Шууд Chart

Англи, Колумб хожиж, Япон-Сенегал тэнцэв

2018-06-25 08:42:18

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн ДАШТ өчигдөр 11 дэх өдрөө үргэлжиллээ. Өнгөрсөн шөнө гурван тоглолт болж, багууд хэсгийн хоёр дахь тоглолтоо хийв. Харин өнөөдрөөс хэсгийн гурав дахь тоглолт эхлэх юм. Өнгөрсөн шөнө болсон гурван тоглолтын мэдээллийг хүргэе.

Англи Панамыг 6:1-ээр хожлоо

G хэсэг:

Англи – Панам 6:1

Хуучнаар Горький, одоогийн Доод Новгород хотын 45 мянган хүний багтаамжтай “Доод Новгород” цэнгэлдэх хүрээлэнд болсон Англи, Панамын тоглолт болсон.

Дэлхийн аварга Англи, дэлхийн аваргад анх удаа оролцож байгаа Панамын шигшээ баг учраа тааран тоглоход англичууд 6:1-ээр илүүрхэн хожиж, хэсгийн хоёр дахь хожлоо авсан юм.

Английн багийн довтлогч Харри Кэйн гурав, хамгаалагч Жон Стонес хоёр, Лингард нэг гоол орууллаа. Харри Кэйн нийт таван гоолтой болж, энэ дэлхийн аваргын мэргэн буучдын жагсаалтыг ганцаараа тэргүүлж эхлэв.

Анх удаа ДАШТ-д оролцож байгаа Төв Америкийн Панам хоёр дахь тоглолтод Англид хожигдсон ч анхны гоолоо оруулж чадсан. Тоглолтын 77 дахь минутад Фелипе Бало энэхүү нэр төрийн болон түүхэн гоолыг хийсэн юм. Түүний хувьд дэлхийн аваргын тоглолтод гоол хийсэн анхны Панам хөлбөмбөгчин болж байна.

G хэсгийг Англи тэргүүлж эхэлсэн бол Белги удаалж байна. Тунис, Панамын шигшээ баг хоёр тоглолтод хожигдсоноор хэсгээсээ шалгарах боломжгүй боллоо.

Англи, Белгийн тоглолт зургадугаар сарын 28-д болох бөгөөд хожсон нь хэсгээ тэргүүлнэ.

  • Англи – 6 оноо (2 хожилтой)
  • Белги – 6 оноо (2 хожилтой)
  • Тунис - 0 оноо
  • Панам – 0 оноо

Япон, Сенегалын тоглолт тэнцээгээр өндөрлөлөө

H хэсэг.

Япон-Сенегал 2:2

  • Гоол: Садио Мане 11', Такаши Инүй 38', Моусса Ваги 71', Кэйсүкэ Хонда 78'

H хэсгийн хоёр тоглолт өнгөрсөн шөнө болно. Япон-Сенегалын тоглолт Екатеринбург хотын “Екатеринбург Арена” цэнгэлдэх хүрээлэнд болж, тоглолт 2:2-оор тэнцээгээр өндөрлөлөө.

Тоглолтын эхний гоолыг Сенегалын тоглогч Садио Мане 11 дэх минутад хийсэн бол Такаши Инүй 38 дахь минутад тэнцээний гоолыг оруулсан. Улмаар хоёр дахь үеийн 71 дэх миунтад Сенегалын М.Ваги хоёр дахь гоолыг оруулсан бол энэ гоолоос долоон минутын дараа Кэйсүкэ Хонда тэнцээний гоолыг хийлээ.

Хоёр баг урьд нь гурван удаа таарч тоглоход сенегалчууд ялалт байгуулж байжээ. Тэгвэл энэ удаагийн тоглолт тэнцээгээр өндөрлөлөө.

Японы шигшээ баг эхний тоглолтод Колумбыг 2:1-ээр хожиж, Өмнөд Африкийн багийг Ази тивээс анхлан хожсон улс болсон түүхэн амжилтыг үзүүлээд байсан. Мөн 2014 оны 20 дахь удаагийн ДАШТ-д мөн Колумбтэй нэг хэсэгт багтахад 4:1-ээр хожигдож байжээ. Энэ удаа Орост болж буй дэлхийн аваргад Азийн “хөх самурай”-нууд гараагаа сайхан эхлүүлсэн. Өчигдөр ч Сенегалтай тэнцээ хийж чадсанаар хэсгээ дөрвөн оноогоор тэргүүлсэн хэвээр үлдлээ.

Сенегалын шигшээ баг “Орос-2018” дэлхийн аваргаас өмнө ердөө ганц удаа буюу 2002 оны Ази тивд зохиогдсон дэлхийн аваргаар оролцож байсан. Энэ удаа хэсгийн хүчтэй өрсөлдөгч Польшийг 2:1-ээр хожсон бол өчигдөр Японтой тэнцэж оноо хуваалаа.

H хэсгийн сүүлийн тоглолтууд зургадугаар сарын 28-д болж, хасагдах шатанд өрсөлдөх хоёр багийн нэрс тодорно.

Колумб эхний хожлоо авч хасагдах шатанд өрсөлдөх эрхийн төлөө тоглоно

Польш – Колумб -0:3

  • Гоол: Ерри Мина 40’, Радамел Фалкао 72’, Жуан Куадрадо 75’

21 дэх удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-ий сүүлийн тоглолт өнгөрсөн шөнө Польш-Колумбын хооронд боллоо. Хоёр баг хоёул өмнөх тоглолтод ялагдаад байсан. Тиймээс хожсон нь цааш өрсөлдөх эрхийн төлөө боломжоо хадгалж үлдэх байсан юм.

Тоглолт Бүгд Найрамдах Татарстан улсын нийслэл Казань хотын 45 мянган хүний багтаамжтай “Казань Арена” цэнгэлдэх хүрээлэнд боллоо.

Хоёрдугаар тойргийн сүүлийн тоглолт Колумбийн шигшээ багийн ялалтаар өндөрлөв. Харин энэ үдэш Польшийн шигшээ багийн хөгжөөн дэмжигчид харууслын нулимстай тэмцээнийг дуусгасан.

Тоглолтын эхний гоолыг Колумбын шигшээ багийн хамгаалагч Ерри Мина 42 дахь минутад хийж, эхний үе Колумбын ялалтаар өндөрлөсөн. Хоёрдугаар үед Фалкао, Куадрадо нар ойрхон гоол оруулж, колумбчууд анхны хожлоо авсан юм. Мөн тэд гурван оноотой болсноор цааш хасагдах шатанд өрсөлдөхийн тулд сүүлийн тоглолтод Сенегалыг хожих даалгавартай үлдлээ. Харин Польшийн шигшээ баг хоёр хожигдолтой болсноор шөвгийн 16-д өрсөлдөх боломжгүй болж байна.

Энэ хэсгийг Япон тэргүүлсэн хэвээр үлдсэн бол Сенегал, Колумб удаалж байна. Хэсгийн сүүлийн тоглолт зургадугаар сарын 28-д болж, хасагдах шатанд өрсөлдөх хоёр багийн нэрс тодорно.

  1. Япон – 4 оноо (1 хожил, 1 тэнцээ)
  2. Сенегал – 4 оноо (1 хожил, 1 тэнцээ)
  3. Колумб – 3 оноо (1 хожил)
  4. Польш – 0 оноо

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Англи, Колумб хожиж, Япон-Сенегал тэнцэв  
Үзсэн: 344 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй