Шууд Chart

Н.Баянмөнх: “Болор үзэг” сан Монголын сэтгүүлзүйн хөгжилд дэмжлэг үзүүлнэ

2018-04-11 15:18:53

Монголын сэтгүүлзүйн салбарт өөрийн гэсэн байр сууриа тодорхойлохоор нэгэн байгууллага үүдээ дэлгэж, нээлтээ өнөөдөр хийлээ. Энэ бол сэтгүүлзүйн магистр Нямбуугийн Болормаа агсны нэрэмжит “Болор үзэг” сэтгүүлзүйн сан. Мөн түүний бичиж үлдээсэн “Телевизийн мэдээллийн нэвтрүүлэг” гэсэн номны нээлт болов.

Уг сангийн хамт олон жил бүр оны шилдэг бүтээл шалгаруулж, ивээн тэтгэн хэвлүүлхээс гадна олон ажил төлөвлөж байгаа юм билээ. Иймд тус сангийн хяналтын зөвлөлийн дарга, яруу найрагч Нямбуугийн Баянмөнхөөс дараах асуултанд хариулт авлаа.

-Та эгчийнхээ дурсгалд зориулж сан байгуулжээ. Үүнийг маш том буян гэж ойлгож болох уу?

-Тийм шүү. Сан байгуулах санааг эгчийн маань хүү О.Бадам-Очир гаргаж, тэргүүнээр нь ажиллана. Ээжийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэх гэж байгаа дүүдээ улам их амжилт хүсэе.

"Болор үзэг" сэтгүүлзүйн сангийн тэргүүн О.Бадам-Очир. 

-Сангийн нээлт “Интерном”-ын их дэлгүүрт өнөөдөр болсон. Цаашид ямар хэрэгжих вэ?

-Манай сан Монголын сэтгүүлзүйн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор байгуулагдлаа. Өнөөдөр чөлөөт ардчилсан сэтгүүлзүй Монгол оронд үүсч хөгжөөд өөрийн өнгө төрхөө олоод сайхан төлөвшиж байна. Цаг үе өөрийнхөө түүхийг бүтээж байдагтай адил Монголын сэтгүүлзүй ч мөн адил энэ голдиролоор явж буй. Монголын сэтгүүлчдийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, шүүмж судлалыг хөгжүүлэх нь Монголын сэтгүүлзүйн хөгжлийн хамгийн том зорилгын нэг байдаг. Үүнд бид сэтгэл нэгдэн ажиллах болно.

-Танай сангийн гол зорилго юу вэ?

-Жил бүрийн дөрөвдүгээр сарын 11-ний энэ өдөр Монголын сэтгүүлзүйд хамгийн хэрэгтэй, чухал нэг бүтээлийн эзнийг шалгаруулна. Үүнд нийтлэл, сурвалжлага, ярилцлагын ном, нэвтрүүлэг ч байж болно. Үүнийг бид сангаасаа ивээн тэтгэж хэвлээд нээлтийн үйл ажиллагааг нь ч зохион байгуулахаас гадна бүх номын санд хүргэнэ. Нэг ёсондоо уншигч, үзэгчдийн хүртээл болгоно гэсэн үг.

-Шалгаруулалт нь хэрхэн явагдах вэ?

-Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл оны шилдэг бүтээл шалгаруулахдаа шоу хэлбэрээр тодруулдаг. Харин бид тэгэхгүй. Жил бүрийн нэгдүгээр сарын 1-нээс, гуравдугаар сарын 1-ий хооронд өрсөлдөж байгаа сэтгүүлчдийн бүтээлийг сангийнхаа байранд хүлээж авна. Дараа нь Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, МУИС, сэтгүүлзүйн судлаач, шүүмжлэгч зэрэг мэргэжлийн хүмүүстэй хамтран тунгааж, тодруулна. Тухайн цаг үеийн сэтгүүлзүйд хамгийн хэрэгтэй гэсэн бүтээлийг тодруулах нь маш чухал. Мөн үүрд хадгалуулах цомоо жил бүрийн дөрөвдүгээр сарын 11-нд гардуулна. Учир нь энэ өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн эгчийн маань төрсөн өдөр юм.

-Нээлтийн үеэр та сангийнхаа анхдугаар хэвлэлтийг танилцуулахдаа эгчийнхээ “Телевизийн мэдээллийн нэвтрүүлэг” гэсэн номыг хэвлүүлсэн байсан. Уг номны талаар мэдээлэл өгнө үү?

-Сэтгүүлзүйн магистрын зэрэг хамгаалсан эгч маань одоогоос 20 жилийн өмнө дээрх номыг бичиж бидэнд үлдээжээ. Хэдийгээр олон жилийн өмнө бичигдсэн ч Монголын телевизүүдийн мэдээллийн хөтөлбөрийн баримтлах үндсэн чиг баримжаа нь болж чадаж байгаа. Үнэ цэнээ ч алдахгүй, гажихгүй байгаа нь хэрхэн судалгаа хийж, бүтээсэн нь тодорхой харагдана. Энэ ажлыг анх удирдсан хүн бол МУИС-ийн сэтгүүлзүй, нийгмийн харилцааны тэнхмийн багш М.Зулькафиль. Мөн “Глоб интернейшнл” төвийн тэргүүн Х.Наранжаргал багшаас эхлээд олон хүн хамтарч ажилласан байдаг. Гэтэл өнөөдөр 20 жилийн дараа ном болон хэвлэгдэж, “Болор үзэг” сангийн нээлттэй давхцаж байгаад таатай байна. Бидний ажлыг сэтгүүлзүйн судлаач, байгууллага, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн системд ажиллаж байгаа сэтгүүлчид сайхан хүлээн авч, баяр хүргэлээ. Мөн цаашдын нэг том зорилго маань Монголын сэтгүүлчдийн тухай цуврал нэвтрүүлэг хийж, үзэгчдэд хүргэх төлөвлөгөөтэй байгаа. Учир нь сэтгүүлчийн хөдөлмөр, тэдний ачаалал нь хэр их байдаг вэ гэдгийг олон нийтэд хүргэх явдал юм. Ер нь Монголд цэвэр ариун, ёс суртахуунтай, хариуцлагатай сэтгүүлзүйг улам их хөгжүүлхэд бид хувь нэмэрээ оруулна. Эгч маань МУИС-ийн сэтгүүлзүйн ангийн анхны төгсөгч.

 

















Нийтэлсэн: У.Баярсайхан

Н.Баянмөнх: “Болор үзэг” сан Монголын сэтгүүлзүйн хөгжилд дэмжлэг үзүүлнэ  
Үзсэн: 1690 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй