Шууд Chart

Фритц Шнайдер: Манай хөтөлбөрийн үйл ажиллагаа бусад байгууллагын зорилго, чиглэлтэй давхцах ёсгүй

2018-06-13 16:44:05

“Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дугаар уулзалт”-ын 3 дахь өдрөө үргэлжилж байна. Төлөөлөгчид “Тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх даян дэлхийн хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлохын тулд дөрвөн бүлэгт хуваагдан, тодорхой сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэн, нэгдсэн санал дүгнэлтэд хүрч байна.

 

"Эрүүл мэнд ба мал, амьтны тавлаг байдал" сэдвээр хэлэлцсэн бүлгийнхэн мал, амьтны гоц халдварт, халдварт өвчинтэй тэмцэхэд бүх талын оролцоо чухал болохыг онцолсон. Мөн төрийн засгийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн төлөөлөл, малчид гээд бүгд жигд ойлголттой байх ёстой гэв. Нөгөөтэйгүүр мал аж ахуйн салбарт эм, бэлдмэл, ялангуяа антибиотикийн үлдэгдлийг хянах нь зөв гэдгийг хэлж байлаа.

"Уур амьсгалын өөрчлөлт ба байгалийн нөөц ашиглалт" сэдвээр хуралдсан бүлгийнхэн уур амьсгалын өөрчлөлт байгаль орчны доройтолд хүргэж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлсэн. Тиймээс байгалийн нөөц ашиглалтын нэгдсэн мэдээллийн сан бий болгох замаар зохистой түвшинг хадгалах, бэлчээрийн даацад тохирсон мал аж ахуйг эрхэлж, шинжлэх ухааны ололт суурилсан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах нь зүйтэй гэдгийг тодотголоо.

"Амьжиргаа ба эдийн засаг" сэдвээр хэлэлцсэн төлөөлөгчид амьжиргааг дэмжих, эдийн засгийн өсөлтийг хангахын тулд тухайн бүс нутагт тохирсон хөгжлийн загварыг тодорхойлох нь чухал. Ингэхийн тулд бэлчээр, хөрс, усыг хамгаалах асуудал чухалд тооцогдож байна. Мал аж ахуйн салбарт инновацийг нэвтрүүлж байж, бүтээмж дээшилснээр эдийн засаг өснө гэж үзлээ. Энэ дамшрамд, Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр нь 104 гишүүндээ болон шинээр элссэн гишүүн байгууллагатайгаа хамтран ажиллахаа илэрхийлсэн.

"Хүнс, тэжээл" сэдвээр хуралдсан бүлгийнхэн малын гаралтай бүтээгдэхүүний тэжээллэг байдал, аюулгүй байдлын тогтолцоо, газарзүйн онцлогт тохирсон бүтээгдэхүүн үйлдвэрлэл, тогтвортой хүнсний хангамж гэсэн дөрвөн асуудлын хүрээнд авч үзсэн байна. Энэ хэсгийн төлөөлөгчид 5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйн хооллолтод түлхүү анхаарах нь зүйтэй гэлээ. Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд жижиг, дунд үйлдвэрийнхэн зонхилдог. Энэ утгаараа үйлдвэрлэгчдийн чадавхийг сайжруулах, олон улсын стандартыг нэвтрүүлэхэд “Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр”-өөс туслалцаа үзүүлж болно гэдэг санал дэвшүүллээ.

Дөрвөн бүлэг, салбар хуралдаан дууссаны дараа “Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр”-ийн дарга ноён Фритц Шнайдер “Манай хөтөлбөрийн үйл ажиллагаа бусад байгууллагын зорилго, чиглэлтэй давхцах учиргүй. Тиймээс хөтөлбөрийнхөө тэргүүлэх чиглэлийг тодорхойлохдоо асуудлын эрэмбэ, дарааллыг баримтлах, гишүүдийнхээ сүлжээг ашиглах нь зүйтэй” гэж дөрвөн салбар хуралдааныг дүгнэв.

САЛБАР ХУРАЛДААНААС ГАРСАН ДҮГНЭЛТЭЭ НЭГТГЭН ТАНИЛЦУУЛЛАА

 
 
 

Фритц Шнайдер: Манай хөтөлбөрийн үйл ажиллагаа бусад байгууллагын зорилго, чиглэлтэй давхцах ёсгүй  
Үзсэн: 337 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй