Шууд Chart

Цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүдийг чанга дуу гаргадаг төхөөрөмжөөр тоноглох нь зүйтэй гэв

2018-05-15 14:53:07

Сүүлийн үед зах зээлд цахилгаан хөдөлгүүртэй автомашин маш ихээр худалдаалагдах болсон. Гэхдээ орчин үеийн дэвшилтэт технологи бүхий цахилгаан хөдөлгүүрүүд бараг бүгд ямар ч дуу чимээ гаргадаггүй болсон нь явган хүний гарцаар гарах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрсдэл учруулж болох асуудал үүсээд байгаа юм. Тиймээс цаашид бүх төрлийн цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүдийг зориудаар чанга дуу гаргадаг төхөөрөмжөөр тоноглож өгөх нь зүйтэй юм байна хэмээн холбогдох албаны мэргэжилтнүүд үзэж байна.

АНУ-ын Үндэсний хурдны замын аюулгүй байдал, удирдлагын газар нийт цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэгч компаниудад хандаж, үйлдвэрлэн зах зээлд нэвтрүүлж байгаа дуу чимээ багатай тээврийн хэрэгслүүдээ дуут дохио, чанга чимээ гаргадаг төхөөрөмжөөр ханган тоноглох тухай үүргийг буулгасан байна. Энэ үүргийг холбогдох компаниуд өөрсдийн үйлдвэрлэсэн автомашинууддаа 2019 оны есдүгээр сарыг хүртэлх хугацаанд амжиж тоноглохыг анхааруулжээ.

Энэ нь явган хүний гарцаар хөндлөн гарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон унадаг дугуйтай иргэдийн амь нас, эрүүл мэндийг урьдчилан хамгаалах арга хэмжээ болно гэж үзжээ. Сүүлийн үеийн цахилгаан хөдөлгүүрүүд бараг дуу чимээ гаргахгүй байгаа нь иргэд явган хүний гарцаар гарахдаа автомашин ойртож ирснийг мэдэхгүй байгаатай холбон тайлбарлаж байна. Үүнийг олон улсын шинжээчид цахилгаан хөдөлгүүртэй автомашинууд дуу чимээгүй шинж байдлаа алдаж магадгүй боллоо хэмээн онцолж байгаа юм.

Цаашид 2020 он гэхэд нийт эко машинд зориудаар чанга дуу гаргагч систем, төхөөрөмжийг бүрэн суурилуулж дуусгахаар зорьж байгаа гэжээ.  АНУ-ын Үндэсний хурдны замын аюулгүй байдал, удирдлагын газраас өгсөн судалгаагаар бол автомашинд ийм төрлийн дуут дохионы системийг суулгаснаар нэг жилийн дотор 2400 хүн гэмтэж бэртэх эрсдлээс хамгаалагдах боломжтой гэж онцолжээ. Үүнд 2, 3 , 4, 6 болон түүнээс илүү ширхэг дугуйтай цахилгаан хөдөлгүүртэй бүх төрлийн тээврийн хэрэгсэл хамааралтай юм байна. Үүнтэй холбогдуулан 10-30 км цагийн хурдтай явж байгаа тохиолдолд тээврийн хэрэгсэл ямар хэмжээний дуут дохио өгөх шаардлагатай талаарх дүгнэлтийг ч гаргаад байгаа хэмээн мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүдийг чанга дуу гаргадаг төхөөрөмжөөр тоноглох нь зүйтэй гэв   
Үзсэн: 1311 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.70.34.xxx] 2018-05-17 10:51
zow

Бидэнтэй нэгдээрэй