Шууд Chart

Майк Помпео БНСУ болон БНХАУ-д айлчилж Сингапурын дээд уулзалтын үр дүнг хэлэлцэнэ

2018-06-13 15:03:53

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өнөөдөр Өмнөд Солонгост айлчилж, өчигдөр Сингапур улсын Сентоза аралд болсон АНУ, Умард Солонгосын удирдагч нарын дээд хэмжээний уулзалтын үр дүнг хэлэлцэнэ гэж олон улс мэдээлж байна.

Сөүлийн айлчлалын хүрээнд Майк Помпео Өмнөд Солонгос болон Японы талтай дээд уулзалтын үр дүнгийн талаар хэлэлцэхээр төлөвлөж байна.

"Хөх ордон"-оос мэдээлж байгаагаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеог хүлээн авч уулзаж, дээд хэмжээний уулзалттай холбоотой асуудлаар хэлэлцээ хийхээр төлөвлөж буй юм байна.

Өмнөд Солонгосын талаас тус улсын Гадаад харилцааны сайд Канг Кюнг Ва-тай уулзах бол Японы талаас мөн тус улсын Гадаад хэргийн сайд Таро Конотой уулзах төлөвлөгөөтэй байна. Үүнээс гадна тэрбээр дээд уулзалтын үр дүнг танилцуулахаар БНХАУ-д айлчилж магадгүй гэсэн мэдээлэл байна.

Энэ мэдээлэлтэй зэрэгцээд АНУ-ын төрийн тэргүүн, мөн Хятадын дарга Ши Жиньпинтэй утсаар ярьж дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн тухай хэлэлцэхээр төлөвлөжээ гэсэн мэдээллүүд байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Помпео дээд уулзалтаас өмнө бас Өмнөд Солонгост айлчлах тухайгаа мэдэгдэж байсан юм. Майк Помпеогийн Японы талтай хэлэлцэх гол асуудал нь мэдээж хэрэг 1970-1980 оны үед хулгайлагдсан Япон иргэдийн тухай асуудал байна.

АНУ-ын төрийн тэргүүн Умардын удирдагчтай дээд хэмжээний уулзалтын үеэр энэ асуудлыг хөндөж ярилцсан. Цаашид энэ асуудлыг ажил хэргийн түвшинд авч үзэх тухай санал солилцсон байна. Харин Өмнөд Солонгосын талтай Солонгосын хойгийн энх тайван, цөмийн зэвсэггүй бүс болгох асуудлаар Умардын талтай нарийвчилж авч хэлэлцсэн асуудлаа хөндөн ярилцах болов уу гэсэн таамаг байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Майк Помпео БНСУ болон БНХАУ-д айлчилж Сингапурын дээд уулзалтын үр дүнг хэлэлцэнэ   
Үзсэн: 497 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй