Шууд Chart

Л.Ариунболд: Би 150 насалсан ч амжихааргүй ажил, санал, төлөвлөгөөтэй байна

2018-05-18 09:26:42

“Монгол Базальт” ХХК-ийн захирал Л.Ариунболдыг энэ удаагийн “Редакцийн зочин” буландаа урилаа. Монголын бизнесийн ертөнцөд өөрийн гэсэн өнгийг тодорхойлж, тэргүүн эгнээнд явж байгаа Л.Ариунболдтой ажил хэргийн болон хувийнх нь талаар хөөрөлдсөн юм.

-Танай компанийн хамгийн сүүлд хэрэгжүүлсэн томоохон ажил юу вэ?

- Манай компани барилгын эрчим хүч дулаан хэмнэгчдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тиймээс бид өнгөрсөн өвөл гэр хорооллын амины орон сууцыг дахин дулаалснаар нийслэл хотын агаарын бохирдлыг хэрхэн бууруулах талаар ажиллаж байгаа төсөлд амжилттай оролцсон. Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг, бусад байгууллагатай хамтарч гүйцэтгэсэн төслийн хүрээнд 100 гаруй айлын байшинг дахин дулаалсан.

-Хэр хуучны байшингуудыг дулаалаа вэ?

- Төсөлд хамрагдсан байшингууд 1990- 2000 оны үед баригдсан гэсэн. Эдгээр байшинг дахин дулаалснаар айл тус бүр түлээ нүүрсний зардлаа 65 хувь хэмнэж байгаа юм. Нэг ёсондоо нэг айлаас гарах утаа, үнс 65 хувь буурсан гэсэн үг. Нөгөөтэйгүүр уг айлын эзэгтэй дөрвөн цаг тутам, нийт зургаан удаа галаа түлдэг байсан нь хоёр удаа болж буурсан. Мөн “Хаан” банктай хамтарч, соён гэгээрүүлэх чиглэлийн гурван ч том контент зохион байгууллаа. Ингэснээр орон байраа дулаалснаар ямар үр дүнд хүрэх, дулааны алдагдал гэдэг юу юм бэ гэдгийг хүмүүст ойлгуулсан. Онцолбол Чингэлтэй дүүргийн 17 хорооны Иргэний танхимд хороо хэсгийн дарга нарын тусламжтайгаар 4000 гаруй иргэнд биечилсэн сургалт явуулсан. Онлайнаар бол 180-200 мянган хүнд хүрч ажилласан.

-Дулаалсан хувийн байшинг өвлийн улиралд цахилгаан халаагуураар халаана гэвэл хүчрэх үү?

-Бага чадлын бойлуураар цахилгаан халаагуур хийж болно. Тиймээс бид Монголынхоо жижиг, дунд үйлдвэрлэгч цахилгаан бойлуур угсардаг компаниудтай хамтарч, дулаалсан айлынхаа ихэнхэд 220 вольтоор ажилладаг, хоёр квт-д багтсан чадалтай бойлуур тавьж өгсөн. Тэгэхээр айл тус бүрээс түлшинд нь сард 160-170 мянган төгрөгийн зардал гардаг болсон. Гэхдээ дээрх мөнгөнөөс илүү тэр айлын уур амьсгал, амьдралын соёл нь эрс өөрчлөгдөж байгаа юм. Түүнчлэн манай базальт чулуун хөвөн ямар ч хөөсөнцөр, шилэн хөвөн, БНХАУ, ОХУ-ын бүтээгдэхүүнээс хувь дахин илүү, галын аюулгүй гэдгийг иргэддээ ойлгуулж чадсан.

-Дахин дулаалгад хамрагдсан 100 гаруй айлыг хэрхэн сонгосон бэ?

- Дүүргүүдийн Засаг даргын сан болон Дэлхийн банк, манай компаниас мөнгө гарч байгаа болохоор бид нэгдүгээрт ажил орлоготой, идэвхи санаачлагатай айл байх ёстой гэдэг шалгуур тавьсан. Тийм айлд жаахан дэм өгчихөд цаашаа өөрсдөө биеэ аваад явчихдаг болохоор тэр л дээ.

-Нэг айлын зардал дунджаар хэдэн төгрөг болсон бэ?

-7-12 сая төгрөг. Гэхдээ дулаалгад нь хоёр сая төгрөг гарсан, үлдсэн нь бойлуур зэрэгт зарцуулагдсан. Энэ хэмжээний мөнгө зарцуулсандаа бид буяны ажил хийлээ гэхгүй. Хороо, дүүрэг болгонд нэг айлыг загвар болгож л дулаалсан. Ингэснээр бусдад тэр айлын амьдрал яаж өөрчлөгдөж, эерэг сайн зүйл гарч байгааг сурталчлах юм. Төсөлд хамрагдсан зарим айлын эзэгтэй гэрээ дулаахан байлгахын тулд галаа түлээд үлддэг байсан бол одоо ажилд хүртэл орж байна.

-Одоогийн байдлаар хувиасаа мөнгөө гаргаад та нарын дулаалсан шиг байшинтай болсон өрх бий юу?

-Байлгүй яах вэ. Бид “Хаан”, “Хас” банктай ярилцсан байгаа. Жишээ нь “Хас” банк дунджаар жилийн найман хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай таван сая төгрөгийн зээл олгож эхэлсэн. Хэдийгээр бага хэмжээний мөнгө олгож байгаа ч эхний алхам юм даа. Уг нь нэг айлд 10- 15 сая төгрөг байвал байшингаа дулаалаад, цахилгаанаар халаагаад, бохироо шийдэх боломжтой. Энэ хэмжээний мөнгийг “Хаан” банк 17 хувийн хүүтэйгээр олгож байгаа.

Сүүлийн үед айлууд биднээс санаа авч, амьдарч байгаа орчноо ихээхэн өөрчилж байгаа. Хөрш айл нь нүдэн дээр нь сайжирч байгааг хараад “Ингэж болдог юм байна” гээд мэрийдэг боллоо. Түүнчлэн айл өрхүүд амьдрах нөхцлөө хэрхэн дээшлүүлж болдогийг бид нүдээр харуулж, санаа өгсөн болохоор цааш хэрхэн авч явах нь хотын даргын ур ухаанаас хамаарна. Айл бүхэн орлоготой, ажилтай байхыг би хүсдэг.  Ерөнхий сайд бүр ингэж хүсдэг байх. Гагцхүү үүнийг яаж хийх аргаа мэддэггүй, эсвэл шинжлэх ухааны үндэслэлгүй хийдэг ч байж магадгүй. Эсвэл тойрон хүрээлэгч нөхдийнхөө ятгалгад автдаг, хэдэн барилгын компанийн лоббинд ороод, бусдын газрыг хурааж баахан хөтөлбөр хэрэгжүүлдэг ч тэр нь цаашаа үр дүнгээ өгдөггүй, шударга бус нөхцөл байдлаас энэ мэтийн өгөөжтэй хэрэгтэй төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж чадахгүй байна. 

-Засгийн газраас тантай компанитай хамтран ажиллах санал ирүүлж, хөрөнгө оруулъя гэвэл та хүлээж авах уу?

-Манай компанид мөнгө өгөх ямар ч шаардлага байхгүй. Зөвхөн гэр хорооллын айлуудад 10- 15 сая төгрөгийн зээлийг ядаж 3- 5 хувийн нөхцөлөөр олгох хэрэгтэй. Хэрвээ тэд манайхаар гүйцэтгүүлье гэвэл бид хийхэд бэлэн. Банкууд зээлнийхээ барьцаанд хашаа, байшинг нь авч болно. Өмнө нь нэг компани баахан зээл аваад, ажиллах гэж үзээд чадаагүй. Түүнийх нь уршгаар 200-300 мянган хүн хохирсон. Хэрвээ 200 мянган айлд болж өгвөл хүүгүйгээр зээл өгчихвөл нийслэлийн утаа багасч, ядуурал цөөрнө.

-Та сошиалд нэлээн нээлттэй байдаг. Хувь хүний чинь онцлог энэ гэж ойлгож болох уу?

-Бидний хийж байгаа ажил нээлттэй байхыг шаарддаг. Хийж байгаа бүтээгдэхүүн, танилцуулга болгон маань сонирхсон хүн бүхэнд мэдлэг олгож байгаа. Учир нь байшингаа дулаалснаар эдийн засгийн хэмнэлт гарахаас гадна гэр бүлийн уур амьсгал халуун дулаан болдогийг бид ойлгуулахыг хичээдэг. Монголын цаг уурд нийцэхгүй БНХАУ-ын бүтээгдэхүүнийг авах вий гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үргэлж тайлбарладаг. Үүнийгээ би компанийнхаа цахим хуудас, пэйж, твиттерт дандаа бичдэг. 1990 онд манай компанид 30 настай ирж байсан залуу одоо 68-тай болчихсон дараа дараагийн үедээ зааж зөвлөөд явж байна. 

-Та өнгөрсөн жил “Шарк танк” нэвтрүүлэгт оролцсоноосоо хойш залуучуудад илүү танигдах шиг боллоо ...

- Салбарын бус хүмүүст л тэгж танигдсан байх. Түүнээс биш мэргэжил нэгт, хамтран ажилладаг хүмүүс намайг эртнээс мэднэ.

-Таны дэмжсэн бизнес хэзээнээс үр өгөөжөө өгөх бол гэж олон хүн харж байгаа. Мөн та хэдэн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бэ?

-Хөрөнгө хөтөлбөр гэдэг маань бизнес шүү дээ. Одоогоор зарим нь дунд, зарим нь эхлэлийн шатандаа явж байна. Үлдсэн нь судалгааны түвшинд байгаа. Тэдгээр бизнес бүр мэдлэг шингээсэн, урт настай, нийгэм эдийн засагт үр дүнтэй, бас санаачилсан хүндээ ч үр ашигтай байгаасай гэж би бодож байгаа. Түүнээс биш, бизнес бол буяны ажил биш шүү дээ. Жишээ нь никель Ганбаагийн дугуй дотоодын зах зээл дээр гарч эхэлсэн байгаа. Зарим нь хэдийгээр гарах нь тодорхой болж байна. Бид нийт дөрвөн төсөлд хамтран ажиллаж байгаа. Хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь нэг их сонин биш. Дараагийн нэвтрүүлгийн ажил эхлэх гэж байгаа гэсэн.

-Та “Шарк танк” нэвтрүүлэгт дахиж оролцох уу?

-Тэр бол продюсеруудын шийдэх ажил.

-Би сая тантай уулзах гээд ирж байхдаа бодлоо. Таны хувьд 100 мянган төгрөг хэр их мөнгө вэ?

-Мөнгөнд их, бага гэж байдаггүй юм. Тухайн мөнгийг хэрхэн үнэ цэнэтэй олсон бэ, хэрхэн зөв зарцуулах вэ гэдэг л байдаг. Хэдэн ч төгрөгийг зөв зарцуулбал хэдэн тэрбум төгрөгтэй тэнцэнэ. Буруу зарцуулбал хэчнээн их мөнгө байсан нэг төгрөгнөөс ч хямдхан эд. Тэр мөнгийг ямар их хөлс хүч зарцуулсан бэ гэдгээс нь хамаарч үнэлдэг болохоос тоогоор үнэлдэггүй.

-Та өөрийнхөө гэрээ өөрөө дулаалсан уу?

-Манай компани барилга барьдаггүй. Гэхдээ би өөрийнхөө амьдардаг хаусыг өөрөө барьж, дулаалсан. 

-Танай компанийн үйлдвэрлэдэг шилэн хөвөнгийн орц найрлагад юу ордог вэ?

-Тэр бол технологийн нууц. Монголынхоо түүхий эдээр хийж байгаа бүтээгдэхүүн. Олон улсад танигдсан, дэлхий дахинаа хэрэглээд 70 жил болж байна.

-Анх санаагаа яаж олсон бэ?

-Миний мэргэжил юм.

-Тухайн үед тантай адилхан энэ ажлын эхлүүлж байсан хүн байсан уу?

-Мэдэхгүй. Ямар ч байсан 20 жилийн хугацаанд зөвхөн манай компани л энэ үйл ажиллагааг хэрэгжүүлээд явж байна. Хамгийн гол нь энэ тийм ч амар ажил биш. Нарийн өндөр технологийн бизнес.

-Бизнесменүүд сүүлийн үед улстөрд хүчээ үзэж байна. Танд улс төрд “зодоглох” бодол бий юу?

-Зав алга даа. Миний санаачилсан, эхлүүлсэн ажил, төслүүд явцынхаа 50 хувьд л явж байна. 150 насалсан ч амжихааргүй их ажил, санал, төлөвлөгөө байна.

-Та чөлөөт цагаараа юу хийдэг вэ. Би таныг Монгол ахуйдаа илүү ойр юм болов уу гэж бодсон шүү ...

-Багаасаа хурдан морь унасан болохоор хурдны морь уралдуулах дуртай. Сүүлийн үед морь сайхан номхруулж, ач зээгээ унуулж сургаж байна. Амралтын зарим өдөр адууныхаа дэргэд очиж, Монгол ахуйгаа улам мэдрэх нь энэ улсад төрж өссөн хүний салшгүй зүйл. Тэгж байж л үр хойчдоо нүүдэлчний соёлоо өвлүүлнэ. Миний уясан морьд улсын баяр наадамд нэг түрүүлж, бүсийн наадамд хоёр айрагдсан.

-Бүсийн алдарт уяач цолтой гэсэн үг байх нь ээ ...

-Тийм.

-Өндөр хөгжилтэй орнуудад бизнесийн туршлага судлахын тулд энгийн иргэд мөнгө төлж, томоохон бизнесменүүдтэйгээ өглөөний цай, үдийн хоол хамт иддэг гэсэн. Манай улсад ийм жишиг байна уу?

-Шаардлагагүй шүү дээ. Тэгээд ч бид дөнгөж туршлагаа цуглуулж, хэрэгжүүлж байна. Манайханд тэгж их зөвлөгөө өгөх супер бизнесмен ч алга. Хэрвээ тийм айхтар супер бизнесмен байсан бол Монгол Улсаа Сингапур болгочихсон байгаа. Бидний алдаж, онож байгаа зүйлсээс бага ч гэсэн мэдье гэж байгаа хэн нэгэн байгаад, надад зав зай гарвал дуртайяа ярилцана. Түүнээс биш ямар юмных нь мөнгө төлбөр нэхэх вэ.

-Бизнес хийхдээ баримталдаг таны гол зарчим юу вэ?

-Чин сэтгэлээсээ хийх дуртай. Хүн ер нь хамгийн сайн чаддаг зүйлээ хийх хэрэгтэй. Мөн монгол хүнийхээ сайн хийж байгаа зүйлийг дуурайж хийхгүй байх зарчимтай. Хэн нэгэн гурил сайн үйлдвэрлэж байвал би түүнийг дагаж гурил үйлдвэрлэхгүй. Харин тэдний хийж чадахгүй, төр ч оролцож чадахгүй байгаа шинэ салбарт ажиллахыг хичээдэг. Тэгж хийсээр ч ирсэн.

-Хувийн цуглуулгатай юу?

-Нэг их юм байхгүй дээ. Гэртээ хэдэн уран зурагтай, үндэсний баяр ёслолоороо барьдаг хэдэн хөөрөгтэй. Түүнээс биш зарим хүн шиг музей байгуулах гэж байгаа юм шиг цуглуулга үүсгээгүй. Тэгээд ч технологийн бизнес гэдэг шинжлэх ухааныг туршиж, шинэ бүтээгдэхүүн гаргахад цуглуулга хийхээс сая дахин илүү мөнгө хэрэгтэй болдог.

-Үндэсний бөхийг үе үе үзэж байгаа харагддаг ...

-Сайхан хүндэлнэ, чөлөөт цаг гарвал үзнэ. Түүнээс биш компанийхаа нэрээр бөх барилдуулдаггүй. Ер нь хүн хийх ёстой юмаа л хийх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.    

Нийтэлсэн: У.Баярсайхан

Л.Ариунболд: Би 150 насалсан ч амжихааргүй ажил, санал, төлөвлөгөөтэй байна   
Үзсэн: 4741 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [159.65.147.xxx] 2018-05-21 10:41
Зөвхөн гэр хорооллын айлуудад 10- 15 сая төгрөгийн зээлийг ядаж 3- 5 хувийн нөхцөлөөр олгох хэрэгтэй. Тэгээд дулаалгыг ийм их үнээр хийлгэх юм уу?Арайл биш ээ бас л цээжний бангаар ажлаа явуулдаг юм уу?
narod [95.33.171.xxx] 2018-05-19 22:20
shaahaa bolio

Бидэнтэй нэгдээрэй