Шууд Chart

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд орон нутагт ажиллав

2018-08-27 11:50:35

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар, Авто замын хөгжлийн төвийн дарга Р.Буд нараар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд Дархан, Сэлэнгэ аймагт ажиллалаа. Энэ үеэр Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын засвар арчлалт, Дархан- Сэлэнгийн ургацын замын нөхцөл байдалтай танилцаж, УБТЗ-ын “Дархан-2” өртөөнд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр дэд сайдын өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгалаа.

АО401 дугаартай Улаанбаатар Дархан чиглэлийн авто замд судалгаагаар зам тээврийн осол их гардаг 26 цэг байгаагаас 9 цэг нь хамгийн олон давтамж бүхий ”хар” цэг байдаг байна.

Тухайлбал 52-ын даваа, 60-ын даваа, Улаан цав /85км/, Шавартайн голын гүүр /97,8км-т/ Тахилтын даваа /119/,  Мандал сумын салдаг уулзвар /129,5/,  Нарийн хөндий /133/, Хустайн даваа /183/, Цайдмын хөндий /194/ гэсэн эдгээр хар цэгүүдэд гардаг ослын гол шалтгаан нь ихэвчлэн хурд хэтрүүлдэг, өгсүүр даваатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал, огцом эргэлттэй хэсгүүд байгаа тул энэ хэсгүүдэд ЗТХ-ийн дэд сайдын зүгээс илүү анхаарал хандуулж ажиллах шаардлагатай гэж үзэж байгаа юм.

Ялангуяа хөдөлгөөний эрчимжилт эрс нэмэгддэг энэ үеүүдэд ЗТХ-ийн дэд сайдын тушаалаар өнгөрсөн 7 хоногоос эхлэн ЗТХТөв, Тээврийн цагдаагийн албатай хамтран ажиллаж, хурд хэмжигчийг нэмэх, тээврийн хөдөлгөөнт эргүүлийг тус хэсэгт ажиллуулах шийдвэр гаргасан. Энэ үеэр тус шийдвэрийн биелэлт үр дүн, мөн цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар ЗТХТ, Тээврийн цагдаагийн газар, орон нутгийн АЗЗА, тус чиглэлийн Замын цагдаагийн удирдлагуудтай уулзаж санал солилцож, зарим үүрэг чиглэлийг өглөө.



Мөн энэ үеэр Төв аймгийн Борнуур сумын гүүрэнд суулт үүсч нуралтын байдалтай болсныг газар дээр нь үзэж холбогдох мэргэжлийн хүмүүстэй уулзан гүүрийн засварыг богино хугацаанд хэрхэн шийдэж болох талаар ярилцсан бол, Сэлэнгэ аймгийн Зүүн бүрэн суманд ургацын замыг ид ачааллын үеэр техникийн эвдрэл сааталгүй байлгах, замын нөхцлийг хэрхэн сайжруулах талаар ярилцаж холбогдох албаны хүмүүст хоёр удаагийн хусалт хийх, зарим засваруудыг хийх үүргийг тус тус өглөө.

/Жич: Улсын хэмжээнд хэрэгцээт үр тарианы ихэнх хэсгийг буюу 70 хувийг Сэлэнгэ аймаг хангадаг бөгөөд үүний 60 хувийг Шаамар, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг сумаас нийлүүлдэг байна. Тус чиглэлийн 108 км авто замыг хатуу хучилттай зам болгож өгөх хүсэлтийг орон нутгийн удирдлагуудаас тавьсаны дагуу 2019 оны улсын төсөвт 50 хувийг суулгахаар ЗТХЯ-наас СЯ-нд хүргүүлсэн байна/  



Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын нөхцөл байдал:

Улаанбаатар Дархан чиглэлийн авто зам насжилт өндөр, Төв аймгийн Жаргалантын салаа зам хүртлэх 108 км замыг 1937-1943 онд, үлдсэн хэсгийг 1971-1975 онд хатуу хучилттай зам тавьсанаас хойш 1996-2000 онд АХБ-ны хөнгөлттэй зээлээр хэсэгчилсэн их засвар болон зарим газар шинэчлэл хийсэн. /102,3 км-т/

Дараа нь 2014 онд Хөгжлийн банкны хөрөнгө оруулалт болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар УБ-Дархан чиглэлийн хамгийн их эвдрэлтэй хэсэг болох 25.4 км авто замд ээлжит засварын ажил хийгдсэн байна.

Харин тус чиглэлийн авто замаар нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд нэмэгдэж 3-н жилийн өмнөхтэй харьцуулбал хоёр дахин өссөн хэдий ч засвар арчлалтын хувьд төсөв мөнгөнөөс шалтгаалж гарсан эвдрэлийг тухайн хэсэгт нь нөхөх байдлаар явж иржээ.  

Энэ жил бороо хур ихтэйгээс замын эвдрэл эрс нэмэгдэж ЗТХЯ-наас үүссэн эвдрэлийг шуурхай засварлахад 600 сая төгрөгийн нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэж өгсөнөөр 7,8 дугаар саруудад хучилтад үүссэн 11900 м2 бүхий нүхний засварын ажлыг хийж гүйцэтгээд байна.  

ЗТХ-ийн сайдын тушаалаар 2018 онд олон улс, улсын чанартай авто замыг тэмдэг тэмдэглэгээг сайжруулах жилийн аян зарлаж энэ хүрээнд Улаанбаатар Дархан чиглэлийн авто замын тэмдэг тэмдэглэл, мэдээллийн самбарыг олон улсын стандартад нийцүүлэн засарлан шинэчлэх, шаардлагатай газруудад нэмж суурилуулах ажил үе шаттайгаар хийгдэж байна. Мөн шинээр 205 км авто замын цагаан шугамыг шинэчлэн сайжруулах ажлуудыг хийгээд байна.

Эх сурвалж: ЗТХЯ


Зам, тээврийн хөгжлийн дэд сайд орон нутагт ажиллав   
Үзсэн: 163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй