Шууд Chart

"Их 7"-гийн дээд уулзалт хамтарсан мэдэгдэл гаргаснаар өндөрлөв

2018-06-10 19:50:00

Канадын Квебек мужийн Ла Мальбе  хотод "Их 7"-гийн дээд уулзалт хамтарсан мэдэгдэл гаргаснаар өндөрлөөд байна. Найман хуудас бүхий энэ хамтарсан мэдэгдлийг "Их 7" орон  бүгд  дэмжсэн тухай  Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо мэдэгдсэн юм.  

Энэ мэдэгдэлдээ "Их 7" орны удирдагчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаар санал зөрөлдөөн байгааг хүлээн зөвшөөрч, ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг Минскийн гэрээний хэрэгжилттэй уялдуулахаа баталж жендэрийн  тэгш  эрхийг хангах  тохиролцоонд хүрснээ  тэмдэглэсэн  байгаа юм байна. 

Харин АНУ-ын Ерөнхийлөгчийн  ган, хөнгөн цагаанд импортын гаалийн татвар ногдуулах маргаантай асуудлаар чөлөөт худалдаанд саад учруулах гаалийн татвар, татаас болон бусад саад тотгоруудыг бууруулахыг чармайж байгаагаа хамтарсан мэдэгдэлдээ илэрхийлсэн байна.  Ийнхүү Канадын  Ерөнхий сайд "Их 7" орон  бүгд  энэхүү хамтарсан мэдэгдлийг дэмжсэн тухай мэдэгдсэн. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сингапурыг  зорьж  явахдаа  олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа албан ёсны төлөөлөгчдөдөө хамтарсан мэдэгдлийг дэмжихгүй байх үүрэг өгснөө бичсэн  байна. 

"Их 7"-гийн дээд уулзалтын өмнө л АНУ болон аж үйлдвэр өндөр хөгжсөн орнуудын энэ клубт багтдаг бусад улс орнуудын хооронд цөөнгүй  асуудлаар санал зөрөлдөөн үүссэнээс болоод хамтарсан мэдэгдэл гаргаж чадалгүйгээр дээд уулзалт өндөрлөх байх гэсэн болгоомжлол гарч байсан.   Санал зөрөлдөөнтэй асуудлуудад нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийх тэмцэл, ган, хөнгөн цагааны татвар, Ираний цөмийн хөтөлбөртэй холбоотой  гэрээ  зэрэг багтаж байсан юм. 

Гэхдээ Канадын Ерөнхий сайд Квебекийн дээд уулзалтыг амжилттай болсонд тооцож байгаагаа илэрхийлсэн. Хямралт  нөхцөлд  байгаа улс орнуудын  эмэгтэйчүүдийн боловсролд 4 тэрбум ам.доллар хуваарилах тохиролцоонд "Их 7" орон хүрснийг жишээ болгон мэдээлсэн юм. Канад улс  "Их 7"-г  тэргүүлэх хугацаандаа жендэрийн тэгш эрхийг хангах асуудалд онцгой анхаарлаа хандуулж байсан учир ийнхүү зорилгодоо хүрсэн гэж үзэж  байгааг мэргэжилтнүүд тэмдэглэж байна. 

Ирэх жил Франц улс "Их 7"-г  тэргүүлэх болно. Үүнтэй холбоотойгоор дараагийн дээд уулзалтыг Францын Биарриц хотод зохион байгуулахаар  төлөвлөж байгаагаа тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгдсэн юм.



Нийтэлсэн: Б.Түвшинжаргал

"Их 7"-гийн дээд уулзалт хамтарсан мэдэгдэл гаргаснаар өндөрлөв   
Үзсэн: 662 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй