Шууд Chart

Дорноговь аймгаас авах санаа олон байна

2018-04-30 16:06:25

Дорноговь аймаг 2018 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, жилийнхээ  ажлын  нээлтийг энэ сарын 27-нд Сайншанд хотноо хийлээ.  “Хүний хөгжлийг дэмжих жил”-д  иргэд, гэр бүл өсвөр үе, хүүхэд залуучуудыг хөгжүүлэх, тэдгээрийн идэвх санаачилгыг дэмжих, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, сурч боловсрох, хөгжин дэвших боломж нөхцөлийг сайжруулахыг   зорьж байгаагаа  Дорноговь аймгийн Засаг  дарга  Т.Энхтүвшин  танилцууллаа.

Нээлтийн үеэр хүүхэд, залуус, эцэг эх, багш сурагч, ахмадууд, мөн  төрийн байгууллагын 2600 гаруй төлөөлөлд  хүний хөгжлийн талаар Лектор төв болон бусад мэргэжлийн баг лекц сонсгож, мэдээ мэдээлэл хүргэлээ.  Мөн нутгийн иргэдийн төлөөлөл, аймгийн удирдлагуудынхаа  хамт   бүтээн байгуулалтын  хэд хэдэн  шав  тавилаа. 

Энэ  онд  Дорноговь аймаг 1000 айлын “Мандах наран” орон сууцны  хорооллын гурав дахь ээлж болох 240 айлын орон сууц, 150 хүүхдийн цэцэрлэг, 320 хүүхдийн бага сургууль, Эрүүл мэндийн төв, Гэр бүлийн цэцэрлэгт хүрээлэн, Иргэдийн хөгжлийн төв, 50 ортой төрөх эмнэлэг болон эмнэлгийн авто зам, зогсоолыг барьж байгуулахаар төлөвлөжээ.  Эдгээрийн  ихэнхийг  ондоо багтааж  хүлээлгэн өгнө гэж нутгийн удирдлагууд  хэлж байлаа.

Мөн  2017 оны “Их бүтээн байгуулалт”-ын жилийн ажлыг үргэлжлүүлснээр  Замын Үүд, Сайншанд хот дахь “Мандах наран” орон сууцны 2-р ээлж, 3D кино театр, Усан спорт, сургалтын төв зэрэг газрууд  үүд  хаалгаа нээх юм байна.

Өнгөрсөн жил Дорноговь аймаг ӨМӨЗО-ны хөрөнгө оруулалтаар Хүүхэд, залуучуудын цэцэрлэгт хүрээлэнтэй болсон бол “Их Дорноговь” сан 1,8 тэрбум хөрөнгөөр аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудад  4 давхар “Хөгжлийн нэгдсэн төв" байгуулж өгчээ.

Харин энэ онд Дорноговьчууд “Гэр бүлийн талбай”-тай болох нь. Учир нь "Цайрт минерал” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд тус талбайг байгуулахаар  саяхан тууз хайчиллаа. 

Эдгээр ажлын олонх нь аж ахуйн  нэгжүүдийн  нийгмийн хариуцлага,  Хятад, Япон зэрэг гадаад түншүүдийн хамтын ажиллагаа, тэдний сэтгэл зүтгэлээр   бүтэж,  босч байгааг   Дорноговь аймгийн Засаг дарга онцолсон.   Тэрээр “Зөв бодлого боловсруулж, сэтгэл  зүтгэлтэй ажиллавал Дорноговь аймагт  хөгжих боломж их бий.   Энэ онд манай аймагт гадаад, дотоодоос нийтдээ  1,3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт  тооцоо гарч  байна. Тухайлбал аймгийн хэмжээнд улсын төсвөөс 1 сургууль, 1 цэцэрлэг барих бол хувийн хэвшлийн болоод гадны хөрөнгө оруулалтаар 6  цэцэрлэг, 2 дотуур байр, 3 эмнэлгийг ашиглалт оруулна. 

Энэ бол Дорноговь аймаг  дахь аж ахуйн нэгж, аймаг  хооронд хийсэн нийгмийн хариуцлагын гэрээ, гадаад, дотоод хамтын  ажиллагааны үр дүн” гэлээ. 

Тус аймагт  ажилладаг  “Их Дорноговь” хөгжлийн  сан  аймаг, сумын хамгийн тулгамдсан төсөл хөтөлбөрийг сонгон хэлэлцэж санхүүжүүлдэг байна. Аж ахуйн нэгжүүдийн төлөөллөөс бүрдсэн  ТУЗ  шийдвэр гаргаж, сангийн зарцуулалтыг  шийддэг  нь  олон нийтийн хардлага, хандивын үрэлгэн зарцуулалт, тарааж үнэгүйдүүлэх байдал  зэргийг халж чаджээ.  Энэ мэтчилэн бусад аймгийнхны  үлгэр авах  санал санаачилга Дорноговь аймагт олон байна.





Нийтэлсэн: Д.Даваадулам

Дорноговь аймгаас авах санаа олон байна  
Үзсэн: 7472 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Suh [150.129.142.xxx] 2018-06-08 22:07
Амжилт хүсье. Гар нийлж байж амжилт гардаг гэдгийг харуулж чадлаа
Баасанжав [202.179.31.xxx] 2018-05-07 13:19
Амжилт хүсэе...
Зочин [112.72.14.xxx] 2018-05-07 00:18
AIMGIIN UDIRDLAGIIN BAG GISHUUNTEIGEE JINKHENE GAR NIILJ, BUSAD AIMGUUDAD ULGER BOLOHOOR L AJILLAAD BAIGAA YUM DA. BI UUR AIMGIINH. ATAARHAJ L BAINA SHU.
Zochin [103.57.92.xxx] 2018-05-03 22:57
Urid umnu ogt hiigdej bgaagui mash ih buteen baiguulalt manai aimagt l hiigdej bna sainii hajuugaar saar gegcheer AH-iinhan hiisen buh l zuiliig harluulj gutaan doromjilj bna arail archaagui bgaa shuu AH-iin zaluusaa
Зочин [64.119.24.xxx] 2018-05-01 20:57
Бусад аймгууд санаа аваарай багаа ажиллаж амжилтан хүрч байна

Бидэнтэй нэгдээрэй