Шууд Chart

"Улаанбаатар" дэлхийн гран приг Словений шигшээ Пиран баг тэргүүлэв

2018-06-05 09:27:43

"Токио-2020" олимпийн наадмын хөтөлбөрт багтсан, 3x3 төрлийн баг тамирчдад олимпийн эрхийн оноо олгох "Улаанбаатар" дэлхийн гран при тэмцээн энэ амралтын өдрүүдэд Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Нийт 20 мянган ам.долларын шагналын сантай уг тэмцээнийг “М-Си-Эс” группийн “М-Си-Эс Кока-Кола” компани ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллан хамтран зохион байгуулав.

Уг тэмцээнийг урьдчилсан дэлхийн аварга хэмээн нэрийдэж, олон оронд амьсгаа даран үзсэн байна. 

Учир нь энэ сарын 8-12-нд Филипин улсын Манила хотод болох 2018 оны ФИБА 3х3 төрлийн дэлхийн аваргад оролцох, чансаагаараа тэргүүлэгч багууд болох Poland, Russia, Serbia (2017 оны дэлхийн аварга), Slovenia, улсын баг оролцсон юм. 

Тус тэмцээний тэргүүн байрт дэлхийн чансааны дөрөвдүгээрт бичигдэж буй Словений шигшээ Пиран, хоёрдугаар байранд Австралийн Мельбурн, гуравдугаар байранд дэлхийн шилдэг тамирчдаас бүрдсэн Сербийн Novi Sad баг шалгарсан юм. 

Харин манай Улаанбаатар Хангарьд баг тэмцээний “D” хэсэгт багтаж, эхний тоглолтондоо Тэнүүн Өлзий багийг 22-14 харьцаатай хожиж, дараа нь Канадын шигшээ Саскатоон багт 17-8 харьцаатай хожигдож хэсгээсээ хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарсан юм.

Улмаар 8/1 шигшээ тоглолтод ОХУ-н шигшээ Москва багийг 13-11-ээр буулган авсан хэдий ч хагас шигшээ тоглолтод Австрали улсын Мельбурн багт 21-13-аар хожигдож тэмцээний дөрөвдүгээр байрт шалгарсан юм.

Харин Ховд баг 3x3 төрөлд эрэмбээрээ №1 баг болох Novi Sad багтай хэсэгтэй гайхалтай өрсөлдөөнийг үзүүлж бараг л буулгаж аваад хожигдсон юм. Өсөж яваа залуу багийн хувьд дэлхийн шилдэг тоглогчдоос бүрдсэн багтай эн тэнцүү өрсөлдөж тоглолтыг нь эвдэж байгаа нь чамгүй амжилт гэж дүгнэж болохоор байна. 

Улаанбаатар дэлхийн гран при тэмцээнээс эхний хоёр байрт шалгарсан багууд “Kuala Lumpur” их дуулгад орох эрх хүртэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Улаанбаатар" дэлхийн гран приг Словений шигшээ Пиран баг тэргүүлэв  
Үзсэн: 331 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй