Шууд Chart

А.Батсүх: Миний ээж хүнд туслахын одонд төрсөн хүн

2018-07-09 09:30:20

Төв аймгийн Сэрэглэн сумын харъяат, Монгол Улсын тод манлай уяач А.Батсүхтэй ярилцлаа. Түүнтэй ярилцах гэж олон өдөр болсны эцэст биднийг баярлуулсан хариулт өгч “Шинэ Монгол өргөө” цогцолборт хүрээд ир гэв.

-Та хотод хэзээ ирсэн бэ. Ихэвчлэн адууныхаа дэргэд байдаг шүү дээ?

-Ах нь өнгөрсөн жил адуугаараа Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд өвөлжсөн. Энэ жил дээрх сумаас нааш 30 км-ын зайд нутаглаж байгаа. Энэ намар би нэлээн орой болтол морио уясан. Монгол түмний морины их шүтээн наадмаар энэ жилийнхээ наадмыг отголж, намрынхаа ажилд ороод саяхан дуусгасан. Харин одоо буян номынхоо ажилд ороод явж байна.

-Ээжийн тань аав лам байсан гэсэн. Тиймээс бурханд итгэхэд тань нөлөөлсөн болов уу. Мөн та гэрийнхээ хойморт олон бурхан залсан уу?

-Ээж маань биднийг өрх тусгаарлахад бурхан тахил, судраасаа хувь хүртээдэг. Тэдгээр судрыг би шүтэж явдаг. Тэгээд ч би өсөхөөсөө эхлээд бурханы ном сонссон. Ээжийн өвөг эцгийг Наваан Хайдав гэдэг байсан. Богд уулын энгэрт олон жил амьдарсан, ард түмэн ч андахгүй дээ. Бурханы ном гэдэг ер нь хүнээ судалсан хүн шинжлэх их ухаан юм.

-Ээжийг тань хүмүүс анддаггүй. Ялангуяа бэртсэн хүүхдийг ганцхан бариад л эдгээчихдэг гээд л ярьдаг. Захиргаадалтын үед үүнээсээ болж хэд хэдэн удаа баривчлагдаж ч байсан юм билээ...

-Тийм. Ээж маань үр хүүхэд биднийхээ төлөө цагаан, ногоон дарь эхээ уншиж зальбираад л суудаг байсан. Социализмын үед хаалга үүдээ цоожилж байгаад хүртэл авдарнаасаа өвөөгөөс авч үлдсэн судраа дэлгээд уншина. Жижигхэн зул өргөчихөөд л. Тийм байсан болохоор нь би одоо ч дээрх дарь эхийн тарнийг дуржигнатал уншиж чадна.

-Тийм үү?

-Тэгэлгүй яадаг юм. Бага байхад унтах гэж байхад л хажууд ээж энэ тарнийг уншдаг байсан юм чинь. Ээжийг тухайн үед хүмүүс бариач гэдэг байлаа. Айлын хүүхэд гар, хөлөө бэртээх, толгойгоо хөдлөгчихлөө гээд ээжид л ирдэг. Тэгж тус болж байхад нь хүртэл дарга нар бариач хүн байна гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй байлаа шүү дээ.

-Хүмүүсийг хуурч байна гэж бодоод уу?

-Яг үнэн. Хүний толгой эргүүлж байна гээд л. Гэвч ээж жирэмсэн хүний хүүхэд гажихаас эхлээд олон бэртлийг ганцхан бариад л зүгээр болгочихно. Өөрөө 10 гаруй хүүхэд төрүүлсэн болохоороо тэр бүхнийг анддаггүй байх л даа. Миний ээж далай түмэндээ туслах одонд төрсөн хүн. Би түмэн олонд туслахыг ээжээсээ л олж хардаг. Тийм ч болохоороо би ээжийгээ харахаар өөрийнхөө хүүхэд шиг санадаг.

-Та түрүүн духан дээр нь үнэрлээд, миний найз байхгүй юу гэж байсан. Ээж тань танд бусад хүүхдээсээ илүү амь байх аа?

-Бид хоёр найз ч юм шиг байдаг. Харахаар хөөрхөн байгаа биз дээ. Одоо 80 насыг элээж байна.  

-Та энэ зун хотод байх уу?

-Ойр зуурынхаа ажлыг төвхөнүүлчихээд адуу руугаа явна аа. Яагаад гэвэл энэ амьтан чинь өөртэй нь харьцаж байгаа хүмүүсээсээ их шалтгаалж хурдалдаг. Үүнд тэжээж, хариулж, эдэлж, сойж байгаа хүмүүс орно. Эцсийн эцэст тухайн морины уяа сойлго таарсан цагт унаач хүүхдийн эрх мэдэлд шилждэг. Тэгэхээр морь уяна гэдэг маш олон хүний хөдөлмөр шингэдэг байгаа биз. Тэгэхээр яг үнэндээ би эдгээр хүний хүч хөдөлмөрийг дулдуйдаж байж морьдоо түрүүлүүлж, айрагдуулж өнөөдрийн цолыг хүртсэн. Түүнээс би ганцаараа энэ их ажлыг хийж явсан юм биш. Дэм дэмэндээ гэгчээр ах, дүү нарынхтайгаа саахалт байгаа. Морины хүүхэд ч дор дороосоо өсч байна. Монгол ахуй ер нь ингэж л үргэлжилдэг дээ.  

-Танд туслах уяач олон байдаг уу?

-Бий, бий. 

-Тэд таны шавь болно. Харин та тод манлай уяач Д.Ононгийн шавь. Та хоёр хэзээнээс багш шавийн барилдлагатай болсон юм бэ?

-2002 онд багшдаа шавь орсон. Багш шавь болсон бол гурван жил хамт морь уядаг дэг жаягтай. Түүнээс хойш саахалт бууж бараа бараандаа морьдоо уяж байгаа. Мориныхоо давхил хийдэг замынхаа чулууг хүртэл том жижиггүй түүж цэвэрлэнэ.

-Танай аймаг олон уяачтай. Тэднээс яагаад Д.Ононг онцолсон юм бэ?

-Манайх хэдэн үеэрээ Богд уулын өвөрт нутаглаж байна. Тэр үеэс л багшийнхтай саахалт буудаг байсан. Тэгээд ч нутгийн улс хэн хэнийгээ анддаггүй шүү дээ. Удам судраар нь хүүрнэнэ. Аав, ээж маань багшийнхийг ямар зан сайтай айл бэ гэдгийг ярьдаг байсан. Энэ бүхэн намайг багшид шавь ороход нөлөөлсөн.

-Адуу дагасан хүн муу явна гэж байхгүй гэж тод манлай уяач Д.Ганбаатар хэлж байсан. Ер нь адууныхаа дэргэд байхад сэтгэл нэг л сайхан болно биз?

-Тэгэлгүй яах вэ. Аав ээж, эх нутаг, адуугаа ярихад үнэхээр сайхан. Дөнгөж гарсан унагаа харах, бөхөө үзэх, морио уях ч сайхан. Монголд минь сайхан юм олон байна шүү дээ. Монгол хүн олон сайхан зүйлийн дунд амьдарч байна.

-Өнгөрсөн зун Төв аймгийн түүхт 90 жилийн ой болсон. Та хэрхэн наадав?

-Өнгөрсөн зун наадамчдын хувьд олон аймгийн түүхт ой давхацсан. Би дөрвөн айраг хүртсэн. Тодруулбал Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат Б.Бадраагийн товгор хээр соёолон, ачит хонгор даага, сүүн зээрд даага, өсөх хүрэн хязаалангаа айрагдуулсан. Архангай аймгийн бүсийн наадмаас ч айраг хүртсэн. Мөн улсынхаа наадамд ч морио айрагдуулсан. Түүнчлэн Монголын адууны түүхэнд байгаагүй нээлт болж, морьтон монголчууд бид адуугаа Геннисийн номд бүртгүүллээ. 3000 морьтон бүртгүүлэхээс 5000 бол 10 мянган морь уралдахаас 11 мянга 500 болсон. Үүнд оролцсон хүмүүс зөвхөн өөрсдийнхөө хүсэлтээр л ирсэн. Хэрэв бүх аймгаар зохион байгуулаад оролцуулсан бол замбараагүй тоо гарахаар байж. Монгол гэдэг улсыг эрийн гурван наадам л авч явдаг.

-Таны хувьд сүүлийн үед түрүү, айраг хүртээгүй жил гэж байхгүй болов уу?

-Эхний хугацаанд энэ сайхан буяныг хурдлуулахад боломж нээгддэг юм байна. Морьдынхоо уяа сойлгыг таарууллаа гэхэд унаач хүүхдийн овсгоо самбаанаас шалтгаалж морь хурдалдаг.

-Адууны тухай ярьж байгаагийнх уншигчид маань таныг хэдэн адуутай бол гэж бодож байж болох...

-Сайхан өсгөж байгаа. 16 азарга 400 гаруй адуутай.

-Улсын наадамд та хэчнээн тооны морь уядаг вэ?

-Ер нь уяачид маань морьдоо барьж эхлэхдээ хэдэн цээл уяа дүүрсэн морь уядаг. Харин гурван сунгааны дараа харахад хэдхэн шигшигдсэн адуутай үлддэг.

-Сүүлийн үед шинэ монгол адууг уяачид маш их өсгөх болж. Яваандаа цэвэр монгол адуу устах вий гэж санаагаа чилээсэн хүн ч байгаа...

-Монгол адууны галбир улам гоё, хурд нь улам өсөх ёстой. Чадаж байвал бид яагаад Монгол адуугаа дэлхийд уралдуулж болохгүй гэж. Гэхдээ манай уяачдын төлөөлөл тод манлай уяач Д.Ганбаатар, Д.Цэрэнжигмэд нар хэдэн сайхан адуу авч уралдуулж АНУ-д түрүүлүүллээ. Энэ бол уяачдын маань эхний алхам. Сайшаалтай хэрэг. Тэдгээр адууг өөрийн орондоо авч ирж хурдлуулъя гэхээр цаг үе, уур амьсгал нь болоогүй юм чинь орчинд нь л уралдуулахаас арга үгүй. Тачир үстэй, нимгэн арьстай тэдгээр адууг монголд уралдуулахын тулд нэлээн цаг хугацаа, ажиллагаа шаардагдана. Монголын адуу цус сэлбэлээ гээд удам нь тасрахгүй. Адууныхаа цусыг солих нь зөв. Монгол адуу өөрөө генеткгийнхээ хувьд өөрийгөө уусгаад бүрэн авчих чадвартай. Эрлийз азаргыг монгол гүүтэй нийлүүлэхээр гурав дахь үеэсээ бараг цэвэр монгол адуу болчихдог. Улсын наадамд уралдаж байгаа адууны тал хувь нь эрлийз адуу байдаг. Гэвч тэдгээрийг ялгана гээд байгаа өнөө хүмүүс нь таньдаггүй. Бүр илт харагдсаныг нь л ялгадаг. Харин бид хараад тэр анзааны юм байна даа гээд мэднэ. Мэдхээс ч яах вэ дээ, өөрсдөө хийж байгаа юм чинь. Тиймээс үүнийг нэг тийш нь шийдэх хэрэгтэй.

-Яаж...

-Миний бодлоор мундаа, сэрвээнийх нь өндрөөр л асуудлыг шийдвэл зүгээр. Тухайн заасан өндрөөс нь илүү гарвал хасагдана, гүйцээ. Дэлхийн хэмжээнд ийм асуудал яригдаж байгаад миний ярьснаар тогтож шийдэгдсэн.     

-ММСУХ-ны зүгээс өвлийн улиралд морь уралдуулахыг хориглосон. Үүнд та ямар бодолтой байдаг вэ?

-Энэ холбоо 2013 онд сайн ажилласан. Гэхдээ санаж бодох, зохицуулах ажил гарч ирж байна. Ямар нэгэн ажил эхлэхэд өмнөхийгөө шинэчилж байж шийддэг. Энэ асуудал бол үүнээс л гарсан. Өвлийн улиралд насанд хүрсэн хүнээр хурдны морь унуулбал хөл нь газар хүрэх шахсан хүмүүсийг хараад хэн огших юм бэ. Монгол морийг монгол хүүхэд л унсанаараа монгол наадам гоё болж байгаа байхгүй юу. Монгол эрсийн ихэнх нь морь унаж өссөн байдаг. Гэхдээ зөвхөн морь унаад давхих биш. Тэгж давхихын тулд сэтгэлзүй, тэсвэр тэвчээр, эр зориг, авхаалж самбаа, хурд, хүч ордог юм. Цөөхүүлээ ч гэсэн өнөөдөр яагаад монголын удамт хөвгүүд дэлхийд нэрээ мандуулж яваа юм бэ гэхээр дээрх чанар багаас нь суусан байдаг болохоороо тэр. Дэлхийд адуу шигээ ялгарч чадаж байна. Үүнийг нотлох нэг баримт бол Японы мэргэжлийн сумо бөх. Монгол хүн л тэр тэсвэр тэвчээрийг дийлж одоо толгойлж байна. Япончууд тухайн тогтсон цагтаа хооллож, унтаж, бэлтгэлээ хийхгүй бол дэвжээн дээр гараад барилдаж чадахгүй. Харин Монгол бөхийг өглөө эрт босгоод хоол ч өгөлгүй бэлтгэл хийлгэвэл тоох ч үгүй. Адуу шигээ шандастай юм чинь арга байж үү дээ. Амьдралд хандах хандлага нь ч өөр.    

-Сэтгэл зүй бас их нөлөөлнө шүү?

-Тийм. Монгол эр хүн нэг зорьсон зүйлдээ тууштай зүтгэвэл чадаж байж л салдаг. Маш хатуу бодолтой. Монгол адуу монгол хүн хоёр үүгээрээ адилхан. Дэлхийн олон адуунаас Монгол адуу л ганцаараа үхтэлээ уралдаж чаддаг амьтан. Харин эрлийз адуу жаахан эвгүйтэх юм бол амиа хамгаалаад зогсчихно. Одоо Монгол адууг гаргаж авах гэж Араб, Англичууд үйлдвэр угсаа бий болгож байна. Монгол адууны гайхамшигт чанар нь гэвэл шарх сайн даана, маш богино хугацаанд амарч чаддаг, бага өвсөнд хоолшиж чаддаг, өвлийн хүйтэн, зуны халуунд амархан зохицдог. Чингис хаан олон улсыг эзэлж байхдаа тухайн улсын адууг авч эдэлгээндээ хэрэглэж болох л байсан. Гэвч тэгсэн түүх байхгүй. Учир нь Монгол адуу нь л ээлээ өгч эрэмгий гэдгээ таниулж, газрын холыг туулах чадвартай болохоор тэр.     

-Таныг 16 настайгаасаа эхэлж морь уясныг тань сонссон. Харин морь унаж эхэлсэн насыг тань мэдэхгүй юм?

-Төвд өссөн л дөө. Тавдугаар ангид сурч байхдаа унадаг дугуй босгож унаж байлаа. Хөдөө очсон ч дугуйгаа унана. Гэхдээ хааяа саахалт айлынхаа хурдны морийг унадаг байсан. Аав маань морь уядаггүй байсан болохоор айлын хурдны морь л оногдоно л доо. Гэхдээ нэг их айрагдаагүй ээ. Мөч урт болохоор гурван жил хэртэй унаад л хасагдсан.

-Морь уях болсон шалтгаан тань юунаас нөлөөлсөн бол...

-Адуутай ойр өссөн болохоор өөрийн эрхгүй адуунд хайртай болчихдог юм билээ. Мориныхоо хөхөл, сүүлийг боож наадмынхаа талбай руу цувж байгаа хөх өвөгчүүдийг харахаар нэг л сайхан харагддаг байсан. Тэр үед одооных шиг морио машинд ачаад явдаггүй байлаа шүү дээ. Тэр өвөгчүүдийн гаансаа нэрж байгаа байдал, морио шинжиж байгаа, нударгаараа мориныхоо зоог арчиж байгаа төрх нь намайг өөрийн эрхгүй адуунд дуртай болгочихсон. Өвөг дээдэс маань байгаа байдлаараа л дараагийн үеэ тэгж бэлтгэдэг юм шиг. Би олон жил Хүй мандалд хүлгийнхээ тоосыг өргүүлж айраг, түрүү хүртлээ. Тэр үед тэнд цугласан олон түрүүлж ирж байгаа адууг хэний хүлэг бэ гэдгийг нь танихгүй хэрнээ уухайлж сэтгэлээ огшоохыг мөн ч их харсан. Зарим нь хүртэл уйлаад Монгол наадмаараа бахархаж байдаг. Гэтэл тэдний дунд зогсож байгаа гадаадын шар толгойтой хүмүүсийн нүүрэнд өчүүхэн ч баярын мишээл тодордоггүй. Зөвхөн гэрэл зураг авах л үүрэгтэй. Бид бодитой түүхтэй ард түмэн. Зарим улс шиг түүхээ гуйвуулаагүй. Сайн хүний үр, сүүтэй гүүний унага гэж агуу үг байдаг даа. Агуу өвөг дээдэстэй юм чинь агуу ард түмэн байхаас ч яах вэ дээ.

-Цаанаасаа төрчихсөн юм гэж үү?

-Яг тийм. Үүнийг л би хэлэх гээд байсан юм.

-Аавынхаа тухай та яриач?

-Цэргийн арслан цолтой хүн байсан. Адуунд аатай. Тэр хавийн айл дийлэхгүй адуугаа ааваар л бариулж, сургуулна.

-Биеийн ерөнхий төрхийн хувьд...

-185 см өндөртэй хүн байсан. Дөрвөн мөч бүдүүн, том гартай. Цээж нь лүхэгэр хэрнээ гэдэс суугаагүй. Ер нь улсын аварга Г.Эрхэмбаярын цээж аавынхтай төстэй. Гэхдээ нуруугаараа их хотгор. Хөл нь майжигдуу.

-Бөхийн спортоор яагаад хичээллэж байгаагүй юм бол...

-Таван жил цэргийн алба хаасан гэдэг. Цэрэгт байхдаа нэлээн барилддаг байсан юм билээ. Улсын арслан Ө.Эрдэнэ-Очир гуай аав хоёр багийн найзууд. Нэг голд тоглож өссөн гэдэг. Арслан аавыг ярихдаа “Баруун талтай, бярдаж барилдах гээд байсан юм даа” гэж хэлдэг. Аав минь гэр бүлтэй болж олон хүүхэдтэй болох үед нь нийгэмчлэл явагдаж хэдхэн малтай үлдэж. Тэгж байтал дараа нь тэгшитгэл гэж дахиж явагдаад үлдсэн малыг нь хамчихаж. Тэгэхээр нь олон нялх хүүхэдтэй айл чинь амьдрахын тулд төв бараадаж уурхайд орсон юм билээ. Гэхдээ ажлаа хийж байхдаа улсын наадамд хэд барилдахдаа нэг удаа тавын даваанд өвдөг шороодож байсан юм билээ.   

-Та аавыгаа бурхан болоход нь хэдэн настай байсан бэ?

-Аварга дүү маань 16 би 18 настай байсан. Аав бид хоёрыг багаас нь бөх болгоно гээд хооронд нь барилдуулдаг байсан. Би 20 гарсан хэрнээ ч аавынхаа хэлсэн үгийг санахад яг л амьдралд хэрэг болдог шүү.

Отгон дүү А.Батсүх ээж, гэр бүлийнхээ хамт. 

-Зан байдлыг нь тодорхойлооч...

-Олон таван үггүй, холын бодолтой эр хүн байж ээ. За бол за үгүй бол үгүй. Хүмүүсийг ялгаж харьцана гэж байхгүй. Ядарсан хүн байвал хооллоод арай гайгүй хувцас өмсгөөд явуулчихъя гэж боддог. Бидэнд “Хүнийг та нар гаднах төрхөөр нь битгий дүгнэлт хийгээрэй. Хүн гэдэг чинь адилхан л оюун санаатай. Хүн бүрт сайн тал бий” гэж сургасан. Тэр сургуулиар нь ч би хүүхдүүдээ сургадаг.

-Сурын амт хэр мэдэрдэг байв?

-Тухайн үед сэхээтнүүдийн хүүхдүүд л сураар ороолгуулахгүй байсан болов уу. Бусад нь бол сайн гуядуулдаг байсан. Аавдаа хоёр сайн ороолгуулчихвал бие хөнгөрөөд улам цовоожно. Хамгийн их хэрэг хийсэн үед чөдрөөр ороолгоно. Арай гайгүй бол сур, уурганы хувь, ташуур гээд зүйл анги нь өөр (инээв). Ер нь аав хүний таван салаа боов хүүхдийнхээ барцадыг арилгаж байдаг гэдэг үнэн байх. Би ч хааяа хүүхэддээ алганы амт өгье гэж боддог. Даанч зав гарахгүй юм. 

-Та хойно автын мэргэжил эзэмшсэн юм уу?

-Тийм. Дунд сургуулиа төгсөөд л явсан. Намайг явсан жил Баянаа аварга хүүхэд шалгаруулж “Шонхор” биеийн тамирын дээд сургуульдаа элсүүлсэн юм билээ. Түүнд нь аварга дүү багтсан.

-Та мэргэжлээрээ ажилсан уу?

-Үгүй. Гурван хос костюмтой, зангиа зүүсэн ганган залуу дөнгөж ирэхэд ээж “Чамаас өөр мал маллах хүн алга” гээд хав хар волк 24-т суулгаад хөдөө гэр рүү аваад явсан. Уг нь би төв орж авто механик маягийн цалинтай ажил хийх гээд байдаг. Гэвч ээж явуулаагүй.

-Тэр үед танайх хэчнээн малтай байсан бэ?

-Намайг хойшоо явсан хойгуур ээж эгч дүү нарт хувь хүртээхийг нь хүртээгээд үлдсэнийг нь айлд тавьчихсан байсан. Айлд тавигдсан тэдгээр малаа би цуглуулсаар буурлынхаа буяныг эдэлж өнөөдөр сайхан амьдарч байна гэж боддог. Гэхдээ намайг Баянаа аварга ногоон өнгөтэй УАЗ-469 машин хөлөглөчихсөн авч явах гэж ирсэн юм шүү. Бөх болгоно гээд.

-Тэгээд яагаад яваагүй юм бэ?

-Ээж явуулаагүй юм. Ээж аваргад “Чи нэгийг нь авсан бол болоо” гээд хавьтуулаагүй. Би ч дотроо хот л орох минь намайг аваад явчихаасай гээд Баянаа аварга руу хараад байлаа. Тэгсэн ч амжилт олоогүй (инээв). Аварга хсэг сууж байснаа явахаар гарав. Би ч гарлаа. Аварга над руу нэг эргэж харснаа машиндаа суугаад хөдөлчихсөн. Тэгээд миний хот орох бодол өнгөрсөн.   

-Тэр үед та ээждээ “Хот руу орж цалинтай ажил хийнэ” гэдэг байсан юм билээ. Тэгсэн нэг байгууллагаас 130 хонь авч таниар маллуулсан гэдэг?

-Тийм. Нийслэлийн “Ус сувгийн удирдах газар”-аас авч ирсэн юм билээ. Цэргээс халагдаад ирсэн жил манай хонь нэлээн олон болчихож. Тэгэхээр нь ээжээс “Юун олон хоньтой болчихоо вэ” гэсэн чинь “Ус сувгийн 130 хонь нэмсэн. Цалин нь 100 төгрөг.  Одоо миний хүү амины мал чинь байна. Цалин чинь байна. Ингээд ажиллаад байж дээ” гэв. Надад ч хэлэх үг олдоогүй. Тэгээд л хэдэн дүү нараа ингэ тэг гэж зохицуулчихаад өөрөө гэртээ голдуухан байж байдаг байлаа.

-Тэр үед чинь ээж  тань танд хэлэлгүй танай хадмынд очоод хадаг тавьчихсан гэл үү?

-Тийм. Намайг нэг өдөр ээж “Чи чинь залуу хүн байж гэрээс гарахгүй хэвтээд байх юм. Найз нөхөдтэйгээ гараач” гэв. Үеийнхээ залуучуудтай нийлсэн хүн яаж зүгээр байх вэ өөрт таалагдсан бүсгүй рүү харна. Тэгж явахдаа ах нь эхнэртэйгээ танилцсан юм даа. Гэхдээ би эхэндээ гэрэлье ч гэж бодоогүй. Ээжид ч хэлсэнгүй. Гэтэл ээж нутаг орныхноосоо манай хүү хаагуур яваад байна, хэнийхээр бууж байна гэж сураг тавиад мэдэж. Гэтэл нэг өдөр би найз охинтойгоо уулзах гээд яваад очтол “Танай ээж чинь ирээд бурханд хадаг тавьчихсан шүү” гэдэг байгаа.

-Тэгэхээр нь та хариад ээждээ юу гэж хэлэв?

-Ээж та яагаад ингэчихээ вэ л гэсэн. Тэгсэн хээв нэгхэн “Миний хүүтэй жил мэнгэ нь таарах юм билээ, ээж нь мэдэлгүй яах вэ” гэсэн. Тэгээд л гэр бүлтэй болсон доо.

-Таныг яагаад Тангаа гэдэг юм бэ?

-Эмэг ижий маань өгсөн юм. Би багадаа гурайсан хар юм гарч. Тэгээд эмэг ээж маань Тангадын хар гэж хочилдог байсан юм билээ. Тэгээд Тангад нь явсаар байгаад л Тангаа болчихгүй юу. Сүхбат болохоор улаан хүүхэд гарсан юм билээ. Тэгээд л Улаанаа гэдэг нэртэй.

-Аварга та хоёр хүүхэд байхдаа мэдээж олон барилдсан байж таарна. Та олон давдаг байсан уу?

-Дунд сургууль төгстлөө миний талд байсан. Харин би хойшоо яваад аварга “Шонхор”-т орсноор эрс чангарсан байсан. Надтай барилдахдаа “Би баруун хөлийг чинь авна шүү” гэж байна. Би ч дотроо өгөхгүй дээ гэж бодож байтал “Tom and Jerry” хүүхэлдэйн кинонд гардаг муур шиг шур гээд л авчихна. Нүгэлтэй хурдан хөдөлгөөнтэй болчихсон байсан. Цаадах чинь байгалиасаа заяагдчихсан юм. Надад нэг удаа “Хурдан хөдөлгөөнтэй бөхтэй барилдах амар байдаг юм” гэж хэлсэн. Өөрөө хурдан болохоор тэгдэг байх л даа. Нүд нь нүгэлтэй хурдан. Би нэг жишээ хэлье.

-За...
-Түр хурхын голд сум жараахай байдаг байлаа. Урт хэрнээ сахалтай. Тэр жараахай гар дөнгөж хүрэх төдийд хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болчихно. Би харъя гэж бодоод ч чаддаггүй. Гэтэл аварга одоо тийшээ явсан, одоо энд байна гээд хэлдэг. Би тэр загаснаас бусдыг нь барьдаг байсан.

-Юугаар барих уу?

-Юугаар ч хамаагүй. Заримдаа гараараа. Хувин, шил гээд л. Харин аварга миний барьж чаддаггүй жараахайг барьчихна.  

-Хэрвээ та үндэсний бөхөөр тууштай барилдсан бол ямар цолтой байх байсан бол...

-Би чинь Монгол Улсын сумын заан цолтой шүү дээ(инээв). Энэ цолоо Монгол Улсын гээд байгаа юм аа. Би авч чадах цолоо л авсан байх.

-Гэхдээ таныг чанга байсан л гэдэг юм билээ шүү дээ?

-Сонгино хайрханы хишиг барилдаанд нэг барилдсан юм. Манай аймгийн Баян сумын харьяат аймгийн арслан Батчулуунтай таарч хаясан юм. Тэгсэн Ц.Хэнмэдэх гуай харчихаад их шоолж инээж байна аа. Юу бодож инээсэн юм бүү мэд. Түүнээс хойш намайг хүмүүс хэрхэн барилддаг вэ гэхээр нь Хэнмэдэх гуай л мэднэ дээ гэж хэлдэг.

-Та аваргыг ямар цолны болзол хангахад нь илүү баярлаж байсан бэ?

-Төр түмний цол ер нь багаддаггүй юм. Гэхдээ Ардын хувьсгалын 80 жилийн ойгоор дархан аварга Б.Бат-Эрдэнийг хаяхад нь их баярласан. Цагийг эзэлсэн аваргыг өвдөг шороодуулж 10 давж түрүүлнэ гэдэг их амжилт.

-Дээхнэ аваргыг допинг хэрэглэсэн гэж хэсэг шуугисан. Тэр үед ах хүний хувьд юу бодож байв?

-Хорвоо хүртэл нэмэх, хасах цэнэгтэй байдгийн адил хүний амьдрал ч тийм байдаг биз дээ. Дүү маань сайн, муу аль алинийг нь их сонссон. Гэхдээ сайныг нь сонсч баярлаад, мууг нь сонсч сэтгэлээр унаад байх шаардлага байхгүй л дээ.

-МҮБХ-ны талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Наадам дууссаны дараа шинжилгээ явуулаад ийм, тийм байна гэдэг. Гэтэл өнөө бөхчүүд нь хэрэглээгүй гэх юм. Хамгийн гол нь тэр шинжилсэн байгууллага нь хэр найдвартай юм бол. Олон улсын чанарт нийцсэн л гэнэ. Бөхчүүдийн уур уцаарыг хүргэлгүйгээр асуудлыг шийдэж болдоггүй юм болов уу. Үүнээс нь болж бөхчүүдийн нэр хүнд маш унаж байна. Хэл амнаас нь айж залуучууд энэ спортыг сонгохоо байх вий гэж эмзэглэж явдаг даа.

-Аваргыг зодог тайлахад та цочирдсон уу?

-Тийм. Монгол түмэн их хүнд хүлээж авсан. Улсын наадамд морио мордуулчихаад айрагдсан ч бай айрагдаагүй ч бай орж ирээд л дүү минь хаана байгаа бол гэж харна. Аварга барилдаж байхдаа манай адуу айрагдана гэж итгэж байдаг бол би дүүгээ үзүүр түрүү булаалцана л гэж итгэж байдаг. Морио айрагдуулчихаад орж ирээд л харахад миний дүү барилдаж байдаг. Түрүүлж байдаг. Адуу нь ч айраг түрүү хүртэж, дүү нь ч үзүүр түрүү авсан сайхан наадам нэлээд олон жил үргэлжилсэн. Энэ бол манайхны хамгийн том баяр бахдал. Бид ард түмнээ баярлууллаа. Ээж дээрээ очиж сайхан үнсүүлээд баяраа тэмдэглээд их сайхан байдаг юм. Тэр жил би айрагдсан морио аваад цэнгэлдэхэд орсон чинь цагаан хоолойгоор дүү нэг юм зарлаад л байна. “Миний шавь нар сайхан барилдана. Аварга нь зодог тайлах гэж байна” гэж байна. Тэрийг сонсоод нүд харанхуйлаад явчихлаа. Тэгсэн чинь нөгөө сурвалжлагч нар чинь гүйж ирээд хоолой зангируулаад л уйлуулаад тавьчихлаа. Энэ сурвалжлагчид хүнийг хүнд хэцүү үед нь ирж уйлуулаад байдаг хэцүү хүмүүс. “Дандаа намайг уйлуулдаг чамайг аавд хэлнэ дээ” гэдэг шиг эвгүй хүмүүс шүү. Хүн тэвчээд байхад чинь уйлуулчихаад яваад өгнө. Уул нь би эр хүнийхээ хувьд тэвчээд байж байгаа байхгүй юу. Тэгээд байж байхад сурвалжлагч нар ирээд тэр тэвчээрийг задлаад хаячихна. Уйлуулаад л тавьчихна.

-Танд ч хэлээгүй байж. Тэгэхээр өөрт нь ч гэсэн гэнэтийн шийдвэр байсан болов уу?

-Миний дүү ганцаараа тийм шийд гаргасан. Хэнтэй ч яриагүй. Би дүүгийнхээ гаргасан тийм шийдвэрийг хүндэтгэж үзэх ёстой. Тэр чинь ямар жаахан  хүүхдийн шийдвэр биш. Бөх гэдэг чинь ганцаарчилсан спорт. Өөрийнхөө алдаа оноог өөрөө л үүрдэг. Хүнтэй барилдаж байхад нь би хөлийг нь давхар хамаад өгч чадахгүйгээс хойш юу хэлэх вэ. Спортын характер гэж бас байгаа.

 

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

А.Батсүх: Миний ээж хүнд туслахын одонд төрсөн хүн  
Үзсэн: 2591 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zochin [64.119.22.xxx] 2018-07-10 17:23
bitgii xudlaa xuts
хангай [66.181.161.xxx] 2018-07-09 23:34
танай ээж их буянтай хүн маш их баярлаж явдаг
хангай [66.181.161.xxx] 2018-07-09 23:33
танай ээж их буянтай хүн маш их бхярлаж явдаг
Зочин [66.181.161.xxx] 2018-07-09 23:33
танай ээж буянтай хүндээ
zochin [103.229.123.xxx] 2018-07-09 13:55
bi l lav eej deerne ochood zasal hiilgeed butej bga yum bgaaguiee hudalaa hun bnlee zunduu ih mungu ugsun zalillangii hun
Зочин [66.181.177.xxx] 2018-07-09 12:17
2 хүүхдийг нь гаргасан гээд нэг хүүхэн шуугиулаад байсан яасан бол хөөрхий.Эргээд суугаагүй юм байх даа
Зочин [66.181.160.xxx] 2018-07-09 10:58
битгий хуц баянмөнх л өрсөлдөгч болох Мөнхбат Цэрэнтогтох нарт хараал хийлгэжбайсан ш дэн

Бидэнтэй нэгдээрэй