Шууд Chart

Олон улсын удирдагчид АНУ, БНАСАУ-ын дээд уулзалт цуцлагдсанд харамсаж байгаагаа илэрхийлж байна

2018-05-25 12:34:34

Олон улсын удирдагчид АНУ, БНАСАУ-ын дээд уулзалт цуцлагдсанд харамсаж  байгаагаа илэрхийлж байна. Юуны түрүүнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш ийнхүү мэдэгдсэн юм. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт  цуцлагдсанд  ихээр  сэтгэл  зовниж  байгаагаа илэрхийлсэн юм.

Хэдийгээр уулзалт цуцлагдсан ч хоёр тал цаашид ч Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох чиглэлээр яриа хэлэлцээ үргэлжлүүлэх  ёстой гэж үзэж байгаагаа мэдэгдсэн юм. Мөн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин олон улсаар  хүсэн хүлээж байсан хоёр улсын дээд уулзалт цуцлагдсанд харамсаж байгаагаа илэрхийлсний дээр АНУ, БНАСАУ-д хандаж дээд уулзалтын товыг дахин тохиролцохыг уриалсан байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар мөн уулзалт хэлэлцээнийхээ дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр  энэ асуудлыг хөндөж байр  сууриа илэрхийлсэн. Путин Макрон нар дээд уулзалт цуцлагдсанд харамсаж байгаагаа мөн илэрхийллээ. Ерөнхийлөгч Путин Сингапурын дээд уулзалт Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгоход чиглэгдсэн томоохон алхам болно гэсэн хүлээлттэй  байснаа илэрхийлсэн юм.  Мөн  Умард  Солонгосын удирдагчийн зүгээс өмнө нь амлаж байсныгаа биелүүлсэн хэмээн үнэлж байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ хоёр тал дээд уулзалт хийх яриа хэлэлцээгээ сэргээнэ гэж найдаж байгаагаа ч мэдэгдсэн. Ерөнхийлөгч Эммануэль Макрон  ч мөн хоёр тал дээд уулзалтаа дахин товлоно гэж найдаж байгаагаа илэрхийлсэн юм.  

СИНГАПУРЫН ДЭЭД УУЛЗАЛТЫГ ЦУЦАЛСАН ТРАМПЫН ШИЙДВЭРИЙГ ГЭНЭТИЙН ГЭЖ ТОДОРХОЙЛЖ БОЛОХГҮЙ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Сингапурын дээд уулзалтыг цуцалсан шийдвэрийг бас яг ч гэнэтийн гэж тодорхойлж болохгүйг шинжээчид тэмдэглэж байна. Дан ганц Умард  Солонгосын төдийгүй АНУ-ын албаныхны сүүлийн мэдэгдлүүд энх тайванч бус  байсныг онцлон харах ёстойг  тэмдэглэж  байна.  Вашингтон  Пхеньяны  хүлээн авах боломжгүй нөхцлүүдийг биелүүлэхийг шаардаж байсан бол Умард Солонгос  хариуд нь   цөмийн дайн хийнэ хэмээн сүрдүүлж Америкийн удирдагчдын мэдэгдлийг  таатай  бус гэж тодорхойлж байсан. Гэхдээ бас Умард Солонгос   цөмийн  туршилтын талбайгаа  устгах  төлөвлөгөөнөөсөө  буцаагүй. Харин  энэ  алхам нь үнэ  цэнэтэй эсэхэд эргэлзэж буйгаа "Би Би Си"-гийн  тоймч  Михаил Смотряев  илэрхийлж байна. Барууны шинжээчдийн хувьд Умардын энэ  талбай угаасаа  2017 оны намраас хойш ашиглах  аргагүй  болсон байсан гэж таамаглаж байгаагаа ч илэрхийлсэн байна. Мөн Ерөнхийлөгч Трампын мэдэгдэлд цөмийн бөмбөгний товчлуурын тухай  дурдагдсан нь  Пхеньяны  дэглэмтэй  зөвхөн цэргийн хүчээр  ярилцах боломжтой гэсэн АНУ-ын засаг захиргааны  хатуу байр  суурь хэвээрээ  байгааг  илэрхийлж байна гэж дүгнэсэн байна. Ер нь бол Трамп  Кимийн уулзалтыг зохион байгуулах магадлалыг бүр үгүйсгэж  болохгүй гэдэгтэй  олон улсын мэргэжилтнүүд санал нэгдэж байх шиг байна.  

Мөн Ерөнхийлөгч Трампын дээд уулзалт цуцалсан мэдэгдлийн дараагаар Цагаан ордноос өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэснийг энд  мэдээлсэн байна. Энэ үеэр Ерөнхийлөгчийн засаг захиргааны  албан  ёсны  төлөөлөгч  Умард  Солонгос дээд уулзалт хийхээр тохиролцсоны дараагаар өгсөн хэд хэдэн амлалтаа зөрчсөн гэж буруутгасан юм. Энд мөн Цагаан ордны ахлах албан тушаалтнууд, түүний дотор Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон Умард Солонгосын төлөөлөгчидтэй дээд уулзалтын бэлтгэл ажлын талаар хэлэлцэхээр  Сингапурыг  зорьсон  тухай  мэдээлсэн байна. Гэвч Умардын төлөөлөгчид энэ уулзалтад ирээгүй байна.

СИНГАПУРЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМ ДЭЭД УУЛЗАЛТ ЦУЦЛАГДСАНД ХАРАМСАЖ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

Ерөнхийлөгч Трамп Умард Солонгосын удирдагчтай хийх уулзалтаа цуцалж байгаагаа мэдэгдсэний дараагаар харамсаж буйгаа хамгийн түрүүнд  илэрхийлсэн орнуудын дотор Сингапур багтаж байна. Тус улсын Гадаад хэргийн яамнаас ийм мэдэгдэл гаргасан байна. Энд Сингапур улс  Солонгосын хойгт  бат  бэх  энх тайван  тогтоож, тогтворжуулахад чиглэгдсэн яриа хэлэлцээ, хүчин чармайлт цаашид ч үргэлжилнэ гэж найдаж байгааг илэрхийлсэн байна. АНУ, БНАСАУ-ын дээд уулзалтыг Сингапурт зохион байгуулахаар товлосон тухайгаа Ерөнхийлөгч Трамп өнгөрсөн 11-ний өдөр мэдэгдэж байсан юм.  

АНУ, БНАСАУ-ЫН ДЭЭД УУЛЗАЛТ ҮР ДҮНД ХҮРЭХГҮЙ НЬ ЭРТНЭЭС ТОДОРХОЙ БАЙСАН

Японы Гадаад хэргийн сайд Таро Коно АНУ, Умард Солонгосын дээд уулзалт угаасаа үр дүнд хүрэхээргүй  байсан учир зохион байгуулах  утга  учир байгаагүй гэж мэдэгдсэн  байна. Тэрбээр Мексикт айлчилж байх үеэрээ ийнхүү дээд уулзалтыг цуцлах АНУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэртэй холбоотойгоор байр сууриа илэрхийлсэн байна.

Харин Умард Солонгост хулгайлагдсан Япон эмэгтэйн хүү дээд уулзалт цуцлагдсанд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Коитиро Иидзука "NHK"-д өгсөн ярилцлагадаа ингэж мэдэгджээ. Тэрбээр Умард Солонгост хулгайлагдсан Японы бусад иргэний ар гэрийнхний хамтаар энэ сарын эхээр  АНУ-д очиж  энэ  асуудлыг хамтран хэрхэн шийдэх боломжтой талаар албаныхантай уулзалт хийгээд ирсэн юм.  Тиймээс  Сингапурын дээд уулзалтын үеэр  хулгайлагдсан Япон иргэдийн асуудлаар дэвшилттэй шийдвэр тохиролцоонд хүрч чадна гэж ихээхэн найдаж байсан юм байна. Японы Засгийн газраас 1970-1980-аад оны хооронд  тус улсын 17 иргэнийг  умардын тусгай  албадынхан  хулгайлж  нутагтаа  аваачсан гэж үздэг  юм.

Тэдний тавыг Япон, Умард Солонгосын 2002 оны дээд уулзалтын дараагаар нутагт нь буцаасан. Үлдсэн 12 иргэний хувь заяа хэрхсэн нь одоог хүртэл тодорхойгүй байгаагийн дотор Коитиро Иидзукагийн ээж ч бас байгаа юм.

Нийтэлсэн: Б.Түвшинжаргал

Олон улсын удирдагчид АНУ, БНАСАУ-ын дээд уулзалт цуцлагдсанд харамсаж байгаагаа илэрхийлж байна   
Үзсэн: 934 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй