Шууд Chart

Тавантолгойн сүүдэр

2018-07-23 12:20:22

-"Нүүрс дагасан цоохор амьдрал" сурвалжлагын II хэсэг-

”Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагаанаас үзүүлж буй хүний эрхийн нөлөөллийн үнэлгээг Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс хөндлөнгийн шинжээчдийн багтай хамтран хийгээд байгаа юм. Энэ ажлын хүрээнд 06/19-нөөс 06/23-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций суманд ажиллаж, холбогдох судалгааны  урьдчилсан дүнг нутгийн иргэдэд танилцуулан хэлэлцүүллээ.

Цогтцэцийн тоос хүлцэх хэмжээнээс 10 дахин их

 "Дэлхийн хэмжээний уурхайтай, МУ-ын төсвийн орлогыг бүрдүүлдэг баян компаниудтай Хан богд, Цогтцэций сумынхан азтай улс гэж бусад аймаг, сумынхан ярьж, бодож байж болох юм. Гэтэл олж байгаагаас нь өндөр өртөгтэй зарлага зардал ч гарч болзошгүй нь. "

Тавантолгойн уурхайнуудаас 10-аадхан км-ын зайтай, салхин дор нь байрладаг Цогтцэций суманд уурхайн тэсэлгээ, хөрсний овоолго, нүүрс тээвэрлэлтээс үүдсэн тоосжилт, түүний  нөлөөлөл нь үүний нэг жишээ гэж байж болохыг сумын иргэд хэлж байна.

Тавантолгойн бүлэг ордод төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК, хувийн өмчтэй “Энержу ресурс” ХХК, орон нутгийн өмчтэй “Тавантолгой” ХК гурван  компани нүүрс олборлодгийг бид мэднэ.  Эдгээр компанийн нүүрсийг 200 гаруй компанийн 8000 орчим  том тэрэг өдөр алгасахгүй зөөж буйг ч та олонтаа сонссон биз. 

ХЭҮК-оос Тавантолгойн бүлэг ордын  нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагаанаас үзүүлж буй хүний эрхийн нөлөөллийг үнэлэх  ажлын хүрээнд хөндлөнгийн шинжээчид Цогтцэций сумын  350 хүнээс  судалгаа  авсан  байна.  Судалгаанд  оролцогчдын  90 хувь нь тоосжилт  хамгийн гол тулгадсан асуудал гэж үзсэн тухай  Японы Тохокү их сургуулийн судлаач, доктор  Д.Бямбажав мэдэгдсэн. 

 

Уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй гэмт хэрэг, малын бэлчээр, нийгмийн үйлчилгээний хүртээмж гээд олон асуудал Цогтцэций суманд тулдгарч байгаа. Тэрдундаас сумын иргэд тоосжилтыг онцолж, хамгийн түрүүн шийдэх ёстой  гэж үзэж байна. Тоосжилт Тавантолгойн уурхайн тэсэлгээ, овоолго, нүүрс ачих, тээвэрлэх үйл явцаас  голлон  үүсч байна.  

Цогтцэций сумын иргэдийн төлөөлөл:

Билгэх,  Сийрст багийн 128 малчин өрх уурхайн салхины доод талд  байгаа.  Эдгээр малчдын малыг гаргаад үзвэл гэдэс дотроос нь идэх юм олдохгүй. Цагаан хонь байхгүй, бүгд тоосондоо дарагдаад бор өнгөтэй болчихсон. Ер нь  том тэрэгнүүд нүүрсний 250 км замын ихэнхид нь шороогоор явчихдаг. Уурхайн энэ их  шороо тоос нэг аймгийн Цогтцэций, Баян Овоо,  Ханбогд сумын 5-6 багийн 1000 гаруй малчин өрхийн тулгарсан асуудал болоод  байна.

Цогтцэций сумын Засаг дарга О.Бадарч:

Тусгай багажаар хэмжихэд сүүлийн 5 жилийн дунджаар  Цогтцэций сумын тоос хүлцэх хэмжээнээс дунджаар 10,5 дахин, тоосонцор 14,5 дахин их байна.

Өмнөговь аймгийн Цогтцэций сум салхигүй үед  манан дундаас сүүмийх мэт сааралтан  харагдагыг  энэ нутагт хөл тавьсан хүмүүс андахгүй.  Ийм нөхцөл байдал уушиг дотор эрхтний өвчлөлөөс  эхлээд харшил үүсгэж буйг ч   иргэд нь  хэлж байна. Гэхдээ үүнийг нотолсон  газар  одоогоор  алга.

Тус суманд  сүүлийн  5 жилд сүрьеэгийн 18 тохиолдол бүртгэгджээ. Үүний 4 нь  сүүлийн нэг жилд цэргийн насны залуусаас илэрсэн  байна. Ингэж аймагтаа сүрьеэгийн хамгийн өндөр өвчлөлтэй сум болсон нь тоосжилт, агаарын бохирдлоос шалтгаалсан байж болзошгүй гэж хардаж байна.  Голдуу уурхай дагасан явуулын иргэдээс  уушигны сүрьеэ  илэрсэн нь ингэж үзэхэд хүргэж байгааг Цогтцэций сумын  сум дундын эмч  бидэнд  тайлбарлалаа.

Нөгөө талд Таван толгойн нүүрс олборлогч компаниуд агаар бохирдуулсны төлбөрт  өнгөрсөн  2017 онд  20 тэрбум төгрөг улсад төлжээ. Гэвч энэ хөрөнгөнөөс улс  бохирдолд өртөгч  сумынханд  ганц ч төгрөг зарцуулаагүй байгаа юм.   

Сийрстийн айл өрх нутаггүй болжээ

Тавантолгойн Зүүн цанхийн уурхайн хөрс овоолгоос хоёрхон км хүрэхгүй зайд Цогтцэций сумын Цагаан Овоо баг бий.  Энэ багийн төв нь тэр чигтээ “ЭТТ” ХК-ийн компанийн эзэмшлийн лицензэд оржээ. Тиймээс ч багийн 200 өрхийг нүүлгэн шилжүүлэх яриа уурхай үйл ажиллагаа идэвхэжсэн 2009 оноос эхэлсэн ч өнөөдрийг хүртэл ЭТТ компани шийдэлгүй байсаар иргэдийн эрүүл мэнд, амьжиргаа, өмч хөрөнгийн хохирлыг улам даамжруулсаар байгааг  хөндлөнгийн шинжээчдийн судалгаанд  мөн онцолсон байна. 

Дээрх байдлаар 700 гаруй га талбайтай Цогтцэций сумын нийт нутгийн 16 хувь нь  лицензээр компаниудын  эзэмшилд  шилжжээ. Дээр нь уурхай дагасан зам, гэрэл цахилгааны шон гээд яривал 300-аад малчин өрх нутаглах газар ховор болж байгааг Цогтцэций сумын Засаг дарга О.Бадарч ийн ярилаа.    

-"Манайд ашиглалтын  5 лиценз бий.  Үүнээс 2 нь урьдчилсан судалгаандаа,  3 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Таван толгойн орд дээр ажиллаж байгаа гурван уурхайг манайхан мэдэх байх. Дээр нь “Аурум-аурагкомпанийн  нүүрсний нэг лицензэд манай Сийрст багийн нутаг тэр чигээрээ орсон.  Идэвхтэй  ажиллаж байгаа  ордуудын эрчим хүчний дэд бүтцүүд Сийрст  багийн нэг талыг нь бүтэн эзэлчихсэн. Сийрстийн айл өрх нутаггүй болж байна. Дээр нь Хармагтайн орд газар гэж бий.  Монголын мөн үүц болсон зэсийн том орд газар. Энэ уурхай  хөдлөх  юм бол манай сумын Бэлх  баг нэг талаа алдана. Энэ сум  130 мянган малтай. Ойрын ирээдүйд 150-160 мянган толгой болж өснө. Иймээс л  300-аад малчин өрх  хаана амьдрах вэ гэсэн  асуудал гарч ирж байгаа юм".

Нэг хүний зардлаар дөрвөн хүнийг үзэж, оношилдог

Цогтцэций суман дахь  Сум  дундын  эмнэлгийн  эх баригч  Таван толгойн уурхайд оператораар  ажилд оржээ. Нөгөөх  нь ч мөн хувийн  байгууллага бараадсан байна.  Тэднийг  саалийн цагаар  ажлаа хаялаа  гэдэг ч юм уу, эсвэл эмч хүн байж ийм ажил хийлээ  гэж  зэмлэлтэй нь биш.   Тиймээс  2-4 эх баригчтай ажиллах ёстой тус эмнэлэг өнгөрсөн 6-р сард  шинэ эх баригч нэг л эмчтэй ажиллаж  байв.   Хоёр дахь эх баригчийн орон  тоо эзэнгүй,  ажлын  зар  явсаар байгаа тухай  Цогтцэций дэх Сум дундын эмнэлгийн эмч Сэлэнгэ бидэнд  ярилаа.

Түүний ярьснаар  7600 хүний санхүүжилттэй  тус эмнэлэг Цогт овоо, Манлай, Баян Овоо сум,  Ханбогд сумын зарим иргэд  гээд  нийтдээ 32 000 хүн амд  хүрч үйлчлэх  хэрэгцээ  шаардлага тулгардаг байна.  Таван толгойн уурхайн ажиллагсад, жолооч,   уурхайн туслан гүйцэтгэгчид гээд  нийт үйлчлүүлэгсдийн 40-50 хувь нь харьяаллын бус иргэд  байдаг байна.  Сүүлийн таван жилд  осол гэмтэл, хордлогын тоо 8 дахин өсч,  ослын  шалтгаантай  нас  баралт  тэргүүлэх болсон гэж Цогтцэций сумын Сум дундын эмнэлгийн  ерөнхий  эмч  н.Сэлэнгэ мэдэгдлээ.   

Цогтцэций суманд  жилд  200 гаруй  осол бүртгэддэг болсон.  Голдуу нүүрсний тээвэрт осол их гарч байна.  Сүүлийн үед  амь тэмцсэн  байдалтай ирэх нь нэмэгдэж байна. Уул уурхай идэвхжиж байгаатай холбоотойгоор манай эмнэлгийн эмч мэргэжилтнүүд  2-3 хүний ажил хийж байгаа ч  цалин урамшуулал нь  нэмэгддэггүй.   Тиймээс  ажлаасаа   халширч  шантарснаас   өөр салбар луу шилжих  боллоо.  Мөн  эмнэлгийн ачаалал  төсөвлөснөөс  4 дахин их байгаагаас   жил бүр өртэй гарч байна.   Энэ хагас жилд бид 30 гаруй сая төгрөгийн өртэй болоод байна” гэж байлаа.  

Цогтцэций сумын эрүүл мэндийн үйлчилгээнд тулгарсан дээрх асуудлыг шийдэхийн тулд  сумын эмнэлгийн  статусыг нэгдсэн эмнэлэг болгож томруулах саналыг орон нутаг гаргаж,  ЭМЯ-нд тавиад  багагүй  хугацаа өнгөрч байна.

Цагаан хад  “дүү”-тэй  болжээ

Ханбогд сум дахь "Цагаан хад" гэж төрд гээгдсэн гэмээр газрыг манай сонсогчид мэдэх байх.  Гэрэлгүй, усгүй, тохь тухтай хоолны газар ч байхгүй  гээд яривал  өнгөрсөн зуунд буй аятай  дүрслэгдэнэ.  Тэгвэл  Таван толгойн уурхайн амнаас  6 км-т,  засмал замын гарам дагаж  яг ийм  “жижиг” буюу хоёр дахь Цагаан хад бий болжээ.  Нүүрс тээвэрлэгчдийн  хоол унд, машин засвар, халуун ус зэрэг хэрэгцээг дагасан зохион байгуулалтгүй  суурьшлыг ийн нэрлэж байгаа хэрэг.   “Тэндэхийн   хоолны 30 гаруй  газрыг  эрүүл ахуйн шаардлага хангаж ажилладаг  гэвэл  түүн шиг худлаа юм байхгүй. Тэнд ямар нэгэн хүнс хэрэглээд амь нас нь эрсдэлд  ороход яаж ч чадахааргүй тийм нөхцөл үүсчихсэн. Дээр нь Таван толгойн уурхайн хөрс хуулалтын  20 гаруй компани, мөн 20 гаруй дугуй засвар бүгд тэнд дураараа суурьшсан.  Тэднээс тэр олон мянган тээврийн хэрэгслүүд үйлчилгээ авдаг. Зарим нь маршрутын бус замаар явна.  Сумын засаг даргын хувьд ийм нөхцөл байдлыг шийдэх арга замыг олохоос өөр арга зам байхгүй л дээ” гэж  Цогтцэций сумын  Засаг дарга  О.Бадарч  бидэнд  мэдэгдлээ.  Энэ байдлыг  цэгцлэхийн тулд  газрыг нь  үйлчилгээ эрхлэгчдэд  эзэмшүүлж, хувийн хөрөнгө оруулалт татахаар Цогтцэций сумын Засаг даргын тамгын газар ажлаа эхэлжээ.

Эцэст нь тоос, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ямар ажил хийж байгааг нүүрс олборлогч компаниудаас тодрууллаа. 

“ТТ-н уурхайн амнаас  Гашуунсухайтын зам хүртэлх хатуу хучилттай 10 км замыг  ирэх 10 сард ашиглалт оруулна. Мөн уурхайн суурингаас  Цогтцэций сум хүртэлх 13 км замыг барих  зургийн тендэр зарлаад байна гэж  ЭТТ-н  уурхайн  дарга Чинбат мэдэгдлээ. 

Харин “Энержи Ресурс” компанийн тухайд “Нүүрсээ ачих, тээвэрлэх, очоод буулгах бүх үйл ажиллагааг МУ-ын стандартын  дагуу хийдэг. Манайх өөрийн гэсэн тээврийн багтай. Тэд манай ажиллагсад. Бүх хууль дүрмээ чанд даган биелүүлдэг. Тоос шороог бууруулж, ашгаа нэмэгдүүлэхийн тулд манай компани машинаа давхар чиргүүлтэй  явуулж байгаа”  гэж  Уурхайн үйлчилгээ, дэд бүтэц хариуцсан захирал Батболд хариуллаа.   

Тавантолгойн бүлэг орд дахь 3 компанитай хамтардаг, туслан гүйцэтгэдэг 200 аад компани бий. Тэд ч мөн нийгмийн хариуцлагаа хүлээж, орон нутгийн асуудлыг шийдэхэд  үүрэг хүлээх ёстой гэдэг дээр  талууд мөн санал  нэгдсэн  юм.   

Дээрх жишээгээр  уурхайн үйл ажиллагаа идэвхжиж,  томрох тусам орон нутгийн иргэдийн эрхэнд нөлөөлөх нөлөөлөл  нэмэгдэж байгаа нь улам бүр мэдрэгдсээр. 

ХЭҮК-ийн  газрын дарга Ч.АлтангэрэлТавантолгойн орд урт хугацаанд ашиглагдах том орд. Олборлолт, тээвэрлэлтийг олон тооны аж ахуй хийдэг. Үүнтэй зэрэгцээд хөгжлийн, бүтээн байгуулалтын, орон нутгийн иргэдийн, нийгмийн суурь үйлчилгээний гээд олон асуудлын хам нөлөөлөл байна гэж шүүмжлэгдэж байгаа. Мөн нүүрсийг авто замаар тээвэрлэж байгаагаас олон асуудал урган гарч байна.  Энэ байдлаар олон нийтээс санал шүүмжлэл удаа дараа гарч байсан. Мөн төр, хувийн хэвшил, гаднын хөрөнгө оруулалттай компаниудын  зөрөөтэй байр суурь ч бий.  Ийм байдлаар нэлээд олон асуудал хуримтлагдсан  байгаа нь ХЭҮК-ийн өмнөх судалгаа, иргэдийн өргөдөл гомдол, бусад байгууллагын судалгаа, дүгнэлтээр ил болж байна. Тийм учраас ХЭҮК хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд  Таван толгойн бүлэг ордын жишээн дээр  хүний эрхэд  нөлөөлөх байдлын үнэлгээг тусад нь хийж эхлээд байна. Энэ ажлын хүрээнд  2018 оны 06 сарын 29-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд  олон талт зөвлөлдөх уулзалтыг  сумын ЗДТГ-тай хамтарч хийлээ.

Энэ уулзалтаар  үнэлгээ хийж байгааг уул уурхайн компани, орон нутаг, иргэд  сайшаахын зэрэгцээ  үнэлгээний  үр дүнд тулгуурлаад талууд цаашид нэг үзэл баримтлалтай, нэгдмэл дуу хоолойтой хамтарч ажиллах нь зүйтэй гэж үзлээ.  Бүх талуудын оролцоог хангасан орон нутгийн төвшний зөвлөлдөх  бүтцийг байгуулъя гэдэг дээр компаниуд, орон нутгийн удирдлага санал нэгдлээ. Үүнд ХЭҮК  зуучлагч, зохицуулагчийн үүрэгтэй ажиллах боломжтой  гэж үзэж  байна. 

Нийтэлсэн: Д.Даваадулам

Тавантолгойн сүүдэр   
Үзсэн: 2750 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй