Шууд Chart

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ

2018-08-20 16:23:25

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 31 дугаар өнөөдөр хэвлэгдлээ. Эмхэтгэлийн шинэ дугаарт Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг нийтэлжээ. Хуульд багшийн хөгжлийг дэмжих тогтолцоо, багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөр, багшийн хөгжлийн төв, багш бэлтгэх, багшийн нийгмийн баталгаа, ажлын гүйцэтгэлд суурилсан урамшууллыг олгох зэрэг зохицуулалтыг тусгасан байна. Мөн багшийн ёс зүй, ёс зүйн хороо, ёс зүйн дүрмийг, төрийн байгууллагын эрх үүрэг, багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт арга-зүйн байгууллагын эрх үүргийг тусгажээ.

Хууль батлагдсанаар бүх шатны боловсролын сургалтын байгууллагын багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих, оролцоог хангах, тэдний хөдөлмөрийг бодитой үнэлэх асуудлыг зохицуулсан бие даасан эрх зүйн орчинтой болсноор багш өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх, сургууль бүр багшийн хөгжлийг дэмжсэн үйл ажиллагааг санхүүжүүлэх замаар сургалтын чанарт ахиц гарах боломж бүрдэж буй аж. Мөн багшийн мэдлэг, боловсрол, хандлага, ёс зүй, эрүүл мэнд, нийгмийн баталгаа, багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд чиглэсэн багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөртэй болох юм.

Багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, мэргэжлийн боловсролын сургалтын нийт хувьсах зардлын хоёр хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний зардлыг зарцуулах бөгөөд багш мэргэжлээр дээд боловсрол олгох их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт 6 сарын хугацаатай дадлагажигч багшаар ажиллах агуулгыг багтаахаас гадна дадлагажигч хөдөө орон нутагт ажиллавал тэтгэлэг олгож болох бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батлахаар хуульчилсан байна.

Ерөнхий боловсролын сургуулийн 44-өөс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар анги нь туслах багштай болсноор багш хүүхэд бүрт хүрч ажиллах боломж нээгдэж, багшийг түрээсийн орон сууц, ипотекийн зээлд хөнгөлттэй нөхцөлтэйгээр хамруулах хөтөлбөрийг барилга хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Мөн дугаарт Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай /Шинэчилсэн найруулга/  хуульд өөрчлөлт оруулах тухай, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай  хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг нийтэлсэн байна.

Түүнчлэн Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий   шүүгчийн албан тушаалд томилох тухай, Зарим хүмүүсийг шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Журам батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ.


“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ  
Үзсэн: 171 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй