Шууд Chart

Сирид өгсөн пуужингийн цохилтыг дэлхийн гүрнүүд хэрхэн хүлээн авав ...

2018-04-15 14:16:06

Дэлхийн болон бүс нутгийн тэргүүлэгч гүрнүүд өнгөрсөн бямба гарагт шилжих шөнө "Башар Асад химийн зэвсэг хэрэглэсэн" гэх шалтгаанаар АНУ, Их Британи, Францын зэвсэгт хүчнээс Сирид өгсөн пуужингийн талаар байр сууриа илэрхийлж байна. Сирийн холбоотон гэгддэг Орос, Иран улс өрнөдийнхний цэргийн ажиллагааг сөргөөр хүлээн авсан бол Сиритэй хөрш зэргэлдээ оршдог Ирак улс багагүй сэтгэл түгшиж байгаа илэрхийллээ. Бусад улс орнууд шууд болон шууд бусаар пуужингийн цохилтыг дэмжиж байгаа аж.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш НҮБ-ын гишүүдэд, болж буй нөхцөлд байдалд хүлээцтэй хандаж, байдлыг шатлан өргөжих, хүчирхийллийг улам гүнзгийрүүлэх, сирийн ард түмний зовлон зүдгүүрийг зузаатгах алхам хийхээс болгоомжлохыг уриаллаа. Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани Сирийн Ерөнхийлөгч Башар Асадтай утсаар ярьсан бол Ираны шашны тэргүүн аятолла Хаменеи Сирид өгсөн цохилтыг “гэмт хэрэг”, Дональд Трамп, Тереза Мэй, Эммануэль Макрон нарыг “гэмт хэрэгтнүүд” гэлээ. Гэхдээ өрнөдийн орнуудын Сирид өгсөн цохилт цар хүрээний хувьд хүсэн хүлээж байснаас бага байсанд Тегеран сэтгэл тайвширч байгаа юм. Тэгвэл Сирид болж буй мөргөлдөөнд идэвхтэй оролцож байгаа Түрк улс өрнөдийнхний пуужингийн цохилтыг химийн дайралтад өгсөн зохих ёсны хариу хэмээн үзэж байна. Персийн булангийн Арабын орнууд дотроос хамгийн түрүүнд Катар улс байр сууриа илэрхийллээ.

Дохагийн үзэж байгаагаар, энэ цохилт ард түмнийхээ эсрэг тэмцэж байгаа Сирийн дэглэмийг зогсооход туслах юм байна. Саудын Араб улсын гадаад яам АНУ, Их Британи, Францын ажиллагааг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлж, “Асадын дэглэм олон жилийн турш Сирийн ард түмний эсрэг байж боломгүй гэмт хэргийг үйлдсээр байгааг эцэслэх цаг нь болсон” гэж мэдэгдэж байна. Иордани улс мөргөлдөөнийг улс төрийн аргаар зохицуулах нь тусгаар тогтносон Сири улсын газар нутгийг бүрэн бүтэн үлдээх цорын ганц боломж хэмээн мэдэгдлээ. Тэгвэл Израйль улс Арабын орнуудыг бодвол дуугүй өнгөрч, харин Голланы өндөрлөг дээгүүр хийх иргэний нисэх онгоцны агаарын орон зайг хаасан байна. Хятад улс урьдын адил олон улсын үйл хэрэгт хүч хэрэглэхийн эсрэг гэдгээ мэдэгдэж, улс орны тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө гэдгээ илэрхийллээ.

Япон улс хувьд тус цэргийн ажиллагааг дэмжиж байна. Ерөнхий сайд Абэ Шинзо энэ талаар хэлэхдээ, “Бид АНУ, Их британи, Францын байр суурийг бүрэн дэмжиж байна. Бид үүнийг зайлшгүй авах ёстой арга хэмжээ хэмээн дүгнэж байна” гэлээ. Сирид цохилт өгөх ажиллагаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн Герман улс НАТО-ийн холбоотнуудаа дэмжлээ. Канцлер Ангела Меркель энэ талаар хэлэхдээ, пуужингийн цохилтыг байх ёстой, ор үндэстэй хариу гэлээ.

Чех, Нидерланд, Испани, Португал, Румын, Словени, Латви, Эстони, Украйн улс тус үйл ажиллагааг дэмжсэн байна. Европын холбооны гол хүний нэг Федерика Могерини Москва болон Тегеранд хандаж, цаашид Сирийн дэглэм химийн зэвсэг хэрэглэхээс урьдчилан сэргийлэх үйл хэрэгт өөрийн нөлөөгөө ашиглахыг уриаллаа.















Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сирид өгсөн пуужингийн цохилтыг дэлхийн гүрнүүд хэрхэн хүлээн авав ...  
Үзсэн: 458 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй