Шууд Chart

Австралийн хамгийн том сүлжээ хүнсний дэлгүүр нэг удаагийн тор худалдахыг хориглолоо

2018-06-21 15:24:15

Австралийн Квийнсланд муж долоодугаар сарын 1-нээс эхлэн 35 микрон буюу 0.04 мм-ээс нимгэн гялгар уутны хэрэглээг хязгаарлах шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл, гялгар уутны хэрэглээг хориглож байгаа юм.

Энэ хоригтой холбоотойгоор тус мужийн төдийгүй Австрали улсын хамгийн том сүлжээ хүнсний дэлгүүр болох "Woolworths" компани энэ сарын 20-ноос эхлэн нэг удаагийн хүнсний гялгар уут буюу тор худалдан борлуулахыг хориглож байна. Тэдний санал санаачилгыг тус улсын мөн томоохон сүлжээ дэлгүүр болох "Cole" ирэх сарын 1-нээс хэрэгжүүлэхээр болжээ.

Компанийн удирдлагуудын үзэж байгаагаар, энэ санал санаачилгыг хэрэгжүүлснээр байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн хэрэглэхийг хэрэгчлэгчдэд уриалах, нөгөө талаар энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дахин боловсруулах материалаар хийсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ дахин боловсруулах боломжтой байдлаар үйлдвэрлэхэд нэмэр болно гэж үзэж байна.

Үүнээс гадна амьдарч байгаа хүрээлэн буй орчноо ч цэвэр бөгөөд ээлтэй байлгахаар зорьж байгаагийн нэг том илрэл гэж үзэж байна. Судалгаагаар  Австрали улсад жилд зөвхөн гялгар уутны хэрэглээ 3.9 сая тонн байдаг гэсэн судалгаа гарсан байдаг. Энэ нь энэ хэрээрээ байгаль орчноо бохирдлуулж байна гэсэн үг юм.

Харин дээрх хүнсний сүлжээ дэлгүүр дахин боловсруулдаг хүнсний торыг 15 австрали центээр хэрэглэгчдэд санал болгож байна. Одоо хэрэглэгчид  гялгар уутны хэрэглэгээг хязгаарлаж эхэлснээр бид гэрт байгаа, одоо хэрэглэж байгаа гялгар уутаа яах вэ гэдэг асуудалтай тулгарч байна.

Тэгвэл эрх баригчид одоо байгаа гялгар уутаа хүнс савлах гэх мэтээс өөр байдлаар ашиглахыг санал болгожээ. Тухайлбал, эд юмсыг хийж хадгалахыг уриалжээ. Өнгөрсөн долоо хоногт Тайландын далайн эрэгт шидэгдсэн халимны гэдэснээс 80 гялгар уут гарч ирсэн байна.

Халимны үхлийн шалтгаан бол гялгар уут байсан юм. Тайланд улсын хувьд ч гялгар уутны хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлэгчдийн нэгд тооцогддог юм.

Нийтэлсэн: Б.Энх-Амгалан

Австралийн хамгийн том сүлжээ хүнсний дэлгүүр нэг удаагийн тор худалдахыг хориглолоо   
Үзсэн: 501 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй