Шууд Chart

Польшийн нийслэл Варшав хотоор...

2018-05-17 12:43:12

-Аян замын тэмдэглэл-

Испанийн Барселоноос ниссэн онгоц хоёр цаг тавин минут яваад сая Польшийн нийслэл Варшав хотын Шопены нисэх буудалд газардлаа. БНПУ нь Төв Европын улс бөгөөд хойд талаараа Балтийн тэнгис, ОХУ-ын Калининград муж, зүүн болон зүүн хойд талаараа Литва, Беларусь, Украйн, урд талаараа Словак, Чех, баруун талаараа Германтай хиллэдэг аж. Газар нутгийн хэмжээгээрээ Европдоо есдүгээрт жагсдаг байна. Ер нь Европын улс орнууд газар зүй, цаг уурын маш таатай нөхцөлд оршдог нь эдгээр улс орнуудын нийгэм эдийн засгийн хөгжилд сайн нөлөө үзүүлжээ. Польшийн нийслэл Варшав хот л гэхэд далайн түвшнээс дээш 100 метрт оршдог байна. Польшийн тал нутгийг мал аж ахуй газар тариалан эрхлэхэд нэн тохиромжтой нутаг гэдэг бөгөөд энэ л үржил шимтэй газар нутгийн төлөө хөрш зэргэлдээ улс орнууд үе үеийн турш тэмцэлдсээр ирснийг Польшийн түүх гэрчилдэг.

Өнөөдөр БНПУ нь парламентийн засаглалтай, Европын холбоо болон НАТО-гийн цэргийн эвслийн гишүүн орон юм. Нийт 38 сая гаруй хүн амтай, хүн амын дийлэнх нь католик шашин шүтдэг. Дэлхийн нэгдүгээр дайны дараа буюу 1918 онд тусгаар тогтнолоо олж авсан байна. Нийслэл Варшав хот нь Висла мөрний эрэгт байрладаг бөгөөд 1.8 сая хүнтэй гэнэ. 1596 онд Польшийн вант улсын нийслэл болж, 1791 онд үндсэн хуулиндаа тусгаснаар албан ёсны нийслэл хот болжээ. Варшав нь Балтийн тэнгисийн эргээс 260 км, Карпатын ар бэлээс 300 км-ийн зайд  оршдог байна. Варшав хот нь социализмын үед Варшавын гэрээний орнуудын төв байгууллага байрладаг чухал хот байлаа. Өнөөдөр Польш улс нь Европын холбооны идэвхтэй гишүүний нэг болж, тус улсаас Дональд Туск Европын холбооны тэргүүнээр ажиллаж байна.

Польшийг, тэр дундаа нийслэл Варшав хотыг агуу их хөгжмийн зохиолч Фридерик Шопены тухай дурдахгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Тиймдээ ч зочин гийчин ирж очиж байдаг үүд хаалга болсон нисэх онгоцны төв буудлаа Шопены хэмээн тодотгон нэрлэжээ. Ер нь аливаа орны нисэх онгоцны төв буудал тэр орныхоо нэр алдартай хүмүүсээр овоглосон байх нь олонтаа аж.

Парисынх л гэхэд Шарль Де Голь-ийн нэртэй, Ромын нисэх буудал Леонардо Да Винчи-ийнх, Оросынх Шерметьевийн гээд үзвэл манай нисэх онгоцны буудал саяхан шахуу Чингис хаан хэмээн их хааныхаа нэрээр нэрлэгдэх болсон нь тун ч оносон мэт.

Варшавын нисэх буудал бараг л хот дотроо байх нь нэг бодлын амар аж. Буудлын гадаах эгнэн зогссон таксиг аваад л хэдхэн минут яваад  хотын төвдөө хүрчихнэ. Арай хямд таксигаар үйлчлүүлье гэвэл uber (убер) такси дуудаж болно. Энэ нь олон улсын таксийн сүлжээ үйлчилгээ юм.

Варшав хотыг бид хуучин социалист системийн орнуудын цэргийн хамтын ажиллагааны байгууллага болох Варшавын гэрээний орнуудын төв байгууллага байдаг хот гэдгээр нь андахгүй мэддэг байлаа. Харин социалист систем задарсны дараа энэ байгууллага байхгүй болж, бид Варшав хотыг мартсан мэт.

Миний хувьд бага охин минь Варшавын их сургуульд сурдаг болохоор энэ хот ойр дотно санагддаг болсон юм. Энэ ч учраас 2018 оны хаврын дунд сарын сүүлээр Европын энэ хотыг зорьсон хэрэг. Иймд юуны өмнө Варшавын их сургуулийг танилцуулах нь зүйтэй болов уу.


 
Алив орны сургууль соёлын төв бол тухайн орны их сургууль нь байдаг. Варшавын их сургууль аль тэртээ 1816 онд байгуулагдсан бөгөөд одоогоос хоёр жилийн өмнө 200 жилийн ойгоо тэмдэглэсэн. Өнөөдөр Варшавын их сургуульд 45,000 оюутан суралцаж байна. 21 факультеттай, 30 гаруй судалгааны төвтэй Европын томоохон их сургуулиудын нэг болж чаджээ. Эрдэмтэн багш нар нь жилдээ 3350 гаруй судалгааны ажил хийж, гадаад, дотоодын 1500 гаруй төслийн санхүүжилт авдаг байна. Варшавын их сургуулийн Төв Ази судлалын тэнхим нь Оросын хаант засгийн үед Польш эрдэмтэн Юзеф Ковальевски Алтай Төвд судлалын тэнхимийн үндэс суурийг тавьснаар сургалтаа эхэлсэн бөгөөд эдүгээ Монгол судлалын тэнхимтэй болжээ. Бид бүхэн Польшийн нэрт Монголч эрдэмтэн Владислав Котвичийн тухай мэдэх билээ. 

Оюутан охин минь эгч, ээж хоёроо дагуулан “Сталины өндөр” хэмээн алдаршсан 42 давхар Шинжлэх ухааны соёлын төвийн цогцолборт аваачлаа.
Энд  хэдхэн злот төлөөд өндрөөс Варшав хотыг харж болдог аж.


                                                       
PkiN (Pałac Kultury i Nauki) буюу хүмүүсийн нэрлэдгээр “Сталины өндөр”-ийг ЗХУ-ын архитекторч Лев Руднеевийн загвараар 1952 онд барьж эхлээд 1955 онд ашиглалтад оруулжээ.  Уг барилгатай адил загвартай 7 барилга ЗХУ-д баригдаж “Эгч дүү долоон байгууламж” гэж нэрлэж ирсэн бөгөөд Оросууд найрамдлын бэлэг тэмдэг болгож “8 дахь байгууламж”-ийг Варшав хотноо ийнхүү босгожээ. Москвагийн их сургуулийн барилгатай адил загвартай энэхүү барилга нь 237м өндөр, 42 давхар юм. Польшийн соёл шинжлэх ухааны төв байрладаг тус байгууламжийн 33 давхраас Варшав хотыг бүхэлд нь харж болох бөгөөд жуулчдын очих дуртай газрын нэг болжээ.   


         
Сталины өндөр дээр тун тохилог кафе байх бөгөөд энд түр амарч тухлан сууж бас болно.

Бид цааш таксигаар явж Варшавын хааны ордны цэцэрлэгт хүрээлэнгээр явлаа. Зуны дулаан цаг хараахан ирээгүй болохоор зүлэг ногоо дөнгөж ургаж, мод нахиалаагүй байв. Ер нь энэ жил Европ даяар нэлээд хүйтэн байсан бөгөөд өвөлдөө цас их унасан гэсэн. Итали, Испанийг эс тооцвол Европ тэр аяараа бүүдгэр зэврүүн, нартай өдрийн тоо манайхыг бодвол цөөн аж. Жаахан нар үзэгдвэл л хүмүүс нь наранд гарахыг эрхэмлэдэг санагдсан.

17-р зууны үед байгуулагдсан Łazienki Park буюу Хааны ордны цэцэрлэгт хүрээлэн
 
Өнөөгийн Польш орон Европын холбооны гишүүн болж, манайхны ярьдгаар ардчилал чөлөөт нийгмийн тогтолцоо руу шилжжээ. Гэсэн ч Варшав хотыг гаднаас нь харвал хуучин манай Улаанбаатар хотыг ч юм уу, эсвэл Оросын хотуудыг санагдуулам ижилхэн шахуу дөрөв, таван  давхар орон сууцны байшингуудтай, өргөн чөлөөтэй гудамжуудтай, хүмүүс нь дэг журамтай, соёлтой цэвэрхэн хувцасласан, жирийн Европын хот юм. Шинэ чөлөөт нийгэмд шилжлээ гээд байшин барилгаа өндөрлөсөнгүй, өргөн чөлөөнүүдээ шахаж байшин сав барьсангүй, үндэсний мөнгөн тэмдэгтээ өөрчилж еврогоор сольсонгүй.

Энд нэг ам.долларыг гурав гаруй злотоор сольж байлаа. Энэ нь үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг унагаагүй гэсэн үг. Хамгийн гол нь хүнсний бүтээгдэхүүний үнэ ханш махнаас бусад нь манайхаас хямд байгаа явдал. Ялангуяа жимс ногоо, гурил гурилан бүтээгдэхүүн, сүү бяслаг, өндөг, гахайн мах, архи дарс манайхаас хямд юм. Нэр төрлийн хувьд маш олон. Тэгээд ч бүх хүнсний бүтээгдэхүүн Евро стандартаар хянагддаг байна. Хүнс хоол тэжээл нь амталж хүртэхэд биед шингүүртэй, хамгийн гол нь эрүүл хүнс гэдгийг нь нотолсон бичиг баримттай юм. Польшийн хүнсний бүтээгдэхүүний илчлэг нь 3374 калори бөгөөд энэ нь Монголд 2249 калори байдаг. Энэ тухай “Дэлхийн улсууд атлас”-д дурдсан улс орнуудын хүнсний илчлэгийн жагсаалтаас мэдэж болох юм. Хувцас бараа товарын үнэ ханш нь манайхтай бараг ижил. Гэхдээ чанарын тухайд ярилтгүй. Эм, эмийн бүтээгдэхүүнийг аптекууд нь заавал эмчийн бичсэн жороор олгодог байна.

Варшавын төв талбай, жуулчид ихээхэн цуглардаг газруудаар явлаа.

Энд сонирхуулж хэлбэл, дан ганц манайхны ярьдгаар “хув” хэмээх олон жил дарагдаж чулуужсан модны давирхайгаар хийсэн гоёл чимэглэлийн зүйл зардаг бүхэл бүтэн жуулчны гудамж байх аж. Энд Азийнхан, тэр дундаа хятадууд их ирдэг гэнэ. Гоёл чимэглэлийн дэлгүүрийн эзэн биднийг хятад гэж бодсон бололтой олон янзын хув гаргаж үзүүлж байна. Зарим хувны дотор төрөл бүрийн хорхой шавж наалдсан байх аж. Тув тунгалаг бөгөөд доторх амьтан нь илт харагддаг хув нь ихэд үнэд хүрдэг гэнэ. Эдгээр хувыг жижиг том, хийц хэлбэрээр нь ялган дэнсэлж үнэлэх аж. Зарим нь үнэт чулуу болон алттай зүйрлэхүйц үнэтэй юм.

Варшавт хоёр охинтойгоо Шопены музейг үзлээ. Шопены музейн ойролцоо Шопены нэрэмжит Варшавын хөгжмийн дээд сургууль байрладаг. Энэ алдартай сургуульд манай Монголын оюутан охин амжилттай сурдаг тухай охин маань ярьж байсан. Ер нь бид хүн төрөлхтний соёлоос суралцъя гэвэл Европын соёлоос л суралцмаар. Хүн төрөлхтний бүх дэвшилтэт соёл энэ л Европоос эхтэй гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.


                                          
Шопены музейг үзэж явахад музейд хана дагасан олон, олон шургуулгатай ширээнүүд байх бөгөөд шургуулга болгоныг татаж үзэхэд дотор нь их хөгжмийн зохиолчийн гар бичмэл эх нотыг тэр л хэвээр нь байрлуулж алдартай хөгжмийн бүтээлүүд нь шургуулгыг татахад эгшиглэж, шургуулгыг хаахад хаагдах аж.

Мөн алдартай бүтээлүүдийг нь чихэвчээр сонсож дэлгэцээр үзэж болно. Фридерик Шопены өөрийн нь төгөлдөр хуурыг хүндэтгэлтэйгээр байрлуулжээ.

Агуу их хөгжмийн суу билэгтэн Фридерик Шопен 39-хөн наслахдаа зохиосон мазурк, полонез, вальс, прелюди, сонат, этюд нь төгөлдөр хуурын урлагийн хөгжилд шинэ үеийг нээсэн гэж судлаачид үздэг юм. Зохиолч Жорж Санд буюу хатагтай Дюпен “Таны ганц этюд миний бүх романтай тэнцэнэ” хэмээн түүний бүтээлийг дуу алдан үнэлж байв. Гэхдээ агуу Шопен нэг ч дуурь, симфони удиртгал туурвиагүй гэнэ. Аялгууны хаан Шопены гэр музей болох улаан тоосгон байшинд түүний төгөлдөр хуур болон хөгжмийн бүтээлүүдийн нь эх нот өнөө болтол хадгалагдан байна. Энэхүү музейгээр зочлох билетний үнэ 30 орчим злот байлаа.


          
Варшавын гудамж дахь чулуун сандал дээр санамсаргүй суутал Шопены хөгжим эгшиглэж байх юм. Сайхан хөгжим сонсож суухад юун яасан стресс бухимдал. Манай хотын дарга нар хотынхоо цэцэрлэгт хүрээлэнд агуу Мөрдоржийнхоо симфонийг хэзээ эгшиглүүлэх юм бол доо гэсэн бодол төрж л явлаа.

Манай дээдэс улсын мөнгөөр гадаад дотоод их л явдаг даа. Нүдээ нээж, чихээ онгойлгож, тархиа ажиллуулж, гараа хөдөлгөөсэй билээ. Бахархан дурсах, хүсэж тэмүүлэх юмтай байж л залуу үеийнхээ замыг заана шүү дээ.


 
Польш орныг хүн төрөлхтний түүхэнд гавьяат үйлс бүтээсэн хүмүүс нь алдаршуулдаг. Одон орны агуу их эрдэмтэн Николай Коперник, Нобелийн хошой шагналт физикч Мари Кюри, агуу хөгжмийн зохиолч Фридерик Шопен, Ромын 2-р пап, эдүгээ Европын холбооны тэргүүн Дональд Туск ... гээд олон хүмүүсийг энд дурдаж болно.

Бид Коперникийн хөшөөг үзлээ. Хөшөөний өмнө наран төв хийгээд дэлхийг дүрсэлсэн чулуун сийлбэрийг зам тосуулан сийлжээ. Коперник нь дэлхийг ертөнцийн төв гэж үзэж байсан хуучны ойлголтыг няцаасан одон орон судлалын агуу эрдэмтэн байлаа. Тэрээр нарны системийн гарагуудын хөдөлгөөнийг харуулсан зураг зохиосон юм.

“Коперникийн нээлт зөвхөн одон орны судлалд төдийгүй байгалийн шинжлэл, ертөнцийг үзэх үзэлд бүхэл бүтэн хувьсгал хийсэн бөгөөд тэнгэрийн эрхэсийн хөдөлгөөний тухай ном хэвлэгдэн гарсан нь шашны номлолоор байгалийн хуулийг тайлбарлах ямар ч боломжгүйг харуулсан юм” гэж Ф. Энгельс бичиж байжээ.

Эдүгээ ч Польшийн улс төрчид, энгийн иргэд энэ давалгаат зуунд эх орон ард түмнээ яажшуухан бүрэн бүтэн, энх амар авч үлдэх вэ гэдэг талаар их анхаарал тавьдаг мэт санагдсан. Энэ нь үндэсний валютаа хамгаалан үлдэж, эх орондоо цагаачдыг оруулахгүйн төлөө тэмцэж байгаа тэмцлээс нь, мөн ард иргэд нь хууль дэг журмаа дээдэлдэг байдлаас нь харагдаж байлаа.

Варшавын их сургуулийн оюутан охин маань энд олон, олон сайн санаат Польш нөхөдтэй болсон нь юу юунаас ч эрхэм сайхан хэрэг байв. Ялангуяа философийн ухааны өвгөн багш нарынхаа эрдмийг дээдлэн ярих охиныхоо яриаг сонсоод хүн төрөлхтний хөгжил дэвшлийн өлгий нутаг Европ дахины эрдэм боловсролоос суралцаж байгаад нь баярлах сэтгэл төрж явлаа.

“Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдмийг өвөрлөн ирнэ” ч гэдэг, “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүмүүн нэр ашгийн тул чирэгдмой“ ч гэдэг.

Ямартай ч залуу хойч үе маань дэлхийн боловсролоос суралцаж л байна.

Нийтэлсэн: Р.Чулуунцэцэг

Польшийн нийслэл Варшав хотоор...   
Үзсэн: 1831 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [83.79.32.xxx] 2018-05-17 23:46
tand bayarlalaa. bicheed baigaarai sonirholtoi baina.
Зочин [202.131.230.xxx] 2018-05-17 18:27
saihan bna
zochin [202.179.25.xxx] 2018-05-17 16:23
saichan bichijee

Бидэнтэй нэгдээрэй