан ёсоор  мэдэгдсэн. 

 Дээр нь урд хөршид  нүүрсний  үнэ ханш, эрэлт  сайн байсан зэргээс  үүдэн  тус компани  өнгөрсөн  онд  1.2 их наяд  төгрөгийн орлого олсноос цэвэр ашиг нь   460 гаруй тэрбум төгрөгт  хүрчээ.  Тухайн ноогдол ашгийг хувьцаа эзэмшигчиддээ хэрхэн хуваарилахыг  энэ сарын 27-нд болох  хувьцаа эзэмшигчдийн хурал шийднэ.  Гэхдээ  хувьцааг үнэ төлбөргүй эзэмшсэн иргэд, нэрлэсэн үнээр худалдаж авсан аж ахуйн нэгжүүд одоогоор  саналыг эрхгүй учраас  тухайн шийдвэрт  ямар ч нөлөөгүй.  

Мөн хурлаар ашгийн хичнээн хувийг хөрөнгө оруулалтад зарцуулах нь тодорхой болно. Олсон мөнгөөрөө өр дарж, алдагдал дайж  ирсэн энэ компанид  нүүрсний  хос  автозам,  төмөр зам барих,  цахилгаанаар нүүрсээ  олборлох, баяжуулах үйлдвэртэй болох гээд үйл ажиллагаагаа өргөжүүлж,  ашгаа нэмэгдүүлэх  ажлууд  хүлээгдэж  буй.  Эдгээр бүтээн байгуулалтын үндсэн хөрөнгийг  ОУ-ын бирж дээр үнэт цаас  гаргаж  олохоор Засгийн газар  төлөвлөөд буй.  “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн  гүйцэтгэх захирал  Д.Ариунболд:

 

Бид бас давуу эрхийн хувьцаатай                                

“ЭТТ” ХК-ийн хувьцаанаас гадна МУ-ын иргэн бүр давуу эрхээр эзэмшиж байгаа  “Эрдэнэс Монгол” ХХК-ийн  нэг ширхэг хувьцаанд ноогдох  ашгийг  ч ярих учиртай.  Өвлүүлэх, арилжаалах бололцоогүй давуу эрхийн хувьцааны анхны ашгийг  удахгүй хүртэх хүлээлт  бий. Учир нь  стратегийн орд газруудыг  эзэмшдэг  төрийн мэдлийн компаниудын толгой компани “Эрдэнэс Монгол” ХХК өнгөрсөн онд 17 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. “Энэ хувьцааны үнэ нэг төгрөг. Иргэд нэг төгрөгийн хувьцаа бидэнд ямар хэрэг байна гэж бодож магадгүй. Гэтэл тэр хувьцаагаараа дамжуулж иргэн бүр “Эрдэнэс Монгол” ХК-ийн дор ажиллаж  байгаа охин компаниудын ногдол ашгийг хүртэх боломжтой” гэсэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагийн үгийг энд дайя.

  Таван толгойн хувьцааны ханш 30 дахин өссөн түүх бий

-Яг адилхан  Таван толгойн бүлэг ордоос нүүрс  олборлож, экспортлодог “Тавантолгой”  ХК-ний 10  жилийн түүхээс харвал  хувьцаа  эзэмшигчиддээ  жил тогтмол ногдол ашиг тарааж,  хөрөнгө  оруулагчдыг татаж ирсэн байх юм.   Энэ  тухай  тэд цахим танилцуулгадаа  “Бид ашгийнхаа 90 орчим хувийг ногдол ашиг болгон хувьцаа эзэмшигчиддээ тараадаг” гээд 2017 оны цэвэр ашгаас  45 тэрбум төгрөгийн ноогдол ашиг тараахаа мэдэгджээ.  “Таван толгой”  ХК-ийн  хувьцааны үнэ ханшийг  ажиглахад    гадаад дотоодын  зах зээл, улс төрийн нөлөөллөөс шалтгаалан   сүүлийн 10 жилд нэгж хувьцааны ханш нь Монголын хөрөнгийн бирж дээр 360 төгрөгнөөс 105 мянган төгрөгт хүрч хэлбэлзсэн байх юм.  Харин ойрын  өдрүүдэд   нэгж хувьцаа нь   9400-11 000 төгрөгт  хэлбэлзэж байна. 

-Мөн  Таван толгойн бүлэг ордын нэг Ухаа худгийг эзэмшигч  “Энержи ресурс”ХХК-ийн  хувьцаа  сүүлийн нэг жилд  Хонконгийн бирж дээр  нэг дахин үнэ нь өсчээ.  Тус компани  өнгөрсөн 10 жилд  “Эрдэнэс Таван толгой”  ХК-ийн мөрөөдөж, тооцоолж  ирсэн  шиг  1 тэрбум ам долларыг Хонконгийн биржээс босгож,  зам, баяжуулах үйлдвэр, цахилгаан  станц бүхий “Ухаа худаг” уурхайн цогцолбороо  барьсныг  зарим  нь  мэдэх байх.   

Монгол Улсын иргэн  газрынхаа баялагаас шууд хэлбэрээр,  үнэ төлбөргүйгээр хоёр дахь удаагаа хувь хишиг хүртэх  гэж байгаа нь энэ.  Харин энэ удаагийнх үнэт цаас гэдгээрээ давуу талтай.  Тиймээс ч мэдээлэл, мэдлэг сайтай нь хожих магадлалтай.

Нийтэлсэн: Д.Даваадулам

10 тогтоол дамнаж, 8 жил хүлээлгэсэн хувьцаа амилах уу  
Үзсэн: 1026 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.161.xxx] 2018-04-05 07:33
yak bvrtgvvlh be
сэтгүүлч Даваадулам [202.70.34.xxx] 2018-04-05 08:13
Тэр тухай ирэх лхагва гаригт МҮР 8,11 тоймоор ярина. ҮБТТХТ-ийн цахим руу ороод бүртгэл дээр регистрээ хийж хайна. Данстай эсэх нь шууд гарна
Зочин [66.181.181.xxx] 2018-04-05 00:04
ZASGIIN GAZRIIN 20 TOGTOOLOOR SERGELEN HUMUUS N BAYJSAN ZASAGT SERGELEN HUMUUSEE TAVIHGUI BOL AJIL HIILGEDEGGUI HUDLAA EH ORINCHID

Бидэнтэй нэгдээрэй