Шууд Chart

Яг амьдрал дээр Анир ямар хүн гээч...

2018-06-15 10:22:47

МҮОНТ-ийн шинэ уран бүтээл “Эрт нахиалсан сарнай” киноны гол дүр Анирт тоглосон П.Номинзаяатай ярилцлаа. Киноноос үзсэнээрээ махлаг, биерхүү охин байх гэсэн төсөөлөл минь эхний мөчид сарнив. Мэнд усаа мэдэлцэхэд нь эчнээ танил инээмсэглэл зурсхийж, Аниртай уулзаж байгааг минь санууллаа.    

  • Анирыг таньсангүй шүү.
  • Өө, би кинонд тоглосонтойгоо харьцуулахад 18 кг хассан л даа.
  • Кинонд тоглохын тулд жин нэмсэн юм уу?
  • Ер нь би махлагдуу байсан л даа. Кинонд тоглохоор сонгогдоход найруулагч маань надад жин нэмэх даалгавар өгөөд. Тэгээд нэлээн махалсан. Кино дууссаны дараа буцаад жингээ хасаад... одоо энэ.
  • Киноны нээлтэн дээр өөрөө “Анир бол миний бүтээсэн анхны дүр” гэж байсан. Анхны дүрдээ тоглох болсон тухайгаа яриач...
  • Би ноднин хавар Кино, урлагийн дээд сургуулийг төгссөн. Яг сарын дараа “Эрт нахиалсан сарнай” киноны пробонд орсон юм. Зохиолч Амарсайхан ах санал тавьсан л даа. Анирын дүрд тоглуулах бүлтгэр нүдтэй, бондгордуу охин хайж байсан юм билээ. Тэгээд манай ангийн залуугийн фэйсбүүкээс миний зургийг хараад надтай холбогдсон. Анирын дүрд шалгуулж, би гурван удаа пробонд орсон. Эхнийхийг Амидаа ах, Амараа ах хоёрт өгсөн. Киноныхоо зохиолч, найруулагч хоёрт шалгуулсан гэсэн үг л дээ. Хоёр дахийг кино төсөл дээр хамтарсан Туркийн хүмүүсийн хажууд камертай проб өгсөн. Гурав дахь пробыг киноны туслах найруулагч Равдандорж ах аваад, эцсийн дүндээ баталгаажаад тоглосон.

  • Бүх дүрээ гурван удаа пробонд оруулсан юм уу? Эсвэл өөрийг чинь ингэж чанга шалгасан хэрэг үү?
  • Анирын дүр 200 сцентэй, түүнээс 150 дээр нь уйлдаг, хүний дотоод сэтгэл, мэдрэмжийг шаардсан дүр болохоор намайг чанга шалгасан. Кино группээрээ сууж байгаад шалгаж авсан. Бусад дүрийг бол хоёр удаа проб хийсэн юм байна лээ.
  • Өөрөө ахын дүр бүтээсэн  О.Анандаас эгч гэсэн үү?
  • Бараг гурван насаар эгч байх аа. О.Ананд надад насаа хэлдэггүй юм. Анир бол 17 настай охин, би өөрөөсөө 8 насаар дүү охины дүрд тоглосон.
  • 17 насандаа эргээд очиход ямар байна?
  • Сайхан байсан. Дунд сургуулийнхаа формыг эргээд өмсөхөд яг эргээд сурагч болсон юм шиг санагдсан.
  • Өнөөдөр өсвөр насны хүүхдүүдийн дунд гадуурхал их байна. Хичээлдээ дургүй болох, сургуулиас завсардахад хамгийн их нөлөөлж байгаа зүйл бол үеийн найзуудын болоод багш нарын гадуурхал шүү дээ. Гадуурхлыг мэдрэхэд чамд ямар байсан бэ?
  • Эргэн тойрны хүмүүс гадуурхаад ирэхээр хүн дотны хүнээ, аав, ээжийгээ аягүй их боддог юм байна лээ. Анир чинь өнчин шүү дээ. Аав ээжээ бодно гэхээр аль аль нь байхгүй, ганц ах нь л байгаа. Тэгээд бодохоор аягүй хэцүү. Тийм их гадуурхал дунд дандаа харц доошоо, нулимстай явахаас аргагүй юм байна лээ.
  • “Зузаанаа” гэж дуудуулахад эмзэглэмээр байсан уу?
  • Үгүй дээ. Би дунд сургуульд байхдаа ангийнхан дундаа өндөр, “Тэмээ” гэж хочлуулдаг хүүхэд байлаа. Хүүхдүүд нэг нэгнээ хочлох, шоолох явдал манайд түгээмэл шүү дээ. Гэтэл хүмүүсийн санаандгүй хэлсэн үг, сошиал дээр бичсэн коммент хүнд амьдралын зорилгоо өөрчилтөл нь нөлөөлж байдаг. Хүмүүс санаандгүй бичлэг хийгээд тавьчихдаг шүү дээ. Гэтэл тэр бичлэг ямар аймаар нөлөөтэй гээч...

  • Түүний нэг жишээ нь, кинон дээр Анир шоуны хөтлөгчийг алгадаж унагасан бичлэг байх. Тэр бичлэгээс болоод Анирыг хүн бүр бүдүүлэг, танхай охин гэж төсөөлдөг. Ер нь алгадаж унагадаг хэсгийн зургийг авахад хэцүү байсан уу?
  • Хөтлөгч ах МҮОНТ-ийн ажилтан л даа. Энэ зургийг 3 удаа авсан. Эхний хоёр удаагийн тоглолт болохгүй байна гээд, гурав дахь дээрээ санаандгүй тэр ахын хамрыг шудраад, тэгсэн хамраас нь цус гараад... жинхэнээсээ цохичихсон л доо.
  • Өөрөөсөө ах хүнд дурладаг хэсэгт тоглоход ямар байсан бэ?
  • Анир бол ахаасаа өөр хүний хайрыг мэдрээгүй охин шүү дээ. Тэгтэл ахаас нь өөр хүн “чамд хайртай болчихлоо” гэхээр догдлоод, үнэнээсээ итгэчихэж байгаа байхгүй юу. Хүүхэд юм чинь гэнэн. Тэгээд татагдаж, сайн болж байгаагаар тоглосон.
  • Тэргэлийн дүрд тоглосон жүжигчин өөрөөс чинь ах биз дээ?
  • Тийм ээ. Зоригоо ах маань жүжигчин биш, би өөрөө дуучин биш болохоор бид хоёр хэн хэндээ мэддэг мэддэгээ зааж, харилцан тусалж тоглосон.
  • Чи уртын дуунд дуртай юу?
  • Анирын дүрд тоглохын тулд нэг сар дууны багштай хичээллэсэн. Миний утсан дээр одоо ч хүртэл “Өнчин цагаан ботго”, “Хөөрхөн халиун”, “Уяхан замбутивийн наран” дуунууд байдаг. Хааяа сонсохоор сайхаан.
  • Кинонд Анирын дуулсан уртын дууг хэн дуулсан юм бэ?
  • Би тэр хүнийг хараагүй л дээ. Болороо гэдэг дуучин гэсэн.
  • Ер нь Анирыг товчхон тодорхойлбол...
  • Үзэж туулсан амьдралаасаа болоод бүх зүйлийг гутранги, өөртөө итгэлгүй хүлээж авдаг хүүхэд байхгүй юу. Тэгээд өөртөө хана босгочихсон. Сургууль дээрээ очихоор чив чимээгүй. Хэн ч найзалдаггүй. Духаараа, муухай харсан хүүхэд. Гэртээ очихоор тэр хүүхэд шал өөр болдог. Тэр хүүхдийн дотоод сэтгэл ямар агуу, хичнээн авьяастайг хүмүүс анзаардаггүй, өөрөө ч огт мэддэггүй. Ийм л хүүхэд. Анир шиг өөрийгөө мэдэхгүй, үнэлэхгүй байгаа хүүхдүүдэд хандаж хэлэхэд юунд илүү сонирхолтой, дотор чинь ямар авьяас нуугдаж байна, би юуг илүү чадах вэ гэдгээ өөрөөсөө эрэлхийлж хайгаарай. Өөрийгөө сайн нээгээрэй.

  • Өөрийгөө олоход найз нөхөд их үүрэгтэй шүү. Анирын найзуудын тухайд юу хэлэх вэ?
  • Миний найз Нараагийн дүрд тоглосон Баасансүрэн СУИС төгссөн, бид хоёр нэг оны төгсөгчид. Дээгий бол СУИС-ийн лицей “Бадмаараг” ахлах сургуулийн сурагч хүү. Бат-Эрдэнэ гэдэг юм. Бас их өвөрмөц, хөөрхөн тоглосон шүү.
  • Хамт тоглосон уран бүтээлчдээсээ хэнийг их үнэлсэн бэ?
  • Хамтарч ажилласан жүжигчид бүгд мундаг байсан. Бүгдээс нь сурах юм их байсан. Миний хувьд, манай Мишээл, Уяхан гээд өвөрмонгол охины дүрийг маш сайн бүтээсэн гэж боддог. Бас Сонорын дүрд тоглодог О.Ананд байна. Мэргэжлийн бус хүн гэхэд мөн л 200 гаруй сцентэй Сонорын дүрийг сайн гаргасан. Бид хоёр яг л ах дүү шиг болж ижилдсэн. Удвал, Уяхан, Нараа... эд нартай одоо бүгдтэй нь найзууд.Сая киноны нээлтэн дээр сандарсандаа “Баярлалаа” гэхээс өөр үг багийнхандаа хэлж чадаагүй. Одоо нөхөөд хэлчихэд Амараа ах, Амидаа ах, Аак ах, Азаа ах, нийт кино группийнхэндээ баярлалаа. Уран бүтээлийн анхны гараагаа МҮОНТ-ээс эхэлсэндээ үнэхээр бэлгэшээж байгаа.
  • Кинонд тоглосноос хойш амьдралд чинь юу өөрчлөгдөв?
  • Манай киног хүмүүс их үзэж байгаа юм шиг байна лээ. Фэйсбүүк, сошиалаар амжилт, урмын үг их ирж байгаа. Таксинд хоёр удаа суусан чинь жолооч нар нь намайг таниад. Эмнэлэгт үзүүлсэн чинь эмч нь таниад, “өчигдрийн ангиа үзэж чадсангүй ээ” гэж хэлэхэд сайхан санагдсан.  
  • Ахиж кинонд тоглох санал ирсэн үү?
  • Дунд сургуулийн охины дүрийн санал ирсэн ч татгалзсан. Одоо өөрийгөө сорьсон, эвдсэн дүр бүтээмээр байна.
  • Кино дундаа орлоо. Цаашид үйл явдал яаж өрнөх бол?
  • Анирын уналтаас амжилт хүртэл үргэлжлэх ээдрээ адармаа ихтэй үйл явдлууд өрнөнө. Киногоо эхнээс нь дуустал үзээрэй. Маш олон санааг хэлэхийг хүссэн бүтээл шүү. Хүний санаандгүй хэлсэн үг, сошиалд тавьсан бичлэг яаж хүний хувь заяанд нөлөөлдөгийг хараарай. Бас төрмөл авьяас, сошиал ертөнцийн элдэв дайралтыг давах болов уу гээд олон асуултынхаа хариултыг аваарай.

Зургийн тайлбар: #чоно бид хоёр гоё бсаааан...

Яг амьдрал дээр Анир ямар гээч. Таван настайдаа Ц.Төмөрхуяг гуайн тоглосон киног үзээд гурав, дөрвөн хоног хар дарсан П.Номинзаяа тэр үеэс л жүжигчин болохыг мөрөөджээ.

Дунд сургуульд байхдаа урлаг, спортод дуртай, юм юм руу үсчсэн, нүдэнд нь гал ассан нүүрэмгий охин байсан гэнэ. Бүжиглэнэ, дуулна, шүлэг уншина. Дунд сургуулиа төгсөөд СУИС-д шалгалт өгч тэнцсэн ч “сайн жүжигчин болъё” гэсэндээ КУДС-ийг сонгож, Ардын жүжигчин С.Сарантуяа багшийн шавь болжээ. Анирын дүрд тоглохдоо П.Номинзаяа уйлдаг 150 сцен дээр нэг ч нүдний дусаагуур, хиймэл нулимс хэрэглээгүй гэсэн. 

Кино үзэхдээ үйл явдлыг нь нэг бүрчлэн харж, 2-3 үзэх дуртай. Сүүлийн үед богино хэмжээний зохиол бичдэг болсон. Нөхөр нь найруулагч мэргэжилтэй.

Харин Анир ч, П.Номинзаяа ч адилхан нохойноос айдаг. Хээр чонотой таардаг хэсгийн зургийг авахуулахдаа үнэнээсээ айж чичирсэн гэсэн. Ер нь хэн ч гэсэн амьсгаа нь мэдрэгдэх ойрхон зайд өөдөөс чинь хэдий сургуультай, тэжээвэр ч гэсэн чоно ширтэхэд айна л биз дээ. 

Ярилцсан: О.Энхжавхлан


Яг амьдрал дээр Анир ямар хүн гээч...  
Үзсэн: 1844 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.212.119.xxx] 2018-06-18 05:40
МҮОНТ-ын дарга нарт. киногоо гаргаач ээ. 6цагаас гаргахаар үзэж чадахгүй бна. бас хагас бүтэн сайны давталтагүй болчихсон үзэж чадахгүй бн. өглөө бас давтахгүй. киногоо гаргаач ээ

Бидэнтэй нэгдээрэй