Шууд Chart

ДЭМБ, Монгол улстай хамтран “Дэлхийн хепатитын өдөр”-ийг тэмдэглэж байна

2018-07-26 16:36:09

Жил бүрийн долдугаар сарын 28-нд тохиодог “Дэлхийн хепатитын өдөр”-ийг энэ жил “Хепатитыг илрүүлье, эмчилье” уриан дор зохион байгуулж байна.

ДЭМБ-аас  2018 оны энэ өдрийг вируст хепатитын халдварын тархалт өндөртэй орнуудын нэг хэдий ч уг өвчний эсрэг тэмцлээрээ үлгэр жишээ орны тоонд орж буй Монгол Улсын Засгийн газартай хамтран тэмдэглэж байна. Энэ талаар өнөөдөр ЭМЯ, ДЭМБ-аас хамтран “Централ таур”-т хэвлэлийн хурал хийж, мэдээлэл хийлээ.

ДЭМБ-ын мэдээгээр дэлхий дахинд 325 сая хүн вируст хепатитын архаг халдвартай амьдарч байгаа бөгөөд жил бүр 1.3 сая хүн уг өвчнөөс үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдрын улмаас нас барж байна. Монгол Улсад хепатитын вирусын шалтгаантай өвчлөлийн улмаас 2017 онд 1614 хүн нас баржээ. Хепатитын В, С вирусын халдвар нь элэгний хавдрын гол шалтгаан болдог. Элэгний хорт хавдрын 80 хувь нь хожуу шатандаа оношлогдож байна. Хепатитын В, С вирусын халдварыг эрт илрүүлж, эмчлэх, элэгний хавдрыг эрт оношлох нь олон хүний амь насыг аварна хэмээн эмч мэргэжилтнүүд хэлж байна.
2016 оны эцсийн байдлаар дэлхий дахинд В,С вируст хепатитын архаг халдвартай нийт хүн амын 20 хүрэхгүй хувь нь оношилгоо, эмчилгээнд хамрагдах боломжтой болжээ.

Сайд Д.Сарангэрэл хэлэхдээ, “Монгол Улсын 3 сая иргэний 10 гаруй хувь нь вируст хепатитын архаг халдвартайд тооцогддог. 2017 онд эхлүүлсэн “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр нь 2020 он гэхэд Монгол Улсын хүн амын дунд вируст хепатитын халдварын тархалтыг хязгаарлан, С вируст хепатитын халдварын шинэ тхоиолдлыг 2020 он гэхэд таслан зогсоож, вируст хепатитын үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг эрс бууруулах өндөр зорилт тавин ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд 40-65 насны иргэдэд чиглэсэн эхний жилийн ажлын үр дүнд 350 мянга гаруй хүнийг вируст хепатитын шинжилгээнд хамруулаад байна. Үүнээс халдвартай илэрсэн иргэдийн 70 гаруй хувийг эмчилгээнд хамрууллаа” гэдгийг онцлов.

Тус хөтөлбөр нь цаашид 15-аас дээш нaсны 1.8 сая хүнийг хепатитын В,С вирусын шинжилгээнд хамруулахаар зорьж байгаа аж.

ДЭМБ-аас вируст хепатитын халдварыг устгах зорилгодоо хүрэхийн тулд улс орнуудыг оношилгоо, эмчилгээний хүртэмжийг нэн даруй нэмэгдүүлэх шаардлагатай байна хэмээн дэлхий дахинд уриаллаа. Мөн энэ үеэр хепатитын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэхийн тулд ДЭМБ-аас С вирусын эмчилгээний олон улсын шинэ удирдамжийг гаргаж буйгаа мэдээлэв. Энэхүү удирдамж нь хепатитын С вирусын архаг халдвартай 70 сая хүнийг богино хугацаанд эмчлэн эдгэрүүлэх боломжийг нээж байгаа юм.
“Хепатитын халдварыг бүрэн таслан зогсоохын тулд байнгын шинэ санаа, сайжруулсан эм, эмчилгээ, үйлчилгээг олж нээх шаардлага бидэнд тулгарч байна. Энэхүү шинэ удирдамж нь одооноос хепатитын С вирусын халдвартай бүх хүмүүст богино хугацаанд шинжилгээнд хамрагдан, түргэн эдгэх бололцоог нээж өгч байна” хэмээн ДЭМБ-ын ДОХ/Хепатитын асуудал хариуцсан захирал, доктор Готфрид Хирншол мэдэгдлээ.


 


ДЭМБ болон олон улсын түнш байгууллагууд Монгол Улсын энэхүү санаачилга, сайн туршлагыг бусад оронд түгээн дэлгэрүүлж, дэлхий даяар хепатиттэй тэмцэх өргөн хүрээтэй түншлэл үүсгэхийг зорьж байгаа аж. “Дэлхийн хепатитын өдөр”-ийн нээлт маргааш Д.Сүхбаатарын талбайд болох юм. Энэ үеэр зорилтот бүлгийн 2000 хүнд ДЭМБ-ын чанарын стандарт хангасан оношлуураар вирусын илрүүлэг шинжилгээг үнэ төлбөргүй хийхээр төлөвлөж байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

ДЭМБ, Монгол улстай хамтран “Дэлхийн хепатитын өдөр”-ийг тэмдэглэж байна  
Үзсэн: 220 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй