Шууд Chart

Уухай хадаах урианхай сур харваагаар Монгол наадам эхэллээ

2018-07-07 09:00:00

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам өнөөдөр Сурын талбайд урианхай сурын харваагаар эхэллээ. Ийнхүү нар хур, хүч бяр, оноо цэц, хурд шандас дагуулсан их баяр наадам эхэлж байна. Жил бүрийн наадмын салхийг хагалж, эхний сумыг тавьдаг урианхай сур харвааны талаар товчхон өгүүлсү.  

Нэгэн домогт өгүүлснээр эрт цагт Урианхайчууд нь ой тайгаас гарч тал нутагт байлдах болсонд эсрэг талын дайсан дов толгодын хойноос гэнэт харван урианхайчуудад ихээхэн хохирол амсуулсанд уур омгоо барьж ядан мориныхоо хэрэгслийг бөөрөнхийлөн хүний толгойгоор төсөөлөн өмнө талд нь дов толгодыг дүрслэн саалт хийж харвах болсноор урианхай сур харваа үүссэн гэдэг.

Урианхай сурын харваа нь наадмаар харвах зуны сур харваа, өвөл цагаан сараар голын мөсөн дээр харвах "Мөсний сур харваа" гэсэн хоёр төрөлтэй. Түүний онцлог нь Монголдоо хамгийн том нумыг хэрэглэдэг бөгөөд хамгийн чанартай харвалтыг үзүүлэх үүднээс өрөөтэй сурыг зөвхөн онох бус, оногдсон сур нь цаана байрлах мөр гарган өндөрлөсөн шороон нурууг давж үсэрсэн байх шаардлагатай байдаг аж.

Урианхай сурын харвааг томоохон хэмжээний баяр наадмаар харвадаг бөгөөд нум сумыг шүтэн дээдэлж, сурын харвааны эртний хатуу чанд уламжлалт зан заншлыг мөрдөж ирсэн аж.  Мөн эр хүний наадам гэдэг утгаар нь эмэгтэй хүн сур харвахыг өнөөг хүртэл хориглож иржээ. Урианхай сурын өөр нэг онцлог нь баг болж тоглодог. Нэг баг хэдэн ч хүнтэй байж болдог гэнэ. Багийнхан хамгийн ахмад болоод сайн харвадаг хүнээ магнай, дараагийн хүнээ бахлуур, сур баригч гэж нэрлэдэг. Наадаж эхлэхийнхээ өмнө өрсөлдөгч багтаа “Манай баг танайхыг тэдэн сураар илүү хожно” гэж хэлнэ. Түүнчлэн тийм хугацаанд хожно гэж хугацаа зааж өгдөг.  Бас заавал бооцоотой тоглодог байжээ.


Уухай хадаах урианхай сур харваагаар Монгол наадам эхэллээ  
Үзсэн: 474 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй