Шууд Chart

2018 оны ДАШТ-ний дараа дахин дэлхийн тавцанд тоглохгүй 4 домгийг танилцуулж байна

2018-05-23 15:56:56

ДАШТ бол хөлбөмбөгийн спортын ноён оргил, тоглогч бүрийн мөрөөдөл байдаг. Харин зарим хөлбөмбөгчидийг бид үзэж тэднийг шүтэн биширч тэдний төлөө амьдралаа зориулж, хайрладаг. Гэвч юм бүхэн мөнх байдаггүй, 2018 оны ДАШТ-ний дараа дахин дэлхийн тавцанд тоглохгүй 4 домгийг танилцуулж байна.
 

РАФАЕЛЬ МАРКҮЕЗ (МЕКСИК)

“Би түүний Мексикын тоглогчидыг нүүр царай болж олон жил тоглож байгааг үгээр илэрхийлэхэд хангалтгүй гэж бодож байна. Хэрвээ би түүнд өөрийн байрлалаа өгөх хэрэгтэй бол би өгөх болно.” - Карлос Вела /багийн хамтрагч/
 
Өнгөрсөн 4-р сард клубын хөлбөмбөгөөс зодогоо тайлж 22 жилийн карьераа өндөрлүүлсэн 39 настай Мексик хамгаалагчийн сүүлчийн зогсоол бол 2018 оны ДАШТ юм. El Kaiser-н хувьд энэ жилийн тэмцээнд тоглох аваас бүх цаг үеийн хамгийн олон ДАШТ-нд оролцсон Антонио Карбахал, Лоттар Маттеус нарыг амжилттай эн зэрэгцэж ирнэ.
 
Үнэн гэвэл тэр энэ рекордыг ахиулах боломжтой байсан. Тэрээр шигшээн дебутээ 1997 онд хийж байсан боловч 1998 оны Францын тэмцээнийг өнжиж байжээ. Харин үүний дараа 2002 онд багаа ахлан Ази тивд зочилсон. Үүний дараагаар 4 ДАШТ дараалан багийн ахлагчийн туузтайгаар оролцож байна.
 
Дэлхийн аваргын дебут: Mексик 1-0 Хорват, 2002.06.03 Оролцсон тэмцээнүүд: 2002, 2006, 2010, 2014 Оролцсон тоглолт: 16 ДАШТ-ний дурсамжтай мөч: 2010 оны ДАШТ-ний нээлтийн тоглолтонд талбайн эздийн эсрэг тэнцээний гоолыг оруулж байв.
 

АНДРЕС ИНЬЕСТА (ИСПАНИ)

“Тэр бол Испаний бүх цаг үеийн хамгийн авъяаслаг тоглогч.” - Чави Эрнандез
22:37’ орон нутгийн цаг, Соккер Сити цэнгэлдэх, Йоханнесбург хот. Энэ бол Андрес Иньестагийн түүхэнд нэрээ мөнхөлсөн хожлын, аваргын ГОООЛ ! Түүний нэмэлт цагт оруулсан энэ гоолыг Испаний ард түмэн хэзээ ч мартахгүй нь ойлгомжтой. Тухайн жилдээ ч Иньеста гайхалтай гүйцэтгэлийг толилуулж Баллон Д’Орын эцсийн шатанд үлдсэн.
 
2006 оны ДАШТ-ний өмнөхөн шигшээ багтаа анхны тоглолтоо хийсэн тэрээр саяхан 22 жилийг өнгөрүүлсэн төрөлх Барселона клубынхээ төлөөх сүүлчийн тоглолтоо хийсэн бөгөөд энэ жилийн Дэлхийн Цом ч шигшээ багийнхаа төлөө хийж буй сүүлийн тэмцээн байх болно. Ийнхүү 34 настай El Ilusionista-н хувьд сэтгэл хөдөлгөм нэг сар болж өнгөрөх нээ.
 
Дэлхийн аваргын дебут: Саудын Араб 0-1 Испани, 2006.06.23 Оролцсон тэмцээнүүд: 2006, 2010, 2014 Оролцсон тоглолт: 10 ДАШТ-ний дурсамжтай мөч: 2010 оны ДАШТ-ий финалд оруулсан энэ гоол !
 

ТИМ КЭХИЛ (АВСТРАЛИ)

“Тимми бол Тимми л байлаа, энэ бол түүнийг шилдэг гэдгийг харуулсан.” - Анге Постечоглоу /Австралийн шигшээ баг 2018 оны ДАШТ-ний эрхээ авсны дараа/
 
Австрали тивийн, Австрали улсын хөлбөмбөгийн нүүр царай бол Тим Кэхил юм. 2006 онд анхны ДАШТ-ээ оролцсон тэрээр тухайн тэмцээнд Японы эсрэг 2 гоол оруулж байлаа. Мөн 2014 оны ДАШТ-нд Чилийн эсрэг гайхалтай цохиж гоолдсон Тимми The Socceroos-н төлөө гурван Дэлхийн Аваргад гоолдсон анхны хөлбөмбөгчин болсон юм. 2018 оны ДАШТ-нд шигшээ багаа оруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн 38 настай довтлогч маань дөрөв дэх Дэлхийн аваргадаа оролцоход бэлэн болжээ.
 
Дэлхийн аваргын дебут: Австрали 3-1 Япон, 2006.06.12 Оролцсон тэмцээнүүд: 2006, 2010, 2014 Оролцсон тоглолт: 8 ДАШТ-ний дурсамжтай мөч: 2014 онд Бразилд болсон ДАШТ-нд Нидерландын эсрэг оруулсан гайхалтай гоол
 

ХАВЬЕР МАШЕРАНО (АРГЕНТИНА)

“Машерано бол миний харж байсан хамгийн ухаалаг тоглогчидын нэг байсан.” - Пеп Гуардиола /хуучин Барселонагийн дасгалжуулагч/
Магадгүй ихэнхи хүмүүс Машераногийн гавьяаг анзаардаггүй байх. Тэр бол Аргентины шигшээ багийн төлөө сүүлийн гурван Дэлхийн аваргын минут бүрт тоглож ирсэн. Түүний талбай дээр ч талбайн гадна ч багаа манлайлах, тоглолтын үеэр хамгаалалтаа удирдах чадвар нь ард түмнийхээ хүндэтгэлийг хүлээлгэдэг юм. 2010 оны дасгалжуулагч домогт Мара түүнийг тодорхойлохдоо “Машерано болон бусад 10” гэж байжээ. 2014 онд Алтан Цом-д хүрээд алдсан 33 настай El Jefecito-н мөрөөдлөө биелүүлэх сүүлчийн боломж нь Орос юм !
 
Дэлхийн аваргын дебут: Aргентин 2-1 Кот Д’Ивуар, 2006.06.10 Оролцсон тэмцээнүүд: 2006, 2010, 2014 Оролцсон тоглолт: 16 ДАШТ-ний дурсамжтай мөч: 2014 оны ДАШТ-ий хагас шигшээд Нидерландын эсрэг тоглолтын 90 дэх минутанд Роббены эсрэг хийсэн энэ такл нь багаа финалд оруулахад тусалсан юм.
Нийтэлсэн: MNB Sport

2018 оны ДАШТ-ний дараа дахин дэлхийн тавцанд тоглохгүй 4 домгийг танилцуулж байна  
Үзсэн: 435 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй