Шууд Chart

Англичууд Тунисын шигшээг 2:1 ээр хожлоо

2018-06-19 09:31:44

Волгоград хотын “Волгоград Арена” цэнгэлдэхэд урд шөнө манай цагаар 02 цагт хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий G хэсгийн Англи-Тунисын шигшээ багуудын халз тулаан болж англичууд 2:1-ээр өрсөлдөгчөө хожлоо.

Хойд Африкийн төлөөлөл “Карфатын бүргэдүүд” буюу Тунисын шигшээ багтай хийсэн английн шигшээ энэ тоглолтын гоолын салхийг хагалсан бөгөөд Кейн эхний хагасын 11 дэх минутад Тунисын хаалганд гоол оруулав. Харин Тунисын Ф.Сасси 35 дахь минутад торгуулийн цохилтоор тэнцээний гоолыг хийсэн юм. Английн шигшээ маш олон довтолгоо хийсэн боловч амжилт ололгүй 90 минутаа дуусгав.

Харин шүүгчийн өгсөн нэмэлт 4 минутын эхний нэг дэх /90+1/ минутад 24 настай Харри Кейн булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг толгойгоороо мөргөж оноог 2:1 болгож багтаа ялалтыг авчирлаа.

Манай монголчуудын хувьд хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй баг бол Английн шигшээ баг юм. Энэ удаагийн ДАШТ-д харьцангуй залуу, эрч хүчтэй баг бүрдүүлсэн Английн шигшээ баг эхний тоглолтоо ийнхүү ялалтаар дуусгаж чадлаа.

Английн шигшээ багийн эсрэг Тунисын шигшээ баг гурав дахь удаагаа тоглож байгаа бөгөөд 1990 онд хийсэн нөхөрсөг тоглолтод 1:1-ээр өндөрлөсөн, харин 1998 оны ДАШТ-д англичууд тунисчуудыг 2:0-ээр хожиж байсан бол энэ удаа 2:1-ээр буулгаж авлаа.

Энэ жилийн ДАШТ-д том багуудыг чансаа доогуур жижиг багууд ихэд сандаргаж, зарим нь бүр хожиж байгаа нь хөлбөмбөгийн шигшээ багуудын ур чадвар жигдхэн ахиж байгаагийн нотолгоо болж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Англичууд Тунисын шигшээг 2:1 ээр хожлоо  
Үзсэн: 322 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй