Шууд Chart

Шөвгийн наймд өрсөлдөх дөрвөн баг тодров

2018-07-02 10:16:32

ОХУ-д болж буй 21 дэх удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Өнгөрөгч амралтын өдрүүдэд шөвгийн наймд өрсөлдөх дөрвөн баг тодорсон бөгөөд тоглолтын мэдээллийг хүргэе.

ФРАНЦ

32 багаас 16 цаг цааш өрсөлдөх эрхээ авсан. Хасагдах шатны эхний тоглолт Казан хотод Франц, Аргентиний тоглолтоор эхэлсэн. Тоглолт 4:3-аар Францын ялалтаар өндөрлөсөн бөгөөд францчууд шөвгийн наймд өрсөлдөх эхний багаар тодорлоо.

Тоглолтын гол баатар 19 настай Францын Килиан Мбаппэ байсан бөгөөд тэрбээр хоёр гоол оруулж, багаа ялалт байгуулахад гол үүргийг гүйцэтгэсэн. 

Францын шигшээ баг хоёр мянганы заагт оргил амжилтаа үзүүлж байсан. 1998 оны дэлхийн аваргад түрүүлсэн бол ердөө хоёр2 жилийн дараа Европын аваргын цомыг өргөсөн. Улмаар 2006 онд дахин дэлхийн аваргын финалд үлдэж, Италид торгуулийн цохилтоор ялагдаж байсан юм. Харин 2014 онд Бразилд болсон дэлхийн аваргын шөвгийн 8-д Германд хожигдсон. Энэ удаагийн Францын шигшээ багийн залуу тоглогчид гялалзсан амжилтыг үзүүлсээр байна.

Шөвгийн наймд үлдээд байгаа Франц, Уругвайн тоглолт долдугаар сарын 6-д болно.

Францын шигшээ баг хүчирхэг Аргентиний шигшээ багийг хожиж, шөвгийн наймд өрсөлдөх эрхтэй болсон юм. Л.Месси тэргүүтэй Аргентиний шигшээ баг хэсгийн тоглолтод тааруухан тоглолтыг үзүүлж, сүүлийн тоглолтоор шөвгийн 16-д үлдсэн юм. Гэвч тэд хол явалгүй Францад дийлдсэнээр 21 дэх удаагийн ДАШТ-ийг өндөрлүүлсэн.

УРУГВАЙ

Бямба гаригт Сочи хотод Уругвай, Португалын шигшээ багийн тоглолт болсон. Энэ тоглолт 1930, 1950 оны дэлхийн аварга Уругвай шигшээ багийн ялалтаар өндөрлөсөн. Луис Суарес, Кавани нарын шилдгүүд 2:1-ээр португалчуудыг хожсон. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин К.Роналду тэргүүтэй Португалын шигшээ баг энэ жилийн дэлхийн аваргыг Аргентиний араас дуусгасан юм.

21 дэх удаагийн ДАШТ-д Уругвайн шигшээ баг хэсэгтээ ОХУ, Тунис, Панамыг хожин есөн оноогоор тэргүүлэхдээ хаалгандаа гоол алдаагүй.

Уругвайн шигшээ баг 2014 онд Бразилд болсон 20 дахь удаагийн ДАШТ-д үхлийн хэсэг болох Итали, Англи, Коста-Рикагийн шигшээ багуудтай нэг хэсэгт багтсан юм. Хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан ч шөвгийн 16-д Колумбид ялагдан тэмцээнээ өндөрлүүлсэн удаатай. Энэ удаа 'А' хэсэгт багтаж, хожигдолгүйгээр хэсгээ тэргүүлсэн.

Уругвай шөвгийн 16-д хэсэгтээ тааруухан амжилтыг үзүүлж, хоёрдугаар байраар шалгарсан Португалыг 2:1-ээр хожиж, шөвгийн наймд өрсөлдөх хоёр дахь багаар тодорсон.

Уругвайн шигшээ баг 1930, 1950 оны дэлхийн аваргад түрүүлж байснаас гадна 1954, 1970, 2010 онуудад дөрөвдүгээр байрт орж байжээ. 

Шөвгийн наймд үлдээд байгаа Франц, Уругвайн тоглолт долдугаар сарын 6-д болно.

ОХУ

Өнгөрсөн шөнө шөвгийн 16-н хоёр тоглолт болж, хоёр баг цааш өрсөлдөх эрхээ авлаа. Талбайн эзэн ОХУ-ын баг Москва хотын 'Лужник' цэнгэлдэх хүрээлэнд Испаний шигшээ багийг хожиж, шөвгийн наймд үлдлээ. Олон сая хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө 2010 оны дэлхийн аварга Испанийг хожих даалгавартай гарсан талбайн эзэд торгуулийн цохилтоор өрсөлдөгчөө гэрт нь буцаасан юм.

“А” хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан ОХУ, “В” хэсгийг тэргүүлсэн 2010 оны дэлхийн аварга Испаний шигшээ багуудын тоглолтыг 78 мянган үзэгч 'Лужник' цэнгэлдэхэд үзжээ. Эдгээр үзэгчийн ихэнх нь Оросын хөгжөөн дэмжигчид байсан юм. Мөн хүндэтгэлийн суудалд ОХУ, Испаний хүндэт зочид байсан.

ОХУ, Хорватын тоглолт долдугаар сарын 7-ны өдөр Сочи хотод болно.

Тоглолтын үндсэн цаг 1:1-ээр өндөрлөж, нэмэлт 30 минут сунгасан ч гоол оролгүй өндөрлөсөн. Ингээд торгуулийн цохилтоор ялалт тодроход 4:3-аар ОХУ-ын шигшээ баг хожин шөвгийн наймд үлдсэн юм. Тоглолтын гол баатар нь хаалгач Акинфеев байсан бөгөөд Испанийн Коке, Аспасын нарын цохилтыг хааснаар сүүлийн тав дахь цохилтоос өмнө багаа хожилд хүргэсэн.

Оросууд хамгийн сүүлд 1986 онд Мексикт болсон 13 дахь удаагийн ДАШТ-д шөвгийн 16-д үлдэж байжээ.

ХОРВАТ

“D” хэсгийг тэргүүлсэн Хорват, “C” хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан Данийн шигшээ багийн тоглолт Доод Новгород хотын 45 мянган хүний багтаамжтай “Доод Новгород” цэнгэлдэх хүрээлэнд болсон. Шөвгийн наймд өрсөлдөх дөрөв дэх багаар Хорватын шигшээ баг тодорсон юм.

Хоёр багийн тоглолт 120 минутад 1:1-ээр тэнцээгээр өндөрлөж, торгуулийн цохилтоор ялагч тодрох болсон. Хорватын шигшээ баг илүү азтай байж, торгуулийн цохилтын гурвыг нь амжилттай болгосон бол даничууд хоёрыг нь оновчтой гүйцэтгэсэн. Ингээд хорватчууд торгуулийн цохилтыг 3:2-оор илүүрхэн шөвгийн наймд үлдлээ.

Хорватын шигшээ баг  Аргентин, Исланд, Нигерийг хожиж хэсгээ тэргүүлсэн. Хэсэгтээ Аргентинийг хожсон хорватчууд хүчтэй өрсөлдөгч гэдгээр харуулсаар байна. Хорватын шигшээ баг тусгаар тогтнолоо зарласнаасаа хойш анх удаагаа 1998 оны дэлхийн аваргад оролцож шууд хүрэл медаль хүртсэн байдаг. Харин түүнээс хойш 2002, 2006, 2014 оны ДАШТ-д оролцохдоо хэсгээс гарч чадаагүй байна.

21 дэх удаагийн ДАШТ-ий шөвгийн наймд өрсөлдөх дөрөв дэх багаар Хорватын шигшээ баг тодорлоо.

ОХУ, Хорватын тоглолт долдугаар сарын 7-ны өдөр Сочи хотод болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Шөвгийн наймд өрсөлдөх дөрвөн баг тодров   
Үзсэн: 364 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй