Шууд Chart

Өчигдөр “А” хэсгийн нэг, “В” хэсгийн хоёр тоглолт боллоо

2018-06-21 10:02:45

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зургаа дахь өдрийн тоглолт өнгөрсөн шөнө өндөрлөлөө. Өчигдөр “А” хэсгийн нэг, “В” хэсгийн хоёр тоглолт боллоо.

ПОРТУГАЛ – МАРОККО 1:0

  • Гоол: К.Роналдо 4'

“В” хэсгийн Португаль, Мароккогийн тоглолт Москва хотын “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгчин К.Роналдо дөрөв дэх минутад хожлын гоолыг оруулж, багтаа чухал гурван оноог авчирлаа.

Марокко энэ тоглолтоос заавал оноо авах даалгавартай гарсан ч Португалын эсрэг юу ч хийж чадсангүй. Хэсгийн эхний тоглолтод Испанитай 3:3-аар тэнцэж, нэг оноо авсан Португал дөрвөн оноотой болсноор хэсгээ хоёрдугаар байрт бичигдлээ.

Гэхдээ португалчуудын хувьд тайвшрах болоогүй. Учир нь хэсгийн сүүлийн тоглолтоо зургадугаар сарын 25-д Ирантай хийнэ. Хэрвээ Иран хожвол Португал хэсгээсээ шалгарч чадахгүй аюулд унах юм. Тиймээс энэ хэсгийн сүүлийн тоглолтууд маш чухал болоод байна.

ИСПАНИ – ИРАН 1:0

  • Гоол: Диего Коста 54’

В хэсгийн Испани-Ираны тоглолт шөнийн 02:00 цагт Казань хотын “Казань Арена” цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Тоглолтыг 42 мянган хүн үзэж сонирхжээ.

Хоёр багийн эхний 45 минутад гоол оролгүй өндөрлөсөн. Тоглолтын хоёрдугаар үед Испани цорын ганц гоолыг орууллаа.

Бразилд төрсөн Испанийн Коста 54 дэх минутад гоол оруулж, багаа ялалтад хөтөллөө. Энэ гоол орсноос хойш иранчууд сөрөг довтолгоонд шилжсэн ч амжилттай болж чадсангүй. Хэдийгээр нэг гоол орсон ч шүүгч бичлэг үзээд отон тоглолт гэж үзсэн юм.

Коста энэ дэлхий аваргын гурав дахь гоолоо оруулж, мэргэн буучдын жагсаалтын хоёрт бичигдэж эхэллээ. Түүний урьд К.Роналдо дөрвөн гоолтой байна.

Эхний тоглолтоос гурван оноо авч чадсан Иран сүүлийн тоглолтоо Португалтай хийнэ. Харин “В” хэсгийг тэргүүлж эхэлсэн Испани Мароккотой зургадугаар сарын 25-д тоглоно. Энэ хэсгээс Марокко цааш шалгарах боломжгүй болсон.

'В' хэсэг:

  • Испани - 4 оноо (1 хожил, 1 тэнцээ)
  • Португал - 4 оноо (1 хожил, 1 тэнцээ)
  • Иран - 3 оноо (1 хожил)
  • Марокко - 0 оноо (2 хожигдол)

УРУГВАЙ – САУДЫН АРАБ 1:0

  • Гоол: Луис Суарес 23’

А хэсгийн Уругвай, Саудын Арабын тоглолт Дон мөрний эрэг дэх Ростов хотын “Ростов Арена” цэнгэлдэх хүрээлэнд өнгөрсөн шөнө боллоо.  Хоёр багийн урьдны тоглолтын харьцааг харвал Саудын Арабын талд давуу байдалтай харагдаж байна. 2002 онд анх удаагаа нөхөрсөг тоглолт хийхэд Саудын Арабын шигшээ баг 3-2 харьцаатай Өмнөд Америкийн Уругвайн шигшээг буулган авч байсан бол сүүлд дөрвөн жилийн өмнө дахин нөхөрсөг тоглолт хийхэд 1-1 харьцаатай тэнцэж байжээ. Гэхдээ энэ удаа Л.Суарез, Э.Кавани гэсэн шилдэг довтолгооны хослолтой Уругвайн шигшээ багийг Саудын Арабын залуус зогсоож чадсангүй.

Луис Суарес 23 дахь минутад гоол хийж, багаа хожилд хүргэлээ. Түүний хувьд шигшээ багтаа 100 дахь тоглолтоо хийж, үндэсний баатар гэдгээ дахин нотоллоо.

21 дэх удаагийн ДАШТ-ий нээлтийн тоглолтод ОХУ-д 5:0-оор хожигдсон Саудын арабчууд эзэн хаанаасаа зэмлэл хүртээд байсан. Тэгвэл энэ удаа хаалгандаа ганц гоол алдлаа. Арабчууд хэсгийн сүүлийн тоглолтоо Египеттэй зургадугаар сарын 25-д хийх юм. Харин энэ хэсгээс цааш шалгарах боломжтой болсон ОХУ, Уругвай хэсгээ тэргүүлэхийн төлөө өрсөлдөнө. Энэ тоглолт мөн ирэх даваа гарагт болно.

А хэсэг.

  • ОХУ – 6 оноо (2 хожил)
  • Уругвай – 6 оноо (2 хожил)
  • Египет – 0 оноо
  • Саудын Араб – 0 оноо
Нийтэлсэн: У.Баярсайхан

Өчигдөр “А” хэсгийн нэг, “В” хэсгийн хоёр тоглолт боллоо  
Үзсэн: 331 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй