Шууд Chart

Забивака чоно, хөлбөмбөг тэвэрсэн матрешканууд худалдаанд гарчээ

2018-06-21 09:16:08

Олон улсын хэмжээний спорт болон урлагийн арга хэмжээ зохион байгуулж байгаа улс орнууд эх орныхоо зан заншил, ахуйн онцлогийг дэлхий дахинаа таниулах төрөл бүрийн бүтээгдэхүүн гаргадаг уламжлалтай.

Энэ уламжлалыг хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулж буй Орос орон ч дагаж, орос ахуйн бэлгэдлүүдийн нэг болсон матрешка хүүхэлдэйг “Вятский сувенир” үйлдвэр худалдаанд гаргажээ.

Энэ үйлдвэр олон жилийн түүхтэй. Анх 1930 онд Вятскийн мужийн Нлиск хотноо “Свобода” хэмээх гар урлалын газар нээгджээ. Тэр үеэс хойш ихээхэн алдартай болсон энэ газар одоогийн Киров мужид үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “ДАШТ-2018”-д зориулан цуврал матрешкаг танилцууллаа.

Цувралд ДАШТ-ий бэлгэ тэмдэг болсон Забивака чоно, мөн хөлбөмбөг тэвэрсэн матрешканууд багтжээ.

Ийнхүү Киров мужид цуврал матрешка гаргасан бол Самар хотноо “ДАШТ-2018”-д зориулан бүтээсэн матрешкануудыг гудамжинд суурилуулж эхэлсэн байна. Нийтдээ найман матрешка суурилуулах бөгөөд тэд “Самара Арен” цэнгэлдэх хүрээлэнд шигшээ багууд нь тоглох улс орнуудын найрамдлыг бэхжүүлэхэд чиглэгдсэн гэж зохион бүтээгчид нь ярьжээ.

Эхний ээлжийн матрешкануудыг эрэг дагуу, мөн ЦСКА усан сангийн ойролцоо суурилуулсан байна. Матрешка бүр Колумби, Сенегал, Коста-Рика, Дани, Австрали, Серби, Уругвай, Орос гэсэн оролцогч орнуудын соёл, түүхийг өөртөө тусгажээ.

Мөн матрешка бүрийн дизайнд Оросын төрийн далбааны өнгө, дурсгалт газар, үндэсний хээ угалз, олонд танил бэлгэдлүүдийг ашигласан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Забивака чоно, хөлбөмбөг тэвэрсэн матрешканууд худалдаанд гарчээ  
Үзсэн: 1053 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй