Шууд Chart

Уламжлалт хүүхдийн харваа 21 дэх жилдээ болно

2018-05-30 19:31:48

Монгол Улсын хүндэт мэргэн Даржаагийн Жамбын нэрэмжит үндэсний сурын хүүхдийн харваа 6 сарын 1-нд 21 дэх жилдээ Үндэсний сурын талбайд болох гэж байна. Д.Жамба нь үндэсний сурын харвааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн бөгөөд ялангуяа хүүхэд багачуудыг сургах, эртний уламжлалт нум сум урлах арга ухааныг хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх үйлст олон жил зүтгэжээ.

Түүний нэрэмжит хүүхдийн сурын харваа нь жил бүр Хүүхдийн баярын өдөр буюу 6 дугаар сарын 1-нд болдог уламжлалтай бөгөөд хот хөдөөгийн харваач хүүхдүүдийн оролцох хамгийн дуртай тэмцээн нь юм. 1998 онд уг тэмцээнийг харваачийн том хүү, Монголын хүүхдийн нэрт зохиолч Жамбын Дашдондог анх санаачилсан бол эдүгээ харваачийн үр хүүхдүүд, ач зээ нар нь ивээн тэтгэж, Монголын үндэсний сурын холбоотой хамтран уламжлал болгон зохион байгуулсаар байна.

“Нуман даа ч мэргэн, номондоо ч мэргэн яваарай” хэмээх харваач Д.Жамбын захиас үг нь тэмцээний уриа үг болсоор байна. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй эхний таван байрыг 4 насны ангиллаар тус тус шалгаруулахын хамтаар хамгийн хол харвасан хүүхдийг “Есүхэй мэргэн”, хамгийн мэргэн оносон хүүхдийг “Эрхий мэргэн”-ээр шалгаруулах зэрэг олон сонирхолтой тэмцээн явуулдаг нь үзүүштэй болгодог юм.

Сонирхсон хүмүүс Ж.Сүнжидмаа /99100430/, Д.Боролзой /9901802/ нартай холбогдож тэмцээний талаарх мэдээллийг авч болох аж.




Уламжлалт хүүхдийн харваа 21 дэх жилдээ болно  
Үзсэн: 554 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй