Шууд Chart

Гол дүрийн жүжигчин

2018-07-19 15:47:34

Хүрлээгийн ухаан орон гаран байгаа нь илт. Хамгийн гол нь өдрөөс өдөрт түүний сонсгол сайжирч, хүмүүсийн яриаг улам тод сонсож байгаагаа л мэдэрч байлаа. Эмч нар “Бүтэн харвалт өгчихөж, тэсэхгүй байхаа” хэмээн ярилцаж байхыг сонсоод “Би үхмээргүй байна. Ядаж ганц ч гэсэн гол дүр бүтээмээр байна шүү дээ” хэмээн хашгирах гэсэн боловч үнэндээ чадсангүй. Энэ өдрөөс хойш хичнээн хоног өнгөрснийг бүү мэд. Эхнэр нь хүүхдүүдээ дагуулан ирж, орных нь дэргэд суугаад уйлж байгааг мэдэж байсан ч, тэр тайвшруулах гэж хүссэн ч бас л чадсангүй. Ажлынхан нь ээлж дараалан орж ирж, театрын дарга хямсгар авгай цав цагаан алчуураар хуурай нүдээ арчин “Манай хамгийн сайн жүжигчдийн нэг байсан юм. Хатуу дарсанд л жаахан дуртай болохоос биш үнэхээр авьяастай залуу шүү дээ” гэж эхнэрт нь шивнэж байгаа нь түүнд яг л хашгирч байгаа юм шиг сонсогдож байлаа. Хүрлээгийн уур буцалж, “Чи ганц удаа надад гол дүр өгчихсөн болоод ингэж хэлээч.

Чиний нууц амраг Төрөөгөөс илүү би тоглох байсан юм” гэж хашгирахыг хүссэн ч бас л дуугарч чадсангүй. Том театрын туслах жүжигчин. Хөгшчүүдийн хувцас зөөж, тайзны араар гүйж, хааяахан нэг жүжигт тоглоно. Түүний тайзан дээр хэлдэг үг, хийдэг үйлдэл тун тоотой. Хүрлээ яг л туслах дүрд тоглож байгаа юм шиг амьдрал дээр ч гэсэн дуу цөөнтэй хүн. Тиймдээ ч насаараа туслах дүр бүтээж яваагаа сайн мэддэг байв. Театрт 10 гаруй жил туслах жүжигчнээр ажиллаж, шинэ бүтээл тавих сургаар наадамд уралдах гэж байгаа юм шиг л хөөрч догдолдог ч түүнд туслах дүр л оногддог байлаа. Залуу байхдаа тайзан дээр тавигдах жүжгийн зохиолыг шөнөжин уншиж, гол дүрийн жүжигчин шиг л бэлдэж, жүжгийн дараа “Хэрвээ би байсан бол ингэж тоглох байсан” хэмээн харамсаж, шаналж, заримдаа өөртөө гутарч, хий дэмий л бухимдна. Сүүлийн хэдэн жил тэр архинд орж, ажил дээрээ тоотойхон очиж, өөрт оногдох туслах дүрийг чимээгүйхэн авч явсаар өнөөдөртэй золгож. Түүний мөрөөдөл гол дүрийн жүжигчин болох хүсэл ч нэг л мэдэхэд замхарчихсан байлаа. Харин гэнэтхэн ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдэж ирснээс хойш, “Сэхэхгүй байхаа” гэсэн эмчийн үгийг сонссноос хойш гол дүрд тоглох юмсан гэсэн түүний хүсэл бадарч, хором бүр тэр амьд үлдэх гэж тэмүүлж байгаагаа мэдэрч байлаа. Гэвч нэгэнт хожимдсон бололтой.

Ухаан нь нэг орж, нэг гарч байсан ч, нүдээ ч нээх тэнхэлгүй болчихсон хэвтэж байгаа ч Хүрлээ өөрийнхөө тайзан дээр амилуулсан цөөн хэдэн туслах дүрээ эргэж санах гэж хичээсэн боловч чадсангүй. Харин ангийнх нь намхан цагаан охины дүр, түүний цангинасан инээд чихэнд нь хөгжим адил жингэнэж байлаа. Түүний анхны хайр. Хэтэрхий хөөрхөн, жижигхэн, эгдүү хүрмээр энэ охины араас сургуулийн бүхий л хөвгүүд нүдээ унагадаг байлаа. Хүрлээ анхны цас бударсан намуухан өдөр түүнтэй хөтөлцөөд сургуулийнхаа гадаа доголон хүний дүрд хувирчихсан, хоёр хөлөө яажгий гишгэж, “Навчин тамгатай хээрийгээ наймаалж битгий зараарай, намайгаа гэсэн сэтгэлээ насандаа ч битгий мартаарай” хэмээн чангаас чанга дуулж явснаа гэнэтхэн санав.

Тэр үед Соёлын сургуулийн оюутнууд цонхон дээрээ цуглаж, Хүрлээг дуулж дуусахад бүхий л цонх нээгдэж, баяр хүргэн алга ташиж, хөвгүүд шүгэлдэж, охидууд “Залуу хосуудад баяр хүргэе” хэмээн хашгирч байсан. Үнэхээр сайхан байж дээ. Дараа нь охинтой болсноо эргэн дурсав. Хоёрдугаар төрөхийн гадаа Хүрлээ бүхэл бүтэн гурван өдөр зогссон. Модны үйлдвэр орж, хоёр шуудай хуурай үртэс хөлсөө асгаруулан байж үүрч ирээд, үртсээр томоос том зүрх зурж, түүнийгээ шатаан “Би чамдаа хайртай шүү” хэмээн хашгирч байлаа. Түнэр харанхуйг гэрэлтүүлэн бадамлан асах хос зүрхийг харсан ээжүүд хүүхдээ тэврэн цонхон дээрээ шавцгааж, саяхан нярайлсан эхчүүдийн нүд хайр, баяр хөөрөөр гэрэлтэж байсан. Дараа нь Хүрлээ эмнэлэг шатаах шахсан хэмээн манаач өвгөнд загнуулж, бүтэн шөнөжин хүлээлгийн өрөөний шал, хана угааж байснаа дурсав. Мартахын аргагүй сайхан мөчүүд...

Бас ээжийгээ, аавыгаа, андыгаа алдсан харуусал дүүрэн өдрүүд түүний нүдний өмнүүр жирэлзэн өнгөрлөө. Хагацлын өмнө хөл алдан живж, хана налан чичирч зогссоноо, хамгийн гашуун нулимсыг ээжийгээ бурхан болох тэр үед л амсаж байснаа мэдэрч байлаа. Ээжийгээ өөд болоход Хүрлээ уйлахгүй дээ гэж хичнээн хичээгээд чадаагүй. Хүний нулимс булгийн ус шиг сад тавин урсаж байдаг юм байна гэдгийг тэгэхэд л мэдэрсэн.

Гэнэтхэн тэр ажлынхаа хамт олныг дурсаж эхлэв. Гайтай тэр өдөр Хүрлээ юуны ч билээ бичгэн дээр цохолт хийлгэхээр театрын дарга авгайн өрөөнд үүдийг нь тогшилгүй үсрээд орчихсон. Төрөө хэмээх залуухан жүжигчин эртэй учиргүй үнсэлцэж суусан дарга үүдээ дутуу түгжсэн байснаа мэдэж, хачин их цочиж билээ. Удсан ч үгүй театрын дарга өөрөөсөө үе мултарсан дүү залуутай учиртай болсон тухай мэдээлэл сонины хуудсаар нэг тарж, дарга авгай Хүрлээг цуу тараалаа хэмээн улайм цайм гүжирдэж, байнга хялайж харах болсныг тэр сайн мэднэ. Эндээс л Хүрлээгийн бүх насаараа туслах жүжигчин явах зам эхэлсэн юм байлгүй. Үнэндээ түүнд ямар ч буруу байгаагүй.

Дарга авгайтай хэл амаа ололцохоо байж, ад үзэгдэж, бас гудамжинд архи уун, нэг хэсэг манаргаснаа ч тэр санаж байлаа. Үнэндээ тэр тайзан дээр бүтээсэн цөөн хэдэн туслах дүрээ эргэж санах гээд чадсангүй. Харин өнгөрсөн бүхий л амьдрал нь л нүднийх нь өмнө жирэлзээд байлаа. Тамир тэнхээ нь улам бүр доройтож, хаалган дээр байсан үхэл өнөөдөр дэрнийх нь хажууд ирээд суучихсныг гэнэтхэн мэдрэв. Яг одоо бол түүнд харамсах зүйл байсангүй. Өнөөх гол дүрийн жүжигчин байх хүсэл нь ч унтарчихаж. Хүрлээ “Амьдрал хэмээх том тайзан дээр би бүхий л дүрийг бүтээчихсэн юм байна. Хайр сэтгэлдээ хөтлөгдсөн дэврүүхэн хархүү. Анхны үрээ хүлээсэн жаргалтай эцэг. Хагацал, зовлонд нэрвэгдсэн хөөрхий залуу.

Гүжирдүүлж гүтгүүлж, ад шоо үзэгдсэн азгүй эр. Архинд донтсон арчаагүй амьтан. Хөдөлж чадахаа байсан хөөрхийлөлтэй өвчтөн. Одоо хамгийн сүүлд үхлээ хүлээсэн хүний дүрийг бүтээж байх шив дээ” хэмээн урамгүйхэн бодож байлаа. Тиймээ амьдрал өөрөө асар том тайз. Энэ тайзан дээр хүн бүр гол дүрийн жүжигчин байдаг гэдгийг Хүрлээ их л хожуу ухаарсандаа харамсаад ч барахгүй байлаа...

Нийтэлсэн: Б.Цоожчулуунцэцэг

Гол дүрийн жүжигчин  
Үзсэн: 1543 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй