Шууд Chart

“Монгол наадам-Стокхольм 2018” сайхан боллоо

2018-07-12 14:39:31

Шведийн Вант улсад ажиллаж амьдарч байгаа Монголчууд Үндэсний Их баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлжээ. Ойролцоогоор 10000 орчим Монголчууд ажиллаж, амьдардаг Шведийн Вант улсын нийслэл хот Стокхольмын тэнгэрт Монгол төрийнхөө далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэн нутаг нэгтнүүдийнхээ сэтгэлийг огшоож, бахархлыг бадраасан баяр наадмыг энэ жил “Монгол наадам-Стокхольм 2018” гэсэн нэрийн дор амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ.

Тулгар Төр байгуулагдсаны 2227 жил, Иx Монгол Улс байгуулагдсaны 812 жил, Ардын Xувьсгалын 97 жилийн түүxт ойн баярт зориулсан “Стокхольм-2018” наадмыг Элчин Сайдын Яамны төлөөлөл мөн Баяр наадмын ерөнхий зохион байгуулагч болох Швед дэх Монголчуудын Холбооны удирдлагууд оролцож баярын мэндчилгээ дэвшүүлэн албан ёсоор нээж эхлүүлсэн билээ.

Харин энэхүү баярт үйл ажиллагааг дэмжин оролцсон Үндэсний хөгжмийн “Гэгээн эгшиг” хамтлаг, сонгодог урлагийнн ” MoD”, “Сувдан өрөг” сургалтын төв зэрэг байгууллагын уран бүтээлчид, бяцхан багачууд наадамчин олонд ая дууны болон авьяас бүтээлийнхээ дээжээр мэндийн цэнхэр хадгаа өргөн барилаа.

Энэ жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд аймаг, сумын цолтой болон цолгүй 64 бөх барилдсанаас Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат Аймгийн начин С.Оргилболд түрүүлж, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат аймгийн начин М.Батмөнх үзүүрлэсэн бол уран барилдааны шагналыг залуу бөх Б.Тэмүүжин хүртжээ. Тэгвэл хоёр насны ангиллаар явагдсан өсвөр насны хүүхдийн барилдаанд Б.Угтах-Ирээдүй, Р.Төгөлдөр нар ангилал тус бүртээ түрүүлж наадамчин олон, ээж аав, найз нөхдөө баярлууллаа.

Харин сурын харваанд 30 харваач цэц мэргэнээ сорьж нийт 16 сум тавьснаас нийслэлийн Багануур дүүргийн харьяат Спортын мастер Г.Ганчимэг 12 онож тэргүүлсэн бол залуу харваач М.Энхболд 10 оноогоор хоёрдугаарт, залуу харваач Б. Солонго ес онож гуравдугаар байрт тус тус шалгарчээ. Эрийн гурван наадмын нэгэн төрөл болох шагайн харваа нь Европт төдийгүй Шведэд ихээхэн дэлгэрч шинэ залуу харваачдаар хүрээгээ нэмж багийн тоо ч олон болсон. Ингээд энэ жил нийт найман багийн 50 гаруй харваач цэц мэргэнээ сорьсноос Төв аймгийн харьяат, Монгол Улсын гарамгай мэргэн Б.Энхтүвшин ахлагчтай баг нэг ч хожигдолгүй итгэл төгс түрүүлж, Дундговь аймгийн харьяат Ө.Батсайхан ахлагчтай баг удаалж, Сэлэнгэ аймгийн харьяат Г.Баяржаргал ахлагчтай баг гуравт орлоо.

Хувийн цуваа харваанд Хэнтий аймгийн Дадал сумын харьяат О.Батзориг түрүүлж, Дундговь аймгийн харьяат Ө.Батсайхан удаалж, Булган аймгийн харьяат Г.Сэлэнгэбаатар гуравт шалгарсан байна. Мөн насанд хүрэгчдийн олс таталт, хүүхдийн шагайн харваа, ойрын зайн гүйлт, мини теннисний тэмцээн зохиогдож төрөл төрөлдөө аваргуудаа шагнаж урамшуулжээ.

Мөн Швед улсад төдийгүй Европ тивд Монгол шагайн харвааг хөгжүүлэх, түгээн сурталчлах үйлсэд үнэтэй хувь нэмэрээ оруулж, шагайчдаа манлайлан ажиллаж байгаа Швед дэх Шагайн холбооны тэргүүн Ц.Ганбаатар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, Спортын газрын шагнал "Биеийн тамирын алдар" тэмдгээр, гадаад оронд амьдарч байгаа хүүхэд багачуудад хөгжмийн боловсрол олгох үйлсэд хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа “Сувдан өрөг” хөгжмийн суруулийг үүсгэн байгуулагч, багш Б.Эрдэнэсувд, Швед дэх Монголчуудын урлаг, соёлын үйл ажиллагаанд олон жил идэвхитэй оролцож, соёл, урлагийг түгээн сурталчлахад хувь нэмрээ өргөж яваа “Гэгээн эгшиг” хамтлагийн гоцлол хөгжимчин н.Отгонцэцэг нар “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнууллаа.

Зохион байгуулагчдын зүгээс баяр наадмын үеэр хоёр ч шинэ дуу, клипээр наадамчин олондоо бэлэг барьсан. Энэ нь Шведэд ажиллаж, амьдарч байгаа уран бүтээлчид болон яруу найрагч Б.Энхтуяа, ая зохиогч СТА М.Энхмэнд нарын хамтын бүтээл “Дөлгөөн намуун Швед минь” дууны клип мөн “СлаваФото” студийн захиалгаар бүтээсэн Америкийн Чикаго хотод амьдардаг яруу найрагч Х.Тэргэл, Монголын хүүхдийн ордны дуулаачийн багш, хөгжмийн зохиолч С.Алтан-Уяа нарын “Хөх Монголын Үрс” дуу байлаа.

Энэ дашрамд дурдахад, Хөгжмийн зохиолч С.Алтан-Уяа багш Үндэсний Их Баяр наадмын босгон дээр “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдсан байна. Баяр наадамд Норвеги, Польш, Герман, Унгар, Дани, Америк, Финланд зэрэг улсаас нутаг нэгт болон гадны зочид өргөнөөр хүрэлцэн ирсэн нь өмнөх жилүүдээс онцлогтой байлаа.

"Монголын мэдээ" телевизийн Швед дэх сурвалжлагч Р.Алдар































Нийтэлсэн: Р.Слава

“Монгол наадам-Стокхольм 2018” сайхан боллоо   
Үзсэн: 1840 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Nevenka [197.234.221.xxx] 2018-08-02 17:38
Бид бага хүүтэй. Бид хэрэгцээтэй хүмүүст зээлээ санал болгодог Санхүүгийн хувьд би зээлийн компани, санхүүгийн зээлтэй, бага хүүтэй зээл, зээлийн компаниудтай. Дэлгэрэнгүй мэдээллийг дараахь хаягаар авна уу: https://www.creditsfinances.com/en/

Бидэнтэй нэгдээрэй