Шууд Chart

Л.Баттүвшин: Монголдоо тархи судлалын хүрээлэн байгуулах зорилготой

2018-04-11 11:20:52

АНУ-ын Нью Жерси мужийн Ратгерс их сургуулийн тархи судлалын судлаач, Монголын нейросайнсийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Л.Баттүвшинтэй ярилцлаа. 

-Юуны өмнө өөрийнхөө талаар танилцуулахгүй юү. Таныг тархи судлалын чиглэлээр судалгаа хийж буй цөөн эрдэмтний нэг гэж сонссон. Анагаахын ухааны эрдмийн боловсролоо хаана эзэмшсэн бэ?

Намайг Лхагвасүрэнгийн Баттүвшин гэдэг. АНУ-ын Нью Жерси мужийн Ратгерс их сургуульд анагаах ухааны факультетэд судлаач багшаар ажилладаг. Одоо тархи судлалын сэдвийг сонгож, судалгаа хийж байгаа. Энэ судалгаа маань тархи ба нугасны мэдрэлийн эсүүд нойр булчирхай, элэг, гэдэс зэрэг эрхтэний нөхөн төлжилтийг хэвийн үед хэрхэн зохицуулдаг вэ, тэдгээр эсүүдэд ямар генүүд идэвхжиж эсвэл дарангуйлагддаг вэ гэдэгт хариулах зорилготой. Энэ суурь судалгаанд үндэслээд тархи ба хоол боловсруулах эрхтэнүүдийг холбодог дамжуулагч бодисууд нь юу вэ, бодисын солилцооны ба бусад эмгэгийн үед ямар өөрчлөлтүүд гардаг вэ, цаашлаад таргалалт, чихрийн шижин, нугасны гэмтлийг мэдрэлийн зохицуулалтыг өөрчлөх замаар эмчлэх боломжтой юу зэрэг нарийн судалгааг явуулах боломжтой болно. Энэ салбарт ажилладаг эрдэмтэн, судлаач багш, эмч нарын хувьд туйлын сонирхолтой сэдэв.

Боловсролын тухайд АШУҮИС-ийг 2005 онд хүний их эмч мэргэжлээр дүүргэсэн. Сургуулиа төгсөөд СЭМҮТ-д резиндент эмчээр нэг жил хэртэй ажилласан. Эмчийн гараагаа манайхны хэлдЭгээр “Хурц”-ын тасгаас эхлүүлсэн дээ. Ингэж байтал  манай сургуулийн Сэтгэцийн тэнхимийн эрхлэгч С.Бямбасүрэн багш маань тэнхимд ирж, сэтгэцийн эмгэг судлалын хичээлээр багшлах санал тавьсан. Ингээд 2006-2008 онд дадлагажигч багшаар ажиллаад, дараа нь Японы Засгийн газрын докторантурын хөтөлбөрт шалгалт өгөөд тэнцсэн. Улмаар 2008 оноос Японы Кюүшүгийн их сургуульд тархи судлалын чиглэлээр суралцахдаа сэтгэлзүйн шалтгаант халууралтын  үед уртавтар тархины заадлын хэсэг дэх симпатик мэдрэлийн эсүүд глютамат ба серотонины дамжуулалтаар биед дулаан үүсгэдэг механизмыг олж тогтоосон. Энэ судалгаагаараа Японы Психосоматик анагаах ухааны нийгэмлэгийн 2012 оны шилдэг судлаачийн шагнал хүртэж байсан. Төгссөнийхөө дараа хэсэг хугацаанд постдок хийж байгаад эх орондоо ирсэн. Монголд ирээд сургуулийнхаа Сэтгэцийн тэнхимд нэг жил гаруй хугацаанд багшилсан.  

-Тархи судлалын тухай сонирхолтой мэдлэг, мэдээлэл өгөхгүй юү. Хүн төрөлхтөн тархи судлалыг хөгжүүлснээр ямар дэвшилд хүрэх боломжтой гэж харж байна вэ?

Тархи судлалыг ихэвчлэн сэтгэл судлалтай андуурдаг. Гэтэл сэтгэл судлал, сэтгэцийн эмгэг судлал, мэдрэл судлал, мэдрэлийн мэс засал, нейроимежинг зэрэг олон салбарын суурь шинжлэх ухаан нь тархи судлал юм. Дэлхий дахинд тархи судлалыг 21 дүгээр зууны тэргүүлэх шинжлэх ухаан болгон зарласан. Ерөөс бүх шинжлэх ухааны уулзах цэг нь хүн байдаг. Сансар судлал хүртэл шүү. Учир нь  АНУ, БНХАУ, ОХУ зэрэг том гүрнүүд хамгийн түрүүнд Ангараг гарагт хүрч, колончлохын төлөө өрсөлдөж байна. Ангараг гараг дээр хүн амьдарч чадах уу. Энэ судалгааг, энэ асуултын хариултыг олохын тулд дэлхийн хамгийн нэр хүндтэй эрдэмтэд өдөр шөнөгүй ажиллаж, толгойгоо гашилгаж сууна. Тархи судлалын эрдэмтдийн хэлж буйгаар Ангараг гараг дээр технологийн дэвшлийг ашиглан гурван сарын дотор хүрч очиж болно. Гагцхүү тэнд очоод хүний сэтгэн бодох, ажил хөдөлмөр эрхлэх чадвар эх дэлхий дээр байдаг шиг хөгжиж , хадгалагдаж чадах уу гэсэн асуултын хариулт оньсого хэвээр байгаа юм. Тиймээс энэ салбарт олон туршилт хийж байгаа. Тухайлбал, тархины эд эсүүдэд хэрхэн нөлөөлж байгааг судлах зорилготойгоор сансарын тойрог замд орсон хүний бие организм ямар байна, хүчилтөрөгчийн бага даралтат орчинд ичдэггүй амьтныг ичээнд оруулж болох уу, тусгаарлагдсан нөхцөлд хэдэн хүнийг бүлэг болгон амьдруулах вэ, тэдэнд сэтгэлзүйн дарамт үүсгэхгүйгээр хэрхэн амжилттай колонийн загвар үүсгэх вэ зэрэг судалгааг хийсэн. Энэ бүхний учрыг олоход 21 дүгээр зуунд тархи судлал хамгийн чухал үүрэгтэй.  

-Хүний биеийн дотоод эд эрхтэн бүгд хоорондоо холбоотой байдаг шиг бүхий л шинжлэх ухаан өөр хоорондоо харилцан хамааралтай гэж хэллээ. Тархи судлалын ухааныг бусад суурь судлалтай  холбож тайлбарлахгүй юү?

Жишээ нь сүүлийн үед хиймэл оюун ухаан үсрэнгүй хөгжиж эхэлж байна. Хиймэл оюун ухаан гэдэг нь зүгээр л нэг програм гэвэл ямар ч компьютер дээр хэрэглэж болох програмыг яагаад хиймэл оюун ухаан гэж нэрлэж байна вэ. Тайлбар нь их энгийн. Хүмүүс тархиндаа мэдээлэл хүлээн авч, боловсруулж гаргаад байгаа процессийг хялбарчилж, програмын хэл дээр бичсэн гэсэн үг. Ингэж програм боловсруулахын тулд тооцоолон бодох тархи судлалыг хөгжүүлж байна. Учир нь хүний тархи бол одоогоор хүн төрөлхтөнд мэдэгдэж байгаа хамгийн супер оюун ухаан бөгөөд үүнтэй өрсөлдөх байтугай дөхөж очих өөрөө суралцдаг машин одоогоор зохион бүтээгдээгүй байна. Тэгэхээр тархи судлалын шинжлэх ухаан маш олон салбарын үндэс суурь бас уулзах цэг болж байгаа биз.

-Эх орондоо ажиллаж байгаад АНУ руу яагаад явахаар болсон юм бэ. Одоо та ямар судалгаан дээр ажиллаж байна вэ?

Монголд байхад ажлын хамаг цагаа хичээл заахад зарцуулж байсан учраас өнгөрсөн хугацаанд сурсан мэдлэг, боловсрол маань зэвэрч магадгүй байдалд хүрсэн. Тиймээс АНУ руу явах шийдвэр гаргасан юм. Ингээд АНУ-ын хамгийн халуун хот болох Финикс хотын Бароугийн мэдрэл судлалын хүрээлэнд очиж, тэндээ гурван жил ажилласан. Ингэхдээ мэрэгч амьтны тархин дахь төрх үйлийг удирддаг механизм нь орчны температурын нөлөөнд хэрхэн хариу урвал үзүүлдэг вэ гэсэн судалгааг хийсэн. Энэ механизмыг тэртээ 100 жилийн өмнөөс судалсан байдаг ч тархин дахь температурын зохицуулгыг хэн ч нээгээгүй байгаа. Сүүлийн жилүүдэд оптогенетик, хемогенетик, үсэрхийлэлт вирусийн дамжуулалт зэрэг судалгааны шинэ аргууд гарсан учраас дахин судлах хэрэгтэй гэж үзсэн юм.

-21 дүгээр зууны тахал гэгдэж буй таргалалт өвчин тархины үйл ажиллагаатай холбоотой болж таарах нь. Яаж холбогдож байгааг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлахгүй юү?

Таргалалт бол өөхөн эдийн хуримтлал. Харин өөх гэдэг нь амьд эсүүд. Амьд эсүүдийг хайлуулах буюу үхүүлэхийн тулд өдөржин ус ууж болно. Гэтэл тархи өөрийнхөө эсүүдийг үхүүлэхгүйн тулд тэмцдэг. Тийм ч учраас турсны дараа маш амархан эргээд таргалдаг. Жишээ татая л даа. Лабораторийн орчинд байгаа амьтныг дуртай үедээ ус ууж, хооллож болно гээд орхивол маш түргэн хугацаанд таргалдаг. Яагаад гэвэл тэр амьтан хязгаарлагдмал орчинд хөдөлгөөнгүй байгаатай л холбоотой. Тэгвэл өнөөгийн нийгэмд амьдарч байгаа хүмүүсийн таргалалт яг л энэ механизмын дагуу явагдаж байна. Дээр үеийн хүмүүс хоолоо олж идэхийн тулд мал маллаж, тариа тарьдаг байсан. Харин өнөө үед хүмүүст тийм хэрэгцээ шаардлага байхгүй. Гэрээс гарч, ажлын хооронд л явж байна шүү дээ.

Лабораторын орчинд харханд хийсэн туршилтаар хөдөлгөөнгүй байгаа хархны таргалалт нэмэгдэж, улмаар сэтгэн бодох ур чадвар муу болж, нойрсох, амрах хэмнэлд сөргөөр нөлөөлж, эрүүл амьдрах хугацаа нь багасдаг болох нь тогтоогдсон.  Гэтэл торонд нь гүйлтийн зам тавих, нүх ухах боломжтой болгох гэх мэт амьдрах орчныг нь хөдөлгөөнд оруулахад тухайн амьтан хамаагүй эрүүл чийрэг, үр төлөө үлдээх чадвартай, таргалалтгүй болж байх жишээтэй.  Хүний бие организмтай адилхан байгаа биз. Тэгэхээр энэ гинжин урвалыг зогсоохын тулд хоол идэх дур хүсэл төрүүлж байгаа эсүүдийг дарангуйлах, тэр механизмыг таслах аргыг хайж байна. Гэтэл тэр механизм нь бас хүний хийж бүтээх хүсэл тэмүүлэл, стрессд үзүүлэх хариу урвал, сэтгэл хөдлөл, ухамсарт ухаанд нөлөөлдөг учраас сөрөг нөлөөг хэрхэн багасах вэ гэх мэт маш олон асуулт урган гарч ирнэ. 21 дүгээр зуунд генетик, нано технологи хөгжиж, биотехнологийн шинэ шинэ аргууд нэвтэрч байна. Тархи судлал руу бүх шинжлэх ухаан цуглаж байна. Тиймээс бид ирээдүйн эрдэмтэн залуустаа улам ихийг хийж бүтээх суурийг нь одоо бэлдэхийн тулд салбар хоорондын судалгааг дэмжсэн тархи судлалын хүрээлэн байгуулж, дэлхийн шинжлэх ухааны хөгжилтэй хөл нийлүүлэн алхах туйлын зорилготой ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа. 


Л.Баттүвшин: Монголдоо тархи судлалын хүрээлэн байгуулах зорилготой  
Үзсэн: 486 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй