Шууд Chart

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

2018-05-16 17:28:00

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.  

Тогтоолын төслийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулсан юм. Үндсэн чиглэлийн төсөлд байгаль орчин, аялал жуулчлалын салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхтэй холбогдсон агаар орчны бохирдлыг бууруулан, байгалийн нөөцийн хамгаалалт, зохистой ашиглалтын бодлогыг хэрэгжүүлж, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд долоон зарилт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ.



Тухайлбал, гэр хорооллын өрхийн шөнийн цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт үзүүлэх, нийслэл хотод үйл ажиллагаа  явуулж байгаа нүүрсээр ажилладаг 105 халаалтын зуухыг буулгаж, 182 хэрэглэгчийг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажлыг тусгасан байна. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлж, дэд бүтэц, материаллаг баазыг бэхжүүлэх, байгаль орчин, цаг уурын шинжилгээний техник, технологийн шинэчлэл, хяналт-шинжилгээний сүлжээний өргөтгөл хийхээр төлөвлөжээ. Усны нөөцийг зүй зохистой ашиглах, хуримтлуулах, дахин ашиглах чиглэлээр бороо, цасны усыг хуримтлуулах хөв цөөрмийг орон нутагт 10-аас доошгүй газарт байгуулж, 100-аас доошгүй булаг шандны эхийг хашиж хамгаалах ажил хийгдэх юм байна. 2019 оны үндсэн чиглэлийн хүрээнд долоон зорилт, 19 арга хэмжээг 227.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 16 зорилт, арга хэмжээг 738.1 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхээр тусгаснаас улсын төсвийн хөрөнгөөр 147 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэр, хувийн хөрөнгө оруулалтаар 522.1 тэрбум төгрөг, хөгжлийн банкны санхүүжилтээр 69 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр байгаа аж.

2019 онд хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, Монгол Улсын малын генетек нөөцийн төлөв байдлын үнэлгээ хийх, мал аж ахуйн салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх, мал, амьтны халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал сүргийг эрүүлжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд үйлдвэрийн аргаар боловсруулсан мах, сүүний хэмжээг нэмэгдүүлэх, хүнсний зарим нэр төрлийн бүтээгдэхүүний импортын хэмжээг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна. Түүнчлэн газар тариалангийн салбарт “Атрын 3 дугаар аян”-ыг үргэлжлүүлэх, “Хүнсний ногоо”, “Жимс, жимсгэнэ” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр үр тарианы талбайн хөрсний үржил шимийг сайжруулж ургацын хэмжээг нэмэгдүүлэх, хүн амыг эрүүл, аюулгүй төмс, хүнсний ногоо жимс, жимсгэнээр хангахаар төлөвлөсөн байна. Ирэх онд Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн паркийг байгуулах, жижиг, дунд үйлдвэрийг хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжих арга хэмжээг мөн тусгажээ.



Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, гишүүд агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд, мөн жижиг, дунд үйлдвэрийн зээлд хэдий хэрийн хөрөнгө тусгаад байгааг тодруулсан.

Агаарын бохирдлыг бууруулах ажил, шинэ техник, технологи нэвтрүүлэх бусад арга хэмжээнд 100 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байгаа хэмээн  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хэлсэн. Мөн хөрсний бохирдлыг бууруулах ажлын хүрээнд цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг өөрчлөх төсөл хөтөлбөрийг шалгаруулан хэрэгжүүлэхээр  ажиллаж байгаа гэлээ. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих 70 тэрбум төгрөгийн зээлийг өнгөрсөн онд 131 аж ахуйн нэгжид олгосон байна. 2019 онд 110 тэрбум төгрөгийг дээрх зориулалтаар зарцуулахаар төлөвлөөд байгаа аж. Харин гишүүд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд өгөх зээлийн хэмжээг нэмж 200 тэрбумд хүргэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан бөгөөд энэхүү саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн.

Түүнчлэн хуралдааны үеэр малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний голомтыг устгах, малыг эрүүлжүүлэх, цөлжилт, газрын доройтлыг бууруулах арга хэмжээг ирэх оны үндсэн чиглэлд тусгах асуудлыг хөндөн ярилцсан юм.

Дараа нь гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан Байнгын хорооны санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.


Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ  
Үзсэн: 120 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй