Шууд Chart

Яармагт хууль бусаар газар эзэмшиж байсан ААН-ийн гэрээг цуцлав

2018-08-27 10:49:47

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ажлаа авсан даруйдаа нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар олгохыг хориглосон захирамж гаргасан билээ. Мөн Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ухаалаг төлөвлөлт, ил тод газрын харилцаа” зорилт тусгагдсан бөгөөд эзэмшил газраа хуулийн хугацаанд ашиглаагүй, газар эзэмших эрх олгохдоо хууль тогтоомж зөрчсөн нь газрын наймаа дэлгэрэх, авилга, хээл хахуулийн үндэс болж байгааг хотын дарга анхааралдаа авч, хууль бус олгосон газруудыг цэгцлэх ажлыг шат дараатайгаар авч хэрэгжүүлж байна. Энэхүү ажлын хүрээнд өмнө нь Нийслэлийн 29 болон 33 дугаар дунд сургуулийн хашаанд хууль бусаар олгосон газар, Богд хааны Ордон музейн хойд талд хууль бусаар олгосон газар, “Өгөөж чихэр боов”-ны үйлдвэрийн урд талбай буюу “Унагатай хөшөө”-тэй ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай дээр хууль бусаар олгосон газар эзэмших зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгоод байна.

Өнөөдөр хотын дарга Нийслэлийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 44758м2, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 38393м2 газрыг тус тус эзэмшиж байсан “Эс Си Эм” ХХК-ийн газар эзэмших эрхийг хуулийн дагуу цуцалж, чөлөөлөгдсөн газар дээр тухайн орчны хүүхэд, залуус, ахмадуудад зориулсан тоглоомын талбай, спортын цогцолбор байгуулахаар шийдвэрлэлээ. Хан-Уул дүүргийн 5,6-р хороо буюу бидний нэрлэж заншсан Яармагийн бүсийн иргэд олон жилийн турш хүүхдийн тоглоомын талбай болон ахмадуудад зориулсан салхилах цогцолбор барих санаачлага гаргаж байсан боловч “Эс Си Эм” ХХК нь уг газрыг эзэмшиж байсан учир иргэдэд зориулсан бүтээн байгуулалт хийх боломжгүй байсаар өдий хүрчээ. Харин энэхүү шийдвэрийн иргэд, оршин суугчид талархан хүлээн авч өөрсдийн санаачлагаар хүүхэд, залуус ахмадуудад зориулсан амралтын цогцолбор байгуулах болно гэдгээ хэлж байсан юм.

Хотын дарга нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмшиж, ашиглаж буй иргэдэд тухайн газраа хуулийн дагуу, гэрээнд заасан эрх үүргээ биелүүлэн ажиллахыг уриалж, нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмшиж ашиглаж байгаа иргэд хуулийн дагуу тухайн газар дээрээ үйл ажиллагаагаа явуулахыг санууллаа.


Яармагт хууль бусаар газар эзэмшиж байсан ААН-ийн гэрээг цуцлав   
Үзсэн: 193 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй