Шууд Chart

“Айдас”-гүй уурхайчид

2018-06-05 12:50:57

Хэнтий аймгийн Бэрх тосгон. Зургаагаас долоон метрийн гүнтэй жоншны уурхайн аман дотор тэр дээр хоорондоо ярилцах хүмүүсийн дуу бүдэг бадаг сонсогдож, хааяа тэдний хөлийн уланд хөндөгдсөн шороо, жижиг чулууны хэлтэрхий хамгаалалалтын каскны дээрээс унах нь мэдэгдэнэ. Эргэн тойрон хүний гараар сийчүүлж, ёрдойж сэрийсэн хадны ирмэгтэй хүйт даасан газрын гүнд айдас төрүүлэм. Өргөөшөө нэг хүн багтах, уртаашаа бол хаана очиж, хэзээ дуусах нь үл мэдэгдэх энэ нүхэн дунд удаан байх нь таагүй мэдрэмж төрүүлнэ.

Бид хөдөлмөр хамгааллын бүрэн хэрэгсэл, зориулалтын өргөгч  төхөөрөмжийн тусламжтайгаар энэ нүх рүү орсон нь энэ. Энд хэдхэн жилийн өмнө ямар ч хамгаалалтын хэрэгсэл өмсөж, аюулгүй байдлаа хангаагүй, хэдэн зуун хувиараа ашигт малтмал олборлогч иргэд хууль бусаар жонш олборлож байв. Нинжа гэж нэрлэгддэг энэ хүмүүсийн дунд хүүхэд, эмэгтэйчүүдээс эхлээд өөрийн биедээ ахадсан хүнд хөдөлмөр эрхэлж, амьжиргаагаа залгуулдаг иргэд олон байлаа. Тэдний нэг бол өнөөдөр хариуцлагатай бичил уурхайг хөгжүүлэхэд гар бие оролцож яваа Хэнтий аймгийн “Хариуцлагатай бичил уурхайн нэгдсэн дээвэр” холбооны тэргүүн Н.Нацагмаа юм.

Түүний хувьд анх нутагтаа нягтлангаар ажиллаж байгаад бие нь өвдөж, улмаар 3-4 сарын цалингийн урьдчилгаа авч эмчилгээ хийлгэжээ. Гэвч дахиад эрчимтэй эмчилгээний мөнгө хэрэгтэй болж аргагүйн эрхэнд ажлаасаа гарсан. Ингэж яваад хувиараа ашигт малтмал олборлохоор шийдсэн байна.

“Бэрхийн уурхай нь 1954 онд ашиглалтанд орж, 2000 оны эхээр үйл ажиллагаа нь зогссон байдаг. Үүний дараа хувиараа ашигт малтмал олборлогч иргэд уурхайн үлдэгдэл илэрц, хуучин цооногийн нүхийг ашиглаж, хууль бусаар жонш олборлож эхэлсэн. Жонш олборлох ямар ч ойлголт мэдлэггүй, хамгаалалтын хувцас хэрэгсэл, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны тухай анхан шатны мэдлэггүй хүмүүс хамгийн доод тал нь 5 метр, цаашлаад 50 метр, 100 метр, 400 метр хүртэл үргэлжлэх харанхуй нүхэнд ажиллаж байв. Эрчүүд нь газрын гүнээс жонш гаргана, эмэгтэйчүүд жоншийг нь шорооноос ялгана. Ингэж ялгасан жоншоо таваас арвуулаа нийлж, ачааны машинд ачаад Бор-Өндөр сум руу аваачиж, борлуулахаар явдаг байж. Харин энэ бүх ажлын ард үргэлж айдас хүйдэстэй. Хууль бус үйлдлийн улмаас хөөгдөж, туугдаж хэн нэгэнд баригдахгүйн тулд хаанаас ч хамаагүй жонш олборлоно, жоншоо борлуулах гэж яваад баригдана, өөрсдөө хуулийн хариуцлага хүлээнэ, энэ болгоныг сөрж амьдралаа залгуулна гэдэг хэцүү байсан” гэж Хэнтий аймгийн “Хариуцлагатай бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо”-ны тэргүүн Н.Нацагмаа ярьж байлаа.

Харин өнөөдөр тэд ямар ч айдасгүй бичил уурхай эрхэлдэг болжээ. Бэрх тосгоны иргэд “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох” журмын дагуу сайн дураараа 20-н нөхөрлөл байгуулсан байна. Нэг нөхөрлөл нь есөн гишүүнтэй. Тэд олсон орлогоо тэнцүү хувааж, эрүүл мэнд, нийгмийн даатгалаа төлдөг. Мөн сум орон нутагтаа татвар төлж, нийгмийн хариуцлага хүлээдэг болжээ.

Гурван бухтын толгод төрийн бус байгууллагын тэргүүн Д.Цэндсүрэн “Бид журмын дагуу зургаан байршилд, тамгын газартайгаа гурвалсан гэрээ байгуулж, жонш олборлож байна. Тухайн газрын жоншны судлаас хамаарч өдөрт 100 кг-аас 10 тонн хүртэл олборлох боломжтой. Олборлосон жоншоо сорьцоос нь хамаарч 200-400 мянган төгрөгийн ханшаар Бор-Өндөр суманд борлуулдаг” гэлээ.

Одоогоор Бэрх тосгонд 5-6 жил бичил уурхай эрхлэх жоншны нөөц байна гэсэн судалгаа байдаг. Гэтэл хуучин уурхайн амнууд 400 метр хүртэл яваад гүний усаар дүүрч эхэлсэн нь бичил уурхайчдад хүндрэл үүсгэж байна. Иймээс сум орон нутгийн төсөв болон бусад санхүүжилтийн эх үүсвэрээр ус соруулдаг төхөөрөмжтэй болохоор төлөвлөсөн. Ийнхүү хуучин Бэрхийн уурхайд ажиллаж байсан ахмадууд болон тэдний үр хүүхдүүд өөрөө өөрсдөө, газрынхаа үр шимийг хүртэж, амьдрал ахуйгаа залгуулж, сум орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулж явна.

“Эзэн”-тэй нутаг

Монгол улсын Засгийн газраас 2013 онд “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох” журам баталж, улмаар өнгөрсөн онд шинэчлэн батлаад байна. Ингэснээр хувиараа ашигт малтмал олборлогч иргэд тухайн орон нутагтаа нэгдэн нөхөрлөл байгуулж, үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд бичил уурхай эрхлэх боломж бүрдээд байна. Шинэ журам гарснаар нөхөрлөлүүд дундаа сан байгуулж, олборлолт явуулсан талбайдаа нөхөн сэргээлт хийж байгаль орчноо хамгаалах, эрүүл мэнд, нийгмийн даатгалаа төлөх, орон нутагт ажлын бий болгох зэрэг олон давуу талтай болжээ. Анх эрхзүйн зохицуулалт байхгүй байхад нэг хүн сард 53 мянган төгрөгийн татвар төлдөг байсан бол өнөөдөр нэг хүн 260 мянган төгрөгийн татварыг сум орон нутагтаа төлж байна. Ийм бичил уурхайн бас нэгэн жишээ бол Хэнтий аймгийн Батноров сумын “Амлалтын нутаг” нөхөрлөл юм. Амлалтын нутаг нөхөрлөлийн тэргүүн Т.Баатарчулуун “Бид энэ оны 4-р сарын 15-наас 9-н хүнтэй нөхөрлөл байгуулсан. Мөн дөрвөн гэрээт ажилтантай. 5-р сарын нэгнээс 15-ныг хүртэл газрын хөрсөө хуулснаас хойш, олборлолтын ажил эхлээд 13 хонож байна. Энэ хугацаанд нийт 100 тонн жонш олборлосон” хэмээн ярилаа.

Бичил уурхайчид гэхээр хаа хамаагүй газар ухаж сэндийчээд явдаг хүмүүс гэдэг ойлголт ард хоцорсон. Тэд нийгмийн өмнө хариуцлага хүлээж сумын орон нутгийн хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулж, мөн нийгмийн хариуцлагын дагуу байгаль орчин болон нийгэм рүүгээ чиглэсэн олон ажлыг санаачлан хийдэг болжээ. Үүнийг “Норовлин хамтын хүч” төрийн бус байгууллагын гишүүд үлгэрлэн үзүүлсэн байна. Энэ төрийн бус байгууллагыг 2014 онд үүсгэн байгуулж, өнөөдөр 5 нөхөрлөлийн 45 гишүүнтэй үйл ажиллагаа явуулдаг. Тэд Норовлин сумын Хар чулуут гэдэг газар байрлах хуучин “Баян-Эрдэс” компани олборлоод эдийн засгийн үр ашиггүй гэж үзсэн алтны шороон ордны овоолго шороог угаадаг байна. Энэ бол Хэнтий аймагтаа алтны шороон орд ашигладаг ганцхан төрийн бус байгууллага юм.

Одоогоос 8-9 жилийн өмнө энд хэдэн мянган нинжа нар цуглаж, нийт 35 га талбайг эвдэж сүйтгэсэн байдаг. Иймээс Норовлийн хамтын хүч ТББ-ынхан өөрсдийн санаачлагаар 2 га талбайг гар аргаар нөхөн сэргээж, дараа нь Азийн сангийн хөрөнгө оруулалтаар 6,5 га талбайд жишиг нөхөн сэргээлт хийжээ. Үүнээс хойш Норовлин суманд алт ухах гэж газрын хөрс эвддэг байдал зогссон. Норовлин хамтын хүч ТББ-ын С.Мөнхсарнай “Бид компанийн ашиглаад дууссан шороон ордыг гурвалсан гэрээний дагуу ашигладаг. Ингэснээр нутаг орон маань хариуцсан эзэнтэй, уурхайчид зохион байгуулалттай болж байна. Хэн дуртай нь газар ухаж, сэндийчдэг байдал зогслоо. Хуучин нинжа нарын сүйтгэсэн газрын нөхөн сэргээж эхэллээ. Жилд сум орон нутагтаа 10 гаруй сая төгрөгийн татвар төлдөг гээд олон давуу тал бий болж байна” гэсэн юм.

Норовлин хамтын хүч ТББ-ын таван нөхөрлөл газрын хөрс эвдэхгүйгээр компанийн үлдээсэн овоолго шороотой нийт 4 га талбайд олборлолт явуулж байна. Олборлосон алтаа бичил уурхай эрхлэх гурвалсан гэрээний дагуу Баян-Эрдэс компаниар дамжуулан Монгол банкинд тушаадаг. 2017 онд л гэхэд  800 грамм алт олборлосон байна. Одоогийн байдлаар Хэнтий аймагт албан ёсоор бүртгэлтэй 16 нөхөрлөлийн 120 хүн бичил уурхай эрхэлж байна. Тэд өмнө нь тогтсон ажилгүй, амьжиргааны түвшнээс доогуур орлоготой иргэд байсан бол өнөөдөр тогтмол ажил орлоготой болж, амьдралын түвшин нь сайжиржээ.

“Тогтвортой бичил уурхай” төсөлд 6 сая гаруй Швейцарь франк зарцуулсан

Энэ бол бичил уурхайчдыг нэгтгэж зохион байгуулахын тулд 2005 оноос Монгол Улсын Засгийн газар Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлсэн “Тогтвортой бичил уурхай төсөл”  төслийн үр дүн юм.  Төслийн хэвлэл мэдээллийн эксперт Ц.Тансагмаа “Тогтвортой бичил уурхай төслийг уурхайчдын эрх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах, нэгдсэн зохион байгуулалтад оруулах зорилгоор хамтран 13 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Өнөөдөр бичил уурайчид албажиж, зарим төрийн бус байгууллагууд нөхөн сэргээлт хийсэн сайхан жишээг бид харж байна. Энэ жилээс уурхайчид олборлосон алтаа сорьцлуулж, Монгол банкинд тушаахаар болсон. Иймээс алт сорьцолж авах нэг цэгийн үйлчилгээг Дархан хот, Баянхонгор аймагт байгуулахаар төлөвлөж байна. Энэ төслийг 2005 оноос 4-н үе шаттай хэрэгжүүлж, нийт 6 сая гаруй Швейцарь франк зарцууллаа. Одоо төсөл хэрэгжээд ерөнхийдөө дуусч байна. Цаашид уурхайчид өөрсдөө асуудлаа шийдээд явах бүрэн боломжтой болсон” гэв.

Хүний эрхийн үндэсний комиссын референт З.Бадмаараг “Бичил уурхайчдыг хүний эрхийн тухай ойлголттой болгох, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд сургах, өөрсдийн эрх ашгийг хамгаалах мэдлэг мэдээлэлтэй болгох үүднээс Хүний эрхийн үндэсний комиссоос, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран сүүлийн зургаан жил тогтмол сургалт зохион байгуулж байна. Сүүлийн үед хүний эрхийн сургалтууд мэргэшсэн шинжтэй болж, бичил уурхайчид өөрсдөө сургагч багшаар ажиллаж эхэлсэн” гэж онцоллоо.

2017 оны 11-р сард Хэнтий аймгийн бичил уурхайчид өөрсдийн эрх ашгаа хамгаалах “Хариуцлагатай бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо”-г байгуулсан байна. Тэд ингээд зогсохгүй нийгмийн хариуцлагын хүрээнд эмнэлэг, цэцэрлэгийн байгууллагуудаар сайн үйлсийн аян зохион байгуулж, амьжиргааны түвшин муутай айл өрхүүдэд түлээ нүүрсний дэмжлэг хүртэл үзүүлжээ. Хэнтий аймгийн Батноров сумын засаг дарга Г.Тайванжаргал “Бичил уурхайчидтай нийгмийн хариуцлагын гэрээ хийдэг. Ингэснээр зөвхөн хандив тусламж гэхээс илүү болзошгүй гамшгийн үед яах ёстойг зааж өгсөн. Өмнө нь Батноров суманд түймэр гарахад хэн ч ирэхгүй бүгд нүхэн дотроо бүгдэг байлаа. Харин өнөөдөр түймэр гарвал бүх нөхөрлөлүүд өөрсдөө хувцас хэрэглэл, бензин шатахуунаа гаргаад хүрээд ирдэг болсон” гэлээ.

Нэгэн цагт нинжа нарын хөлд үрэгдэх шахсан газар нутгаа бичил уурхайчид ийнхүү эзэнтэй болгожээ. Харин дараагийн нэг өдөр байгалийн баялаг шавхагдвал яах вэ? Тэд үүнийг тооцож зөвхөн бичил уурхай эрхлэхийн хажуугаар хоёрдогч амьжиргааны эх үүсвэрээ шийдэж эхэлсэн байна. Тухайлбал, Ховд аймгийн Буянт сумаас ирж, жоншны уурхайд ажиллаж байсан залуу Хэнтий аймгийн Батноров суманд шийгуа ургуулж, аймгийн аварга ногоочин болжээ. Ийнхүү Ховдын шийгуаг Хэнтий аймагт ургуулсан Дөкөнөгөөс эхлээд, мал маллах, жижиг дунд үйлдвэр эрхлэхээс эхлээд бүгд хоёрдогч амьжиргааны эх үүсвэртэй болохоор зорьж байна. Тэд айдасгүй, амар тайван амьдралыг нутаг орондоо цогцлоох, холын бодол тээжээ.

Нэвтрүүлгийг ЭНД дарж сонсоно уу.

Нийтэлсэн: МҮОНР-ийн редактор Г.Батзаяа

Нийтэлсэн: Г.Батзаяа

“Айдас”-гүй уурхайчид  
Үзсэн: 2006 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Нүглийн нүдийг гурилаар хуурах [64.119.17.xxx] 2018-06-05 15:53
Шинэ хувцсаа өмсөөрэй, ширээнийхээ бүтээлгийг солиорой
Зочин [202.179.2.xxx] 2018-06-05 15:42
хувцас хэрэглэлүүд нь дандаа шинэ, бараг эвхээснийхээ оромтой байсан. Шинэ хувцсаа өмсөөрэй, ширээнийхээ бүтээлгийг солиорой гэдэг шиг л юм болсон бололтой. Бусдаар бол мундаг байлаа.
Зочин [202.70.34.xxx] 2018-06-05 13:33
Харин тиймээ, тэгээд дараа нь нөхөн сэргээчээд байвал болж байна шдээ
Зочин [64.119.19.xxx] 2018-06-05 13:00
ӨӨРСДӨӨ УХАЖ БАЙСАН НЬ ЗӨВ ДӨӨ.

Бидэнтэй нэгдээрэй