Шууд Chart

Өнөөдөр “Иргэдийн амьдрах орчин аюулгүй байдлын өдөр”

2018-08-09 15:25:39

Өнгөрсөн сард НИТХ–ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар сар бүрийн есний өдрийг  “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлын өдөр” болгон зарлаж иргэдийг аливаа эрсдэлд оруулж болохуйц бүхий л нөхцөлийг арилгах ажлуудыг шат дараатай хэрэгжүүлэх үүргийг төрийн байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд хандан гаргасан. Мөн ажлын хариуцлага алдсан албан тушаалтнуудтай хариуцлага тооцохыг Нийслэлийн засаг даргад даалгасан юм. Энэ шийдвэр нь өдөр дараалан шахам сэрдхийлгэм мэдээ ар, араасаа цуварсаар байгаа үед нүдээ олсон шийдвэр боллоо хэмээн иргэд таатай хүлээж авсан.

Энэ тогтоолын дагуу НМХГ нэлээд ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Тухайлбал: Эрүүл ахуйн шаардлага хангахгүй 6 газрын хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар хэсэгчлэн зогсоож, хүнсний чиглэлийн худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд бүтээгдэхүүний чанар, үйлчилгээний аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллах талаар арга зүйн зөвлөгөө өгчээ.

Мөн иргэдэд зориулан үерийн дараах халдвараас сэргийлэх зөвлөмжийг олон нийтийн сүлжээгээр дамжуулсан,  Геодези, Усны барилаг байгууламжийн газар ОНӨААТҮГ-т хүүхдийн болзошгүй эрсдэлээс хамгаалах, шугам сүлжээний засвар ашиглалтыг сайжруулах зорилгоор инженерийн шугам сүлжээ, худгийн таг, ухсан нүх зэрэгт хяналт тавьж аюулгүй шаардлагыг хангуулах үүргийг  УСУГ, ОСНААУГ, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Орон сууц ашиглалтын хувийн хэвшлийн байгууллагуудад болон нийт шугам сүлжээний хангагч, ашиглалт, засвар үйлчилгээг хариуцсан аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад өгсөн байна. НМХГ энэ мэт олон ажлыг шат дараатай хийж шаардлагатай арга хэмжээг авч ажилласаар байгаа аж.

Өнгөрсөн сарын НИТХ–ын Тэргүүлэгчдийн хурлаар НИТХ–ын дарга С.Амарсайхан”Баяр наадам болдгоороо болно, баяр гээд хариуцсан ажлаа эзэнгүйдүүлж орхиж болохгүй, харин ч сонор сэрэмжээ өндөржүүлж ажиллах ёстой. Төрийн байгууллагуудын үүрэг бол иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг олгох явдал. Харамсалтай нь бид энэ зорилгоо бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадахгүй байна. Иргэдийн “Амьдрах орчны аюулгүй байдал”-ыг хангах асуудлаар Нийслэлийн бүх шатны байгууллага,  агентлаг, газрууд  хяналт шалгалт явуулж, хүүхэд багачууд болон иргэдийн эрүүл мэнд, амь насанд сөрөг нөлөө үзүүлэхүйц бүх нөхцөлийг арилгаж ажиллах үүргийг өгч байна. Ажил аргацаасан, гацаасан, өдөр хоногийг үр дүнгүй өнгөрүүлсэн, элдэв шалтаг тоочиж ажлаас хойш суусан ажилтан, албан тушаалтнуудтай дарга цэрэг гэхгүй  хариуцлага ярихаас өөр аргагүй  гэдгийг хатуу сануулъя” гэж хэлсэн.

Аливаа тогтоол шийдвэр гараад цаасан дээр үлддэг биш түүний дагуу хэрэгжилт, үр дүн зайлшгүй гарах ёстой. Зөвхөн төр, иргэний нийгмийн байгууллагууд бус иргэд өөрсдөө ч өөрсдийгөө эрсдэлд оруулдаг асуудлыг цэгцлэх хүрээнд энэ ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах учиртай. Нөгөө талдаа иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлын асуудлыг  хянадаг, шалгадаг,  зохицуулдаг тогтмол ажиллагааг зохион байгуулснаар Нийслэлчүүдийн аюулгүй байдал хангагдах юм.


Өнөөдөр “Иргэдийн амьдрах орчин аюулгүй байдлын өдөр”   
Үзсэн: 256 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй