Шууд Chart

Ц.Магалжав: МҮБХ-ны тамгыг Л.Чинбатад олгосон асуудал нь шүүхийн байгууллагаар шалгагдаж байгаа

2018-05-28 16:31:12

МҮБХ-ны дэд тэргүүн, Монгол Улсын заан Ц.Магалжавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Маргалдагч хоёр тал үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалж өнгөрсөн сард “Эвлэрлийн комисс” байгуулж хуралдсан. Энэ хурлаар ямар асуудал хэлэлцсэн бэ. Шийдэлд хүрч чадаагүй юм уу?

-МҮБХ-д үүссэн асуудлын улмаас талууд хоорондоо удаа дараа уулзсан мөн ярилцсан. Тэгээд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нд дархан аварга Х.Баянмөнх, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан Б.Сайнбаяр, улсын начин Ц.Дуламсүрэн бид хэд уулзаж зөвшилцөөд санал нэгдэж эвлэрлийн комисс байгуулсан юм. Энэ комиссын үүрэг нь МҮБХ-д үүссэн маргааныг цэгцлэх гэж үзсэн. Иймд энэ комиссын таван гишүүн бүх аймгийн төлөөлөлтэй дөрөвдүгээр сарын 27-д уулзаж хэрхэх талаар шийдвэр гаргах, “Их Эе”-э хийх тухай шийдвэрлэсэн. 21 аймгийн төлөөлөл сонгохдоо дээрх аварга, арслан, начин ах нар мөн Л.Чинбат захирал 10 аймгаас оролцох бөхийг, Б.Сайнбаяр бид хоёр үлдсэн есөн аймгаас орох төлөөлөгчийн нэрийг оруулсан. Дархан-Уул, Орхон аймаг одоогоор цолтой бөхгүй байгаа юм гээд талууд түр орхисон. Х.Баянмөнх аварга бид хоёр календарь харж байгаад амжвал сайн өдөр юм байна гээд энэ сарын 5-нд “Их Эе”-э хийе гээд комиссын гишүүд гарын үсэг зураад тарцгаасан. Мөн энэ комиссын хурлыг хоёр талаасаа видео ба аудио бичлэг хийж баталгаажуулсан. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд нэр заагдсан 19 аймгийн төлөөлөлөөс Өмнөговь, Дорноговийн төлөөлөл ирээгүй. 17 аймгийн голлох том цолтой бөхчүүд, мөн эвлэрэл гэх комиссын гишүүдийн дөрөв нь болох Х.Баянмөнх аварга, Д.Мөнх-Эрдэнэ арслан, Б.Сайнбаяр заан бид хэд ирж, Ц.Дуламсүрэн начин ажилтай байгаад ирж амжаагүй. Бүгд 21 хүн хуралдсан. Холбоонд үүссэн асуудлын талаар удтал ярилцсан. Гол асуудал нь “Их Эе”-э хуулийн дагуу ямар субьект нь зарлах вэ гэдэг асуудал байсан. Энэ нь өмнөх алдаануудыг харж болгоомжилсон зүйл. “Их Эе”-э хийдэг, гэтэл дараа нь хэн нэг нь шүүхийн байгууллагаар асуудал үүсгэхээр их ажил болж хийсэн “Их Эе” маань шүүхээр хүчингүй болдог асуудал 2002 оноос хойш үргэлжилсэн гашуун туршлага бидний өмнө байгаа. Тэгээд энэ асуудлыг хэлэлцээд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-ний хуралд Баянаа багш 2002 оны “Их Эе” үнэн, тэндээс сонгогдсон цэцдийн зөвлөл үнэн түүнээс хойших бүх хурал маргаантай байна гэдэг үндэслэлийг хэлэлцэж МҮБХ-ны 16 жилийн өмнөөс үүссэн энэ их маргааны өмнөх буюу 2002 оны цэцдийн зөвлөлөөр одоо болох “Их Эе”-э зарлуулах нь холбооны дүрмийн дагуу зүйл байна гэдэг асуудлаар санал хураалгаж шийдвэрлэсэн. Хуралд оролцсон 21 хүнээс 18 нь 2002 оны цэцдийн зөвлөлийг нэн яаралтай энэ сарын 3-нд хуралдуулж, “Их Эе”-ийн товыг тогтоолгоё гэж шийдвэрлэсэн. Санал хураалт болоход Д.Мөнх-Эрдэнэ арслан машинаас юм авая гэж гараад эргэж орж ирээгүй. Х.Баянмөнх аварга, Б.Гантогтох ах хоёр санал хураалтаас татгалзаагүй харин түдгэлзэж байна гэдгээ хэлсэн. Х.Баянмөнх аварга энэ асуудлуудаа цаг алдахгүйн тулд явуулж байя, гэхдээ давхар 2002 оны цэцдийн зөвлөл ер нь хууль ёсных уу гэдгийг Дээд Шүүхээс лавлагаа авая гэсэн. Үүнийг хуралд оролцогсод 100 хувийн саналаар дэмжсэн. Энэ хурлыг гурван телевизийн лайваар шууд явуулсан. Ингээд тавдугаар сарын 3-нд 2002 оны цэцдийн зөвлөлийн гишүүдээ урьж хурал хийсэн. Тэр хуралд 2002 оны цэцдийн зөвлөлийн гишүүн Ж.Ганболд заан идэвхтэй оролцож гурван болзол хэлснийг цэцдийн зөвлөлийн гишүүд дэмжсэн. Нэгдүгээрт энэхүү хурлыг өөрөө даргалах, хоёрдугаарт тавдугаар сарын 5-нд “Их Эе” хуралдуулах нь цаг хугацааны хувьд боломж бага тул тавдугаар сарын 18-нд хуралдуулъя, гуравдугаарт “Их Эе”-ийн төлөөлөгч сонгох асуудлыг эвлэрэлийн комиссын таван гишүүнд талууд тус бүр найман хүнийг оруулж нийт 21 гишүүнтэй комисс байгуулъя гэсэн саналыг хуралд оролцогсод дэмжээд тавдугаар сарын 18-нд “Их Эе”-э хийхээр шийдвэр гаргасан. Та бүхэн энэ хурлыг хоёр ч телевизээр шууд дамжуулсныг харсан.

-Гэхдээ энэ сарын 18-нд “Их Эе” хуралдаагүй шүү дээ. Шалтгаан нь юу вэ?

-Л.Чинбат тэргүүтэй хүмүүс улсын заан Ж.Ганболд биднийг төлөөлөхгүй тул тавдугаар сарын 18-ны хуралд оролцох боломжгүй гэсэн. Энэ товлогдсон “Их Эе” хуралдах боломжгүй болж байгаа талаар Ж.Ганболд заантай уулзсан. Тэрбээр “Миний хувьд Р.Нямдорж гуай, Д.Данзан гуайтай үзэл бодол таардаггүй байсан. Тэд яваад өгсөн. Одоо би хэнтэй зөрчилдөх вэ дээ. Дүү нар, хүүхэд шигээ хүмүүстэй юуны талаар ч маргах билээ. Хурлаа хийгээд эв зүйтэй яваасай гэсэндээ тавдугаар сарын 3-ны цэцдийн зөвлөлийн хуралд очиж оролцсоныг та нар харсан. Намайг Л.Чинбат нар буруутгаж байгаа, одоо би энэ асуудалд оролцохгүй байя даа” гасэн. Ж.Ганболд ах бөх хүн учир энэ бөхийн хурлын асуудалд их нуруутай зөв хандлаа даа гэж би бодсон.

-“Бөхийн өргөө”-г битүүмжлэх болсон шалтгаан нь юу вэ?

-Дөрөвдүгээр сарын 14-нд “Гацуурт” компанийн гэрээтэй хамгаалалтын албаны залуучууд дайрч “Бөхийн өргөө”-ний хаалгыг эвдсэн л дээ. Цагдаа, прокурорын байгууллага эмх замбараагүй байдал дахин үүсгүүлэхгүй гэж битүүмжилсэн. Бид Монгол бөхийн өргөөг нээж хэвийн үйл ажиллагааг нь явуулахаар прокурорын байгууллагад удаа дараа хүсэлт тависан боловч “Та нарын бөхийн барилдаан, урлагийн гэрээт тоглолт явуулах, олон ажилчдын ахуй амьдралыг харгалзаад нээж болно. Гэхдээ Л.Чинбат нарын хүмүүсээс “Дахин үймээн самуун гаргахгүй” гэсэн бичиг авч ир эсвэл биеэр ирүүлж гарын үсэг зуруул гэсэн шаардлага тавьж байгаа. Өнөөдрийг хүртэл нөгөө нөхдүүд маань үймээн самуун гаргахгүй гэсэн бичиг гаргаж өгөхгүй яваад байна.

-Дөрөвдүгээр сараас хойш улс аймгийн цолтнуудын уламжлалт дөрвөн ч барилдаан цуцлагдлаа. Үндэсний их баяр наадам өдөр хоногоор дөхөж буй энэ өдрүүдэд бөхчүүдийн бэлтгэл сургуулилтад их л хор уршигтай зүйл шиг санагдах юм?

-Монгол бөхийн өргөө хаагдсанаас уламжлалт хэд хэдэн барилдаан цуцлагдсан. Иймээс бөхийн барилдаануудыг алгасалгүй зохион байгуулахын тулд бид боломжтой бүхий л заал танхимтай холбогдож байгаа. Харамсалтай нь Буянт-Ухаа спорт цогцолбор, Спортын төв ордон зэрэг газар жилийн өмнө албан байгууллагуудтай гэрээ хийчихсэн хөтөлбөрийн дагуу явдаг учраас тэр бүр боломж олдохгүй байна. Сая Хөвсгөл Нутгийн Хөгжлийн сан, Хөвсгөлийн хүчтэн дэвжээнийхэнтэй хамтран ихээхэн хүчин чармайлт гаргаж байж Уялган голын гурван аваргынхаа барилдааныг зохион байгууллаа. Наадам дөхсөн энэ өдрүүдэд бөхийн барилдаанууд уламжлалт барилдаанууд цуцлагдаж байгаа нь бөхчүүдийн бэлтгэл сургуулилтанд нөлөөтэй л дээ. Бөхчүүд маань барилдааныхаа байгаар ч их хохирч байна. Цуцлагдсан барилдаануудын зөвхөн бөхийн бай нь 81,5 сая төгрөг юм. Үүнийгээ бөхчүүд алдаж байна гэсэн үг. Одоо ирэх сарын 2-нд Монгол туургатны барилдааныг төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах албан ёсны зөвшөөрлийг бид “Хамаг Монгол студи” ба “Жавхлант” дэвжээнд олгоод байна.

-1994 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн “Монгол Улсын аварга” цолтны хүндэтгэлийн барилдаан өнгөрсөн бямба гарагт “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д явагдахаар төлөвлөгдсөн ч цуцлагдаж өчигдөр шилдэг гэх 128 бөхийн барилдаан явагдлаа. Шалтгаан нь юу вэ?

-Иргэний нисэхийн ерөнхий газар аваргуудын нэрэмжит барилдааныг сүүлийн жилүүдэд Монголын Үндэсний бөхийн холбоотой хамтарч зохион байгуулж байгаа. Тус байгууллага энэ жил уламжлалт барилдаанаа хамтарч зохион байгуулахаар төлөвлөсөн байтал тус байгууллага руу, мөн АТГ руу Аваргуудын барилдааныг хийх асуудлыг зогссож өгөөч гэсэн агуулга бүхий 2018.05.17-ны өдөр гэсэн огноотой №70 дугаартай албан бичгийг дэд тэргүүн Ц.Төмөрсүх, цэцдийн зөвлөлийн дарга Ү.Хүрэлбаатар гэсэн гарын үсэг зурж явуулсан байдаг. Энэ мэдээлэл өнгөрсөн 24-ний өдрийн бүх мэдээлэлийн хэрэгсэл, сайтад тавигдсан нь одоо байж л байна. ИНЕГ дээрх хүмүүстэй маргаан үүсгэхээс төвөгшөөсөн байх л даа. Барилдааныг энэ жилдээ больё гэсэн. Бөхийн асуудал нь ийм байхад одоо ямар ч байгууллага ийм л хариу өгөх болоод байна даа. Хамгийн инээдтэй зүйл нь өнгөрсөн бямба гарагт 13:00 цагт нөгөө нөхөд маань хэвлэлийн хурал хийчихсэн сууж байдаг. Ярьж байгаа зүйлийг нь харлаа. Тэд “Аваргуудын барилдааныг олон жил явуулсан МИАТ компанидаа баярлалаа, энэ сайхан барилдаан цуцлагдсанд харамсаж байна. Юунаас болсныг бүү мэд. Бөхийн барилдааныг таслахгүйн тулд хувийн хэвшилтэйгээ хамтраад өндөр чансаатай 128 бөхийн барилдааныг хийхээр боллоо. Өндөр байтай барилдаан хийнэ, үнэгүй үзүүлье үзэгчид бөхчүүд ирээрэй” гээд ярьж байна. Гурав хоногийн хугацаанд ингэж гаргасан мэдэгдэл, албан тоотуудаасаа бүтэн эргэдэг хүмүүсийг одоогоор хараагүй л явж. Үнэхээр гайхаад эд нарынхаа супер занг хараад л сууж байна даа.

-Үүнээс үзэхэд Монгол бөхийн ивээн тэтгэгч цөөхөн байгууллагуудынхаа нэгийг цааш нь түлхжээ. Ивээн тэтгэгч үгүй бол барилдаан зохион байгуулахад хүндрэлтэй. Барилдаан үгүй бол бөхчүүдийн бэлтгэл сургуулилтын горим алдагдана. Монгол үндэснй бөхийн хөгжил буруу тийшээ л яваад байх шиг ...

-Ивээн тэтгэгч, бөх сонирхогчид бүгд л таагүй хандаж, итгэл буурч байгаа. Бөхийн нэр хүнд их унаж байгаад нь харамсах юм. Бөхчүүд хоорондоо талцаж муудалцсан асуудал энд байхгүй. Цөөн тооны хүмүүс л бөхийн хөгжилдөө сөрөг нөлөө үзүүлж байна даа. Цаашид зөв байвал ивээн тэтгэгчид маань эргэнэ ээ. Үүнд зөв менежмент хийж бөхөө хөгжүүлэх, сонирхолтой болгох зүйлсийг залуус бид төлөвлөж байгаа.

-Гуравдугаар сарын 24-нд Монголын Үндэсний бөхийн наймдугаар “Их Эе” хуралдаж 21 аймгийн бөхийн төлөөлөл оролцсон. Энэ “Их Эе”-ийг дархан аварга Х.Баянмөнх, А.Сүхбат нарын хүмүүстэй хамтарч хийгээд асуудлаа шийдэж болоогүй юм уу?

-Наймдугаар “Их Эе”-ийг Монголын Үндэсний бөхийн холбооны өмнөх удирдлагууд зохион байгуулсан. Аварга, арслан цолтой бүх бөхөд хэл хүргэсэн. Мөн мэдээллийн хэрэгслээр олон хоногийн турш зарласан. Харамсалтай нь хэсэг нөхдүүд маань ирж оролцоогүй. Одоо энэ маргааныг ингэж өндөрт гаргаад байгаа асуудал нь Монголын Үндэсний бөхийн холбооны тамга тэмдгийг Л.Чинбатад давхардуулан олгосонд оршиж байгаа юм. Энэ тамганы асуудал дээр одоо захиргааны шүүхэд хэрэг үүсээд шалгаж байна.

-Наймдугаар “Их Эе”-ээс сонгогдсон Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй хүмүүс Монгол бөхийг яаж шинэчлэхээр төлөвлөж байв?

-Гуравдугаар сарын 24-нд хуралдсан “Их Эе”-ээр Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн болон дэд тэргүүнийг орон тооны бус болгож өөрчилсөн. Гүйцэтгэх захирал л орон тооны байна, 15 тэргүүлэгч гол шийдвэрийг гаргана гэж шийдвэрлэсэн. Үүнийг их зөв бүтэц гэж үзэж байгаа. Хурлаар сонгогдсон цэцдийн зөвлөл дөрөвдүгээр сарын 4-нд хуралдаж, орон нутгийн бөхийн төлөөлөл, дэвжээдийн санал хүсэлтийг бичгээр авч дөрөвдүгээр сарын 30-ны дотор бөхийн барилдааны дүрмээ шинэчлэх зүйлүүдийг хэлэлцэж өөрчилье гэж төлөвлөсөн байсан. Харамсалтай нь Монгол бөхийн өргөө битүүмжлэгдэж, холбооны тамгыг давхардуулснаас энэ ажил гацаанд орсон. Тэргүүлэгчид мөн цэцдийн зөвлөл хамгийн түрүүнд бөхийн барилдааны шүүлтэд камер ашиглах, бөхийн барилдааны дүрэм, допинг зэрэг асуудлыг шинэчлэхээр төлөвлөсөн байсан. Барилдааны дүрмийн тухайд 21аймгийн бөхийн төлөөлөлийн санал бодлыг сонсоод барьц сонгооны дүрмийг өөрчлөх талаар зөвлөлдөх байсан. Энэ бол хэдэн хүний хүрээнд шийддэг асуудал биш юм. Орчин үед цаг хугацаагүй зүйл гэж огт байх ёсгүй, хоёр бөх удаан барилдаад дуусахгүй байвал яахав. Яаж шийдэх вэ, барьц сонгооноос өөр арга байх уу гэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Мөн камераар шүүх асуудлыг барилдааны дүрэмд оруулахдаа үндэснийхээ бөхийн онцлогийг харгалзаж шийдвэрлэнэ гэх ч юм уу олон зүйлүүд байгаа. Жишээ нь өрсөлдөгч бөхөө харцагадаж тэврээд, мордож байгаа барилдаан гарч гэж үзье, мордсон хөл нь салахгүйгээр нүдээр харахад яалт ч үгүй 100 хувь давж байгаа барилдаан. Үүнийг камераар шүүгээд 0,2 секундын барилдааныг олон арван дүрс болгоод харуулахаар залуучууд нэгэндээ “Чи дээр байгаа ч ороож мордсон өвдөг чинь түрүүлж хүрсэн байна, харцагадаж тэврээд давахдаа хоёр тохой чинь миний толгой хүрэхээс өмнө газар хүрч байгаа нь камерт харагдаж байна” гээд маргалдаад зогсдог болвол яах вэ. Иймээс камераар шүүнэ, гэхдээ барилдааны дүрэмдээ нарийн заагаад өгөхөд л болох асуудал. Камерийн бас нэг онцлог нь ихэнх камерууд нь хөлтэй, 1,2-1,5м өндрөөс аваад байгаа нь дэвжээтэй нэг түвшинд бус учир янз бүр харагдана. Үүнийг л бид мэдэх учир барилдааны дүрэмдээ зөв оруулаад өгвөл барилдаж байгаа залуус маань буруу шүүлт гэж гомдоллох нь эрс багасна.

-Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн асан Р.Нямдорж “Допинггүй Монгол бөх” төслийг эхлүүлж ид барилдаж байгаа дөрвөн ч бөхийн эрхийг хассан. Эрхээ хасуулсан зарим бөхчүүд хуулийн байгууллагад хандахаа мэдэгдэж байсан. Энэ талд та ямар бодолтой явдаг вэ?

-Дэлхийн нийтээр допинг гэдэг зүйлийг эсэргүүцэж байгаа. Цэвэр шударга өрсөлдөөн, бөхчүүдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор допингийн шинжилгээ авахаас өөр арга байхгүй. Залуу бөх тариа хийлгээд аваргыг давах уу гэдэг асуудал сүүлийн үед их яригдаж допингийн шалгалтыг авахаа болих хэрэгтэй гэж ухуулга хийх болж. Тийм зүйлгүй шүү нөхөд өө. Бид хоёр ижил түвшний бөх. Нэг нь эм тариа хийлгээд нэг нь шударгаар хөлсөө урсгах уу гэдэг асуудлыг хамгийн түрүүнд бодолцох хэрэгтэй. Допингийн тухай хууль Баяр наадмын 2003 оны хуулиар зохицуулагдаж явж байгаа. Үндэсний баяр наадмаар шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авна. Илэрсэн тохиолдолд цол чимгийг хураах эсвэл барилдах эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах заалт байдаг. Иймээс 2003 оноос наадамд допинг хэрэглэсэн бөхчүүдэд харилцан адилгүй шийтгэл оноогоод явж ирсэн нь бас маргалдах гол сэдэв болоод байгаа. Бид үүнийг баяр наадмын хуульд өөрчлөлт оруулах замаар засч залруулах хэрэгтэй. Биеийн тамир спортын бусад хуулиудтайгаа уялдаж байх ёстой болов уу. Одоо баяр наадмын бус заалны барилдааны үед допингийн шинжилгээ авч бөхчүүдийн барилдах эрхийг түдгэлзүүлээд эхэлсэн. Энэ ч хөгжил рүү нэг шат ахисан зөв алхам. Наадмын ба наадмын бус үед авсан допингийн шинжилгээнд ноогдуулах хариуцлага нь тодорхой, ойлгомжтой байх, мөн үүнтэй холбоотой хууль, дүрэм, журамыг нь тамирчид, бөхчүүд ягштал мөрддөг хатуу хуультай байх шаардлагатай. Энэ бол холбооны нэн тэргүүнд хийх ёстой ажлын нэг байх ёстой.

-Бөхчүүд допингийн талаар мэдлэг мэдээлэл хэр байдаг вэ. Хэрэглэж байгаа шалтгаан нь юу вэ?

-Би өөрөө барилдаж байсан хүний хувьд хэлье. Бөхчүүд допингийн талаар хамгийн сайн мэдлэгтэй. Ухуулга, таниулга, ном товхимолыг ч гаргасан байсан. Амжилтанд хэт яарах, бусдын буруу ухуулга буюу булчинг чинь хурдан томруулна, бас давхар чиний тийм бэртэлийг хурдан эдгээхэд энэ тариа эм нөлөөлнө, тэдэн төгрөгөөр нийлүүлье гэдэг штангийн багш нар, сайн дурын жижиг боди мастеруудын яриа миний үед ч байсан, одоо ч байгаа байх. Одоо допингийн шалгалтанд орж байгаа залуучуудын гол хардлага Допингийн эсрэг үндэсний төв, Олимпийн хороо гэдэг байгууллагууд, тэдгээрт ажиллагсадыг хардаж байгаа. Хардах хүний эрх, бас ийм санал гаргаж байгаа нь ч зөв. Холбоо нь жигдрээд эхэлбэл энэ шалгалтанд өмнө нь бүдэрсэн, одоо бүдрээд байгаа, цаашид бүдрэх магадлалтай болчихоод байгаа залуусынхаа санал гомдолыг тайлж, хуулийн хүрээнд нь болох бол Засгийн газрын зохих байгууллагынх нь дэмжлэгтэйгээр дээрх хоёр байгууллагын допингийн хариуг гаргаж байсан байдал, мөн шалгалт авсан лабороторынх нь хариуг тулгах зүйлийг хууль гарсан 2003 оноос нь гаргамаар санагдаж байгаа. Шударга зүйл заавал байх ёстой.

-Холбооны энэ маргаантай асуудал хэзээ шийдэгдэх вэ. Гарц гаргалгааг нь яаж харж байна ...

-Эвлэлдэж нийлээд явахгүй бол хууль шүүхийн асуудал цаашид хоёр гурван жилээр ч үргэлжлэх болов уу даа. Бидний зүгээс нийлээд хамтраад явья, хурлаа хийе гэсэн хүсэлтийг удаа дараа тавьсан. Сая тавдугаар сарын 18-нд хуралдахаар товлогдсон “Их Эе”-д Л.Чинбат тэргүүтэй нөхдүүд маань оролцохгүй гэсэн мэдэгдэл гаргасан. Тавдугаар сарын 24-нд эдгээр хүмүүстэй уулзах хүсэлтээ бичгээр явуулсан, ямар ч хариу ирүүлээгүй. МҮБХ-ны ажлыг цааш хэвийн үргэлжлүүлэхийн тулд олон талын буулт хийж байгаа. Одоогоор шийдэгдсэн юм алга. Монгол Улсын Ерөнхийлөгч хурлаа хий гэсэн шаардлагыг хүргүүлсэн болохоор хурлаа заавал хийх байх даа.

-Монгол бөхийн өргөө гэж олон хүн холхиж байсан байгууллага өнөөдөр гаднаасаа өнгө зүс их л муу харагдах юм. Ус тогны мөнгө гээд урсгал зардал явдаг л байх. Өрөнд орсон барилгыг улс аваад хувьчлах болов уу гэсэн хардлага бөх сонирхогчид дунд байна. Энэ талаар таны бодол?

-Маргаан зогсохгүй үргэлжлээд байхад хүмүүс янз бүрээр л хардаж байгаа. Үүний нэг нь энэ хувьчлах асуудал. Энэ бол зүгээр л нэг таамаг болов уу. Манай А.Сүхбат дархан аварга маань энэ сарын 06-нд “2002 оны цэцдийн зөвлөл хууль бус” гэсэн ярилцлагадаа Л.Чинбат захирал тэргүүн болвол бөхийн өргөөний гадна талыг гоё болгоно, душтэй, бөхчүүд усанд ордог болгоно гээд гоё гоё зүйл төлөвлөж байгаа юм билээ гэсэн байгаа. Бөхийн өргөө 20 жилийн өмнө баригдсан учраас үнэхээр өнгө үзэмж муудсан байгаа. Тэр үеийн барилгын материал, техник технологи нь одоо үетэй харьцуулшгүй. Би тамирчин нь байсан “Авзага Трейд” компани мөн “Эрэл” компаниуд л зах зээл гээд зогссон байсан барилгын салбарыг сэргээж тоосгон 5, 6 давхар орон сууцнуудаа барьж ашиглалтанд өгч байсанг санаж байна. Ийм үед л бөхийн өргөө баригдаж ашиглалтанд орсон учир гадна фасад, доторх агааржуулалт, сантехник зэрэг нь одоогийн шинэ барилгуудтай яаж эгнэх вэ. Урсгал засваруудаа харин хийж ирсэн юм билээ. Наймдугаар “Их Эе”-ээс сонгогдсон тэргүүлэгчид маань хэлэлцээд энэ зун засвар хийхээр төлөвлөөд байсан ч нөхцөл байдал ийм болоод байна. Бид бол холбооны дэргэд бөхийн өргөө байна. Холбоо гүйцэтгэх захиралтай байна. Тэр хүн менежментээ сайн хийгээд байгууллага өөрийгөө санхүүжүүлээд өргөөний гадна их засвар, дотор сангийн асуудал зэргээ зохицуулаад явах боломжтой гэж үзсэн юм. Тиймдээ ч гүйцэтгэх захиралаар Б.Сайнбаяр заан маань томилогдсон. Б.Сайнбаярыг маань хэн бэ гэдгийг бөхчүүд, бөхийн хүрээнийхэн сайн мэднэ дээ. Энэ тун зөв томилгоо гэж залуучууд бид үзэж байгаа. Тэргүүлэгчид бид холбооноосоо цалин авахгүй ажиллана. Бид бөхийнхөө буянаар өдий зэрэгтэй амьдарч байгаа хүмүүс бас аймаг, аймгийн голлох бөхчүүд байна даа өөрсдөөсөө мөнгө гаргаад, ах дүү, найз нөхдөөсөө дэмжлэг аваад ч болтугай бөхийн өргөөнийхөө гадна талыг өнгө үзэмжтэй болгоод засчихаж чадна аа. Прокурорын байгууллага битүүмжээ арилгаад энэ маргаан нь цэгцэрвэл дээрх ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа. Гол нь цаг хугацаа л хайран байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ц.Магалжав: МҮБХ-ны тамгыг Л.Чинбатад олгосон асуудал нь шүүхийн байгууллагаар шалгагдаж байгаа  
Үзсэн: 856 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.70.34.xxx] 2018-05-29 11:56
Хар баянаа жижиг сүхээ 2 нээрээ муу хүмүүс юмаа
haan [112.72.11.xxx] 2018-05-29 11:39
Mongol holboog dej Jalganii holboog tsutsal

Бидэнтэй нэгдээрэй