Шууд Chart

Б.Батзориг: Газар тариалангийн салбарт хөгжлийн шинэ жаран эхэлж байна

2018-05-28 12:32:37

Монгол Улсын Засгийн газраас Нэр бүхий аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны саналыг харгалзан тариалангийн бүс нутгийг тогтоосон. Газар тариалангийн бүс нутгийг тогтоосонтой холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригтой ярилцлаа.

-Газар тариалангийн бүс нутгийг тогтоож зарлалаа. Энэ асуудал их олон жилийн турш яригдсан. ХХААХҮ-ийн сайд болсноосоо хойш л та хөгжлийн хувьсгал хийнэ гэж ярьсан. Таны хувьсгалын нэг хэсэг энэ шийдвэр мөн үү?

-Юуны өмнө Монгол Улсын Засгийн газар тариалангийн салбарт түүхэн чухал шийдвэр гаргасанд салбарын сайдын хувьд талархал илэрхийлмээр байна. Хөдөө аж ахуйн салбарт хувьсгал хийх цаг нь ирсэн, тэр нь хөгжлийн хувьсгал байх болно гэсэн итгэл үнэмшилтэйгээр би энэ салбарыг удирдаж явна. Атар газрыг эзэмшиж эхэлснээс хойш бүтэн нэг жаран өнгөрсөн байна. Энэ хугацаанд бид дотооддоо үр тариагаа тарьдаг ургуулдаг, гурилаа өөрсдөө хийдэг, хүн амаа тогтвортой үнэ бүхий гурилаар хангадаг төмс ногоогоо тодорхой хэмжээнд тарьж чаддаг болсон. Энэ бол жаран жилийн туршид бидний олсон ололт амжилт. Удаан боловч тасралтгүй хөгжсөөр ирсэн газар тариалангийн салбар өнөөг хүртэл ар хормойгоороо урд хормойгоо нөхсөн, цаг агаараас хэтэрхий хамааралтай, технологи, дэвшилтэт арга техник нэвтрүүлэх боломж хязгаарлагдмал байсаар ирлээ. Тийм учраас нэгэнт тарьж ургуулж чаддаг болсон энэ салбартаа зоригтой хөгжлийн шийдэл гаргаж ашигтай газар тариалан буюу хөрсөө хамгаалсан, га-аас авах ургацаа нэмэгдүүлсэн, үр өгөөжтэй тогтвортой үйл ажиллагаа бүхий газар тариалан эрхлэх боломжийг бодлогоор дэмжихийн тулд энэ шийдвэр гарсан гэж ойлгож болно.
   
-Газар тариалангийн бүс нутгийг зарлаж тогтоох цаг хугацааны зайлшгүй шаардлага яг энэ цаг мөчид байв уу?  

-Тэгэлгүй яахав. Харин ч оройтож гаргаж байна гэж хэлж болно. Одоо биш бол тэгээд хэзээ гэж...Би танд тодорхой тайлбарлая. Малын тооны өсөлт, бэлчээрийн даац хэтэрсэн, Хөрсний үржил шим, элэгдэл, эвдрэл анхаарах хэмжээнд хүрсэн, Агро-экологийн тэнцвэрт байдал алдагдсан, газар тариалан, бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн хоорондын зөрчил нэмэгдсэн, газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмж буурсан зэрэг нь тодорхой пактууд байна. Бүр товчхоноор хэлбэл монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 0,5 хувьд газар тариалан эрхлэх боломжтой үржил шим бүхий хөрс бий. 0,5 хувь буюу 1сая 50 мянган га талбайн үржил шим 60 орчим хувиар буурсан байна. Арваадхан жилийн дараа бид тариа ногоогоо тарих хөрсгүй болох гээд байна. Энэ гурван сая хүнээ хоолтой хүнстэй ажилтай орлоготой байлгах нь миний хариуцаж байгаа ажилтай холбоотой гэж би үргэжл бодож байна. Цаашид ч ийм шийдвэрүүд гаргана. Салбарын эрх ашгийн төлөөх зорилготой шийдвэрийг зоригтой гаргаж байж үр дүн нь ирнэ.

-Тогтоол батлагдсантай холбогдуулан ойрын үед ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна?

-Газар тариалангийн бүс нутгаа хашаажуулж, ойн зурвас татах ажлыг эхлүүлсэн. Ойн зурвас татах ТЭЗҮ хийлгэхээр ажиллаж байна. Үр сортын шинэчлэлээ бас энэ хаврын тариалалтаас эхэлсэн. Цаашлаад усалгаатай газар тариаланг хөгжүүлэх чиглэлээр бас төлөвлөөд эхэлчихсэн ажлууд байгаа. Хамгийн гол нь бид хөрсний элэгдэл эвдрэлээ яаж зогсоох вэ үржил шимийг нь яаж нэмэгдүүлэх вэ гэдэг дээр тариалалчидтайгаа хамтраад хийх ажил их байна. Бусад уламжлалт мал аж ахуй эрхэлж байгаа малчдад хүндрэл үүсгэхгүйгээр бэлчээрийн газар нутгийн заагийг хуулийн хүрээнд тогтоон оновчтой байршуулах арга хэмжээ авч ажиллах, орон нутгийн хөгжлийн бодлого, аймаг, сумын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, төрөлжүүлэх, тариалангийн бүс нутагт  уламжлалт мал аж ахуй эрхэлж байгаа малчин өрх, мал бүхий иргэдийг бэлчээр, ус бүхий нутагт байршуулах, эрчимжсэн мал аж ахуй эрхлэхэд дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авах ажлууд үе шаттайгаар явна.

-Газар тариалангийн бүс нутгийг зарласнаар бүс нутагт буй бэлчээрийн мал аж ахуй бүс нутгаас гарахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсч байна гэж ойлголоо. Энэ бүс нутагт ер нь хичнээн мал, хичнээн мал бүхий өрх байдаг вэ?

-Бас шууд тэгэж ойлгох нь өрөөсгөл. Малчдад эрчимжсэн мал аж ахуй эрхлэх, өөрөөр хэлбэл өндөр ашиг шимтэй мал аж ахуй эрхлэх боломж бий болж байгаагаараа давуу тал гэж харах хэрэгтэй. Юу юугүй өнөөдөр хөөгөөд гаргана гэж ойлгож болохгүй. Цаашдаа бол тариалангийн бүс нутгийг зарласнаар тухайн бүс нутагт бэлчээрийн буюу уламжлалт мал аж ахуй эрхлэх боломжгүй болж байгаа нь үнэн. Гэхдээ тухайн сум орон нутгийн түвшинд газар зохион байгуулалтаа хийж бэлчээрийн мал аж ахуй эрхлэх бүс нутгийг тогтоож худаг ус болон дэд бүтцийг шийдвэрлэх замаар  тодорхой үе шаттайгаар уламжлалт мал аж ахуй эрхэлдэг малчдыг шилжүүлэх ажлыг зохион байгуулах ёстой.  Энэ бүс нутгуудад бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн,1990 оны мал тооллогын дүнг 2017 онтой харьцуулахад малын тоо толгой Сэлэнгэ аймагт 3 дахин, Төв аймагт 2.7 дахин өссөн байх жишээтэй. 2017 оны байдлаар Сэлэнгэ аймагт 4680 малчин өрх, 9540 малтай өрх, Дархан-Уул аймаг 1370 малчин өрх, 2530 малтай өрхтэй байна гэсэн статистик мэдээлэл байна.  Бэлчээрийн мал аж ахуйтай газар нутагт газкар тариалангийн технологийг мөрдөх ямар ч боломжгүй байгаа нь салбарын хөгжилд ихээхэн нөлөөлж байгааг хаа хаанаа ойлгох хэрэгтэй.

-Бэлчээргүй, амьдрах газаргүй болж байгаа малчдыг хааш нь аваачих вэ, Бүс нутгаас гаргах үйл ажиллагааг хаанаас зохион байгуулах вэ?

-Тариалангийн бүсэд л бэлчээрийн мал аж ахуй эрхлэхгүй байхаар болж байгаа. Тиймээс тухайн сум орон нутгийн бусад бүсэд бэлчээрийн мал аж ахуй эрхлэх бүрэн боломж бий. Энэхүү ажлыг хуулийн хүрээнд сум аймгийн ИТХ, Засаг даргын шийдвэрээр малчдын эрх ашигт сөрөг нөлөөлөл үүсгэхгүйгээр зохион байгуулагдахаар шийдвэрлэгдсэн байгаа.  

-Малчдад ямар нэгэн дэмжлэг үзүүлэх үү?

-Тариалангийн тухай хуулиар Тариалангийн талбай дотор барьсан өвөлжөө, хаваржааг тухайн сум орон нутаг дотроо нүүлгэн шилжүүлэхэд гарах тээврийн 1 удаагийн зардлыг тариалангийн аж ахуйн нэгж хариуцахаар тусгагдсан байгаа. Мөн түүнчлэн тариалангийн бүсэд эрчимжсэн мал аж ахуй эрхлэх, малын үүлдэр угсааг сайжруулахад төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх боломжийг бүрдүүлж байгаа.

-Хэрвээ газар тариалангийн бүс нутгаас малчид гарахгүй гэвэл хүлээлгэх хариуцлага бий юу? 

-Тариалангийн тухай хуулиар Тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглоно.Нүүн шилжих мал аж ахуй эрхлэгчийн өвөлжөө, хаваржааны газрын асуудлыг сум, дүүргийн Засаг дарга 30 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасан байдаг бөгөөд хуулийн эдгээр заалтыг зөрчвөл зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээх болно.

-Эрчимжсэн мал аж ахуй эрхэлье гэж шийдсэн тариалангийн бүс нутагт амьдарч буй малчдад төрөөс дэмжлэг үзүүлэх үү?

-Тариалангийн бүсэд эрчимжсэн мал аж ахуй эрхлэх, малын үүлдэр угсаагаа сайжруулж ашиг шимийг нь нэмэгдүүлэхээр саналтай малчдад  төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байгаа. Үүнд сүүний болон махны хэвийн үхэр өсгөх, фермерийн аж ахуй байгуулахад дэмжлэг үзүүлнэ.

-Тариалангийн бүс нутаг тогтоосноор газар тариалан эрхэлдэг аж ахуй нэгж, иргэдийн хариуцлага өндөрсөх үү. Яаж?

-Бүс нутгийг тогтоосноор тариалан эрхлэгчид технологийн шинэчлэлийг амжилттай нэвтрүүлж тариалах талбай, хураан авах ургацын хэмжээгээ нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнийхээ өртгийг бууруулах, хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах чиглэлд хэрэгжүүлэх ажил, зарцуулах хөрөнгийн хэмжээ нэмэгдэж тэр хэмжээгээр хүлээх хариуцлага өндөрсөх болно. Түүнчлэн бүс нутгийн түвшинд нийгмийн хариуцлагаа дээшлүүлж сум орон нутгийн хөгжил дэвшилд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх болно.

-Бүс нутаг зарласнаас гарах үр дүн юу байх вэ, хэзээнээс ямар  үр дүн гарч эхлэх вэ?

-Бүс нутгийг зарласнаар шууд гарах олон үр дүн байгаа. Юуны өмнө малчид, тариаланчдын хооронд үүсдэг зөрчил буурч харилцан хоёр биенээ түшсэн, дэмжсэн харилцаа бий болно.Тариалангийн салбарт техник, технологийн иж бүрэн шинэчлэл нэвтэрч нэгжээс хураан авах ургацын хэмжээ нэмэгдэнэ. Тариалангийн газрын эзэмшилт, ашиглалт сайжирч газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмж нэмэгдэнэ.Хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, үржил шимийг нь сайжруулахад чиглэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Малын үүлдэр угсаа сайжирч, нэг малаас авах  ашиг шим дээшилснээр малчдын орлого нэмэгдэнэ гэх мэтчилэн шууд гарах үр дүн олон бий. Товчхондоо салбарын зорилго болсон нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлох зорилгодоо алхам алхмаар ойртож байна гэж ойлгож болно. Үр дүнг тогтвортой орлого, тогтвортой ажлын байр, тогтвортой үйл ажиллагаагаар хэмжиж болно.

-Газар тариалангийн бүс нутаг зарлаж байгаа нь үндсэн хуулийн тодорхой заалт зөрчиж байна гэж зарим хүмүүс үзэж байгаа. Тухайлбал 16-р зүйлийн 18-д заасанчлан амьдрах газраа өөрөө сонгох эрхийг зөрчиж буй юм биш үү?   

-Тариалангийн бүс нутаг, бэлчээрийн мал аж ахуй болон эрчимжсэн мал аж ахуй зэрэг нь үйлдвэрлэлийн хэрэгслэл бөгөөд төрөөс үйлдвэрлэлийн хэрэгслэлийн байршлыг зааж өгч байгаа болохоос биш малчдын амьдрах газрыг зааж байгаа хэрэг биш юм. Тиймээс тариаланчид нь тариалангийн бүс нутаг болох талбайгаа дагаж, малчид нь бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйгаа дагаж амьдрах зүй тогтол үйлчилж байна гэж ойлгох хэрэгтэй.

Эх сурвалж: ХХААХҮЯ


Б.Батзориг: Газар тариалангийн салбарт хөгжлийн шинэ жаран эхэлж байна   
Үзсэн: 321 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй