Шууд Chart

Кофи Аннан 80 насандаа таалал төгслөө

2018-08-20 06:10:15

Нэгдсэн үндэстний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан Швейцарт 80 насандаа таалал төгслөө. Тэрбээр өнгөгрсөн Бямба гарагт Швейцарийн Берн хотын эмнэлэгт нас баржээ.

Кофи Аннан сангаас энэ талаар мэдээлэл хийхдээ, “Тэргүүн маань хөнгөн зэргийн өвчин туссан бөгөөд үүнийхээ дараа хорвоог амар амгалан орхин одлоо. Тэрбээр дэлхийн энх тайван, шударга ёсны төлөө амьдралынхаа хором мөч бүрийг зориулсан хүн” хэмээн мэдэгджээ.

Кофи Аннан 1938 оны 4 сарын 8-ны өдөр Гана улсын Кумаси хотноо төржээ. 1954 - 1957 онуудад Кэйп Коустод Христосын шашны Методист урсгалын шашны сургууль болох Мфантсипим сургуульд сурчээ. 1958 онд Кумаси Шинжлэх Ухаан Технологийн Коллежийн эдийн засгийн ухааны салбарт элсэн орсон бөгөөд Форд сангийн тэтгэлгээр АНУ-ын Миннесота мужийн Сэйнт Пол хотын Макалестер коллежийн эдийн засгийн тэнхимд шилжин суралцаж, 1961 онд төгсчээ. 1961 - 1962 онд Швейцар улсын Олон Улс Судлалын Хүрээлэнд суралцаж, 1962 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад төсөв хариуцсан ажилтнаар ажиллаж, 1971 - 1972 онд АНУ-ын Массачусетс Технологийн Их Сургууль, Слон сургуулийг дүүргэж, бизнес удирдлагын магистр зэрэг хүртсэн. 1974 - 1976 онд Гана улсын Аялал Жуулчлалын Агентлагийн даргаар ажилласан байв.

1987 - 1990 онд НҮБ-ын Хүний нөөцийн бодлого, аюулгүй байдал хариуцсан нарийн бичгийн даргаар, 1990 - 1992 онд НҮБ-ын Бодлого төлөвлөлт, Төсөв санхүү, Хяналт хариуцсан нарийн бичгийн даргаар, 1993 - 1995 онуудад НҮБ-ын Энх тайвны үйл ажиллагаа хариуцсан нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байжээ.

Энэ хугацаанд Иракийн дайн, Руандагийн иргэний дайн зэргийг зохицуулах үйлст амжилттай хүчин зүтгэж иржээ. 1995 оны 11 сараас 1996 оны 3 сард хуучин Югославын асуудал хариуцсан тусгай төлөөлөгчөөр томилогдож, Босни ба Герцеговиныг НҮБ-ын Энхийг сахиулах хүчний оронд Умард Атлантын Эвслээр удирдуулсан олон улсын энхийг сахиулах хүчний хяналтад шилжүүлэх ажиллагааг удирдан зохион байгуулсан юм.

Тэрээр 1997 оны 1 сарын 1-нд НҮБ-ын ажилтнууд дундаас сонгогдсон анхны ерөнхий нарийн бичгийн дарга болон үүрэгт ажилдаа орсон бөгөөд  2006 оны 12 сард НҮБ-ын ЕНБД-ын хувьд тавьсан сүүлчийн илтгэлдээ АНУ-ын бодлогыг шүүмжилсэн байдаг.

Хүмүүс mүүнийг тус байгууллагад хэдхэн жил л ажиллах байх гэж бодож байсан ч тэрээр бүхий л амьдралаа зориулсан нэгэн байлаа. Кофи Аннан 2001 онд Энх тайвны Нобелийн шагнал хүртжээ.


Кофи Аннан 80 насандаа таалал төгслөө  
Үзсэн: 281 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй