Шууд Chart

Хоёр Солонгосын 3 дахь дээд уулзалт ирэх 9 сард Пхеньянд болно

2018-08-14 14:39:02

БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын 3 дахь удаагийнх болох дээд уулзалтыг ирэх 9 сард Пхеньянд зохион байгуулахаар  болжээ. Өчигдөр цэрэггүй бүс дэх Панмунжом сууринд хоёр Солонгосын өндөр дээд  албаныхны уулзалт хэлэлцээний үеэр ийм тохиролцоонд хүрсэн байна. 

Өмнөд Солонгосын төлөөлөгчдийг тус улсын нэгдлийн сайд Чо Мён Гён  тэргүүлэн энэ уулзалтад оролцсон. Харин Умард Солонгосын төлөөлөгчдийн тэргүүн нь Энх тайвнаар нэгдэх хорооны дарга  Ли Сон Вон байлаа. Хоёр Солонгосын харилцааг хөгжүүлж, сайжруулах нь хоёр улсын удирдагч, ард түмнүүдийн хүсэл сонирхол гэдгийг  Умардын төлөөлөгчдийн тэргүүн онцлоод үр дүнд хүргэх энэ уулзалтаа эхлэхийг уриалсан байна. Гэхдээ Өмнөд Солонгосын зарим ажиглагчид энэ уулзалт 8-р сарын сүүлч, эсвэл 9 дүгээр эхээр болох байх хэмээн таамаглаж  байгаа тухай Ионхап дамжуулж байсан юм. 

Одоогоор зохион байгуулах газраа товлосон ч цаг хугацааны хувьд яг 9 сарын яг хэдний өдөр зохион байгуулагдах нь нууцлаг хэвээрээ байна. Өнгөрсөн 6 сарын  дундуур  АНУ,  БНАСАУ-ын удирдагчдын дээд  уулзалтаас хүрсэн Солонгосын хойгийг цөмийн  зэвсэггүй болгох үйл явц мухардмал байдалд орчихоод байгаа энэ цаг үед хоёр Солонгосын төлөөлөгчдийн уулзалт болж байна. Одоогоор Вашингтон, Пхеньяны аль аль нь түүхэн дээд хэмжээний уулзалтын тохиролцоог хэрэгжүүлэхээс татгалзаж байна хэмээн бие биенийгээ буруутгасаар байна. АНУ, Умард Солонгосоос цөмийн зэвсгээ бүр мөсөн устгахын тулд бүхий л хүчин чармайлтаа идэвхжүүлэх ёстой гэж шаргуу уриалсаар байгаа.  Харин Умардын тал  энэ үйл явцыг тодорхой хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа юм.

Харин Өмнөд Солонгосын хувьд Умард Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой яриа хэлэлцээнд идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг чармайж байгаа юм. Өнөөдрийн уулзалтаар мөн өмнөх уулзалтаар хэлэлцсэн харилцаа хамтын  ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдсэн алхмуудыг ажил хэрэг болгох тухай хэлэлцсэн  байна. Хоёр талын албаныхан дээд уулзалтаар хүрсэн тохиролцоонуудыг тухайлбал дэд  бүтэц, урлаг спортын салбарт хамтран ажиллахтай холбоотой асуудлыг хөндсөн байна. Умард Солонгосын тал энэ чиглэлийн ажлууд харьцангуй удаашралтай хийгдэж байгаад сэтгэл хангалуун бус байгаагаа ч энэ ташрамд илэрхийлсэн байна. Өмнөд Солонгосын засгийн газрын тухайд Умард Солонгостой бүрэн хэмжээгээр хамтран ажиллахыг хичээж байгаа ч Пхеньяны эсрэг авсан НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээнүүд саад  тээг болсоор байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хоёр Солонгосын 3 дахь дээд уулзалт ирэх 9 сард Пхеньянд болно  
Үзсэн: 419 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй