Шууд Chart

Морин хуурын олон улсын наадамд Өвөрмонголын уран бүтээлчид хуур урлаачдын төрөлд өрсөлдөж байна

2018-07-05 12:10:42

Нийслэлийн Соёл урлагийн газар, Дэлхийн морин хуурын холбоо хамтран зохион байгуулж буй Морин хуурын олон улсын VI наадам өнгөрсөн зургадугаар сарын 30-наас өнөөдөр хүртэл Улаанбаатар хотноо болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 17 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд 2008 онд “Дэлхийн Морин хуурын холбоо” ТББ байгуулагдаж олон төрлийн арга хэмжээ зохион байгуулсны нэг нь Улаанбаатар хотод хоёр жил тутам болдог энэхүү наадам юм.

Наадмын хүрээнд 2008, 2012, 2016 онд наадам-симпозиум, 2010, 2014 онд наадам-уралдааныг тус тус зохион байгуулж байна.

Дээрх арга хэмжээнд ОХУ, БНХАУ, Япон, АНУ, БНСУ, ХБНГУ, БНФУ-ын нийт 600 гаруй морин хуур суралцагсад болон багш, судлаач, урлаач, хамтлаг, чуулга оролцож буй.

Наадмын хүрээнд морин хуур сонирхогчдын уралдаан, Мэргэжлийн хуур урлаачдын уралдаан, Гадаад оролцогчдын тоглолт, уулзалт хэлэлцүүлэг, үзэсгэлэн болсон юм.

Морин хуурын олон улсын VI наадмын нээлт өнөөдөр Улсын Филармонийн тайзнаа болно. Энэ үеэр БНХАУ-ын ӨМӨЗО-ы морин хуур урлаачдын сэтгэгдлийг сонссон юм.

Өлзий: Би 2008 оны Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ёслолд тоглогдсон 88 морин хуурыг урласан

ӨМӨЗО-оос ирж анх удаа энэ том наадамд оролцож байна. Сайхан уралдаан болдог юм байна. Сэтгэл хангалуун байна аа. Өмнө нь би олон улсын морин хуурын чуулгад нэг удаа оролцож байсан бол одоо хүү Наранмандалтайгаа хуур урлаачдын төрөлд оролцож байгаа юм. Ар болон Өвөрмонголын хуурчдын ур чадвар, хуурынх нь дугаралт төстэй санагддаг. Гэхдээ аялгуу нь нутаг нутгийн онцлогоос шалтгаалж өөр юм. Би хүүтэйгээ Хөх хотод “Хүлэг” нэртэй морин хуурын үйлдвэр ажиллуулдаг. Манайх найман ажилтантай. Нэг хуур 20 түмэн юаниар борлуулагддаг. Хүү маань Чи.Булаг багшийн шавь. Чи.Булаг багш нутагтаа морин хуур тоглоочдын бүлгэмтэй юм. Мөн 2008 оны Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ёслолд тоглогдсон 88 морин хуурыг би хийж байлаа. Тэгэхэд хүү маань бусад хуурчидтай тоглосон сайхан дурсамжтай үлсдэн. Миний бие соёлын өвийн орны дэсийн уламжлагч. Харин хүү маань хотын дэсийн уламжлагч. Үүнийг зэрэг зиндаа гэж ойлгож болно. Манай улсын хуурчид хошуу, хот, орны, улсын дэсийн уламжлагч гэж үнэлэгддэг. Үүнд олон жил хуур урласан байхаас гадна нас хамаардаг.

Мэдэлт: Зарим уяач “Миний энэ адууны толгой шиг толгойтой морин хуур хийгээд өгөөч” гэдэг

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Улаанхад хотын Баянбараат хошууны Цагаанморин сумаас ирсэн. Өдгөө Хөх хотод 11 ажилтантайгаар “Сүхийн саарал” нэртэй үндэсний хөгжмийн үйлдвэр ажиллуулаад амьдарч байна. Би дөрвөн үеийн морин хуур урлаач. Манай сумыг Гэсэрийн нутаг гэдэг. Гэсэрийн сүм манай суманд хадгалаастай байгаа. Өвөрмонголд морин хуурын албан ёсны үйлдвэр гэж байхгүй. Өвөг эцгүүд маань өөрсдөө тоглож, хийж ирсэн. Тэднээсээ л бид өв дамжиж хийж байна. Би 19 настайгаасаа морин хуурын татлага сурч, 22-тойгоосоо урладаг болсон. Морин хуур урлахад арвин туршлага, мэдлэг хэрэгтэй. Тодруулбал бага ч гэсэн тоглож сурах, модны ажил мэргэжилд гаргуун, зураг урлагт ч авьяастай байх шаардлагатай. Энэ гурав нийцэж байж сайхан морин хуур урлаж чадна. Манай улсын хуур урлаачид хуураа ихэвчлэн хатуу цагаан модоор хийдэг. Харин нүүр хэсэгт нь цагаан нарс ашигладаг бол чавхдасных нь арын хэсэгт хар зандан мод хэрэглэдэг. Нэг зүйл онцолж хэлэхэд бид энэ удаагийн уралдаанд зориулж чавхдасаа хялгасаар анх удаа хийж үзлээ. Дээрх уралдаанд тавигдах шаардлагад ингэж заагдсан байсан л даа. Уг нь бид нийлэг утас ашигладаг юм. Манайд улсад 100 орчим морин хуур урлаач бий. Сүүлийн үед хэрэглэгчид улам арвин болж байна. Зарим уяач мориныхоо зураг, барималыг авч ирээд “Миний энэ адууны толгой шиг толгойтой морин хуур хийгээд өгөөч” гэдэг.     

Сацрангуй: Манай улсын үйлдвэрүүд жилд тус бүр 700-1000 гаруй тооны морин хуур хийдэг

Би Хөх хотоос ирсэн ч төрсөн нутаг минь Улаанхадын Онгонод хошуу. Хөх хотод амьдраад 10-аад жил болж байна. Би “Тэнгэрлэг уянга” нэртэй морин хуурын үйлдвэртэй. Миний хуур бусдынхаас нэг их ялгаагүй ч царыг нь хэрхэн хийвэл улам сайн дугаралттай болох талаар судалж байна. Нийлэг утсаар чавхдас хийх нь хялгасан утсаар хийхээс илүү дугаралттай болдог. Хуур хийх модоо бид нар тусахгүй, сэрүүн нөхцөлд 3-4 жил хадгалдаг. Хуур урладаг манай улсын үйлдвэрүүд жилд тус бүр 700-1000 гаруй тооны морин хуур хийж, захиалгынхаа дагуу борлуулдаг. Бага, дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт морин хуур тоглох сургалт заагдсан болохоор худалдан авагч элбэг л дээ. Мөн Өвөрмонголд 2003 онд 1000 морин хуурч нэгэн зэрэг тоглож, Геннисийн номонд бүртгэгдсэн бол 2010 онд 5000 морин хуурч тоглосон нь морин хуураа хэрхэн дээдэлдэг нь тодорхой харагдах болов уу. Гэхдээ сүүлийн үед морин хуур хийх мод бэлтгэхэд хязгаартай болсон. Тэгээд ч материалын үнэ өндөр.      

Хадаа-Мөнхнасан: Монголд хийгдсэн хуураар тоглохоор дугаралт нь өтгөн байдаг

Баяннуур аймгийн Ордын дунд хошуунд төрсөн би одоо Хөх хотод амьдраад 15 жил болж байна. Би “Сүлд” нэртэй морин хуурын үйлдвэрийнхээ үйл ажиллагааг найман ажилтантайгаар үргэлжлүүлж байна. Жилд 700 ширхэг морин хуур хийж, зардаг. Манай улсад дөрвөн төрлийн хуур хийгддэг. Тодруулбал дээд, дунд, бага, доод дугаралттай гэж. Танай улсад үйлдвэрлэгдсэн хуурнаас хөгөөрөө л ялгаатай. Монголд хийгдсэн хуураар тоглохоор дугаралт нь өтгөн байдаг. Энэ нь царнаас шалтгаалдаг. Энэ удаагийн наадамд би дүү Эрдэнэбаяртайгаа хамт оролцож байна.

Эрдэнэбаяр: Морин хуур яваандаа олон улсын үндэсний хөгжим болох байх шүү

Хөх хотоос ирж оролцож байна. Уг хотод “Тэнгэрийн хүлэг” нэртэй морин хуурын үйлдвэрээ 10-аад ажилтантайгаар ажиллуулдаг. Жилд 1000 гаруй хуур хийдэг. Зарим хүн өөрийн биеэр ирж онцгойлон захиалга өгдөг. Албан ёсны зориулалтаар гэсэн үг. Тэгвэл тэр нь арай илүү үнэтэй. Нийт иргэдэд зориулагдсан нь гэвэл нэг өөр. Манайхан бүгдээрээ морин хуур тоглодог. Гэхдээ би солгой гараараа. Морин хуур урлаад 16 жил болж байна. Миний төрсөн ах хуур урладаг. Манай урлаачдын зарим нь удам дамжсан бол би өөрийнхөө хичээл зүтгэлээр урладаг болсон. Манай нутагт үндэсний баяр наадам уртын дуугаар эхэлж, морин хуурын аялгуугаар үргэлжилдэг. Яваандаа олон улсын үндэсний хөгжим болох байх шүү.  

Чулуун: ӨМӨЗО-ны музейд 700 жилийн настай ширэн цартай морин хуур бий

Миний төрсөн нутаг Улаанхадны Онгод хошуу Баянтал сум. “Тэнгэрийн эгшиг” морин хуурын үйлдвэрээ нээгээд 15 жил болж байна. Манайх 10-аад ажилтантай. Дээхнэ хүрэн бор, хул шаргал өнгийн хуур элбэг байдаг байсан бол одоо янз бүрийн өнгөтэй болсон. Чих нь амархан хугарах магадлалтай учир хадгалахад найдвартай байлгах үүднээс төмрөөр хийх тохиолдол ч бий. Өдгөө Хөх хотод амьдардаг. Цахилгаан хуур ч хийгддэг. Гэхдээ тийм ч элбэг биш. Худалдан авагчид уламжлалт хуураа л хийлгэж, тоглодог. Гэхдээ манай үйлдвэр зөвхөн морин хуур хийдэггүй. Үндэсний бүх хөгжим урладаг. Би хамгийн анх хийсэн хуураа гэртээ залсан байгаа. 2003 онд тэрийгээ хийсэн юм. Одоо харахад дутуу хийгдсэн зүйл нэлээн байна билээ. Ер нь надад 10 гаруй хуур бий. 

Сонирхуулахад ӨМӨЗО-ны улсын музейд 700 жилийн өмнө урлагдсан ширэн цартай морин хуур бий. Энэ бол Өвөрмонголд байгаа хамгийн өндөр настай хуур. Толгой нь матрынх шиг дүрстэй.

Баян (Ли Цай): Миний хийдэг хуурны ая нэн цэвэр, тунгалаг сонсогддог

Миний төрсөн нутаг Жирмэн аймаг Хорчин зүүн ар дунд хошуу. Хөх хотод би “Аяс” нэртэй морин хуурын үйлдвэр эрхлээд 10 жилийн нүүр үзэж байна. Танай улсад болж байгаа хуур урлаачдын олон улсын уралдаанд оролцож байгаадаа туйлын их баяртай байна. Монголд би 2006 онд анх хөл тавьж байсан ч дээрх уралдаанд анх удаа оролцож байгаадаа таатай байна. Би багаасаа морин хууранд дуртай байлаа. Гэвч өөр ажил хийж явсаар саяханаас хүссэн зүйлээ хийдэг болсон. Миний хийдэг хуурны ая нэн цэвэр, тунгалаг сонсогддог. Үүгээрээ бусад урлаачдын хуураас онцлогтой. Баяртай мэдээ хэлэхэд манай улсын алдарт хуурч Чи.Булаг багш миний хийсэн хуураар аялгуу тоглож нэг цомог хэвлүүлсэн. Одоо дахиад нэгийг гаргана гэсэн. Надад одоогоор 10 жил хуур хийх мод бий. Их хэмжээгээр аваад хураачихсан юм. Энэ удаагийн уралдаанд оролцохоор хамт ирсэн нөхдөөсөө би хамгийн бага настай нь. Гэтэл тэд намайг мөн хамгийн ухаантай нь гэдэг (инээв).

Нийтэлсэн: У.Баярсайхан

Морин хуурын олон улсын наадамд Өвөрмонголын уран бүтээлчид хуур урлаачдын төрөлд өрсөлдөж байна  
Үзсэн: 563 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй