Шууд Chart

О.Ананд: “Зайлуул энэ хүү ээжгүй гэсэн. Ядаж байхад аав нь ч архи уудаг юм билээ” гээд харсан юм шиг хэлдэг хүн олон байсан

2018-06-12 10:38:11

МҮОНРТ-ийн шинэ уран бүтээл “Эрт нахиалсан сарнай” олон ангит уран сайхны киноны Сонорын дүрд тоглосон О.Анандтай ярилцлаа. Уншигчид түүнийг багадаа Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн “Ижийтэйгээ байхад би баян байсан”, “Цэцгэн эрхи” шүлгийг уншсанаар нь эчнээ мэдэх байх аа.

-МҮОНТ-ийн үзэгчид та бүхний бүтээсэн киногоор амьсгалж байна. Сонор таны хэд дэх дүр вэ?

-Анхны гол дүр. Өмнө нь “Рашаантын арван найм”, “Ээжүүд”, “Хөгжилтэй гэр бүл” киноны туслах дүрд тоглосон. “Рашаантын арваннайм”-аас бусад нь олон ангит уран сайхны кино.

- "Эрт нахиалсан сарнай" киноны шалгаруулалтад та өөрөө орсон уу, эсвэл найруулагч санал тавьсан уу?

- Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн олон улсын эдийн засагч мэргэжлээр сурч төгсөөд ажиллаж байхад ерөнхий найруулагч Б.Гантулга ах намайг “Ах нь ийм кино хийх гэж байгаа. Чи шалгаруулалт өгөөд үзэх үү” гэсэн санал тавьсны дагуу ирж пробонд орсон.

-Шалгаруулалтанд тэнцсэнийхээ дараа гол дүрд тоглохоо мэдсэн үү?

-Найруулагч надад хэлсэн.

- Сонор бол гол дүрийн охины ах. Бодит амьдрал дээрээ та дүүтэй юу?

- Дөрвөн дүүтэй, айлын том нь. Тэр ч утгаараа ах нь болж тоглоход арай дөхөм байсан. Гэхдээ би эмэгтэй гол дүрд тоглосон П.Номинзаяагаас дүү шүү дээ. Мөн киногоо үзээд сууж байхдаа дүрээ дутуу гаргасан зүйл олон байх шиг санагдсан. Намайг энэ кинонд тоглох болсныг гэр бүлийнхэн маань сонсоод маш их дэмжсэн. Олон хоног гэрээсээ хол яваад ирэхэд аав, ээж “Миний хүү мэргэжлийнхээ ажлыг хийгээд явах нь дээр юм биш үү” ч гэж хэлж байсан.

-Киноны зарим хэсэгт та огцом ууртай залуугийн дүрийг бүтээдэг. Нүүр тулаад ярилцаад суухад эсрэгээрээ юм. Өөртөө байхгүй зан аашийг гаргахад ямар санагдав?

- Үүнд ерөнхий болон туслах найруулагчийн үүрэг маш их бий. Мэдээж би дүрээ сайн бүтээхийг хичээсэн. Тэгээд ч хэн ч бай нас биед хүрээгүй, дүү охиноо насаар хамаагүй ах, огт танихгүй залуутай яваад ор сураггүй алга болчихоор ямар ч зан гаргаж мэднэ шүү дээ.

-Бодит байдал дээр та уурлахаараа ямар ааш гаргадаг вэ?

- Дүү нар маань намайг “Муухай хардаг” гэдэг. Зураг авалт эхлэхээс өмнө гэртээ дүрээ давтаж байхдаа том дүүгээсээ асууж, нэлээн зөвлөгөө авсан. Дүү маань одоо нэгдүгээр курст сурч байгаа. Кино багийнхантайгаа байрлаж байхдаа ч би “Ах нь ийм хэсэгт яавал дээр вэ” гэж утсаар асууж байсан.

- Таны найз болж тоглодог Г.Жанчив танай хамаатан гэсэн үү?

- Үгүй, үгүй. “Рашаантын арваннайм” кинонд миний ах болж тоглож байсан юм. Надаас ах хүн л дээ. Амьдрал дээр ах шигээ хүндэлдэг хүнээ “Анд аа” гээд далан дээр нь алгадаад авах эвгүй л юм билээ. Г.Жанчив ах “Мааз” хамтлагт дуулж, жүжиглэдэг.

- Одоо та хаана ажиллаж байна вэ. Шүлэг уншдаг хэвээрээ юу?

-Ажлаасаа түр завсарласан байгаа. Киногоо хүлээж үздэг л ажилтай болоод байна даа. Жаахан байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн “Цэцгэн эрхи” шүлгийг унших үед яруу найраг сонирхдог хүүхэд ховор байсан шиг санагддаг. “Уран жиргээ”, “Хүрэл тулга” наадам болоход чин сэтгэлээсээ сонирхдог цөөхөн хүүхэд л сургуулийнхаа нэрийн өмнөөс оролцдог байсан. Тийм үед үеийнхнийхээ төлөөлөл болж шүлэг уншдаг байсандаа баярладаг.

- Тухайн үед та уран уншлагын багштай байсан уу?

- “Шаанс” агентлагийн захирал Нарантуяа, Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Чаминчулуун багш нар зааж зөвлөж байсан. Мөн гавьяат жүжигчин У.Батбаатар, хүү Анхбаяртайгаа маш их тусалсан.

- Одоо зарим арга хэмжээнд уригдаж, шүлгээ уншиж байна уу?

- Хүүхдүүдийн төрсөн өдрөөр Б.Лхагвасүрэн гуайн “Ижийтэйгээ байхад би баян байсан”, “Цэцгэн эрхи” шүлгийг уншихад тохиромжгүй. Харин хүнд хүрсэн эдгээр шүлгийг зарим тоглолтод урилгаар уншихад үзэгчид “Өнөө хүү чинь ийм том болчихсон юм байна шдээ” гээд улам дотно хүлээж авдаг.

- Дээрх шүлгийг уншиж байхад таныг хүмүүс “Ээжгүй юм байна” гэж боддог байсан гэсэн. Та тэгж хэлсэн хүнтэй нүүр тулж байв уу?

-Таарч байсан. “Аавдаа хэлэх үг” гэдэг дууг дүү маань дуулж, намайг шүлгийг нь уншихад хүмүүс “Зайлуул энэ хүү ээжгүй гэсэн. Ядаж байхад аав нь ч архи уудаг юм билээ” гээд харсан юм шиг хэлж байсан. Гэхдээ тэр үг надад урамшмаар санагдсан. Миний уншилт хүмүүст хүрээд байна шүү дээ. Мөн надаас “Чи нээрээ ээжгүй юм уу” гэж асууж байсан хүн бий.

-Гэхдээ зохиогч нараас нь зөвшөөрөл авч уншдаг биз дээ?

-Тийм. “Бас л завгүй-1” тоглолтод Б.Лхагвасүрэн гуайн “Цэцгэн эрхи”, О.Дашбалбар агсны “Амьддаа бие биенээ хайрла” шүлгийг уншсан. Тэр үед Б.Лхагвасүрэн гуайгаас өөрийн биеэр очиж зөвшөөрөл авсан. Тэр үед эрхэм найрагч маш сайхан хүлээж авсан.

-Тухайн үед танаар шүлгээ уншуулах хүсэлт тавьж байсан найрагчид байсан уу?

-Цөөхөн хэдэн хүнээс тийм санал ирсэн. Гэхдээ би мэргэжлийн уран уншигч биш шүү дээ. Намайг анх шүлгэнд дурлахад нөлөөлсөн хүн бол “Kiss” ФМ"-ийн захирал Өнөрөө ах. Тэр хүн “Бас л завгүй-1” тоглолтод хүүхдээр шүлэг уншуулж оруулах гэсэн юм гэсэн санаа гаргасан нь аз болж надад ирсэн. Тэр тоглолтын тайзан дээр анх гарахдаа би шүлгээ мартаж, таг дуугүй зогссон. Өвдөг, гар маш их чичирч байсан. Хөдөлгөөнгүй зогсож байсан хэрнээ духны хөлс урсаж байлаа. Шүлгээ мартаад таг дуугүй болсон ч үзэгчид надад урам өгч алга ташхад би амьсгаагаа гүнзгий аваад шүлгээ дахин эхлүүлж дуусгасан.

-Бидний ярилцлагыг уншсан зарим бүсгүй таныг найз бүсгүйтэй болов уу гэж бодож магадгүй ...

-/инээв/. Одоогоор найз бүсгүй байхгүй ээ.

-Ярилцсанд баярлалаа.

   

Нийтэлсэн: У.Баярсайхан

О.Ананд: “Зайлуул энэ хүү ээжгүй гэсэн. Ядаж байхад аав нь ч архи уудаг юм билээ” гээд харсан юм шиг хэлдэг хүн олон байсан  
Үзсэн: 16317 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.179.27.xxx] 2018-06-14 14:03
Хамгийн сүүлийн зураг дээр байгаа чамтай хамт авахуулсан 3 жүжигчин цагтаа үнэхээр царайлаг жүжигчид байсан, Дүүгээс илүү царайлаг залуучууд байж билээ
Зочин [103.10.22.xxx] 2018-06-14 13:07
шүлэг уншихыг нь үзээ уйлсан шүү дүүдээ амжилт
varaneo [64.119.16.xxx] 2018-06-14 08:31
Ерөнхий найруулагч гэж хээ. Чааваасдаа.
Зочин [27.123.214.xxx] 2018-06-13 08:53
Зочин [202.131.228.xxx] 2018-06-12 15:42
Үнэхээр сэтгэлд хүртэл уншсан шүү...сонсоод уйлж л байсан юмдаг
Зочин [203.91.115.xxx] 2018-06-12 14:21

Бидэнтэй нэгдээрэй