Шууд Chart

Б.Лут-Өлзий: Иргэдэд цахим үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримтыг үндэслэн цагдаагийн тодорхойлолт олгох боломжтой

2018-08-02 16:51:25

Цагдаагийн байгууллагаас иргэдэд олгодог ялтай эсэх лавлагааны заавар өөрчлөгдсөн байна. Энэ талаар ЦЕГ-ын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын Статистикийн хэлтсийн Лавлагааны сангийн эрхлэгч, цагдаагийн хошууч Б.Лут-Өлзийгөөс тодрууллаа.

-Ялтай эсэх лавлагааг олгох зааварт өөрчлөлт орсон гэлээ. Та энэ талаар мэдээлэл өгөөч?

-Тэгсэн. Өмнө нь үйлчилж байсан заавраар иргэн болгонд цагдаагийн тодорхойлолтыг олгохгүй зөвхөн гадаад улсын элчин сайдын яаманд, гадаадад зорчих виз хүссэн иргэдийн бүрдүүлсэн материалыг үндэслэн цагдаагийн тодорхойлолтыг олгодог байсан. Энэ нь багагүй ачаалал, чирэгдэл үүсгэж байсан. Харин одоо бидний шинэчлэн батлуулж, хэрэгжүүлж байгаа журмаар хэрэв иргэн өөрөө хүсвэл түүний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх лавлагааг иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримт, үйлчилгээний төлбөрийн баримтыг үндэслэн тодорхойлолт олгох боломжийг бүрдүүлсэн.

-Лавлагааны сангаас иргэдэд ямар төрлийн лавлагааг олгодог вэ?

-Цагдаагийн албаны тухай хуулийн 2 дугаар бүлгийн 10 дугаар зүйлийн 10.1.10 дахь хэсэгт Гэмт хэрэг, зөрчил, тэдгээрт шийтгүүлсэн этгээдийн нэгдсэн тоо бүртгэлийг хөтлөх, лавлагаа гаргах”, мөн хуулийн  61 дүгээр зүйлд цагдаагийн байгууллага нь үйл ажиллагаандаа 20 төрлийн мэдээллийн сан үүсгэж ашиглахаар  хуульчлан заасан ба үүний дагуу шүүхээр эрүүгийн хариуцлага хүлээсэн хүн, хуулийн этгээдийн талаар мэдээллийн сан бүрдүүлж, лавлагаа олгох үүргийг улсын хэмжээнд манай сан нь эрхлэн гүйцэтгэдэг ба иргэний, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагааг дараах байдлаар олгодог. Үүнд

1. Хууль тогтоомжийн хүрээнд иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг судлан үзэх эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн албан хүсэлтийг үндэслэн лавлагааг албан бичгээр өгөх.

2. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор эрх бүхий албан тушаалтнаас ирүүлсэн “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-ыг хүлээн авч шалгаж, хариу өгөх.

3. Иргэдийн хүсэлтээр түүний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх лавлагааг “Тодорхойлолт”-оор олгодог. Иргэнд олгож байгаа тодорхойлолт нь  иргэнийг тухайн цаг хугацаанд эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэхийг тодорхойлдог ба эрүүгийн хариуцлага хүлээгээд түүнийгээ эдэлж дууссан бол “Эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байна” дуусаагүй тохиолдолд “Эрүүгийн хариуцлага хүлээж байна” гэсэн  лавлагаа олгодог. 

Ийм учраас иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг судлан үзэх эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд  хууль тогтоомжийн хүрээнд иргэнийг шалгуулахдаа эрх зүйн үндэслэл бүхий албан бичгээр мэдээллийг авч үйл ажиллагаандаа ашиглах нь зүйтэй.

-Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагааг цагдаагийн хэлтсүүд олгодог болно гэсэн мэдээлэл байна. Үүнд тодорхой хариулт өгнө үү. Ер нь энэ үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй болгохын тулд ямар зохион байгуулалт хийж байна вэ?

-Бид үйл ажиллагаагаа иргэд олон нийтэд шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор холбогдох эрх зүйн актуудыг шинэчлэн боловсруулж батлуулахын зэрэгцээ Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар “Цагдаагийн байгууллагаас иргэн, байгууллагад лавлагаа, тодорхойлолт олгох үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй болгох талаар хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г батлуулан холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Тухайлбал, Зөвхөн Лавлагааны сангаас олгож байсан хууль тогтоомжийн хүрээнд иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг судлан үзэх эрх бүхий байгууллага, албан тушаалтны хүсэлтээр лавлагаа олгох эрхийг төв орон нутгийн цагдаагийн газар, хэлтэст олгож /дээр дурдсан 1, 2-д заагдсан лавлагаа/, 2018 оны 08 дугаар сарын 01-нээс хэрэгжүүлэхээр зохион байгуулаад байна.

Тухайн иргэнийг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг хууль тогтоомжийн хүрээнд судалж үзэх эрхтэй байгууллага, албан тушаалтнууд байдаг. Зөвхөн тэдгээрийн хүсэлтээр цагдаагийн газар, хэлтсүүд лавлагааг олгоно гэсэн үг.

Өмнө нь улсын хэмжээнд энэ төрлийн лавлагааг зөвхөн Лавлагааны сангаас олгож байсан бол одоо цагдаагийн  алба, нутаг дэвсгэр хариуцсан 44 нэгжээр олгогдохоор болж байна. Гэхдээ иргэдийн хүсэлтээр түүний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх лавлагаа /дээр дурдсан 3-д заагдсан/-г цагдаагийн газар, хэлтсээс олгох боломжгүй юм.

Мөн иргэдэд үзүүлэх үйлчилгээг ойртуулах зорилгоор Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газартай хамтран ажиллаж, Дүнжингарав худалдааны төв дэх “Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төв”-д манайх 1 салбараа нээгээд одоогоор Улаанбаатар хотод хоёр газраас нэгэн зэрэг иргэдэд тодорхойлолт олгож байна. Ингэснээр цагдаагийн байгууллагаас иргэд, олон нийтэд үзүүлэх үйлчилгээ илүү ойртож, үйл ажиллагаа шуурхай болж байгаа юм. Цаашид үйлчилгээний цэгийг нэмэгдүүлэх талаар  Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран судалж байна.

-Танай  байгууллага хэр ачаалалтай ажилладаг вэ?

-Сард дунджаар шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн 1500 орчим хүний мэдээллээр цахим санд баяжилт хийж, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг судлан үзэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан, иргэдийн хүсэлтээр 16 мянга орчим хүний лавлагааг олгож байна. Өдөрт дунджаар 800-1000 орчим хүний мэдээллийг гаргаж байна.

Танд баярлалаа.

ЦЕГ-ХМТ


Б.Лут-Өлзий: Иргэдэд цахим үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримтыг үндэслэн цагдаагийн тодорхойлолт олгох боломжтой  
Үзсэн: 371 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй