Шууд Chart

Н.Болормаа: Илүүдэл жинтэй байх нь Д аминдэмийн дуталд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг

2018-05-03 11:17:23

Д АМИНДЭМ ДУТАЛ БА УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ

Д аминдэмийн дутал гэж юу, дутлаас хэрхэн сэргийлэх боломжтой зэрэг талаар ЭМЯ-ны харьяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны Эрдэм шинжилгээний ажилтан Н.Болормаатай ярилцлаа.

-Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хийсэн Хоол тэжээлийн үндэсний 5 судалгааны дүнгээр хүн амын дунд Д аминдэмийн дутал маш их байгаа дүн гарсан гэж сонссон. Ер нь Д аминдэмийн талаар товч мэдээлэл өгнө үү?

Д аминдэм бол тосонд уусдаг 4 төрлийн аминдэмийн нэг юм. Д аминдэм байгаль дээр маш цөөн нэр төрлийн хүнсэнд агуулагддаг. Тухайлбал, яргай загас, туна загас, загасны элэгний тос, үхрийн элэг, өндөгний шар уураг гэх мэт. Д аминдэмийн өөр нэг онцлог шинж бол хүний биед нийлэгждэгт оршино. Өөрөөр хэлбэл, Д аминдэмийг хоол хүнснээс авахаас гадна нарны хэт ягаан туяа (Ultraviolet B)-ны нөлөөгөөр хүний арьсан дор Д аминдэм нийлэгждэг. Д аминдэм нь хүний биед маш олон үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ түүний үндсэн үүрэг нь кальцийн шимэгдэлтийг эрчимжүүлж, ясны эрдэсжилтийг зохицуулах үүрэг юм. Хүний бие махбодын эрчимтэй өсөлтийн үе буюу жирэмслэлт, нялх балчир болон өсвөр насны үед кальцийг биед шингээх, ясны хэвийн өсөлт, дархлаа, зүрх судасны тогтолцооны үйл ажиллагааг хангах шаардлагын улмаас Д аминдэмийн хэрэгцээ хамгийн их байдаг.

Хүний бие дэх Д аминдэмийн түвшин хангалтгүй байх нь ясны эрдэсжилтэд сөргөөр нөлөөлж, хүүхдийн өсөлт хоцрох, насанд хүрэгчдийн яс зөөлөрч сийрэгжин хугарах эрсдэл нэмэгддэг байна.  Рахит нь хүүхдийн яс зөөлрөх, ясны хэлбэр өөрчлөгдөх шинж (майга эсвэл саруй хөл гэх мэт)-ээр илэрдэг хүнд хэлбэрийн Д аминдэм дутал юм. Түүнчлэн Д аминдэм дуталтай холбоотойгоор дархлаа сулрах, цусны даралт ихсэлт, чихрийн шижин, зарим эрхтэний хавдар зэрэг архаг өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгддэг болохыг олон орны эрдэмтэн судлаачид нотолсон байдаг. Өнөөгийн байдлаар Д аминдэм нь зүрхний цус хомсрох өвчнөөс сэргийлэхэд шийдвэрлэх үүрэгтэй болохыг судалгаагаар нотолсон байдаг. Хүний бие дэх Д аминдэмийн түвшин хангалттай байх нь зүрхний шигдээсээр өвчлөх, нас барах эрсдэлийг бууруулдаг байна.

Монголчуудын дунд Д аминдэмийн дутал яагаад ийм түгээмэл байна вэ?Үүнд бидний хоол хүнсний хэрэглээ нөлөөлж байна уу эсвэл өөр шалтгаан байна уу?

Хүн Д аминдэмийг 3 төрлийн эх үүсвэрээс авч болно. Үүнд: нэгдүгээрт хоол хүнс, хоёрдугаарт нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр арьсан дор нийлэгжүүлэх, гуравдугаарт дангаар эсвэл бусад аминдэм, эрдэстэй холимог бэлдмэл байдлаар хэрэглэх.

Бидний өргөн хэрэглэдэг хоол хүнс нь Д аминдэмийн агууламж багатай байдаг тул Монголчуудын хувьд хоол хүнсээр Д аминдэмийн хэрэгцээгээ хангах боломжгүй гэж ойлгож болно. Д аминдэм нь нарны гэрлийн хэт ягаан туяаны нөлөөгөөр хүний биед нийлэгждэг цорын ганц аминдэм гэж би дээр хэлсэн. Гэхдээ манай улс дэлхийн бөмбөрцгийн хойд өргөргийн 49-52 хэмд байрладаг тул нарны гэрэл ташуу тусдаг. Энэ нь нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр арьсан дор Д аминдэмийн урьдал бодис идэвхтэй хэлбэрт шилжих боломжийг нилээд бууруулдаг байна. Түүнчлэн манай улс жилийн 4 улиралтай, хүйтэн сэрүүний улиралд буюу жилийн ихэнх хугацаанд наранд биеэ ил гаргах боломж хязгаарлагдмал байдаг тул Д аминдэмийн 2 дахь эх үүсвэр бидний хувьд боломж багатай хувилбар юм. Д аминдэм судлалаар мэргэшсэн, манай ахмад судлаач, Анагаахын шинжлэх ухааны доктор У. Цэрэндолгорын судалгаагаар 5 дугаар сард Д аминдэмийн урьтал бодисыг идэвхтэй хэлбэрт хувиргах нарны туяаны эрчим хангалтгүй, зургадугаар сард алдаг, оног өдрүүд байдаг, харин долдугаар сар бүтнээрээ, наймдугаар сарын эхний 15 хоногт цэлмэг өдрүүдэд Д аминдэм арьсан дор нийлэгжих боломжтой байдаг талаар тогтоосон байдаг. Гэхдээ Д аминдэмийн урьтал бодисыг арьсан дор идэвхтэй хэлбэрт хувиргахын тулд хүн хамгийн багадаа биеийн гадаргуугын 40 хувийг нарны гэрэлд байлгаж, арьс бага зэрэг улайх хэмжээгээр наранд шарах шаардлагатай байдаг.

Хүйтэн уур амьсгалтай өргөргийн бүс, агаарын бохирдол ихтэй орчинд амьдрах, нарнаас хамгаалах хэрэгсэл (нарны тос, саравч, сүүдрэвч)-ийг өргөн ашиглах, бараан өнгийн арьстай байх, өдрийн ихэнх цагийг дотоод орчин өнгөрүүлэх зэрэг хүчин зүйл нь нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр Д аминдэмийг нийлэгжүүлэх хүний бие махбодын чадварт сөргөөр нөлөөлдөг байна. Эдгээр хүчин зүйл нь нарны хэт ягаан туяа хүний биед шингэх боломжийг хааж, улмаар Д аминдэмийг нийлэгжүүлэх чадавхийг хязгаарладаг.

Мөн илүүдэл жинтэй эсвэл тарган байх нь Д аминдэмийн дуталд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг эрдэмтэд тэмдэглэсэн байдаг. Хүний биед агуулагдах илүүдэл өөх нь Д аминдэмийн шимэгдэлт, ашиглалтад сөрөг нөлөө үзүүлдэг байна. Гэтэл 15-64 насны Монголчуудын талаас илүү буюу 54.4 хувь илүүдэл жинтэй эсвэл таргалалттай байгааг халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаагаар тогтоосон байдаг. Энэхүү нөхцөл байдал нь монголчуудыг Д аминдэм дуталд өртөх эрсдэлт хүчин зүйлсийн нэг болох магадлалтай юм.

Д аминдэмийн дуталд өртөх өндөр эрсдэлтэй хүн амын бүлэгт тухайн аминдэмийн хэрэгцээ ихтэй жирэмсэн эмэгтэй, хөхүүл хүүхэдтэй эхчүүд, нялх бага насны хүүхэд, эрчимтэй өсөлтийн үедээ байгаа өсвөр насны хүүхдүүд багтдаг. Түүнчлэн Д аминдэмийг шингээх чадвар сул, наранд ил гарах хугацаа багасах зэрэг шалтгааны улмаас настай хүмүүсийн Д аминдэмийн дуталд өртөх эрсдэл нэмэгддэг байна.

Ийнхүү Монголчуудын дунд Д аминдэм дутал түгээмэл байгаа шалтгааныг бүхэлд нь дүгнэж хэлэхэд, манай улс нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст байрладаг тул Монгол хүн жилийн ихэнх хугацаанд наранд биеэ ил гаргах боломжгүй байдгийн зэрэгцээ нарны ташуу тусгалын улмаас биед шингэх хэт ягаан туяаны эрчим нь арьсан дор Д аминдэм нийлэгжих хангалттай түвшинд хүрч чаддагүй байна. Мөн өвлийн улиралд агаарын бохирдол ихтэй байдаг нь хэт ягаан туяаны шингээлтийг бууруулдаг. Түүнчлэн монголчууд Д аминдэмээр баялаг хүнсийг бараг хэрэглэдэггүй,  зах зээлд Д аминдэмээр баяжуулсан хүнс бараг байхгүй байна. Жилийн ихэнх хугацаанд буюу 10 сард нь нарны туяаны нөлөөгөөр Д аминдэмийг нийлэгжүүлэх боломжгүй, Д аминдэмээр баялаг болон баяжуулсан хүнснийг хангалтгүй хэрэглэдэг зэрэг шалтгааны улмаас Монгол хүн Д аминдэм дуталд өртөх үндсэн шалтгаан болж байна.

Мөн Д аминдэмийн 3 дахь эх үүсвэр буюу Д аминдэмийн бэлдмэл хэрэглэх дадал хангалтгүй байна. Хоол тэжээлийн 5 дугаар судалгаагаар 5 хүртэлх насны хүүхдийн дунд Д аминдэмийн хэрэглээг үнэлэхэд, нийт хүүхдийн 58 хувь өнгөрсөн 1 жилийн хугацаанд ямар нэг төрлийн Д аминдэмийн бэлдмэл хэрэглэсэн боловч, тэдний дөнгөж 36 хувь зохих зааврын дагуу хэрэглэсэн байв. Ийнхүү Д аминдэмийн бэлдмэлийг зохих зааврын дагуу хэрэглэж чадахгүй байгаа нь Д аминдэм дутлаас сэргийлэх боломжгүйг илтгэх үзүүлэлт юм.

-Өнөөгийн байдлаар манай улсын хүн амын хэдэн хувь Д аминдэм дуталтай байна вэ? Та хоол тэжээлийн судалгааны үр дүнгээс танилцуулна уу?

“Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний V судалгаа (2017)-гаар Д аминдэмийн дуталд өртөх өндөр эрсдэлтэй хүн амын бүлэг болох 5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд уг аминдэмийн дутлыг илрүүлэх шинжилгээнд хамруулсан. Мөн хүн амын бусад бүлгийн төлөөлөл болгон 15-49 насны эрэгтэйчүүдийн цусанд Д аминдэм тодорхойлох шинжилгээ хийсэн.

Судалгааны дүн Д аминдэм дутал нийт хүн амын дунд түгээмэл тархалттай байгааг илтгэж байна. Тодруулбал, 6-59 сартай хүүхдийн 61 хувь Д аминдэм дуталтай,  28.9 хувь нөөц багатай буюу нийт хүүхдийн 90 орчим хувь Д аминдэмийн хангамж хангалтгүй байв. Түүнчлэн 5 хүртэлх насны хүүхдийн 75 хувьд рахитын эмнэлзүйн сонгомол шинжийн аль нэг шинж илэрсэн нь ужиг, хүнд хэлбэрийн Д аминдэм дутал түгээмэл байгааг харуулж байна. Рахит нь Д аминдэм дутлын ужиг, хүнд хэлбэрийн илрэл юм.

Жирэмсэн эмэгтэйчүүдийн 75 хувь Д аминдэм дуталтай, 20 хувь нөөц багатай буюу нийт эмэгтэйчүүдийн 95 хувь Д аминдэмийн хангамж хангалтгүй байв. Мөн 15-49 насны эрэгтэйчүүдийн дунд Д аминдэмийн дутал түгээмэл, 82 хувь хангалтгүй хангамжтай, 40.4 хувь дуталтай байна. Д аминдэм дутлын тархалтыг газарзүйн байрлал, өрхийн аж байдлын түвшингээр харьцуулан үнэлэхэд, МУ-ын нийгэм, эдийн засгийн аль ч бүлэгт хамрагдаж буй хүн амын дунд Д аминдэм дутал түгээмэл байна. Тухайлбал, МУ-ын эдийн засгийн бүх бүс нутгийн чинээлэг болон ядуу өрхийн хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд Д аминдэм дутал ижил түвшинд, түгээмэл тохиолдож байв.

Д аминдэмийн бэлдмэлийн хэрэглээ Жирэмсэн эмэгтэйчүүдэд туйлын хангалтгүй байгааг судалгаагаар илрүүлсэн. Нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн 75 хувь Д аминдэмийн дуталтай байхад тэдний дөнгөж 7 хувь нь аль нэг төрлийн Д аминдэмийн бэлдмэл хэрэглэсэн байв. Ийнхүү Д аминдэм дутал болон Д аминдэмийн бэлдмэлийн хангамжийн байдал нь манай улсын нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болсон байна. Жирэмсэн эмэгтэйчүүдийг жирэмсний хяналтын явцад (Эрүүл мэндийн сайдын тушаал#321, 2009 он) Д аминдэмийн найрлага бүхий олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл (ОНБТБ)-ээр хангах тухай шийдвэрлэсэн байдаг. Гэсэн хэдий ч жирэмсэн эмэгтэйчүүдийн дөнгөж 11.3 хувь уг бэлдмэлийг хэрэглэсэн байв.                                                                                                                                                                                                     

Манай улс 5 хүртэлх насны хүүхдийг Д аминдэмийн бэлдмэлээр хангах хөтөлбөрийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар 1995 оноос эхлэн хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2005, 2013 онд уг тушаалд нэмэлт өөрчлөлт оруулж 3 хүртэлх насны бүх хүүхдийг Д аминдэмийн бэлдмэлээр жилийн туршид хангах шийдвэр гаргасан. Сүүлийн жилүүдэд санхүүжилтийн дутмаг байдлаас шалтгаалан уг тушаалын хэрэгжилт хангалтгүй байна.

-Би таны ярианаас Д аминдэмийн дутал маш түгээмэл байгаа боловч, Д аминдэмийн бэлдмэлийн хэрэглээ хангалтгүй, хоол хүнс, нарнаас Д аминдэм авах боломж хязгаарлагдмал байдгийг ойлголоо. Тэгвэл Д аминдэм дутлаас яаж сэргийлэх вэ?

Байгалийн гаралтай Д аминдэмээр баялаг хүнсний хүртээмж, хэрэглээ хангалтгүй байгаа өнөөгийн нөхцөлд нийт хүн амын Д аминдэмийн хангамжийг сайжруулах үндсэн арга зам бол хүнсийг баяжуулах арга хэмжээ болохыг олон улсын туршлага харуулж байна. Нийт хүн амын Д аминдэмийн хангамжийг нэмэгдүүлэхэд өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг Д аминдэмээр баяжуулах арга шийдвэрлэх үүрэгтэй байдаг. Түүнчлэн Д аминдэмийн хэрэгцээ өндөр, дуталд өртөмтгий бүлгийн хүн ам болох хүүхэд, эмэгтэйчүүдийг Д аминдэмийн бэлдмэлээр хангах арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг судалгааны зөвлөмжид тусгасан.

Өнөөдөр дэлхийн олон улсад нийт хүн амын Д аминдэмийн зохистой хэрэглээг хангах зорилгоор хүнсний бүтээгдэхүүнийг баяжуулах арга хэмжээг хэрэгжүүлж байна. Америкийн нэгдсэн улс болон Канадад сүү, өглөөний хоол (breakfast cereals)-ыг Д аминдэмээр баяжуулах аргыг урт хугацаанд хэрэгжүүлж байгаа бөгөөд эдгээр улсын хүн амын Д аминдэмийн хэрэглээний дийлэнх хэсгийг дээрх бүтээгдэхүүн эзэлж байна. МУ-ын хувьд сүү боловсруулах үйлдвэрлэлийн түвшин харьцангуй бага, өглөөний хоолны хэрэглээ хангалтгүй байгаа тул сүү болон өглөөний хоолыг Д аминдэмээр баяжуулан хэрэглэх боломж хязгаарлагдмал байна. Харин Монголчуудын өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний нэг болох буудайн гурил болон ургамлын тосыг Д аминдэмээр баяжуулах боломжтой юм. Олон нэр төрлийн хүнс (гурил, ургамлын тос гэх мэт)-ийг баяжуулах, МУ-д үйлдвэрлэсэн болон импортын хүнсийг заавал баяжуулах асуудлыг хуульчлах нь хүнс баяжуулах арга хэмжээ амжилттай хэрэгжих үндэс болдог. Түүнчлэн хүнсийг албан журмаар баяжуулах тухай хуулийг хэрэгжүүлэхэд зах зээлд худалдаалж буй бүх төрлийн гурил, ургамлын тосыг баяжуулахын зэрэгцээ талх, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид нь баяжуулсан гурил (ургамлын тос)-ыг өөрийн үйлдвэрлэлдээ ашиглахшаардлагатай байдаг.  

Хүнсийг Д аминдэмээр баяжуулахын зэрэгцээ Д аминдэмийн хэрэгцээ өндөртэй нялх, бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг Д аминдэмийн бэлдмэлээр хангах хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, нийт хүн ам, ялангуяа өсвөр насны хүүхэд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, настан болон Д аминдэмийн дуталтай, нөөц багатай хүмүүсийн нийтлэг хэрэгцээг хангахын тулд дээр дурьдсан 2 аргыг хослуулан хэрэгжүүлэх шаардлага тулгамдаж байна.


Н.Болормаа: Илүүдэл жинтэй байх нь Д аминдэмийн дуталд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг  
Үзсэн: 1070 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй