Шууд Chart

Ерөнхийлөгч Х.Баттулга сумын алдарт уяач Б.Баттөрийн галаар зочиллоо

2018-07-12 16:11:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Хүй долоон худагт Төв аймгийн Угтаалцайдам сумын алдарт уяач Б.Баттөрийн галаар зочиллоо. Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 199 азарга бүртгүүлснээс 153 хурдан хүлэг шандсаа сорьж, Төв аймгийн Угтаалцайдам сумын алдарт уяач Б.Баттөрийн бидэрт хул азаргыг найман настай А.Буянжаргал хурдлуулж, түрүү магнайд орж ирсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сумын алдарт уяач Б.Баттөрийн галаар зочлохдоо бидэрт хул азарга нь түрүүлж, наадамчин олноо баясгасанд нь баяр хүргэж, хөөрөг зөрүүлсэн юм. Энэ үеэр сумын алдарт уяач Б.Баттөр Төрийн тэргүүн морилон саатаж байгаад бэлэгшээж, наадмын сонин сайхнаас хуучиллаа.

Сумын алдарт уяач Б.Баттөр “2009 онд морь сонирхож эхэлсэн. Түүнээс хойш их сургуулиа дүүргээд морь уяж эхэлсэн. Унаач хүүхэд маань найман настай. Бидэрт хул азарга маань Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат аймгийн алдарт уяач Сүхдоржийн Гомбосүрэн гээд манай хамаатны ахын унаган адуу байгаа юм байна. Нутаг орондоо айраг, түрүү алдаж байгаагүй адуу. Энэ жил улсын баяр наадамд түрүүлсэнд баяртай байна” гэсэн юм.

Мөн энэ жил Төв аймагт цас ахиухан орсноос дөрөвдүгээр сард ногоо сайн ургаж, морьд тэнхээ сайтай, оролцсон уралдаан, сунгаандаа урдуур орж байгаа талаар Төв аймгийн Угтаалцайдам сумын алдарт уяач Б.Баттөр ярив.

Бидэрт хул азарга түрүү магнайд орж ирсэн нь Төв аймгийн Угтаалцайдам сумын азарга насанд анхны түрүү нь болж байгаад нутаг усныхан нь баяр хөөртэй байлаа.


Ерөнхийлөгч Х.Баттулга сумын алдарт уяач Б.Баттөрийн галаар зочиллоо  
Үзсэн: 190 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй