Шууд Chart

Гандирасын хотыг бүтээгч хатагтай Заха Хадид

2018-05-18 09:44:35

Мяралзан буй говийн зэрэглээнээс их түүхийн улбааг тольдон эртний үлэмж сүрлэг хотын барааг харсан гэх барин тавин хууч яриа чих дэлсдэг. Диваажинг зүйрлэм  энэ уран байгууламжийг Гандирасын хот хэмээн нэрийдэн үзэмж тансагийг нь сэтгэлдээ ургуулам гайхамшигт хот хүрээг  бид төсөөлөн бодсоор өнөөтэй золгосон. Гэвч үлгэр ч биелэлээ олдог цаг бий ажээ. Өнөө цагийн жинхэнэ Гандирасын хотыг цогцлоон босгогч нь Ирак гаралтай Английн  архитекторч Заха Хадид билээ. Уран барилга болон дизайны  ертөнцийнхөн бол түүнийг андахгүй. Тэрээр энэ салбартаа Нобелийн шагналтай эн  дүйцэхүйц  Прицкерийн шагналыг хүртсэн цорын ганц эмэгтэй архитекторч юм.

Мөн түүний алдрын титэмд Японы эзэн хааны /2009/ шагнал ч багтдаг. Заха Хадид “деконструкц” урсгалын нэрт төлөөлөгч юм. Тэрээр 1972-1977 онд Лондоны Архитектурын ассоциацид суралцсан байдаг. Улмаар уран бүтээлийн гараагаа өөрийн багш Голландын архитектурын “деконструкц” урсгалын нэрт онолч Рем Колхасын ОМА товчооноос эхэлжээ. Өсвөр наснаасаа Заха өөрийн хүсэл санаачилгаар олон төрлийн төсөл дээр яг захиалга авсан мэт үнэн сэтгэлээрээ бие даан ажиллаж туршлагажиж иржээ. Тэрээр 1966 онд Темза мөрний гүүрийн өөрийн гэх хувилбарыг зохион бүтээсэн байдаг. Мөн Заха Хадидын урын санд Английн Люстер хотын 1994 оны тэнгэр баганадсан барилга болон Хонгконгийн уулын оргил дахь клубын шийдэл, Кардиффийн дуурийн ордон /1994/ зэрэг олон зуун шилдэг бүтээл багтдаг. Өдгөө 63 настай Заха Хадид өнөө цагийн хамгийн эрэлттэй, хамгийн алдартай уран барилгач юм.

Түүнийг архитектурын чиглэлээр суралцахаар 1970-аад оны үед Лондонд ирэхэд оюутан бүр өөрсдийн ирээдүйг төсөөлөхийг хичээн зөвхөн шинэ санаагаа уралдуулж байлаа. Харин Заха Хадид өөрийн төсөөллөө бодит болгохыг хичээж байв. Тэрбээр “Хүн хичээвэл юуг ч хийж чадна. Боломжгүй зүйл гэж огт байдаггүй” гэж үздэг байв. Лондонд  эмэгтэй хүн тэр тусмаа араб бүсгүй захиалга олох үнэхээр хэцүү хойно тэрээр сургуулиа төгсөөд багагүй хугацааг ямар нэгэн захиалга авч чадалгүй өнгөрөөсөн юм. Заха Хадид 1980 онд “Zaha Hadid Architects” компаниа үүсгэн байгуулжээ. Анхны архитектурын компаниа байгуулсан ч эхний арван жилдээ олигтой томоохон захиалга авч чадалүй гараа бүтэл муутайхан байлаа. Учир нь түүний чадвар муугийнх ч биш эмэгтэй уран бүтээлчийн хувиар ч бус /Лондонд шүү/ харин бусдын хэвшсэн төсөөлөн боддогоос  илүү өвөрмөц, содон зураг төслийг сэтгэн бодож чаддагт байв. Ийм ч учраас түүний энэхүү “Адармаатай, ойлгомжгүй” өвөрмөц зураг төслийн дагуу барилга бариулах эр зориг ямар ч ухаалаг захиалагчид хараахан төрөөгүй ажээ. Бүтэлгүйхэн бүүдгэр гэмээр энэ он жилүүдэд Захагийн зохион бүтээсэн нэг ч зураг төслийн ажил нь амьдрал дээр бодит барилга болон баригдсангүй. Тэр бүр хэл, "Цаасан мануухай" гэдэг хөөрхөн хочтой болоод авчээ.

Хүн хичээвэл юуг ч хийж чадна. Боломжгүй зүйл огт байдаггүй

Гэхдээ тэр өөрийн гэсэн "Заха" урсгалдаа үнэнч хэвээр л байсан. Заха Хадид захиалга авахын тулд бусад олон мянган архитектор шиг энгийн, тэгш хэмтэй, хялбархан барилгын зураг төсөл гаргаж болох л байсан. Гэхдээ тэр тэгсэнгүй. Арга барил, стильдээ үнэнч байж, өөрийн гэсэн концепцийг хөгжүүлэн судалсаар байлаа. Яваандаа захиалгаар нэг нэгээр нэмэгдэн баригдсан барилгууд нь хүмүүсийн анхаарлыг зүй ёсоор татсаар, ажил нь ч урагшилж эхэлжээ. “Амьдралд хэзээ ч алдар гавьяаны зай олддог” гэгчээр хичээнгүй шургуу хөдөлмөрийн ачаар түүний нэр алдар бусдаас цойлон гарч ирж чадсан билээ. Заха Хадид хүссэндээ хүрч, төсөөллөө бодит болгон харсан хүний сэтгэл татаж, уулга алдмаар олон сайхан бүтээлийг хийж чадсан. Барьсан барилгууд нь  ч нэн өвөрмөц ажээ. Зураг төсөл нь маш хэцүү, адармаатай,  сонин содон шийдэлтэй, нарийн ухаан шаардсан зэрэг чанар нь цаасан дээр бүдүүвч зураг байхдаа ч оворт макетаар босохдоо ч “Итгэ, гэвч шалга” гэсэн мөнхийн уриатай шилдэг инженер техникчдийн шүүмж, маргаанд “бөмбөгдүүлсээр”  гагцхүү хүчирхэг байгууламж сүндэрлэн байж эргэлзээг арилгадаг нь нууц биш ээ.

Заха Хадидын барилгууд хэлбэр, хэмжээ, зориулалт, байрлалаараа дахин давтагдашгүй боловч архитектурын салбар дахь бүх цаг үеийн хамгийн онцгой сонин загваруудыг өөртөө шингээсэн футурист барилгыг нь хараад л түүний бүтээл гэдгийг өнөөдөр хүмүүс төвөггүйхэн танидаг болсон. 2004 оны тавдугаар сарын 31-ний өдөр ОХУ-ын Санкт-Петербург Эрмитажийн театрт Заха Хадид хатагтайд Прицкерийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслол зохион байгуулагдсан нь санамсаргүй хэрэг бус байлаа. Даруй тэрбээр Москвагийн архитекторчдын ордонд хүндэтгэлийн илтгэлээ тавин, улмаар Оросын нэр хүнд бүхий “Капитал групп”-тэй “Живописная тауэр” төсөл дээр хамтран ажиллах гэрээг үзэглэсэн байдаг.  
Заха Хадид 2012 онд Оросын бизнесмен В.Доронины захиалгаар Москва орчмын “Рублево-Успенийн өргөн зам” дүүрэгт орчин үеийн футирист шилтгээн босгожээ.
Мөн өнгөрөгч 2014 онд  “Zaha Hadid Architects”-ийн  төслөөр Москвагийн төв Дубровийн районд авангард загвар бүхий “Domininon Tower”-г  тус тус босгожээ.
Тэрээр өдгөө дэлхийн 55 үндэстний шилдэг 500 инженерийг нэг дор цуглуулсан компанийг толгойлдог.
Заха Хадидийн 2014 онд бүрэн ашиглалтад оруулсан  бас нэгэн цогцолбор бол БНСУ-ын Сөүл хотын төвд орших манайхны сайн мэдэх Түндэмүний  түүх, соёлын цэнгэлдэхийг эрс шинэчлэн өөрчилсөн явдал юм.
 
 


 
“Түндэмүн  түүх, соёлын цэнгэлдэх хүрээлэн” 2015 он 9 сарын 4.Сөүл хот /Японы алдарт уран барилгач Кензо Танге гуайн түмэн өлзий гийсэн өдөр энэ зурагтай давхцав/

“Бид  хаана ч байдаг  энгийн санааг авч хэлэлцдэггүй, бид бас авсаархан хөөрхөн, өхөөрдөм байшингууд барьдаггүй” хэмээн үйлс нэгт нөхдийнхөө талаар тэрээр ам бардам хэлж чаддаг. “Хүмүүс тэгш өнцөгт барилгад их дуртай байдаг. Ийм байшин зай талбай ихтэй гэдэг энгийн ойлголтоос болоод тэр. Тийм биш гээд хэлчихвэл буруудахгүй л болов уу. Дэлхий өөрөө тэгш өнцөггүй биз дээ. Та цэцэрлэгт хүрээлэнд очихоороо “Бурхан минь, энд ямар ч булан алга” гэдэггүй нь лавтай” гэж  ярих дуртай Заха мэдээж бүх барилгуудаа тав тухтай байхаас гадна хэн ч амьдарч болмоор барихыг хичээн ажилладаг.
Аугаа их бүтээл заавал “аугаа” золиос дагуулдаг шиг Захагийн хувийн амьдралыг нь золиосолжээ. Гандирасын хотыг  жинхэнээр сүндэрлүүлэгч хүчирхэг хатагтай Заха Хадид  хэзээ ч ханийн заяаг түшин, үрийн зулай үнэрлэж үзээгүй насны намартай золгожээ. Орд харшийг эс өгүүлээд тэрээр ердөө офиссынхоо “Халаасны өрөөнд” шахуу амьдардаг “даруухан” нэгэн гэнэ. Нэгэн сэтгүүлч түүнээс хэзээ өөртөө зориулж, ямар тансаг сүрлэг байшин барих, загвар нь ямархан гоёмсог байх, хэдий хэмжээний их өртгөөр босох талаар сонирхон асуухад “Үргэлж завгүй байдаг над шиг хүнд офисс л байхад болно. Яагаад гэвэл би гэртээ бараг байдаггүй” хэмээн эрс шийдэмгий хариулсан гэдэг. Компанийнх нь захиалга 2021 оныг дуустал төлөвлөгдчихсөн байдаг ба  Захад захиалга өгөхийн тулд 10 жил хүлээдэг болсон нь “Zaha Hadid Architects” компанийн нэр хүндийг тодорхойлдгоос гадна дэлхийн өнцөг булан бүрт сүндэрлэх аугаа байгууламж нь тухайн улсын нэр төрийн баталгаа болсоор байна.

Түүний гайхалтай бүтээлүүдийн заримаас  танилцуулъя.


 
                                     Лондон-2012  Олимпийн цэнгэлдэх хүрээлэн

Энэ төслийн хоёр уран бүтээлч Заха Хадидын шавь юм. Тийм ч учраас тэдний бодож, сэтгэх нь багштайгаа адилаар шинэ туршилт хийхээс татгалзсангүй. Энэ хоёр эрхмийн зүтгэлээр Лондон удалгүй дэгжин цэнгэлдэх хүрээлэнтэй болжээ.
Хажуугаараа хэвтсэн сам хорхой шиг цэнгэлдэх хүрээлэн Их Британийн нийслэлийг “хадидизаци” болгоход гол үүрэг гүйцэтгэнэ. 2012 оны олимпийн байгууламжууд Хадид ба түүний шавь нарын шугаман биш уран барилгын анхны алтан хараацайнууд болжээ.               

                                                                    
"V", “М”, “уул” хэлбэрт байшин. 12000 кв метр талбайтай эдгээр барилга болон барилгын төслүүд өөрсдийнхөө өвөрмөц байдлаар хүмүүсийн анхаарлыг татаж, гайхшруулж байгаа билээ.
Италийн Кальярид байрлах музей нь өөрсдийн шинэ байрны төслийн уралдааныг зарласан ба тэрхүү уралдааны тэргүүн байрт шалгарсан бүтээл юм.

Хятадын Гуанжоугийн дуурийн театр

Заха Хадидын одоо ажиллаж буй хамгийн том хоёр төслийн нэг нь Токио хотод барих 2020 оны зуны олимпийн цэнгэлдэх хүрээлэн. Нөгөө нь Катарт болох 2022 оны дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний цэнгэлдэх  ажээ.


 
Токио хотод барих 2020 оны зуны олимпийн цэнгэлдэх хүрээлэн

Токио хотод барих 2020 оны зуны Олимпийн цэнгэлдэх хүрээлэн 80.000 хүний суудалтай Токиогийн олимпийн цэнгэлдэх хүрээлэнгийн загварыг хэт нүсэр, өндөр өртөгтэйн дээр “Дизайн нь арай хэтэрсэн” гэх шүүмжлэлд өртжээ. Японы боловсролын сайд төслийн өртгийг хасахаа мэдэгдсэнээр “Токио-2020” олимпийн цэнгэлдэх хүрээлэнгийн төслийг үндэсний уламжлалыг агуулсан гэсэн тодотголтойгоор Японы нэрт архитекторч Кэнго Кумын төслөөр баталлаа. 1954 онд төрсөн тэрбээр1979 онд “Токиогийн Их сургууль төгсөөд АНУ-ын Нью-Иоркийн “Колумбын Их сургуульд үргэлжлүүлэн боловсролоо дээшлүүлжээ. Тэрээр 1990 онд “Kengo Kuma & Associates” компаниа үндэслэжээ. Гэвч Заха Хадидын энэ төсөл өнөө цагийн зүйрлэшгүй гайхамшигт төсөл хэвээр үлдлээ.  


 
2022 оны Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний Аль-Вакра цэнгэлдэхийн загвар

2022 оны Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний Аль-Вакра цэнгэлдэхийн загвар эмэгтэй хүний “үтрээ”-тэй адилхан болсон гэх хэл ам цахим ертөнцөд тасрахгүй байна. Арабын эртний далбаат онгоцноос санаа авч, уг загварыг гаргасан Заха Хадид “Хөлбөмбөгийн цэнгэлдэхийг үтрээтэй зүйрлэх нь өөрөө бүдүүлэг хэрэг юм. Ийм юм сэдэж, ярьж буй нь ичмээр хэрэг” гэж шүүмжлэгчдэд хатуухан хариу барьсан байдаг.

“Ёстой чиний бодсоныг би бодоогүй гэдэг” шиг сонирхолтой нэгэн баримт дурдахад,   Монголд 1990 оны дундуур Казиногийн хуулийг санаачлан батлуулахыг шамдан байсан жилүүдэд хэрвээ Казиногийн ордон баригдсан бол Заха Хадидын төслөөр сүндэрлэх байжээ. Дуулиантай энэ хууль дэмжлэгийг олоогүй шиг Заха Хадидаар бид жаахан дутаад хоцорсон гэдэг...

2015.12.03


Гандирасын хотыг бүтээгч хатагтай Заха Хадид   
Үзсэн: 1855 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [43.228.131.xxx] 2018-05-18 14:06
Сайхан архитекторч эмэгтэй нас бараад 2 жил болох гэж байна. Үнэхээр гайхамшигтай уран бүтээлч байсан. Барьсан барилгууд нь олон олон жил түмний нүд баясгах болтугай.
жэм [203.91.115.xxx] 2018-05-18 13:54
Нас барсан шүү дээ. Гэхдээ түүний бүтээлүүд олон зуун жил хүмүүсийн нүдийг баясгах байхаа.
бб [103.14.38.xxx] 2018-05-18 13:09
энэ хүн нас бараад 1 жил болох гэж байгаа байхаа. Мэдээллээ судалж байж бичээч
Зочин [112.72.14.xxx] 2018-05-18 13:01
Gaihamshig

Бидэнтэй нэгдээрэй