Шууд Chart

Хөвсгөл далайн арлууд хувьд очиход ойрхон байна

2018-04-06 09:24:35

Аялагч, амрагчдын хөлд дарагдсан Хөвсгөл нуур үг хэлдэг байсан бол гомдол шаналал нь ганц, хоёроор дуусахгүй биз. Чухам юу гэдгийг далайд хөл тавьсан нөхдөд хэлэх нь илүүц. “Хөвсгөл далай ээж” ТББ-ын судалгааны тайланд Хөвсгөл далайн баруун эрэг Жанхай орчмын зургаахан км газарт 30 гаруй амралтын газар байсан гэжээ. Олны хөлөөс хол, байгалийн сайханд тохь тухтай амарч, алжаалаа тайлах гэсэн нөхдийн  сонголтоос Хөвсгөл нуур  хасагдах  болсон  нэг  шалтгаан нь  энэ байж болох юм. Байдлыг өөрчлөх гэж нутгийнхан хэрхэн ажиллаж  байгаа юм бол... Хөвсгөл аймгийн Улсын Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Батдэлгэртэй “Хөх сувд” мөсний баярын үеэр /2017.03.03/ ярилцлаа.

-Хөвсгөл далай орчмын газар ашиглалт замбараагүй болж, даац хэтэрсэн нь  энд ирсэн хэн бүхэнд мэдрэгддэг. Хоёр жуулчны бааз хооронд  1 км зай байх  стандарттай. Гэтэл нуурын баруун эрэгт жуулчны бааз, гэр буудлууд алхах газаргүй шавчихсан байх юм. Үүнийг зохицуулах арга  байна уу?  

-Сүүлийн жилүүдэд  Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлалын зориулалтаар замбараагүй газар олгосноос үүдээд аялагчдыг тав тухтай амруулахад хүндрэл учирч байна. Нөгөө талд экологид ээлтэй байх шаардлага хангасан жуулчны баазууд бий болоогүй байна.  Манай тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт  буюу Хөвсгөл нуурын эргийн дагуу 129 аж ахуй нэгжид газар олгосоноос  өнөөдөр 44 нь л ажиллаж  байна.  Бусад нь газар авчихаад дамлаж зарах сонирхолтой байх жишээтэй. Ийм  зорилготой байгууллагуудын эзэмших эрхийг цуцлах нь зүйтэй гэж үздэг.

Би Хөвсгөлийн Тусгай Хамгаалалтай Газрын Хамгаалтын захиргааны даргын ажил аваад нэг  жил нэг  сар болж байна.  Энэ хугацаанд  наймаагаар ашиг олох гэсэн хүмүүст  газар олгохгүй гэсэн  хатуу байр суурь барьж ажилласан. Тиймээс ч 2017 онд Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газар дахь газар олголт бүрэн зогссон.  Одоо ч энэ хэвээрээ үргэлжилж байна.

-Тусгай хамгаалалттай газар нутагт сум, аймгийн удирдлага, яамнаас тус тусдаа зөвшөөрөл өгч байсан гэсэн.  Энэ байдал өөрчлөгдсөн үү?  

-БОАЖЯ-аас аялал жуулчлалын зориулалтаар 129 иргэн аж ахуй нэгжид  газрын гэрчилгээ олгосон гэж би түрүүн хэлсэн. Аймгаас үүнд  огт оролцоогүй. Аймаг газар  олгоогүй гэсэн үг. Харин   Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгоны захиргаа ашиглалтын ногоон гэрчилгээ өгчихдөг.  Зөвхөн малын өвөлжөө, хаваржааны зориулалтаар ашиглах зөвшөөрлийн бичиг олгосон байхад түүнийг нь аялал жуулчлалын зориулалтаар гадаад,  дотоодын  байгууллагуудад зарах явдал их гарсан.  Манай байгууллага үүнийг  судалж,  аймгийн засаг даргад мэдээлэл хүргүүлсэн. Үүний дагуу   сумууд  руу захирамж хүргүүлж,  арга хэмжээ авах гэж байна.  Сумын засаг дарга нар зөвхөн өвөлжөө, хаваржааны зориулалтаар нутаглаж байгаа  иргэнд газар эзэмшүүлэх ёстой.  Гэтэл малгүй хүмүүс ногоон гэрчилгээ авчихсан байх жишээтэй.  Үүнийг цэгцлэх талаар бид шахаж шаардаад ажиллаж байна. Олгосон байгууллага нь тухайн гэрчилгээгээ  цуцлах эрхтэй л дээ.

-Усны тухай хуулиар нуурын эргээс 50 м зайд ямар ч үйлдвэрлэл эрхэлж болохгүй гэж заасан байдаг. Гэтэл энд 50 м дотор хэдэн арван амралтын гэр, буудлууд байрлаж, бас дуртай  байр сууцаа барьж байна?

-Тийм л дээ. Хөвсгөл нуурын  ойр орчмын газар нь дотоод бүсчлэлээр  хамгаалалтын дэглэмээр хязгаарлалттай бүсэд ордог болохоор нуурын эрэг дээр янз бүрийн хэлбэр дүрстэй, экологид сөргөөр нөлөөлөхүйц, нууртайгаа ойрхон ямар ч объект барих нөхцөл  үүсчихээд байгаа юм.  Үүнийг  хүмүүс сайн ойлгодоггүй. МУ-ын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгийн зөөлөн дэглэмтэй бүс нь хязгаарлалтын  бүс. Энэ бүсэд  мал аж ахуйгаа эрхэлж,  аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулж болно. Мөн тухайн газар нутагт объект ч барьж болно. Харин хамгийн чанга дэглэмтэй нь онцгой бүс. Араас нь аялал жуулчлалын  бүс орно.  Тиймээс ч  хязгаарлалттай бүсэд байгаа  Хадан хүй,  Модон хүй, Хүй толгой  гурван арлыг  хэн нэг нь ирээд эзэмшье, авъя  гэхэд хуулиараа болохоор нөхцөлтэй байна.

Тиймээс Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын  Хамгаалалтын захиргаа  өнгөрсөн  оноос Хөвсгөл нуурынхаа дотоод бүсчлэлийг  өөрчлөхөөр ажиллаж байна. Бид  маш хурдан хугацаанд,  гурван арал хэн нэгэнд очихоос өмнө  бүсчлэлээ өөрчлөхгүй бол  нуурын ойр орчмын нөхцөл байдал  үүнээс илүү хүндэрч болзошгүй. Нутгийн иргэдийн дунд явуулсан хэлэлцүүлгээр  нуурын эргээс 200-800м газрыг аялал жуулчлалын бүс болгоё гэдэг дээр санал нэгдсэн. Мөн нуурын эрэг орчимд хэт их газар олгож  байгаад нутгийн иргэд эмзэглэж байна. Аялал жуулчлалын бүсэд хүмүүс зөвхөн явж, аялж болно. Харин янз бүрийн объект барьж болохгүй гэсэн бодлого барьж байна. Энэ асуудлыг хурдан шийдчих юм бол бид олгогдоогүй  байгаа газрууд дээр  янз янзын загвартай  барилга байшин босохоос  урьдчилан сэргийлэх боломжтой.  Энэ ажил маань нэлээн урагштай явж байна.  Дөрөвдүгээр сарын сүүл гэхэд энэ бүсчлэл маань батлагдчих байх. Тэгсэн тохиолдолд  нуурын эргээ,  гурван  арлаа хамгаална гэсэн үг.  Хуультайгаа нийцүүлээд хамгаалах  боломжтой гарц нь энэ.

-Хатгал сум, Ханх тосгоны иргэдийн суурьшил бас энэ бүсэд орох уу?

-Ерөнхийдөө тусгай хамгаалалттай газар дээр Ханх, Хатгал гээд хоёр  суурин байгаа. Энэ хоёр суурингийн газрыг 2010 онд Тусгай хамгаалалтаас гаргачихсан.  Харин бидний  нүдэн дээр харагдаж байгаа энэ  амралтын газруудын  ихэнх нь нуурын эргээс  50м  дотор, бүр  усны онцгой хамгаалалтын бүс дотор байх жишээтэй. Уул нь аялал жуулчлалын стандартаар үйлчилгээ эрхлэгчид нуурын эргээс 100-200м-ийн гадагш байх ёстой. Гэтэл энд  200м дотор суурьшсан   нийт жуулчны баазуудын 10 хувь нь л тусгай хамгаалалттай газар дээр, 90 хувь нь Хатгал, Ханхын эдэлбэр газарт багтах усны онцгой хамгаалалтын бүсэд байна.  Тэгэхээр төр  бодлогоор цэгцэлж байж үр дүнд хүрэх байх. Нуурын эргийн онцгой   бүсээ тогтоогоод, онцгой хамгаалалтын бүс дотор  хуулийн дагуу ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийг 5 жилийн гэрээ нь дуусахад гадагш гаргах  байдлаар зохицуулж болох юм.  Гэхдээ маш олон эрсдэлтэй тулах учраас  яамнаас том комисс гарч, олон жил ажиллаж байж  үр дүнд хүрэх болов уу.

-Хөвсгөл далай орчмын газруудад бохироо хаяж, устгахаас эхлээд хүндрэл их бий.  Олонх нь бохироо хөрсөндөө шингээчихдэг.  Үүнийг өөрчлөх тал дээр ахиц гарч  байна уу?  

-Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын захиргаа жуулчны баазуудтай жил бүр гэрээ байгуулдаг. Харамсалтай нь гэрээгээ дүгнэдэггүй байсан юм билээ.  Өнгөрсөн жил бид гэрээн дэх заалтаа хэрэгжүүлэх  шаардлага  тавьж, аялал жуулчлалын улирал эхлэхээс өмнө нүхэн жорлонгуудыг  халах  мэдэгдэл  хүргүүлсэн.  Тиймээс 6-р сарын нэгнээс хойш нүхэн жорлонтой амралтын газруудад хариуцлага тооцож ажиллана. Үүний үр дүнд нүхэн жорлон хэрэглэхээ болих байх гэж найдаж байна.  Дээр нь 2016 оноос эхэлсэн Азийн Хөгжлийн Банкны төслөөр ариун цэврийн байгууламжуудын нэгдсэн загварыг бий болголоо.   Нийт  4 загварын жорлонг өнгөрсөн онд барьж дууссан.  Хамгийн үр дүнтэй, оновчтой загвар нь удахгүй  тодорхой болно.  Манай жуулчны бааз, гэр буудлууд эдгээр дөрвөн загвараас байгаль орчинд хамгийн ээлтэй, тухайн нутаг дэвсгэрт тохиромжтой загварыг сонгож нэвтрүүлнэ гэсэн үг. Ямар ч байсан Хөвсгөл нуурын орчим өөрийн гэсэн загвартай болчихно.  Цаашид сонгогдсон загварыг айл өрх, аж ахуй нэгжид нэвтрүүлэх нь чухал. 6-р сарын 1-ээс эхлэн нүхэн жорлонтой үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгжээс хариуцлага тооцохоос өөр ямар ч арга Хөвсгөлийн тусгай хамгаалалтын захиргааны бидэнд  үлдээгүй.

-Танай тусгай хамгаалалттай газар нутагт хичнээн байцаагч хэдий хэмжээний га талбай хамгаалж байна? 

-Манай Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газар нь  таван  сум, нэг тосгоны нутаг дэвсгэрийг хамарсан том газар. Хөвсгөл нуураа тойрсон таван  сум бий.   Манайх нийтдээ 35 хүний орон тоотой. Үүний  20 нь байгаль хамгаалагч.  2017 онд нийт байгаль хамгаалагчдынхаа 95 хувийг  улсын байцаагч болгосон. Цаашид энэ ондоо багтаад бүх байгаль хамгаалагчдаа улсын байцаагч болгох зорилт тавьсан. Улсын байцаагч болоход цалин хөлс  айхтар нэмэгдэхгүй. Хамгийн гол нь зөрчлийг газар дээр нь  шийдвэрлэх боломжтой болно.  Торгууль тавих эрх мэдэл ирнэ гэсэн үг.  Байгаль хамгаалагчдын хувьд зөрчлийг газар дээр нь шийдэж чаддаггүйгээс  хугацаа алдах нь их.

Монгол улсын стандартаар нэг байгаль хамгаалагч 50 000 га газар хамгаалах ёстой.  Гэтэл манай хамгаалалтын захиргааны байгаль хамгаалгчид  70-80 мянган га газар хамгаалах жишээтэй.

-Хөвсгөлийн тусгай хамгаалалттай  газар нутаг дээр уул уурхайн ямар нэг үйл ажиллагаа явуулж байгаа газар, хувь хүн бий юу?

-Манай  нутагт байхгүй. Хэдэн жилийн өмнө Дархадын хотгорт  алт гарах сургаар   Улаан тайгын тусгай хамгаалалттай газарт  нинжа нар ирж байсан. Ер нь хамгаалалт сулрах тохиолдолд  орох магадлалтай. Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газар  маш их  баялаг, ан амьтан, экосистемийн тэнцвэрийг хадгалдаг хүчин зүйлүүд байдаг болохоор тусгайлан хамгаалсан хэрэг.

-Байгалиа тусгайлан хамгаалдаг газарт ирэхээр ан амьтныхаа эвэр туурай, үс арьсыг зараад зогсож байдагт гадныхан гайхдаг тухай  нэг биш удаа сонсож байсан юм байна?  

-Би ч үүнд эмзэглэдэг. Гэхдээ ганцхан тусгай хамгаалалттай газарт  байдаг ан амьтдын эвэр туурай, үс ноос гэж ойлгож болохгүй. Манай Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газарт  дэглэм нь чанга учраас тэр болгон ан хийх боломжгүй. Ан хийлээ гэхэд баригдах магадлал өндөр. Нөгөө талд  нэгэнт бүтээгдэхүүн болгоод зарж байгаа тохиолдолд  бид хурааж авах эрх байхгүй.  Мэргэжлийн хяналтынхан тэнд хяналт тавих шаардлагатай. Манайд утсан загас, лаазалсан бүтээгдэхүүнийг  зарж борлуулах нь их.  Гэтэл  Увсаас авчирсан загасыг энд лаазлаад Хөвсгөлийн загас гэж зардаг нь нууц биш болсон. Харин утсан загас бол яах аргагүй  Хөвсгөлийнх.  Манай Хөвсгөл нуурын 9 төрлийн загасны нэг нь.

Манай байгууллага энэ тал дээр анхаарч,  байгалийн баялаг руугаа дайрахгүйгээр амьдрах олон арга бий гэдгийг ойлгуулах нөлөөллийн үйл ажиллагааг иргэдэд  явуулж байна.  Үүнийг л хүмүүст сурталчлах нь чухал байгаа юм.  Гэхдээ сүүлийн жилүүдэд  харьцангуй гайгүй болж байна. Хөвсгөл аймгийн  Мөрөнгийн зах дээр утсан загаснууд ямар их байсан билээ. Өнгөрсөн жил 70 хувийг нь цэгцэлсэн.  Гэхдээ ганцхан тусгай хамгаалалттай газрын  амьтанг хамгаалах, экологийн системийг алдагдуулахгүй байх талаас нь явах биш,  хүнсний аюулгүй байдал гэдэг өнцгөөс нь харах хэрэгтэй болж байгаа юм. Загасыг ямар нөхцөлд боловсруулж байна, загас муудах тохиолдолд өндөгнөөс ч аюултай хүнд хордлого өгдөг гэдгийг ойлгуулах нь бас чухал. Өнгөрсөн жил манайхаас загасан бүтээгдэхүүн авсан  Эрдэнэт, Баян-Өлгий, Улаанбаатарын хэрэглэгчид хордлогод орж байсан. Гэтэл тэр нь манай Хөвсгөлийнх  биш   хаа хол Увсаас авчирсан сугас загас байх жишээтэй. Ер нь нутгийн брэнд бүтээгдэхүүнд олон төрөл зүйлүүд орно л доо. Хөвсгөл нутгийн зан заншил, ахуй амьдрал тэр чигээрээ брэнд.

Хятадад үйлдвэрлэсэн гоёл чимэглэл, урлалыг “бид хийсэн”  гэх байдлаар гадныхныг хуурч борлуулах тохиолдол манайд ер нь хаа сайгүй  болсон байна.  Хөвсгөл далайн ойр орчимд ч  ажиглагдлаа.

Энэ талын саналаа Хатгал тосгоны удирдлагад  хэлсэн. Хөвсгөл нуурын Сүхбаатар онгоцны зогсоолд ажиллуулдаг павилионуудаа   яг байгальд ээлтэй бүтээгдэхүүн борлуулдаг хүмүүст түрээслээчээ гэсэн  санал ч гаргасан.  Хятадын Эрээнээс ямар ч хамаагүй бараа оруулж ирээд зарж байгаа нь  аялал жуулчлалыг доош нь татаж байгаа үзэгдлийн нэг. Наад зах нь Хятадаас  оруулж ирсэн бүтээгдэхүүний орлогын 80 хувь нь урд хөрш рүү гарчихаж байна.   Би 10 хүнээс бүтээгдэхүүн авахад миний ард 10 хүн  ажлын байртай, орлоготой болж байна гэсэн үндэсний сэтгэлгээ худалдаачдад байх ёстой болов уу. Эдгээр асуудал шийдвэр гаргах дээд төвшинд хүрч  чадаж байгаа эсэхэд би эргэлзэж байна. Гэхдээ бидний үг, санаа бодлыг  олон хүмүүс ойлгож, цааш нь түгээж тодорхой хугацааны дараа ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байдаг.

-Сүүлийн үед Хөвсгөл далайг зорих зочид хэр нэмэгдэж байна?

-Зундаа бид 100 гаруй мянган аялагчид хүлээж авдаг.  Үүнээс 10 гаруй мянга нь  гадаадын аялагчид.   Энэ жил жуулчид улам ч өсөх хандлагатай байна. Манай Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газар хоногт 3500 хүнд үйлчилэх хүчин чадалтай гэр буудал, жуулчны бааз, отоглох цэгүүд бий.  Гэтэл баяр наадмын амралтын үеэр  зөвхөн нэг өдөрт Хатгалын нэвтрэх цэгээр 10 мянган жуулчин орж ирэх жишээтэй.  Тэдний  3500 нь л унтах амрах газартай гэсэн үг. Үлдсэн амрагчид  байгаль дээр амрах хэрэгтэй болно.  Тэнд нь  жорлон, хогийн савыг нь бэлдээгүй  тул   бие засаад, хатуу шингэн хог хаягдлаа үлдээгээд явж байх жишээтэй. Гэтэл араас нь ирж байгаа жуулчид яах вэ? Тиймээс бид ийм байдлыг  хяналтдаа авахын тулд  орлогоосоо тодорхой цэгүүдэд пост  барина. Одоогоор 4 пост  барихаар ажиллаж байна.

Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтэрсэн дотоодын аялагчид 300, гадаадын аялагчид  3000 төгрөгийн хураамж төлдөг. Тэр орлого улсын төсөвт  төвлөрч, зарим нь манай үйл ажиллагаанд  зардал хэлбэрээр орж ирдэг.

-Таны хэлээд байгаа жуулчны баазад очиж чадаагүй, гадуур байгальд хонож байгаа хүмүүст хэчнээн бие засах газар байна?

-Отоглох цэгт ганц нэг  жорлон  байна уу гэхээс бусад эзэнгүй газруудад  байхгүй. Харин сая Азийн Хөгжлийн Банкны төслөөр  жорлонгууд хийсэн. Тухайлбал, зөөврийн 12 жорлонг  Хөвсгөлийн мөсний баяраар ажиллууллаа. Хөвсгөл  нуурын эргээр ачаалал ихтэй, завь ихтэй, хүн олноор  бөөгнөрдөг, нуурын эргийн үдэлдэг газруудад эдгээр жорлонг байруулахаар болж байна.  Энэ бол эко аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамгийн том алхам. Тиймээс цаашид ч  эко жорлонг нэмэхэд  анхаарна.

Нийтэлсэн: Д.Даваадулам

Хөвсгөл далайн арлууд хувьд очиход ойрхон байна   
Үзсэн: 6827 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочин [183.177.98.xxx] 2018-04-19 07:04
Сэтгэлтэй даргын үг ийм байдаг юм, сэтэртэй дарга нар бол газрын наймаачин болж хувирдаг Даваабаяр гэдэг нөхөр шиг.
Xuvsgul saixan [24.163.129.xxx] 2018-04-08 10:32
Xuvsgul unexeer saixan gexdee xogein tsegee yanzlachee !!!! Bas xujaa nart amraltein gazrein erx ogoxoo boliochee!!!!! Xuvsgulchuud uursduu amraltein gazarein ezen boliochee!!!!
Irgen [27.123.214.xxx] 2018-04-06 21:51
Shudraga hund durtai hun baihgui.manai surguuliig ib juramtai bolgoson shuu.ard irgeded l ur dungee ogdog yum bilee
зочин [203.91.117.xxx] 2018-04-06 20:48
энэ нөхөр урьд нь манай сургуульд захирал хийж байхдаа ёстой нэг будаа бологсон сүүлдээ сар гаран ажилаа таслаад халагдсан да хөөрхий.нам дагаж салбагнаад байгаад ажилд ороод удаачгүй байхдаа тараа таниулаад энд тэндээс хөөгдөж явдаг л хүн санагдсан.
Irgen [27.123.212.xxx] 2018-04-06 16:02
Batdelger darga hatuu shaardlagatai shudraga zarchimch hun bailaa.Amalsan amlaltandaa hurch irgediigee demjij chaddag baiv.omnoh darga nar irgedteigee hamtardaggui,gadnii mongotei eth medeltei humuust zambaraagui gazar olgoj daats hetruulsen.mortloo nutgiinhaa irgediin gazar ashiglah erhiig shiidehgui mash olon jiliig udsen.tuunees bolj onoodor irgediin erh ashig hurtsadmal baidald orson.iim baidald oruulsan tusgai hamgaalalttai gazriib omnoh udirdlaga buruutai tul hariutslagiig huleeh yostoi.Irgediinhee erh ashgiin toloo ,nutag usaa hamgaalj ajillahgui bol ene suudald yunii tuld suudag yum.
Зочин [202.179.31.xxx] 2018-04-06 11:08
Сайн нийтлэл боолжээ. Бүх хүн анхаарах хэрэгтэй асуудал

Бидэнтэй нэгдээрэй